Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/00389

 

 

 

 

 

 

 

 

 

П.Н.О.Э.З.И.С

 Улаанбаатар хотын салбарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15ы өдрийн 101/ШШ2021/04237 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч П.Н.О.Э.З.И.С Улаанбаатар хотын салбарын хариуцагч Ө.Ст холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 1,696,557 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Гэгээнжаргал, хариуцагч Ө.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Ө.С нь манай сургуультай 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Өдөр өнжүүлэх бүлэгт хүүхэд асран харах төлбөртэй үйлчилгээ үзүүлэх тухай 163/1Ж тоот гэрээ байгуулж, түүний хүүхэд С.Сарангэрэл нь 2019-2020 оны хичээлийн жилд өдөр өнжүүлэх бүлэгт явсан. Гэвч өдөр өнжүүлэхийн төлбөрийн үлдэгдэл 290,500 төгрөгийг төлж барагдуулаагүй. Мөн 2020-2021 оны хичээлийн жилд Ө.Сын хүүхэд С.Сарангэрэл нь манай боловсролын байгууллагын 2ж ангид суралцсан. С.Сарангэрэлийг суралцуулахаар тус салбар сургууль нь иргэн Ө.Стай бага боловсролын төлбөрт үйлчилгээ үзүүлэх тухай 2019 оны 8 сарын 30-ны өдрийн 2242/1Ж тоот гэрээ байгуулсан. 2242/1Ж тоот гэрээний дагуу Ө.С нь өөрийн хүүхэд С.Сарангэрэлийн 2 дугаар ангид суралцах сургалтын төлбөрт 2,900,000 төгрөг төлөхөөс 1,406,057 төгрөг төлөөгүй болно. Иймд иргэн Ө.С гэрээний үүргээ биелүүлээгүй тул өдөр өнжүүлэхийн төлбөрийн үлдэгдэл 290,500 төгрөг, сургалтын төлбөрийн үлдэгдэл 1,406,057 төгрөг, нийт 1,696,557 төгрөгийг түүнээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга: Ө.С миний охин болох С.Сарангэрэл нь 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Оросын Г.В.Плехановын дунд сургуульд элсэн орсон. 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өвлийн амралт эхэлсэн. Ковид-19 цар тахал гарснаар 2020 оны хаврын хичээл танхимаар бус онлайн хэлбэрт шилжсэн боловч 1Ж ангийн багш нь нутаг буцсан байсан тул цахим хичээл ороогүй. Зөвхөн номноос нь даалгавар маягийн зүйлийг л өгдөг байсан. Манай охин 1 дүгээр ангиа төгсөхдөө уншиж, бичиж, бодож сураагүй төгссөн бөгөөд төлбөрийг бүрэн тушаахын шаардаж 3,200,000 төгрөгийг бүрэн тушаасан боловч энэ хэмжээний сургалт мэдээллийг аваагүй төгссөн. 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 2 дугаар ангид элсэн орсон боловч мөн анги даасан багш байгаагүй багш нар солигдож орсоор 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Ковид-19 цар тахлын улмаас дахин өндөржүүлсэн карантин зарлаж хичээлийг өвлийн амралтад шилжүүлсэн. Энэ хугацаанд сургуулиас төлбөр нэхэн төлбөр төлөхгүй бол сургуулиас хасна хэмээн сүрдүүлж эхэлсэн. 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар-с хувийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудад суралцагч хүүхдүүдийн сургалтын төлбөрийн асуудлаар, Монгол улсын шадар сайд, сангийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны сайд, Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан 2020 оны 78, 149, А/164, А/14, А/391 дугаар тушаалуудаар тодорхой зохицуулж үүрэг болгосон байдаг. Үүнээс 2/а- эцэг, эхчүүдтэй гэрээ байгуулахдаа сургалтын төлбөрийн асуудлаар зөвхөн сургуулийн захиргаанаас урьдчилан бэлтгэсэн гэрээний нөхцөлийг тусгадаг арга барилгыг таслан зогсоох, 2/Г- сургалтын төлбөртэй холбоотой асуудлаар шалтгаалан суралцагч хүүхдүүдийг сургуулиас хасах, сургууль завсардуулах асуудал гаргахгүй байх. Холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллаагүйгээс иргэд, хэрэглэгчдийг хохироосон асуудал гарсан тохиолдолд шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх газраас хуульд заасан бүрэн эрхийн дагуу холбогдох арга хэмжээг авч, хариуцлага тооцож ажиллана гэсэн шийдвэрүүдийг сургууль зөрчсөн. Миний хоёр хүүхэд тус сургуульд суралцдаг байсан боловч сургууль хүүхдүүдийг сургуулиас хассан тул бид 4 бас гомдолтой манай хүүхдүүд хохирсон. Иймд бид төлбөрийн нэхэмжлэлийг эсэргүүцэж байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө.Саас 1,696,557 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн Их сургууль, Улсын мэргэжлийн дээд боловсролын байгууллагын Улаанбаатар хотын салбар сургуульд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 42,095 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Саас 42,095 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн Их сургууль, Улсын мэргэжлийн дээд боловсролын байгууллагын Улаанбаатар хотын салбар сургуульд олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрт 359 дүгээр зүйлийн 359.1 дэх заалтыг баримтлан хариуцагчаас мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг баримталсан нь үндэслэлгүй байна. Учир нь хүндэтгэн үзэх шалтгаан байсан ба Ковид-19-ын халдвараар өвдсөн байсан тул өөрийн биеэр очиж чадаагүй. Миний бие хүүхдийн сургалтын төлбөрийг өдөр өнжүүлэхийн төлбөрийн хамт  төлсөн бөгөөд баримтаа багшид нь ч үзүүлсэн байтал дахин мөнгө нэхэж байгаа нь тус сургуулийн хариуцлагагүй үйлдэл юм. Гэтэл бодит байдалд миний хүүхэд орос хэлээр уншиж, бичиж сурах нь байтугай анхан шатны цагаан толгойн үсгийг бүрэн мэдэж чадаагүй төгссөн. Цар тахлын улмаас багш нар нь нутаг буцаж, ангийн багш байхгүйгээс хичээл ороогүйд маш их гомдолтой байна. Мөн гэрээний 5.2.1, 5.2.2, 5.2.3 дахь заалтуудаар нэхэмжлэгч хариуцлага хүлээх ёстой байтал хариуцлага хүлээгээгүй. Хэрвээ миний хүүхэд орос хэлний цагаан толгойг анхан шатны хэмжээнд уншиж, бичиж бүрэн гүйцэд сурсан бол хариуцагч би нэхэмжлэгчийн нэхэмжилж буй төлбөрийг төлөх нь зүй ёсны асуудал байсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хариуцагч миний гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Сургалтын гэрээ 2019 онд буюу ковид-19 цар тахал өвчнөөс өмнө мөрдөгдөж байсан. Иймээс хөнгөлөлт эдлүүлэх буюу гэрээний төлбөрөөс багасгах асуудал байхгүй. Манай нэхэмжлэлийн шаардлага 2019 оны өдөр өнжүүлэхийн болон 2020-2021 оны эхний хагас жилийн сургалтын төлбөрүүдийг нэхэмжилж байгаа гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэв.

 

  1. Нэхэмжлэгч Оросын эдийн засгийн Их сургуулийн Улаанбаатар хотын салбар нь

шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Ө.Саас түүний хүүхдийн сургалтын төлбөр болон өдөр өнжүүлэх бүлгийн үйлчилгээний төлбөрт 1,696,557 төгрөг гаргуулахаар шаарджээ. Хариуцагч Ө.С нь шаардлагыг эс зөвшөөрч, цар тахлын улмаас онцгой байдал зарлан хичээлийг цахим хэлбэрт шилжүүлсэн, багш нарын ихэнх нь нутаг буцаж, ангийн багш байхгүйгээс цахим хичээл ороогүй, хүүхэд сурахыг хүсч байсан сургалтаа хангалттай авч чадаагүй гэх үндэслэл заан маргажээ.

 

3. Зохигчид 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 163/1ж дугаартай “Өдөр өнжүүлэх бүлэгт хүүхэд асран харах төлбөртэй үйлчилгээ үзүүлэх тухай” гэрээ, мөн өдөр 2242/1ж дугаартай “Ерөнхий боловсролын сургалт (бага ангийн)-ын хөтөлбөрийн дагуу боловсролын төлбөрт үйлчилгээ үзүүлэх тухай” гэрээ байгуулсан байна. Эхний гэрээгээр “сургууль нь сурагч С.Сарангэрэлийг өдөр өнжүүлэх бүлэгт асран харах үйлчилгээ үзүүлэх, хариуцагч Ө.С нь үзүүлсэн үйлчилгээний төлбөрийг төлөх”, хоёр дахь гэрээгээр “суралцагч С.Сарангэрэлд ОХУ-ын боловсролын стандартын хүрээнд гүйцэтгэгчийн сургалтын төлөвлөгөө болон боловсролын хөтөлбөрийн дагуу ерөнхий боловсролын сургалт (бага ангийн)-ын хөтөлбөрийн дагуу боловсролын үйлчилгээ үзүүлэх, хариуцагч Ө.С нь холбогдох зардлыг бүрэн хариуцаж төлөх” үүрэг тус тус хүлээжээ. 

 

4. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь зөв боловч гэрээ цуцлагдсан үндэслэл, үр дагаварт хамаарах хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй байна.

 

5. Хариуцагчийг өдөр өнжүүлэх бүлгийн үйлчилгээний төлбөрийн зарим хэсгийг төлөөгүй талаар мараагүй бөгөөд цар тахлын үед нэхэмжлэгч боловсролын үйлчилгээ үзүүлэх үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж маргаж байхад гэрээний үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлсэн эсэх асуудлаар нотлох үүргийн хуваарилалтыг анхаараагүй хариуцагчийг нөгөө талын үүргийн зөрчлийг нотолсон баримт гаргаагүй гэж дүгнэжээ. 

 

Иймд анхан шатны шүүх зохигчдын хоорондын эрх зүйн маргааны үндэслэл болж буй хөлсөөр ажиллах гэрээний үүрэгтэй холбоотой зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байна. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд маргааныг шийдвэрлэх боломжгүй байна.    

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчийг боловсролын үйлчилгээ үзүүлэх үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж маргаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч нь үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэдгээ нотолсны үндсэн дээр хөлс шаардах эрхтэй болно.

 

6. Сургууль гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн тохиолдолд хүлээх

хариуцлагын талаар гэрээний 5.2 дугаар зүйлд тусгагджээ. Гэрээний уг зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгч сургууль нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Ө.С нь боловсролын үйлчилгээний үнийг багасгахыг шаардах эрхтэй байна. Түүнчлэн нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэх нь тодорхой бус байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Энэ талаарх хариуцагчийн гомдол үндэслэлтэй.

 

7. Сургууль боловсролын үйлчилгээг зохих ёсоор бүрэн үзүүлсэн эсэх нь тодорхойгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн талаар баримт авагдаагүй, цар тахлын нөхцөл байдалд цахимаар сургалтын үйлчилгээг үзүүлсэн гэж тайлбарлахдаа хариуцагчийн хүүхдийг сургалтад суугаагүй гэж мөн тайлбарласан байна. Энэ тохиолдолд сургалт явагдсан эсэх, хариуцагчийн хүүхэд ямар шалтгаанаар сургалтад суугаагүй зэрэг нөхцөл байдал тодорхой бус байна.

 

Тодруулбал, зохигчид нь гэрээний зүйл буюу нэхэмжлэгчийн гэрээгээр гүйцэтгэх ажил болох боловсролын үйлчилгээг зохих ёсоор бүрэн үзүүлсэн эсэх талаар маргаж байгаа тохиолдолд шүүхээс мэтгэлцүүлж, тодруулаагүй байна.     

 

8. Хэрэгт авагдсан баримтаар маргааны зүйл, үйл баримт тодорхой бус байхад давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний алдааг залруулах боломжгүй.

 

Дээр дурьдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

           

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2021/04237 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 42,095 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд  гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

                 ШҮҮГЧИД                           Ч.ЦЭНД

                                                 Д.БЯМБАСҮРЭН