Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 104

 

                                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дөлгөөнөөр хөтлүүлж

Улсын яллагч: Н.Цогтбаяр

Хохирогч: З.Б-

Шүүгдэгч: Б.З-нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ын З- холбогдох эрүүгийн 1812000630077 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

   

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Б.З-нь 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 13 цагийн үед Архангай аймгийн ,, иргэн З.Б-ийн бие махбодид халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Хохирогч З.Б- шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ:  Миний бие төрийн алба гүйцэтгэснийхээ төлөө зодуулж байгаад маш их гомдолтой байна.  Мөн миний гэр орон халдашгүй дархан байх ёстой гэрт орж ирж дээрэлхэж, хэл амаар доромжилж байгаад гомдолтой байна. Би тухайн үед эрүүл байсан учраас согтуу хүний үйлдлийг яахав гэж бодоод ямар нэгэн байдлаар маргаагүй, зодолдоогүй гэжээ. 

 

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч З.Б-ийн өгсөн: ... 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 13:00 цагийн үед Хайрхан сумаас ,,,хаягт байх гэртээ эхнэр Д.Г, 5 настай охины хамт сууж байтал гаднаас Б.З- гэх залуу согтуу орж ирээд намайг “чи яасан удаан явдаг хулгайч вэ” гээд хоолой боогоод нүүрэн тус газар гараараа 10 гаран удаа цохисон. Тэр хооронд манай эхнэр Д.Г цагдаад дуудлага өгсөн чинь жолооч цагдаа ахлах ахлагч А ирээд Б.З-ыг “чи архи уучихсан байна, яагаад байгаа юм, чамайг аваад явна” гэхээр би “авч яваад яах юм бэ, наадах чинь одоо хариад унтчих байх” гээд дуудлагаа буцаасан. Тэгээд жолооч цагдаа А гараад явсан дараа нь Б.З- бас гараад явсан. Үдээс хойш 15:00 цагийн үед Б.З- өөрийн эхнэр И, И-ын хамаатан гэх 3 хүн хамт орж ирээд намайг чи хүн дарамталж ажилладаг гэж хэл амаар доромжилсон. Тэгэхэд Б.З- намайг орноос чирч унагаад хоолой боогоод нүүрэн тус газар 2-3 удаа цохиод подволкны зах урсан тэр хооронд гаднаас Ө гэх залуу орж ирээд “та нар айлд согтуу хөлчүү юу болж байгаа юм гарцгаа” гээд гэрээс гаргасан. Тэгээд дахиж орж ирээгүй. Би О эмчид дуудлага өгч үзүүлээд 2 хоногийн дараа эмнэлэг орж үзүүлсэн. 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хот орж эмчилгээ хийлгэж байгаад ирсэн. 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Эрдэнэмандал сумын Засаг дарга Э.Б-ын шийдвэрээр Архангай аймгийн Хайрхан сум руу санхүүгийн албаны дарга Д, төсөв төрийн мэргэжилтэн И буюу Б.З-ын эхнэр, жолооч Ц, хэв журмын цагдаа С, байгаль хамгаалагч А бид хэд төрийн сангийн гүйлгээ хийх гэж яваад буцаж ирэх замдаа Эрдэнэмандал сумын Идэр-Улаан баг Гол мод гэх газар хууль бусаар газар ухаж байгаа хүмүүсийг олох зорилготой яваад олоогүй замдаа хоноод маргааш өглөө нь буюу 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 13:00 цагийн үед ирээд гэртээ сууж байтал Б.З- гэх залуу удаан ирлээ “чи муу эхнэр авч яваад хоносон. Та нарыг бүгдийг нь ална” гэж орилоод намайг зодсон. Б.З- миний нүүрэн тус газар ойролцоогоор 10 гаран удаа цохисон, хүзүү боож хүзүү рүү цохисон, 2 нүд рүү 2 удаа өшиглөсөн, толгой руу 4-5 удаа өшиглөсөн, цээжний баруун талруу 7,8 удаа өшиглөсөн, гараараа 10 гаран удаа цохисон. Тэгж зодуулж байх хооронд миний 2 гар хөхөрсөн, миний хамар мурийсан, баруун нүдний доор язарч хагарсан. Дараа нь орж ирээд намайг орноос татаж унагаад нүүрэн тус газар 2-3 удаа гараараа хүчтэй цохиж, хоолой боосон, толгой болон баруун гар луу 3-4 удаа өшиглөсөн. Өмнөхөө бодвол үдээс хойш харьцангуй бага өшиглөж цохисон. Намайг Б.З- л ганцхан зодсон, эхлээд 13:00 цагийн үед намайг зодоход манай эхнэр, охин хоёр байсан. Үдээс хойш зодоход Б.З-ын эхнэр И-, И-ын хамаатан 2, 3 хүн байсан. Тэр үед гаднаас Ө т гэх залуу орж ирж тэд нарыг гэрээс хөөж гаргасан. Б.З- болон Иын хамаатан гэх 2,3 хүн бүгд л намайг хүн дарамталдаг чи муу гэж намайг хэл амаар дайрч доромжлоод байсан. Цагдаа жолооч А, Өт, Иболон, И-ын хамаатан гэх 2, 3 хүн, эмнэлгийн эмч О, Б нар мэднэ бас Б.З- өөрөө мэднэ. Б.З- согтуу, арай ухаан санаа нь тасарчихаагүй байсан. И болон И-ын хамаатнууд бүгд эрүүл байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгоно. Би гомдолтой байна хот руу явсан эмчилгээнийхээ зардал мөнгийг төлүүлмээр байна...гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 хуу/

 

Гэрч Д.Ггийн өгсөн: ...2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр манай нөхөр З.Б- засаг даргын захирамжаар 2017 оны 09 дүгээр сарын цалин оруулна гээд Архангай аймгийн Хайрхан сум ороод хоноод маргааш өглөө нь буюу 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өглөө 11:00 цагийн үед ирээд 14:00 цагт ажилдаа явна гээд орон дээрээ унтаж байсан чинь Б.З-гаднаас халамцуу орж ирээд “чи манай эхнэрийг 24 цаг авч явдаг хэн бэ, Цогтбаяр та хоёрыг ална” гээд манай нөхрийн нүүрэн тус газар гараараа 7, 8 удаа цохиод авахаар нь “хөөе чи яаж байгаа юм” гээд хорьсон чинь манай нөхрийн толгой, цээж рүү нь хөлөөрөө өшиглөсөн би салгаад дийлэхгүй байхаар нь болиоч чи хөөе гээд цагдаа дуудчихаад байж байсан чинь зодохоо больсон. Тэгээд арай гайгүй болоод сууж байсан чинь жолооч цагдаа А орж ирээд “энд юу болоод байна, яагаад байгаа юм гэхээр” нь би манай нөхрийг зүгээр хэвтэж байхад нь зодоод байна гэж хэлсэн. Тэгээд би хамт явсан хүмүүсийг нь дуудаж уулзуулна гэж хэлсэн чинь манай нөхөр А цагдаатай юм яриад байсан тэгээд А  гараад явсан удалгүй Б.З- гараад явсан. Үдээс хойш Б.З- өөрийн эхнэр И, ээж, аав, эмээ нарыг нь дагуулж орж ирсэн. Орж ирээд И-ын ээж гэх хүн манай нөхрийг чи Цэцэрлэг рүү явах гэж байсан хүнийг Хайрхан авч явсан чи хүүхэд дарамталж ажилладаг гээд байсан би тэгээд хажуу талын гал тогооныхоо өрөөнд орчихсон байсан. Тэр хэд баахан юм ярьж байгаад гараад явчихсан. Нөхөр З.Б-ийг Б.З- гаднаас орж ирээд “чи манай эхнэрийг 24 цаг авч явлаа” гээд шууд зодоод эхэлсэн. Миний бодлоор бол эхнэртэйгээ хардаж зодсон байх. З.Б-ийг Б.З- нүүр, толгой руу нь нэлээн хэдэн удаа гараараа цохисон би яг хэд гэдгийг нь тоолоогүй ямар ч байсан 10 гаран удаа цохисон байх. Намайг салгах гээд түлхэхэд нүүр, цээж рүү нь 5, 6 удаа хөлөөрөө өшиглөсөн. Би хориод дийлэхгүй байсан. Б.З- 2017 оны 09 дүгээр сарын 28-ны үдээс хойш эхнэр хадам аав, ээж, эмээтэйгээ орж ирээд манай нөхөр лүү дайраад байсан. Б.З- манай нөхрийг зодож байхыг хараагүй би гал тогооны өрөөнд орчихсон байсан. Б.З- согтуу байсан. Тухайн үед манай сумын сүлжээ болохгүй Хайрхан сум орж Тамгын газрын ажилчдын цалинг оруулна мөн замаараа Хүнүй гол орох ажилтай гээд захиргааны жолооч Ц, байгаль хамгаалагч А, хэв журмын цагдаа С, төрийн санч И, санхүүгийн албаны дарга Д нар явцгаасан. Явахдаа манайд орж ирээд хоол идээд явсан болохоор сайн мэдэж байна. 2017 оны 09 дүгээр сарын 27-ны орой 20:00 цагийн үед манай нөхөр над руу утсаар яриад цалин мөнгөө оруулаад болчихлоо одоо нэг хоол идээд гарах гэж байна замдаа Хүнүйгээр дайраад очно шөнөдөө амжиж очих нь уу үгүй юу гэж байсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өглөө 11:00 цагийн үед ирсэн. Би 1 дүгээр ангид байдаг жаахан охинтойгоо байсан. Өөр хүн байгаагүй. Өдөр нь Өлзийбат гэх ах орж ирээд та нар гар айлд хэрүүл хийлээ гээд тэр хэдийг гэрээс гаргасан...гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 хуу/

 

Гэрч Д.И-ын өгсөн: ...2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр сумын цалин оруулах гэсэн чинь манай сүлжээ болохгүй байхаар нь Тамгын газрын даргад хэлтэл Тамгын газрын дарга З.Б- би Хайрхан сум орох ажилтай Хайрхан сум хамт ороод гүйлгээгээ хийчих гэхээр за гээд сумын хэв журмын цагдаа Санжиддорж, байгаль хамгаалагч А , санхүүгийн албаны дарга Д, жолооч Д.Ц бид хэд өглөөний 12:00 цагийн үед Хайрхан сум руу гараад өдөр 15:00 цагийн үед Хайрхан сум орж гүйлгээгээ хийгээд орой 19:00 цагийн үед Хайрхан сумаас гарч Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багт Хүнүйн голд айлд хоноод маргааш өдөр нь сумын төвд ирсэн. Намайг гэртээ орж иртэл манай нөхөр Б.З-гэртээ согтуу байсан бөгөөд намайг өчигдөр орой 19:00 цагт гарлаа гэсэн яагаад ийм удаж ирж байгаа юм гэхээр нь замдаа айлаар ороод Тамгын дарга архи уугаад явахгүй байсан гэтэл манай нөхөр яасан их хүн дээрэлхдэг юм. Олон хүн авч явчихаад яахаараа ингэдэг юм. Тамгын даргатай чинь очиж уулзана гээд гараад явсан. Удалгүй 15-20 орчим минутын өмнө манай нөхөр орж ирээд танай Тамгын даргыг чинь цохичихлоо гэхээр нь би яасан юм бол гээд ээж, аав хоёрыг дагуулаад Тамгын даргынд орсон. Тэгээд манай ээж Нямжав Тамгын даргад хандан “чи ажлаар явсан юм бол яах гэж архи дарс ууж айлд хоносон юм бэ, чи ямар учраас хоносон юм. учир зүйг нь гаргаж хэл” гэсэн. Тэгээд манай нөхөр Тамгын дарга руу “чи муу пиздаа ямар сонин юм. Та нар дандаа ажил хийх гэж яваад архиддаг биздээ” гээд дайрахаар нь аав, ээж бид 3 бариад авсан. Тэгээд байж байсан чинь гаднаас Өлзийбат гэх хүн орж ирээд бид хэд гараад явцгаасан. Манай нөхөр Б.З-З.Б-ийг миний дэргэд зодоогүй. Манай нөхөр өөрөө зодсон гэсэн болохоор нь хартал Тамгын газрын дарга дээл нөмөрцөн хэвтэж байсан бөгөөд нүүрнийх нь баруун талд жаахан халцарчихсан байсан. Манай нөхрийг З.Б- цохиогүй. Харин эхнэр Д.Г гэх хүн манай нөхрийг нэг алгадсан гэсэн. Тухайн үед биеийн байдал гайгүй байсан нүүр аман дээр нь ил харагдах шархи сорви байгаагүй ганцхан баруун хацар дээр нь жаахан халцарчихсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 хуу/ 

 

Гэрч С.О-ын өгсөн: ...2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 14 цаг 30 минутад дуудлагаар Эрдэнэмандал сум Өлзийт баг Өлзийт хорооллын 12-05 тоот хаягт З.Б- толгой өвдөөд босч чадахгүй байна гэх дуудлагаар очтол хүнд зодуулсан гээд хэвтэж байсан. Биеийн байдал толгой өвдөх гэсэн зовиуртай ил гэмтэл нь 2 нүд хөхөрсөн хавдартай, нүдний зовхины дээгүүр цагаан зүйл түрхсэн, хүзүүний баруун талд хөхөрсөн байдалтай хэвтэж байсан. Өвчин намдаах эмчилгээ, даралт бууруулах эмчилгээ хийж мэс заслын их эмчид үзүүлэхийг зөвлөсөн. Тухайн үед З.Б- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Надад ярихдаа өчигдөр орой Б.З- гэх хүнд зодуулсан гэж байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 11 хуу/

 

Гэрч Л.С-ийн өгсөн: ...2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Эрдэнэмандал сумын Идэр-Улаан баг Гол мод гэх газар хүмүүс хиргисүүр ухаад байна гэх дуудлагын дагуу байгаль хамгаалагч Д.А, Тамгын газрын дарга З.Б- бид хэд явах гэж байтал Тамгын газрын төрийн санч Д, И 2 Хайрхан сум орж гүйлгээ хийх ажилтай гэхээр нь Тамгын газраас өөр унаа гаргаж өгөх боломжгүй гээд хамт Хайрхан сум орж гүйлгээг нь хийлгээд орой 19:00 цагийн үед буцаж Эрдэнэмандал сумын төв рүү гараад нэг танихгүй айлд ирээд байгаль хамгаалагч Д.Алтансүх бид 2 мориор дуудлаганд оччихоод шөнийн 02:00 цагийн үед буцаж нөгөө айлд ирж хоноод маргааш өглөө нь Эрдэнэмандал сумын төвд ирсэн. Д.А  бид хоёрыг дуудлаганд морьтой яваад иртэл жаахан халамцуу байсан. Тухайн үед хүнтэй маргалдаагүй зүгээр байсан. Ил харагдах шарх сорви байгаагүй. Маргааш өглөө нь жолооч Цогтбаяр бид 2 Тамгын дарга З.Б-ийг гэрт нь буулгаж өгөхөд зөв зүгээр байсан. З.Б- хүнд зодууллаа гэж надад дуудлага өгөөгүй. Сүүлд манай жолооч цагдаа А-т дуудлага өгсөн, А дуудлаганд нь очсон гэж сонссон...гэх мэдүүлэг /хх-ийн 12 хуу/

Гэрч Д.Ц-ын өгсөн: ...2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Хүнүй голын Гол мод гэх газар хүмүүс булш ухаад байна гээд сумын хэв журмын цагдаа Л.С, байгаль хамгаалагч Д.А, Тамгын газрын дарга З.Б- бид хэд явах гэж байсан. Гэтэл сумын төрийн сангийн дарга Д, төрийн сангийн мэргэжилтэн И нар Хайрхан сум орж гүйлгээ хийх ажилтай гээд бид хэдтэй цуг Хайрхан сум орж гүйлгээгээ хийчихээд орой 18:00 цагийн үед байхаа Эрдэнэмандал сум Хүнүй гол руу хөдлөөд 21:00 цагийн үед Ганболд гэх айлд ирсэн бөгөөд цагдаа Л.С, байгаль хамгаалагч Д.А нар морьтой нөгөө булш ухсан гэх газар луу явсан бөгөөд ирэхгүй болохоор нь шөнийн 03:00 цагийн үед Тамгын газрын дарга З.Б- хоносон айлын эзэн Г бид 3 урдаас нь тосч яваад гол дээр уулзалдаад буцаад Ганболдынд ирж хоносон. Маргааш нь 11:00 цагийн үед Эрдэнэмандал сумын төвд ирээд би хамт ирсэн хүмүүсээ гэрт нь хүргэж өгсөн. Тухайн үед З.Б- эрүүл саруул зүгээр байсан. Би тэр өдөр хамт ирсэн хүмүүсээ буулгаж өгчихөөд хөдөө яваад маргааш өглөө нь ирсэн чинь хүнд зодуулчихсан байна гэж захиргаан дээр нэгнээс нь сонссон. Б.З- гэх хүнд зодуулсан гэж захиргааныхан ярьж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13 хуу/

 

Гэрч А.Ө-ын өгсөн: ... 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 12:00-с 13:00 цагийн үед би З.Б-ийн гэрт ортол бөөн хэрүүл шуугиан болчихсон З.Б-ийн 2 нүд нь хавдчихсан хажууд нь Б.З-гэх залуу согтуу сууж байхаар нь “энд юу болоод байгаа юм, яагаад байгаа юм” гэсэн чинь З.Б-ийн эхнэр Ганзаяа “манай нөхөр Б.З-ын эхнэртэй, хүмүүстэй ажлаар яваад өглөө ирсэн наад Б.З-чинь эхнэрээ хардаад ингээд зодчихлоо” гэхээр нь Б.З-аас “чи яагаад хүн зодоод байгаа юм” гэтэл миний урдаас юм дуугараагүй. Би тэгээд та нар одоо явцгаа гээд З.Б-ийн гэрээс Б.З-ыг эхнэр болон хадам ээж, аавтай нь хамт гаргасан. Тухайн үед З.Б-ийн 2 нүд нь хавдартай, хамар нь жаахан мурийчихсан харагдаж байсан. Би тэгээд наад хамар чинь мурийчихсан байна чи нүүр лүүгээ цохиулж байхаар хамгаалахгүй яасан юм гэтэл юм дуугараагүй. Намайг ороход зодоон болоод дуусчихсан хэрэлдээд сууж байсан. З.Б-ийнд Б.З-, И, П гэх ах эхнэртэйгээ байсан. Юунаас болж зодсоныг нь би сайн мэдэхгүй. Миний ойлгосноор бол Хайрхан суманд ажилтай гэж яваад хоноод ирсэн гээд Б.З-хардаж зодсон шиг байна лээ. Яг юу гэж хэрэлдэж байсныг нь сайн санахгүй байна З.Б- рүү л Б.З-дайраад байсан миний дэргэд лав цохиогүй... гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/

 

Гэрч Ж.Батсүхийн өгсөн: ...2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр З.Б- гэх хүн эмнэлэг дээр ирж үзүүлсэн. Тухайн үед үрэвслийн эсрэг өвчин намдаах, тархины цусан хангамж сайжруулах эмчилгээ хийсэн . Тухайн үед биеийн байдал дунд байсан хүнд зодуулсан толгой өвдөнө гэсэн зовиуртай ирсэн. З.Б-ийн биед 2 нүдний зовхи хөхөрсөн, баруун нүдний салст цус хуралттай, толгойны баруун тал эмзэглэлтэй, хамрын яс эмзэглэлтэй гэсэн зовиур үзлэгээр илэрсэн. Анх Оюунтогтох эмч дуудлагаар очиж үзсэн. З.Б- хүнд зодуулсан л гэсэн яг хэнд зодуулсан талаараа яриагүй. З.Б- дахиж надад үзүүлээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 16 хуу/

 

Б.З-ын яллагдагчаар өгсөн: ...2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр манай эхнэр Д.И тамгын газрын дарга З.Б-, байгаль хамгаалагч А, хэв журмын цагдаа Л.С, санхүүгийн албаны дарга Д нар Архангай аймгийн Хайрхан сум орж гүйлгээ хийнэ гэж явсан бөгөөд орой 18:00 цагийн үед манай эхнэр надруу утсаар яриад одоо гарах гэж байна гэсэн тэгээд утас нь холбогдохгүй болчихоор нь юу болсон юм бол гэж хүлээсээр байгаад хоносон. Маргааш өглөө нь ирэхгүй болохоор нь 11:00 цагийн үед гэрээсээ гараад хүнээс эхнэрээ асуух гээд явж байгаад Ж.З.Б- гэдэг найз хөдөөнөөс орж ирчихсэн явж байхаар нь уулзаад 1 шил архи хувааж уусан бөгөөд архиа ууж дуусаад би гэртээ ирсэн манай найз хөдөө гэрлүүгээ харьсан. Би гэртээ жаахан сууж байгаад эхнэр лүүгээ залгасан чинь утас нь дуудаад авахгүй байхаар нь гэрээс гараад явж байтал манай эхнэр урдаас ирж байсан би эхнэрээсээ яагаад хоногоор яваад алга болчихдог юм утас чинь ерөөсөө холбогдохгүй юм гэсэн чинь манай эхнэр тамгын газрын дарга архи уугаад шартаж хэвтээж босохгүй байсаар байгаад ийм удчихлаа гэхээр нь миний уур хүрээд гэртээ байсан тал шил архийг ганцаараа уугаад нэг хэсэг ухаан мэдрэлгүй болчихсон бөгөөд нэг мэдсэн чинь тамгын дарга З.Б-ийн гэрт тамгын газрын даргын эхнэр Г-тай хэрэлдчихсэн сууж байсан бөгөөд намайг эхнэрээ олж ир гэхээр нь би гэрээс нь гараад явсан. Тэрнээс хойш юу болсон талаараа сайн санахгүй байна. Нөгөөдөр өглөө нь буюу 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр үдээс хойш 13:00 цагийн үед би уучлал гуйх гээд тамгын газрын дарга З.Б-ийн гэрт очсон чинь З.Б- орон дээрээ хэвтэж байхаар нь ах намайг уучлаарай балай юм болж гэсэн чинь чи чинь балай юмуу, ухаан мэдрэлгүй явж байдаг юмуу орж ирээд нүүр рүү цохиод авсан миний толгой өвдөөд байна гэхээр нь би дүү нь ёстой мэдэх юм алга, балай юм боллоо ах уучлаарай гэсэн чинь З.Б- чи бид хоёрын дунд одоо ямар нэгэн зүйл юу байхав адилхан эр улсууд чи эгчээсээ л уучлалт гуй цаадах чинь жаахан гомдолтой байгаа гэхээр нь З.Б-ийн эхнэрийг жаахан хүлээж сууж байгаад орж ирэхгүй болохоор нь гараад явсан. Тэр явдлаас хойш 10-аад хоногийн дараа би З.Б- ах руу утсаар ярьсан чинь би хотод байна биеэ үзүүлж хамраа янзлуулж байна. Намайг хагалгаанд ор гэж байна жаахан мөнгө төгрөг орох юм шиг байна гэхээр нь би дүү нь тэгвэл танд 500.000 төгрөг явуулъя та дансаа өгчих гэж дансыг нь аваад найзаасаа мөнгө зээлээд З.Б- ахын данс руу 500.000 төгрөг хийсэн. Тэрнээс хойш З.Б- ах утсаа ч авахгүй чимээгүй болчихсон бөгөөд дараа нь манай эхнэр лүү З.Б- ахын эхнэр Д.Г утсаар яриад та нар утсаар ярьсангүй 500.000 өгөөд болчихно гэж бодоо юу гээд утсаа салгачихсан гэсэн. Дараа нь сумын төвд ирсэн гэх сургаар 2017 оны 11 дүгээр сарын 20-дын үеэр З.Б- ахын ажлынх нь өрөөнд ороод уулзсан чинь ах нь бол одоо яах вэ манай эхнэр Д.Гтай л очиж уулз гэхээр нь би гэрт нь очоод Д.Г эгчтэй уулзсан чинь чамайг өдийг хүртэл харлаа чимээ анир ч байхгүй алга болчих юм би цагдаад өргөдөл өгнө гэхээр нь дүүгээ уучлаарай гээд баахан уучлал гуйсан чинь чамайг тэр үед нь орж ирээд уучлал гуйсан бол юу гэж ийм зүйл болох вэ дэ гэж урдаас хэлсэн тэгээд жаахан сууж байгаад гараад явсан. Тухайн үед архи уучихсан нэлээн халамцуу байсан болохоор сайн мэдэхгүй байна. Тухайн үед манай эхнэрийг хонуут,  өнжүүтээр явахаар нь жаахан уур хүрчихсэн байсан. Би З.Б-ийг хаана, хаана нь цохисноо сайн санахгүй байна. Намайг нөгөөдөр өглөө нь гэрт нь ороход хүзүүнийх нь хажуугаар жаахан улайчихсан, нүднийх нь дээд талд жаахан хөхөрмөөр шинжтэй болчихсон харагдаж байсан бөгөөд чи ахыгаа ингээд зодчихлоо гэж байсан. Би тухайн үед найз Ж.З.Б-тэй 0.5 литрийн 1 шил архи хувааж уусан дараа нь гэртээ байсан 0.5 литрийн шилтэй архины тал байхаар нь ганцаараа уусан. Тэгээд тасарчихсан байна лээ. Тухайн үед намайг огт цохиогүй байна лээ эхнэр Д.Г л нэг удаа намайг алгадсан гэсэн би тэрийг мэдэхгүй байна. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгохгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны 73 дугаар дүгнэлт:

1. З.Б-ийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун зовхинд цус хуралт, баруун доод зовхинд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.

3. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар дээрх гэмтэл тус бүр биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 18 хуу/

 

З.Б-ийн эрүүл мэндийн дэвтэрийн хуулбар / хх-ийн 25-27 хуу/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 38 хуу/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39-40 хуу/

Хавтаст хэргийн материалыг хохирогчид танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 52-53 хуу/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон  хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.З-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Хавтаст хэргийн 19-21 дүгээр хуудсанд гэрэл зургууд болон хүний их эмч Ж.Батсүхийн тодорхойлолт хавсаргагдсан байх боловч эдгээрийг хэн гаргаж өгсөн, ямар журмаар хэрэгт хавсаргасан нь тодорхойгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмыг баримтлаагүй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.З- нь 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 13 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт баг, Өлзийт хорооллын 12-5 тоотод иргэн З.Б-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч Б.З-нь хохирогчийг зодсон үйлдэл болон гэм буруугийн хувьд маргаагүй,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч З.Б-, гэрч Д.Г, Д.И, Ж.Б, А.Ө, С.О нарын мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны 73 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.З-нь хохирогч З.Б-ийг зодсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны 73 дугаар дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Аймгийн Прокурорын газраас Б.З-ын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.З-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ. 

Хохирогч З.Б- нь хохирогчоор мэдүүлэг өгөхдөө ”эмчилгээний зардал нэхэмжлэх болно” гэсэн боловч хэрэгт эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүх хуралдааны үед хохирогч З.Б- нь шүүгдэгчээс эмчилгээний зардалд тооцож 500.000 / таван зуун мянга/ төгрөг авсан гэж мэдүүлэг өгсөн бөгөөд эмчилгээний зардалтай холбоотой хохирол нэхэмжилсэн тул баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.  

Шүүх хуралдааны үед хохирогч З.Б-өөс төрийн алба гүйцэтгэсний төлөө зодуулсандаа гомдолтой байна, миний гэрт орж ирж гэр бүлийн амгалан тайван байдлыг бүлэглэж алдагдуулсан байдлыг шалгуулах тухай хүсэлт гаргасныг дор дурдсан үндэслэлээр хүлээж авах үндэслэлгүй байна.  Үүнд:

Хохирогч З.Б-ийн өгсөн: ... Б.З- гэх залуу удаан ирлээ “чи муу эхнэр авч яваад хоносон. Та нарыг бүгдийг нь ална” гэж орилоод намайг зодсон...гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 хуу/

Гэрч А.Ө-ын өгсөн: ...З.Б-ийн эхнэр Г “манай нөхөр Б.З-ын эхнэртэй, хүмүүстэй ажлаар яваад өглөө ирсэн наад Б.З-чинь эхнэрээ хардаад ингээд зодчихлоо” гэхээр нь Б.З-аас “чи яагаад хүн зодоод байгаа юм” гэтэл миний урдаас юм дуугараагүй... Миний ойлгосноор бол Хайрхан суманд ажилтай гэж яваад хоноод ирсэн гээд Б.З-хардаж зодсон шиг байна лээ... гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/, 

Гэрч Д.Ггийн өгсөн: ... Б.З-гаднаас халамцуу орж ирээд “чи манай эхнэрийг 24 цаг авч явдаг хэн бэ, Ц  та хоёрыг ална” гээд манай нөхрийн нүүрэн тус газар гараараа 7, 8 удаа цохиод авахаар нь “хөөе чи яаж байгаа юм” гээд хорьсон чинь манай нөхрийн толгой, цээж рүү нь хөлөөрөө өшиглөсөн би салгаад дийлэхгүй байхаар нь болиоч чи хөөе гээд цагдаа дуудчихаад байж байсан чинь зодохоо больсон... Нөхөр З.Б-ийг Б.З- гаднаас орж ирээд “чи манай эхнэрийг 24 цаг авч явлаа” гээд шууд зодоод эхэлсэн. Миний бодлоор бол эхнэртэйгээ хардаж зодсон байх...гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 хуу/

Б.З-ын яллагдагчаар өгсөн: ...Тухайн үед архи уучихсан нэлээн халамцуу байсан болохоор сайн мэдэхгүй байна. Тухайн үед манай эхнэрийг авч яваад хонуут,  өнжүүтээр явахаар нь жаахан уур хүрчихсэн байсан....гэх мэдүүлэг /хх-ийн -35 хуу/ зэрэг нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.З-нь хохирогч З.Б-ийг эхнэртэйгээ хардсаны улмаас зодож гэмтэл учруулсан нь тогтоогдож байх бөгөөд хохирогчийг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж зодсон гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн прокуророос Б.З-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн бөгөөд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан байх тул хохирогчийн гаргасан миний гэрт орж ирж гэр бүлийн амгалан тайван байдлыг бүлэглэж алдагдуулсан гэх нөхцөл байдлыг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.З-нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Б.З-нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.   

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                             

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-ын З-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 / зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Б.З-нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Б.З-нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/  хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.З-нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй болохыг дурдсугай.

 

6. Хохирогч нь баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирлоо нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7.  Шүүхийн тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

8. Тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.З-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ОДХҮҮ