| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00786/И |
| Дугаар | 303/ШШ2025/00606 |
| Огноо | 2025-09-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 303/ШШ2025/00606
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: *******,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие 1965 онд Баянхонгор аймгийн Бууцагаан сумд төрсөн. 60 нас хүрч өндөр настны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. 1987 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 06 сарын 16-ны өдөр хүртэл Ариун цэвэр, халдвар судлалын станцад ариутгагчаар ажилласан, 1990 оны 06 сарын 16-аас 1994 оныг дуустал, Эрүүл хамгаалах газар, Халдварт эмгэг анагаах төвд тус бүр жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 626 дугаартай лавлагаа, Баянхонгор аймгийн эрүүлийг хамгаалах газрын даргын 1990 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 73 дугаартай тушаал, түүний хавсралт, Баянхонгор аймгийн эрүүлийг хамгаалах газрын даргын 1992 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 104 дугаартай тушаал, түүний хавсралт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
2.Хүсэлт гаргагч ******* 1987 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 06 сарын 16-ны өдөр хүртэл Ариун цэвэр, халдвар судлалын станцад ариутгагчаар ажилласан, 1990 оны 06 сарын 16-аас 1994 оныг дуустал Баянхонгор аймгийн Эрүүлийг хамгаалах газар, Халдварт эмгэг анагаах төвд ажилласан байдлыг тогтоолгох хүсэлт гаргасан бөгөөд шүүх 1992 оноос 1994 он дуустал Халдварт эмгэг анагаах төвд ажилласан хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3.Учир нь: Хүсэлт гаргагч ******* нь 1987 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 06 сарын 16-ны өдөр хүртэл Ариун цэвэр, халдвар судлалын станцад ариутгагчаар ажилласан, 1990 оны 06 сарын 16-аас 1992 оныг дуустал, Баянхонгор аймгийн Эрүүлийг хамгаалах газарт жолоочоор ажиллаж байсан болох нь түүний ажиллаж байсан талаарх баримтыг түүвэрлэсэн хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 626 дугаартай лавлагаа, Баянхонгор аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1990 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 73 дугаартай тушаал, түүний хавсралт, Баянхонгор аймгийн эрүүлийг хамгаалах газрын даргын 1992 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 104 дугаартай тушаал, түүний хавсралт зэргээр тогтоогдож байна.
4.Харин хүсэлт гаргагч *******ын 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оныг дуустал Баянхонгор аймгийн Халдварт эмгэг анагаах төвд жолоочоор ажиллаж байсан талаарх баримт болон цалин архиваас гараагүй, бусад нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул дээрх хугацааг хэрэгсэхгүй болгов.
5.Иймд хүсэлт гаргагч ******* 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Халдварт эмгэг анагаах төвд жолоочоор ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Бүрд овогт ******* 1987 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 06 сарын 16-ны өдөр хүртэл Ариун цэвэр, халдвар судлалын станцад ариутгагчаар ажилласан, 1990 оны 06 сарын 16-аас 1992 оныг дуустал, Баянхонгор аймгийн Эрүүлийг хамгаалах газарт жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Халдварт эмгэг анагаах төвд жолоочоор ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ