Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2024/ДШМ/889

 

 

 

 

 

 

 

2024           08              08                                          2024/ДШМ/889

 

 

Э.М, Ч.Т, Д.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Амарзаяа,

шүүгдэгч Э.М, түүний өмгөөлөгч А.О,

цагаатгагдсан этгээд Ч.Т, түүний өмгөөлөгч Ж.Б,

шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч Э.Г,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/386 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч Э.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Э.М, Ч.Т, Д.Б нарт холбогдох эрүүгийн 2004000910942 дугаартай хэргийг шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Х овгийн Э.М, 1989 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ………….. дүүргийн Эрүүл мэндийн төвийн гэмтлийн мэс заслын эмчээр ажиллаж байсан, ам бүл 1, .................дүүргийн …. дүгээр хорооны хөдөө гэх хэсэгт оршин суух, /РД:…………………../,

Урьд: .................дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.

2. Б овгийн Ч.Т, 1992 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэс заслын их эмчээр ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн … дугаар хороо, Бэлхийн … дүгээр гудамжны ….. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:……………../,

3. Б овгийн Д.Б, 1978 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Э” гэмтлийн эмнэлэгт зөвлөх эмчээр ажиллаж байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн … дугаар хорооны … дугаар байрны … тоотод оршин суух, ял шийтгэлтгүй, /РД:………………../,

Холбогдсон хэргийн талаар: 

Э.М нь 2020 оны 06 дугаар сарын 30-наас 07 дугаар сарын 01-нд шилжих шөнө ……… дүүргийн Эрүүл мэндийн төвд мэс заслын эмчийн үүрэг гүйцэтгэж байхдаа амьтанд хазуулаад үүрийн 04 цагийн үед очсон Б.Б-г эрүүл мэндийн тусламж авахаар ирэхэд нь Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.2-т заасан “гэнэтийн өвчин, осол, гэмтлээс амь насанд нь аюултай байдал бий болсон иргэнд эмнэлгийн тусламжийг ямар ч нөхцөлд үзүүлэх, мөн зүйлийн 28.4.3-т “үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах” гэсэн заалтыг зөрчиж гэмтлийн асуумжийг гүйцэт, нарийвчлан аваагүй, шархыг ялган оношлоогүйн улмаас Эрүүл мэндийн сайдын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/160 дугаартай тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан “галзуу өвчний хяналт, сэргийлэлтийн заавар”-ын 3.1-ийн эрсдэлийн ангилал 3 болон 10.1.3 өртсөн тохиолдолд галзуу өвчнөөс сэргийлэх вакцин, иммуноглобулин эмчилгээ хийнэ” гэсэн заалтыг зөрчиж зохих эмчилгээг цаг алдалгүй хийгээгүй буюу эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор үзүүлээгүйн улмаас Б.Б нь галзуу өвчин үүсэж 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр нас барсан,

Ч.Т нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмчээр ажиллаж байхдаа Баянгол дүүргийн … дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2020 оны 07 дугаар сарын 01-ний өглөөний 07:20 цагийн үед Б.Б-г эмнэлгийн тусламж авахаар ирэхэд Эрүүл мэндийн сайдын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/160 дугаартай тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан “Галзуу өвчний хяналт, сэргийлэлтийн заавар”-ын 3.1-ийн эрсдэлийн ангилал 3 болон 10.1.3 өртсөн тохиолдолд галзуу өвчнөөс сэргийлэх вакцин, иммуноглобулин эмчилгээ хийнэ” гэсэн заалтыг зөрчиж зохих эмчилгээг цаг алдалгүй хийгээгүй буюу эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор үзүүлээгүйн улмаас Б.Б нь галзуу өвчин үүсэж 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр нас барсан,

Д.Б нь “Э” гэмтэл согогийн эмнэлгийн эрүү, нүүр, гэмтэл согогийн мэс засалч эмчээр ажиллаж байхдаа Б.Б-г 2020 оны 07 дугаар сарын 03-аас 2020 оны 07 дугаар сарын 12-ны хооронд Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Э” эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлэх хугацаанд Эрүүл мэндийн сайдын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/160 дугаартай тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан “Галзуу өвчний хяналт, сэргийлэлтийн заавар”-ын 3.1- ийн эрсдэлийн ангилал 3 болон 10.1.3 өртсөн тохиолдолд галзуу өвчнөөс сэргийлэх вакцин, иммуноглобулин эмчилгээ хийнэ гэсэн заалтыг зөрчиж зохих эмчилгээг цаг алдалгүй хийгээгүй буюу эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор үзүүлээгүйн улмаас Б.Б нь галзуу өвчин үүсэж 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр нас барсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Э.М, Ч.Т, Д.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Д.Б, Ч.Т, Э.М нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Б овогт Ч.Т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж, Х овогт Э.М, Б овогт Д.Б нарыг “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, шүүгдэгч Э.М, Д.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эмчлэх эрхийг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Э.М, Д.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар өршөөн хассаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М, Д.Б нарын эмчлэх эрхийг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, цагаатгагдсан этгээд Ч.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Э.М Д.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээтэй давхардуулан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хууль ёсны төлөөлөгч Э.Золсайханы нэхэмжпэлээс 3.200.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Э.М, Д.Б нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцож, энэ хэрэгт Э.М, Д.Б, Ч.Т нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн болон иргэний баримт бичиг хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч Э.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Үндэслэл нь:

1. Шүүхийн тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүй, хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Учир нь амь хохирогч Б.Б нь 2020 оны 06 дугаар сарын 30-наас 07 дугаар сарын 01-нд шилжих шөнө үл мэдэгдэх амьтанд хамраа хазуулж, гарын сарвуу ясны хугарал гэмтэл авч …. дүүргийн эрүүл мэндийн төв буюу 2-р шатлалын эрүүл мэндийн байгууллагад хандан анхан шатны тусламж авч тус 2-р шатлалын эмнэлэгээс 3-р шатлал (дээд шат, түвшин)-ын эмнэлэг болох Гэмтэл согог судлалын үндэсний төв буюу дээд түвшний зөвлөх, нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх чиг үүрэгтэй эрүүл мэндийн байгууллагад 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөө хүргэгдсэн болох нь хөдөлбөргүй нотлогдсон.

Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/160 дугаартай тушаалаар батлагдсан “Галзуу өвчний хяналт, сэргийлэх заавар”-ын үндсэн гол зорилго нь галзуу өвчний сэжигтэй тохиолдолд, ялангуяа толгой нүүрэнд ойрхон байрлалтай шархтай хүнд уг зааврын 3.1 болон 10.1.3 өртсөн тохиолдолд галзуу өвчнөөс сэргийлэх вакцин болон иммуноглобулин гэсэн 2 төрлийн био бүтээгдэхүүнийг хийх тухай зааж, зохицуулсан байдаг.

Вакцин болон иммуноглобулин гэсэн 2 төрлийн бүтээгдэхүүнээс 2 дахь шатлалын эмнэлэгт зөвхөн вакцин нь хангагдсан байх бөгөөд иммуноглобулин нь 3-р шатлалын эмнэлэгт хангагддаг бүтээгдэхүүн. Иммуноглобулин нь галзуу өвчнөөр өвчлөхөөс буюу тархины шингэнээр галзуугийн вирус, хор нэвтрэхээс хамгаалдаг бол вакцин нь зөвхөн вирусын эсрэг бие үүсэхэд нь нөлөөлдөг ялгаатай био бэлдмэлүүд юм.

Амь хохирогч Б.Б нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөө …….. дүүргийн Эрүүл мэндийн төв болон Улаанбаатар хот дахь Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмнэлгийн тусламж авснаас гадна 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр өөрийн харъяаллын эмнэлэг болох УБТЗ-ын нэгдсэн эмнэлэгт үзүүлж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан тухай хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.З шүүх хуралдаанд мэдүүлсэн бөгөөд тус УБТЗ-ын нэгдсэн эмнэлэгт үзүүлж, эмнэлгийн тусламж авсан гэх асуудлыг мөрдөн шалгах ажиллагааны үед “орхигдуулж” дутуу шалгасан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон атал шүүх энэ нөхцөл байдлыг анхааралгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.З мэдүүлэхдээ: “... би ээжийг дагуулж ГССҮТөв болон УБТЗ-ын нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн, УБТЗ-ын нэгдсэн эмнэлгийн амбулторийн эмчийн өрөөний үүдэнд би хүлээж сууж байсан” гэдэг. Ийнхүү 2 дахь шатлалын 2 эмнэлэг, 3 дахь шатлалын эмнэлэгт эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан боловч “Галзуу өвчний хяналт, сэргийлэх заавар”-ын дагуу вакцин болон иммуноглобулин био бэлдмэлийг хийгээгүй болох нь нотлогдсон байхад “гарын сарвууны далд хугарал гэмтэл”-ээ эмчлүүлэх зорилгоор өөрийн хүслээр хэвтэх үед мэс заслын эмчилгээ хийсэн “Э” хувийн хэвшлийн эмнэлгийн эмч Д.Б-ыг гэм буруутайд тооцсон нь хэргийн жинхэнэ байдал, шударга ёс, гэмт хэргийн шалтгаант холбооны асуудлын хүрээнд үндэслэлгүй шийдвэрлэсэн болно. Д.Б эмчийн хувьд хохирогч Б.Б-ийн гарын сарвуу ясны хугарлыг оношилж эмчилсэн бөгөөд толгойд ойрхон хамрын шарханд мэс засал огт хийгээгүй болох нь өвчний түүхээр нотлогдсон атал шүүх 2 дахь, 4 дэх өдөр нь вакциныг үргэлжлүүлэн хийх ёстой байсан гэж дүгнэсэн нь Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/160 дугаартай тушаалаар батлагдсан “Галзуу өвчний хяналт, сэргийлэх заавар”-ын зорилго, зохицуулалттай нийцээгүй юм.

Анх үзсэн эмч, 3 дахь шатлалын эмнэлэг нь хохирогч Б.Б-нд вакцин болон иммуноглобулин эмчилгээг хийх үүрэгтэй, түүнчлэн Зоонозын өвчин судлалын төвд мэдээлэх үүрэг хүлээж ажиллах нь Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/160 дугаартай тушаалаар батлагдсан “Галзуу өвчний хяналт, сэргийлэх заавар”-т маш тодорхой зохицуулсныг зөв үнэлж, дүгнээгүй болно. Үйлчлүүлэгч урьд үзүүлсэн талаар ….. дүүргийн Эрүүл мэндийн төв, ГССҮТөв, УБТЗ-ын нэгдсэн эмнэлэгт эмнэлгийн тусламж авсны дараа “Э” эмнэлэгт “Гарын сарвууны хугарал”-аа эмчлүүлэх гэж ирсэн нь тодорхой байхад урьд нь вакцин хийлгэсэн байх аль нэг эмнэлэгтээ очиж вакцины дараагийн тунгаа хийлгэх нь түүний эрх үүргийн асуудал, түүнийг үзсэн эмнэлгүүдийн хоорондын чиг үүргийн асуудал болох нь хэнд ч тодорхой.

“Э” эмнэлэгт хэвтэж байх хугацаанд ухаан санаа эрүүл, хөл дээрээ чөлөөтэй явах гэх мэт вакцинаа харъяа эмнэлэгтээ үргэлжлүүлэн хийлгэх, хянуулах боломж 100 хувь байсан атал “Э” эмнэлэг вакциныг огт хийгээгүй, үргэлжлүүлэн хийх байсан гэж дүгнэж гэм буруутайд тооцсон нь шудрага ёсонд нийцэхгүй болно.

Иймд Д.Б-т холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэнэ үү...” гэв.

Шүүгдэгч Э.М-ийн өмгөөлөгч А.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Амь хохирогч эхний байгууллагад 2020 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 01-нд шилжих шөнө ирж, эмнэлгийн анхны тусламж, үйлчилгээ авсан. 1 дүгээр хавтаст хэргийн 73 дугаар хуудаст сувилагч Б-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг авагдсан. Б нь асуумж авах үүрэгтэй бөгөөд ирсэн өвчтөнөөс асуумж авахад ямар хүчин зүйл, үйлчлэлийн улмаас хамар нь тасарсныг хэлээгүй. Эмч Э.М мөн энэ талаар хэлээгүй нь түүний тэмдэглэгээнд тусгагдсан. Шархны цэгцлэлтийг хийж, холбогдох тусламж, үйлчилгээг үзүүлсэн бөгөөд амь хохирогч яасан талаараа хэлэхгүй байсан тул ямар нэг амьтан гэж таамаглаж чадаагүй учраас татрангийн вакцин хийж, 3 дугаар шатлалын эмнэлэг буюу Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү явуулсан. Хэрэв яасан талаараа хэлсэн бол дараагийн вакцинуудыг хийх боломжтой байсан. Гэмтэл согог судлалын үндэсний төвд ирээд тусламж, үйлчилгээ авч, гэртээ хариад, дараа нь хувийн эмнэлэгт очсон. Хамгийн удаан цаг хугацаанд эмчлэгдсэн газар нь хувийн эмнэлэг юм. Тухайн хувийн эмнэлэгт хагалгаанд орсон бөгөөд хагалгаа хийхэд эд эсийн болон цусны шинжилгээ авдаг гэж үзэж байна. 2 болон 3 дугаар шатлалын эмнэлэг гэсэн зөрүүтэй асуудал ярьж байна. Монгол Улсад Эрүүл мэндийн яам, эсвэл Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч байгаа хувийн болон улсын эмнэлгүүд адил үүрэг хүлээнэ. Хувийн эмнэлэг нь 2 болон 3 дугаар шатлалын эмнэлгээс бага хариуцлага хүлээнэ гэсэн зүйл байхгүй тул шат шатны эмнэлгийн байгууллага хариуцлагаа хүлээж, тусламж, үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй байсан. Э.М эд вакцин хийх сэдэл байсан боловч хангалттай мэдээллээр хангаагүй. Амь хохирогч нь .................дүүргийн эрүүл мэндийн төвд 20 минутын л эмчилгээ, үйлчилгээ авч, 3 дугаар шатлалын эмнэлэг рүү явсан” гэв.

Шүүгдэгч Э.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн үйлчлүүлэгч, түүнтэй хамт явж байсан хүмүүс нь надад болон жижүүрийн сувилагч, асрагч нарт шар үстэй амьтанд хазуулсан талаараа огт хэлээгүй. Би тухайн үед байсан болохоор тухайн хүнийг хараад мэднэ. 30 хоногийн дараа хамт явж байсан хүмүүсийн мэдүүлэгт “шар үстэй амьтан” гэж гарч ирсэн. Үйлчлүүлэгч амьтанд хазуулсан талаараа асуумж өгсөн тохиолдолд надад галзуугийн вакцин хийх бүрэн эрх байсан. Тухайн шархыг оношилж чадаагүй тул татрангийн вакцин хийсэн” гэв.

Цагаатгагдсан этгээд Ч.Т-ын өмгөөлөгч Ж.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгчийг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор гэм буруугүй гэж үзэж, цагаатгасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын цагаатгасан хэсгийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэж байна. Амь хохирогч нь .................дүүргийн эрүүл мэндийн төвөөс Гэмтэл согог судлалын үндэсний төвд ирэхдээ “амьтанд хазуулсан, вакцинд хамрагдсан” гэдэг талаараа хэлсэн. Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс гэмтэлтэй холбоотой анхан шатны тусламж үзүүлж, зөвлөмж хийж, гэмтэл ослын бүртгэлийн дэвтэрт дараагийн шатлалын эмнэлэгт вакцин хийлгэхийг үүрэгдсэн. Амь хохирогч галзуугийн вакцин хийсэн гэж хэлсэн тул Ч.Т дахин вакцин хийх боломжгүй байсан. Иймд Ч.Т анхан шатны тусламж, үйлчилгээг хуульд заасны дагуу үзүүлсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын цагаатгасан хэсгийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Цагаатгагдсан этгээд Ч.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх бодитой, үнэн зөв дүгнэлт хийсэн гэж үзэж байна” гэв.

Прокурор М.Амарзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Энэ хэрэгт 3 жилийн хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Төмөр замын дуу бүжгийн чуулгынхан ойн зураг авалт хийхээр амралтын газарт очсон. Амь хохирогч согтууруулах ундааны зүйл огт хэрэглэдэггүй, ямар нэг хууч өвчингүй байсан. Тухайн өдөр бороо их хэмжээгээр орсон тул гэрээ халааж гал түлж, гэр маш дулаан болсон тул хаалгаа онгорхой хэвтэж байсан. Үүрээр харанхуй байх үед амь хохирогч орилсон бөгөөд хүмүүс гэрэл асаахад “нохой хазчихлаа, шар үстэй амьтан гараад явчихлаа” гээд гар дээрээ хамрынхаа тасархайг бариад цус гарсан байдалтай байж байсан. Шүүгдэгч Э.М “ямар амьтанд хазуулсан талаараа огт хэлээгүй” гэж мэдүүлж байгаа боловч амь хохирогчтой хамт байсан хүмүүс нохойд хазуулсан талаар хэлсэн. Нохой, хярс, үнэг зэрэг хээрээр явдаг амьтад галзуугийн вирусийг тээдэг бөгөөд өөрсдөө өвчилдөггүй. Ямар нэг амьтанд хазуулсан хүнд галзуугийн вакциныг эмнэлэг бүр хийх ёстой. Үнэг, нохой, хярс зэрэг ямар амьтанд хазуулсныг тогтоох шаардлагагүй. Гэрч нар “Амь хохирогч ……… дүүргийн эрүүл мэндийн төвд очоод нохойд хазуулсан гэдгээ хэлсэн” гэж мэдүүлдэг. Амь хохирогчийг эмнэлэг авч явах гээд машины гэрэл асаахад хар, халтар, шар 3 нохой байсан бөгөөд шар нохойных нь амнаас цус мэт зүйл гарсан байсан. Тухайн амралтын газрын манаач “шар нохой манай амралтын газарт 8 жил болсон” гэж мэдүүлдэг. ................. дүүргийн эрүүл мэндийн төвд ажиллаж байсан эмч Э.М нохойд хазуулсан хүнд татрангийн вакцин хийж явуулсан. 24 цагийн дотор Гэмтэл согог судлалын үндэсний төвд очсон бөгөөд нохойд хазуулсан вакцин хийлгэсэн гэсэн тэмдэглэгээ байдаг. ................. дүүргийн эрүүл мэндийн төв нохойд хазуулсан вакцин хийсэн тул 24 цагийн дотор дахин вакцин хийлгүйгээр өвчтөнийг явуулсан байдаг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.З “ээжийгээ дагуулаад Улаанбаатар төмөр замын эмнэлэгт очиж үзүүлсэн, би үүдэнд нь сууж байсан” гэж мэдүүлсэн. Улаанбаатар төмөр замын эмнэлэгт очиж хамраа яах талаар асуухад манай эмнэлэг хагалгаа хийхгүй гэж хэлээд “Э” эмнэлгийг зааж өгсөн. Тухайн эмнэлэгт вакцин хийлгэх гэж очоогүй, хамрын хагалгаа хийлгэх гэж очсон байдаг. Гэтэл нохой зөвхөн хамрыг нь хазаагүй бөгөөд гарыг нь мөн хазаж, гарын яс нь хугарсан. Энэ талаар шүүгдэгч нарын хэн аль нь мэдэж байсан. Галзуугийн эсрэг вакциныг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс бүх шатны эмнэлэгт серийн дугаараар тараадаг. Д.Б вакцин хийсэн гэдэг зүйлийг ярьдаг бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа хангалттай хийгдсэн. Хийсэн гэх вакцины серийн дугаарыг Халдварт өвчин судлалын үндэсний төв рүү явуулахад “серийн дугаар биш байна, энэ вакцин хийгдээгүй байна” гэсэн хариу ирүүлсэн. Өмгөөлөгч Э.Г шүүх хуралдаанд А эмчээс “вакцин 100 хувь хамгаалах уу” гэж асуухад, “хамгаална, гэхдээ дэлхий нийтэд 100 хувь хамгаалсан тохиолдол байхгүй” гэснийг ярьж, вакцин 100 хувь хамгаалахгүй гэж ярьж байгаа нь үндэслэлгүй байна. Галзуугийн вакцины анхны тунг, 4 дэх хоногт 2 дахь тунг, 7 дахь хоногт 3 дахь тунг, цаашлаад 14 хоног, 28 хоногийн хугацаанд хийсэн бол хохирогчийн амь насыг аврах боломжтой байсан. 3 шүүгдэгч эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүйн улмаас Б.Б амь насаа алдсан. Өмгөөлөгч А.О хэрэг болсноос 2 сарын дараа гэрч нараас мэдүүлэг авсан гэж байна. Тухайн мэдүүлгүүд хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн тогтвортой мэдүүлгүүд байдаг. Шүүгдэгч Э.М хоорондоо маргалдсан гэж үзсэн гэж байгаа боловч шинжээчийн дүгнэлтээр хазагдсан шарх гэж дүгнэсэн. Хэрэв хоорондоо зодолдсон, хүн хамрыг нь тасалсан бол шүүх эмнэлгийн тогтоолтойгоор Гэмтэл согог судлалын үндэсний төвд очих ёстой. Шүүгдэгч Д.Б нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд мэс заслын эмчээр ажиллаж байсан. Өвчний түүх дээр нохойд хазуулсан, вакцин хийлгэсэн гэсэн байхад дараагийн вакциныг хийгээгүй. Эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүй болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь :

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дүгнэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх дараах үндэслэлтэй байна. Үүнд :

1. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.М, Ч.Т, Д.Б нарын үйлдсэн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Ч.Т-ын үйлдсэн гэх гэмт хэрэгт хамаарах бүхий л нотлох баримтын эх сурвалжийг нотлох баримтын стандарт шаардлагын хүрээнд бүрэн шалгаж үгүйсгэн няцаасан дүгнэлт хийгээгүй, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул шүүгдэгч Ч.Т-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосныг зөвтгөх боломжгүй.          

Тухайлбал, Ч.Т нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмчээр ажиллаж байхдаа Баянгол дүүргийн … дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2020 оны 07 дугаар сарын 01-ний өглөөний 07:20 цагийн үед Б.Б-г эмнэлгийн тусламж авахаар ирэхэд Эрүүл мэндийн сайдын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/160 дугаартай тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан “Галзуу өвчний хяналт, сэргийлэлтийн заавар”-ын “3.1-ийн эрсдэлийн ангилал 3 болон 10.1.3 өртсөн тохиолдолд галзуу өвчнөөс сэргийлэх вакцин, иммуноглобулин эмчилгээ хийнэ” гэсэн заалтыг зөрчиж, зохих эмчилгээг цаг алдалгүй хийгээгүй буюу эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор үзүүлээгүйн улмаас Б.Б нь галзуу өвчин үүсэж 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр нас барсанд хамаарах :  

- Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээч эмч О.Б-ийн гаргасан 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1823 дугаар дүгнэлт “... Галзуу өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд амь насыг аврах боломжгүй. Галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зохих тунгаар вакцин, ийлдсийг хийлгэх ёстой байдаг. Эмнэлгийн бичиг баримтуудаас үзэхэд зохих тун товлолоор тарилгыг хийлгэсэн тэмдэглэл үгүй байна...” /1-р хх 117-123/,  

- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дахин хийсэн 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1303 дугаартай шинжилгээний дүгнэлт “...Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Э эмнэлгийн эмч нар нь Б.Б-ийн биед үүссэн шархны гэмтсэн шалгааныг зөв тогтоосон боловч, тохирох вакцин хийлгэсэн эсэхийг нягтлаагүй, дараа дараагийн тунг хийгээгүй байна ... ................. дүүргийн Эрүүл мэндийн төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Э эмнэлгийн эмч нар Галзуу өвчний хяналт, сэргийлэлтийн заавар ЭМС-н 2017.04.21-ний А/160 тушаалыг барьж ажиллаагүй байна...” /1-р хх 131-138/,  

- Эрүүл мэндийн яам, халдварт өвчин, тархвар судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дүгнэлт:...Эмч Ч.Т нь .................дүүргийн эрүүл мэдийн төвийн Н.М эмчийн илгээсэн анхны үзлэг, тусламж үйлчилгээний үзүүлсэн “ яаралтай тусламжийн хуудас”-тай анхааралтай танилцаагүйгээс ЭМС-ын 2017.04.21-ний өдрийн А/160 дугаар тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан “Галзуу өвчний хяналт, сэргийлэлтийн заавар”-ын 3.1-ийн эрсдэлийн ангилал болон 10.1.3 заалтыг биелүүлээгүй байна /1хх-151-153/,

- Эрүүл мэндийн яам, Гэмтэл согог судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дүгнэлт:  Эмч Ч.Т нь .................дүүргийн эрүүл мэдийн төвийн Н.М эмчийн илгээсэн анхны үзлэг, тусламж үйлчилгээ үзүүлсэн “яаралтай тусламжийн хуудас”-тай анхааралтай танилцаагүйгээс ЭМС-ын 2017.04.21-ний өдрийн А/160 дугаар тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан “Галзуу өвчний хяналт, сэргийлэлтийн заавар”-ын 3.1-ийн эрсдэлийн ангилал болон 10.1.3 заалтыг орхигдуулан эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн байна. Эмч Ч.Т эмнэлгийн тусламж үйлчилгээний хуудсанд нохойд уруулсан шарх гэж оношилсон байна...Э.М, Ч.Т эмч нар нь ЭМС-ын А/160 тоот тушаалын 3.1-ийн 3 дахь ангилал 10.1.1, 10.1.2, 10.1.3 дахь заалтуудыг биелүүлээгүй байна. Галзуу өвчний эрсдэлийг үнэлээгүйн улмаас мэдээлэх, галзуугаас сэргийлэх вакцин тарих, иммуноглобулин эмчилгээг хийгээгүй байна..../1хх-162-165/,

-Эрүүл мэндийн яамны Халдварт өвчин, тархвар судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүд, Эрүүл мэндийн яамны Гэмтэл согог судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүдийн хамтарсан багаар хийлгэсэн дахин шинжилгээний 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 115 дугаар дүгнэлт : “... Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч Ч.Т нь ЭМС-н 2017.04.21-ний өдрийн А/160 дугаар тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан “Галзуу өвчний хяналт, сэргийлэлтийн заавар”-ын 3.1-ийн эрсдэлийн ангилал болон 10.1.3 Өртсөн тохиолдолд галзуу өвчнөөс сэргийлэх вакцин, иммуноглобулин эмчилгээ хийнэ гэсэн заалтыг биелүүлээгүй байна...” /1-р хх 169-173/,

- шинжээч эмч Ө.С-ийн мэдүүлэг “... Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Э эмнэлгийн эмч нар нь талийгаачийн биед үүссэн шархны гэмтсэн шалтгааныг зөв тогтоосон боловч тохирох вакцин хийлгэсэн эсэх нягтлаагүй, тунг хийгээгүй байна...” /1-р хх 103-104/, Шарх нь эдийн дутагдал буюу амьтанд хазуулсан мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хамрын мөгөөрс үндсэн шархаа зөв бичсэн боловч шархаа таниагүй. Хазагдсан шарх гэж оношлох боломжтой байсан...” /3-р хх-144/

 

 

- ХӨСҮТ-н дарга З.А-ийн мэдүүлэг “... Галзуу өвчний эсрэг дархлаажуулах ийлдэс тавих, вирусын саармагжуулалт эмчилгээг ……….., ГССҮТ, Э эмнэлэгүүд заавал хийх ёстой байсан. Э эмнэлгийн эмч Б 2 дугаар тунг хийсэн бол дараагийн тунг хэрхэн хийх талаар мэдээлэл өгөх ёстой байсан ч мэдээлээгүй байсан.../1-р хх 111/,

- Шинжээч З.А-ийн мэдүүлэг “.../3хх-140-/: Монгол Улсад тохиолддог өвчний хамгийн хүнд нь галзуу өвчний тохиолдол байдаг. Эмчийн эрхээ авчихсан хүн бол галзуугийн тунг ганцхан тунгаар авдаг ойлголт биш гэдгийг мэдэж байх ёстой. Нохойд уруулсан гэж байхад 5 тунгаар хийдэг байсан вакциныг мэдмээр юм шиг санагдаж байна. Эмч өөрөө мэдэх ёстой...Тунгийн хувьд завсарлага аваад үргэлжлүүлж хийж болно. 5 тунг ойрхон байгаад дараачийнх нь хол байлаа гэж бодоход хүний биед дархлаажуулалт бий болгох зорилгоор тасарсан байна, хийхгүй гэж хэлж болохгүй. Үүнийг шинжлэн ухаанаар тогтоож дархлаажуулалтын эсрэг биет бий болох хугацааг тогтоож өгсөн учраас тунг хийх өдрийн дараалал гэж байдаг. Ямарваа нэгэн байдлаар тунгийн хугацаа тасарсан бол үргэлжлүүлээд хийх боломжтой...Иммуноглобулин эмчилгээ эхний тун дээр хэрэглэнэ. Вакцинтай хавсарч хэрэглэдэг. Ийлдсийн заавар галзуугийн вакцины заавар тус тусдаа заавартай. Ийлдэс нь маш хурдан хугацаанд галзуугийн вирус тархи руу орохоос сэргийлж хориг тавьдаг эсрэг биет. Вакцин бол сулруулсан биет хүний бие рүү орж дархлаа үүсгэх зориулалттай. Илдэс нь тархи руу очуулахгүй байлгах үйл ажиллагаатай. Шарх гэмтэл нь толгойд ойрхон байх тусам нууц үе богино байдаг учраас ийлдэс хэрэглэнэ. Вакциныг ямар ч хүнд заавал хийдэг...Галзуугийн вирус өгсөх замаар явдаг. Тархинд очихоос өмнө дархлаа тогтоох гэж хийдэг. Магадгүй тэр байдлаас хамаарч үр дүн өөр байхыг үгүйсгэхгүй...Шархны байрлал хаана байхаас шалтгаална. 5 тунг хийлгэх журамтай. Магадгүй эрсдэлээс хойш удаан хугацаа өнгөрсний дараа 5 тунг хийлгээд өвдөж болно. Тухайн үеийн нөхцөл байдлаас их хамаарна. Маш олон талтай 5 тунг хийгээгүй бол үхэх ёстой гэж ойлгож болохгүй. Эмч асуумжаа аваад, бодит үзлэгээ хийгээд үүн дээр тархвар судлалын дүгнэлтээ хийж байж тогтоодог болохоос биш 5 тунг хийлгэснээр шууд зүгээр болно гэж өрөөсгөл ойлгож болохгүй. Тухайн байдлын үнэлгээ өгөх гэсэн маш чухал зүйл байдаг...4 цагт Багануур, 7-8 цагт Гэмтэл дээр байсан. Багануурт иммуноглобулин байгаагүй бол Гэмтэлд байх ёстой байсан. Иммуноглобулин байсан байгаагүй вакцин хийх ёстой...Яаралтай тусламжийн хуудаст бичигдсэн эсэхийг харж болно...Ч.М-ийн явуулсан яаралтай тусламжийн хуудаст татрангийн вакцин хийсэн гэж явуулсан. Түмэнбаярын мэдүүлэгт ачаалал ихтэй байсан учраас хуудсыг үзээгүй гэж байсан... Гэмтэл дээр анхны тунгаа авчихсан бол дараа дараагийн тунг дүүргийн эмнэлгээс авна. Өдөр болгон гэмтэл рүү очно гэсэн зүйл биш. Ямар дүүрэгт харъяалагдаж байгаагаараа явна.../3хх-141-142/,

- Яаралтай тусламжийн хуудас /1хх-201-204/

- гэрч Н.Б-ын....................дүүргийн эмнэлэг рүү очоод эмчийг яасан бэ гэж асуухад нь нохой хазчихсан гэж хэлсэн. /Баасан өөрөө нохой хазсан гэж байсан болохоор тэгж хэлсэн/. Эмч бид нарыг цаанаа байж бай гээд тариа хийгээд, хамар, гарт оёо тавиад боогоод гэмтэл рүү яаралтай яваарай гээд явуулсан. Хотод бид нар ирээд Б “илгээх бичгээ” аваад эмч нартайгаа уулзсан...Б гараа гипсдүүлээд бид нар гэрт нь хүргэж өгсөн.../1хх-58-59/,

- гэрч Б.М-ын мэдүүлэг “...........ын эмч нь гэмтлийн эмнэлэг рүү бичиг хийж өгөөд яаралтай очиж үзүүлээрэй, яаралтай шүү гээд биднийг явуулсан, ямар тариа хийснийг мэдэхгүй.../1хх-60-61/,

- Ч.Т-ын гэрчээр өгсөн”...манай бүртгэлд нохойд хазуулсан гэсэн шалтгаантай ирсэн...Би яг юуны вакцин хийлгэсэн гэдгийг нь асууж тодруулаагүй...,би тухайн үед .................дүүргийн эмнэлэгт үзүүлсэн баримтыг шаардаж үзсэн эсэхээ санахгүй байна, учир нь манай эмнэлэгт өдөрт дунджаар 400 хүн ирж үзүүлдэг...Би .................дүүргийн эмнэлэгт ямар вакцин хийлгэсэн гэдгийг тодруулаагүй нь алдсан байж магадгүй...Би талийгаачаас ямар нэгэн шинжилгээ аваагүй.../1-р хх 75-76/...Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...Би ЭМС-н 2017.04.21-ний өдрийн А/160 дугаар тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан “Галзуу өвчний хяналт, сэргийлэлтийн заавар”-ын 3.1-ийн эрсдэлийн ангилал болон 10.1.3 өртсөн тохиолдолд галзуу өвчнөөс сэргийлэх вакцин, иммуноглобулин эмчилгээ хийгээгүй орхигдуулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” /1-р хх 78-79/ зэрэг нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч, бэхжигдсэн байхад тухайн бүхий л нотлох баримтуудыг бүхэлд нь шүүгдэгч Ч.Т-т холбогдох тухайн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй, хамааралгүй, хангалтгүй гэх шалгуурын хүрээнд үгүйсгэж, няцаасан дүгнэлтийг бүрэн хийгээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтууд зөрчигдсөн гэж үзнэ.

Тодруулбал, тухайн хэрэгт дэх шинжээчийн олон тооны дүгнэлт, мэдүүлгүүдийг өөр хооронд нь болон хамаарах бусад нотлох баримтын эх сурвалжтай харьцуулан шалгахад тэдгээрийг үгүйсгэж няцаасан бусад үйл баримт тогтоогдохгүй байх ба тусгай мэдлэгийн хүрээнд гарсан баримтуудыг тусгай мэдлэггүй атлаа хийсвэрлэх байдлаар үгүйсгэх боломжгүй.  

Хэрэгт авагдсан дээрх баримтуудаас үзэхэд, эмч Ч.Т нь хохирогч нь /амьтан/ нохойд уруулсан шарх гэмтэлтэй гэдгийг мэдэж, улмаар оношилсон атлаа .................дүүргийн эрүүл мэдийн төвийн Н.М эмчийн илгээсэн анхны үзлэг, тусламж үйлчилгээ үзүүлсэн “яаралтай тусламжийн хуудас”-тай анхааралтай танилцах үүргээ биелүүлээгүй, улмаар галзуу өвчний эрсдэлийг зөв, бодитой үнэлээгүй орхигдуулсны улмаас мэдээлэх, галзуугаас сэргийлэх вакцин тарих болон иммуноглобулин эмчилгээг хийгээгүй болох нь тодорхой эх сурвалжтайгаар тусгагдсан байна.

 

Өвчтөнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг аливаа хууль тогтоомж, стандарт шалгуур, горимын хүрээнд бүрэн, зөв, бодитой, цаг алдалгүй үзүүлэхэд түүнчлэн эмчилгээний зөв, үр дүнтэй арга, тактикийг сонгохын тулд “эмчилгээ, оношилгоог  хэрхэн, яаж хийх эсэх өмнө нь ямар эмчилгээ, оношилгоо хийгдсэн эсэхэд хамаарах эмнэл зүйн албан ёсны баримтууд  буюу илгээх бичиг, яаралтай тусламжийн хуудас, хамаарах бусад бүхий л баримт, бодит мэдээлэл”-д тулгуурлах нь эмчийн үүрэгт шууд хамааралтай байна.   

Өөрөөр хэлбэл, зөвхөн өвчин, шарх гэмтэлдээ шаналсан, мөн тусгай мэдлэггүй иргэн өөрт нь ямар эмчилгээг хэрхэн яаж хийсэн, хийлгэх эсэхийг мэдэх боломжгүй, мөн худал, буруу хэлэхийг үгүйсгэхгүй учир өвчтний үгээр бус харин өвчнийг эмчлэх, оношлох дүрэм, журам, тусгай мэдлэг, эмчилгээний аргачлалд тулгуурлах нь эмчийн үүрэг байжээ.

Шинжээчийн мэдүүлэг дангаараа нотлох баримтын эх сурвалж биш бөгөөд зарим шинжээч нар ерөнхий асуултын хүрээнд тухайн шинжээчийн дүгнэлтийн хүрээнд шууд хамааралгүй, ач холбогдолгүй тодорхой бус мэдээлэл өгснийг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой улмаар шинжээч нарын дүгнэлтүүдийг үгүйсгэсэн мэтээр дүгнэх ёсгүй болно.  

Хохирогчийн төлөөлөгч Э.З-ны”...ээж надад …………ын эмнэлэгт хүйс тойруулж вакцин хийсэн гэж хэлсэн...” гэх боловч .................дүүргийн эмнэлгийн сувилагч И.Б “...тухайн үед би Б-ийн аль нэг гарын бугалга хэсэгт татрангийн вакцин хийсэн...” гэж мэдүүлсэн /1хх-73/-ээр тодорхой зөрүү үүссэн буюу Б.Б нь амьтанд хазуулснаас хойш өөрт ямар эмчилгээ хийлгэсэн эсэхийг мэдээгүй байж болохыг үгүйсгэхгүй байтал эсрэгээр энэ байдал нь Ч.Т-ын мэдүүлэгтэй нийцсэн буюу түүнд  холбогдох хэрэгт эргэлзээ үүсгэсэн мэт дүгнэсэн нь үндэслэлгүйг тэмдэглэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дэх хэсгийг хэрэглэхэд Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбарыг судлан үзэх нь зүйтэй.   

“Эргэлзээ” гэдгийг таамаглалын шинжтэй буюу хангалттай үндэслэл, эх сурвалжгүй үзэл бодлоор шийдвэрлэхгүй бөгөөд Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтын эх сурвалжийг бүхэлд нь тухайн хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай, хангалттай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч,  бэхжигдсэн эсэх шалгуураар тал бүрээс нь шалгаж, үнэлж дүгнэсний эцэст няцаан үгүйсгэх боломжгүй буюу хангалттай эх сурвалжтай, үндэслэл бүхий эргэлзээ үүссэн байхыг ойлгодог.

2. Мөн шүүгдэгч нарын холбогдсон хэргийн үйл баримтын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тухайн болон төсөөтэй бусад гэмт хэргийн шинжийг зохих шалгуур тус бүрээр шалгаж дүгнэх буюу субсумци хийхэд анхаарах шаардлагатайг тэмдэглэж байна.  

Өөрөөр хэлбэл, тухайн тодорхой гэмт хэргийн шинжийг тогтоохын тулд гэмт хэргийн  зүйлчлэл хийх, Эрүүгийн хуулийг тайлбарлах арга зүйг ашиглаж, улмаар  эрүүгийн хэрэгт цугларч, шинжлэгдсэн яллах болон цагаатгах талын бүхий л нотлох баримтын эх сурвалжуудыг нягт, бүрэн, бүх талаас нь харьцуулан шалгаж, үнэлсний эцэст тухайн тодорхой болон төсөөтэй байж болох гэмт хэргийн шинж бүрэн нотлогдсон эсхүл үгүйсгэгдэж байгааг шүүгдэгч тус бүрийн хувьд эргэлзээгүй бөгөөд хангалттай үндэслэлээр дүгнэх шаардлагатай.   

Тодотговол, шүүгдэгч тус бүрийн эс үйлдэхүй буюу үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй нь тус тусынхаа хууль зөрчсөн шинжийг харилцан нотлох буюу нэгэн зэрэг эцсийн хохирол, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоо буюу харилцан шалтгаант хамаарал бүхий асуудлын хүрээнд оновчтой, зөв дүгнэлт хийхэд анхаарах нь зүйтэй.          

Дээрх нотлох баримт бүхий үндэслэл нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах буюу анхан шатны шүүхийн шийдвэр нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 , 1.4, 39.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 36.7 дугаар зүйлийн 2.4, 2.5, 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэх” зэрэг үндэслэл, журамд нийцээгүй байх тул Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/386 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгов.

Харин шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч Э.Г-ын давж заалдах гомдолд дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж, шүүгдэгч Ч.Т-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.33, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :       

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/386 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.    

2. Шүүгдэгч Э.М, Д.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг  тус тус хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ч.Т-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.  

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                            Ц.МӨНХТУЛГА

 

ШҮҮГЧ                                                            Г.ГАНБААТАР