| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лидагийн Одбаатар |
| Хэргийн индекс | 159/2016/0035/З |
| Дугаар | 159/ШШ2016/0027 |
| Огноо | 2016-10-26 |
| Маргааны төрөл | Газар, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 159/ШШ2016/0027
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, шүүгч Ц.Байгалмаа, шүүгч Ж.Бурмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: П.*******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Засаг дарга, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг дарга нарт холбогдох
“Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09 дугаартай “Газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгох тухай” захирамжийг хүчингүй болгуулж, “******* *******” ХХК-ний захирал Д.*******гийн хууль ёсны өв залгамжлагч П.******* миний нэр дээр уг Сүхбаатар сумын Баянхааны 4 дүгээр багт байрлах 9200 мкв газрын гэрчилгээг олгох шийдвэр гаргахыг Сэлэнгэ аймгийн Засаг даргад даалгуулах, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 295 тоот захирамжийн 1 дүгээр хавсралтын регистрийн дугаартай “*******” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгох, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/386 тоот захирамжийн “******* *******” ХХК-д холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Иргэдийн төлөөлөгч: Л.*******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч буюу гуравдагч этгээд Ц., Д. нарын төлөөлөгч: П.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.
Гуравдагч этгээд: “******* *******” ХХК-ийн захирал Д.
Гуравдагч этгээд “Сэлэнгэ ” ХХК-ийн өмгөөлөгч: А.
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Ундрам нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний аав гийн ******* нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг дарга М.ын 2001 оны 203 тоот захирамжаар тус сумын Баянхааны 4 дүгээр багт 9200 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшиж авсан юм. Аав маань 2005 онд нас барсан бөгөөд хуулийн дагуу би түүний өв залгамжлагч тул дээрх газрыг өвлөн авахаар материал бүрдүүлэн 2006 онд хуулийн хугацаанд нь багтаан нотариатаар өв залгамжлах эрхээ нээлгэж баталгаажуулан уг газраа авсан юм. Уг газрын төлбөрийг 2001 оноос өнөөдрийг хүртэл төлсөөр ирсэн бөгөөд газрын гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулахаар аймгийн газрын албанд хүсэлт гаргатал, Сүхбаатар сумын Засаг дарга Н. 2008 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09 тоот захирамжийн дагуу уг газрыг маань хууль бусаар “Сэлэнгэ-” ХХК-нд давхардуулан олгосон байсан. Иймд Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7 дахь заалтын дагуу Сүхбаатар сумын Засаг даргаар ажиллаж байсан Н.ын гаргасан хууль бус захирамжийг хүчингүй болгож Д.*******гийн хууль ёсны өв залгамжлагч П.******* миний нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулахаар 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр аймгийн Засаг даргад хандан өргөдөл гаргасан. Уг өргөдлийг шийдвэрлүүлэхээр Засаг дарга аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт шилжүүлсэн бөгөөд тус газраас янз бүрийн шалтгаан хэлж хугацаа хожиж хойшлуулсаар өнөөдрийг хүргэсэн бөгөөд хууль бус шийдвэрийг хүчингүй болгохгүй харин манай газраас тодорхой хэсгийг хасч “Сэлэнгэ-” ХХК-нд оруулахаар газрын албаны дарга улаарч зүтгэсээр байсан. Ийнхүү би төрийн байгууллагын даргын хүнд суртал, хувийн ашиг сонирхолын улмаас аргагүй эрхэнд орж 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдөр миний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. “Сэлэнгэ-” компанийн захирал н.Хонгорзул нар уулзан газрын асуудлаар дахин маргаан гаргахгүй байх асуудлаар харилцан тохиролцож хөршийн гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд “Сэлэнгэ-” компанийг төлөөлж Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Н. гарын үсэг зурсан байна. Ингэж хөршийн гэрээ байгуулснаар миний бие өөрийн газраасаа 846м.кв газрыг “Сэлэнгэ-” компанид тасалж өгч байгаа юм. Энэ нь газрынхаа шийдвэрийг хурдан гаргуулж үйл ажиллагаа явуулахын тулд аргагүйн эрхэнд хийсэн үйлдэл юм.
Энэ дагуу аймгийн Засаг даргын захирамжийн төслийг Газрын албаны мэргэжилтэн Б.Болормаа боловсруулж төсөлд санал авах хуудсыг аймгийн ЗДТГазрын хэлтсүүдэд танилцуулан 9 хүнээр гарын үсэг зуруулаад Засаг даргын орлогч бөгөөд “Сэлэнгэ-” компанийн төлөөлөгч Н. дээр ороход П.******* миний нэр болон “Сэлэнгэ-” компанийн нэрийг захирамжийн төслийн хавсралтаас хасч дахин оруулж ирэхийг шаардсан байна. Иймийн учир миний бие төлөөлөгч Л. “Сэлэнгэ-” компанийн захирал н.Хонгорзулаас энэ талаар тодруулахад: “Би ажлаа өгч байгаа Н. өөрөө захирал болж байгаа цаашид энэ талаар надад хандах шаардлагагүй Н.той учраа ол” гэсэн хариу өгсөн. Л. дээрхи хариуг авсаны дараа аймгийн Засаг даргын орлогч Н.той орж уулзахад “Энэ газрын захирамжийн төсөлд би гарын үсэг зурахгүй. Миний компани ямар ч газаргүй боллоо, чамтай шүүхдэнэ, шүүх дээр уулзана” гэсэн хариуг авч өрөөнөөс нь гарсан байна.
Миний бие энэ газрын асуудлыг шийдвэрлүүлэхээр Лувсандорж овогтой д 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдөр газрын гэрчилгээ авах, түүнтэй холбоотой баримт бичигт төлөөлж гарын үсэг зурах гэсэн итгэмжлэл хийж нотариатаар баталгаажуулсан гарын үсэг зурж өгсөн. Үүнээс хойш энэ газрын асуудлыг шийдэлгүй өдийг хүрсэн шалтгаан нь “Сэлэнгэ-” компанийн ард талд аймгийн Засаг даргын орлогч Н. холбоотой байж газрын албаны дарга түүнд үйлчилсээр өнөөдрийг хүргэсэн нь тодорхой байна. Энэ үйлдлээрээ Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч бөгөөд “Сэлэнгэ-” компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. нь “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 8.2, 11.1, 12.1, 14.1, 18.1, 20.1 дэх заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд “Сэлэнгэ-” ХХК-д газар олгосон хууль бус захирамжийг хүчингүй болгож уг газрын хууль ёсны эзэмшигч П.******* миний нэр дээр болгуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодруулахдаа: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09 дугаартай “Газар эзэмших зөвшөөрөл олгох тухай” захирамжийг хүчингүй болгуулж, “******* *******” ХХК-ийн захирал Д.*******гийн хууль ёсны өв залгамжлагч П.******* миний нэр дээр уг Сүхбаатар сумын Баянхааны 4 дүгээр багт байрлах 9200м.кв газрын гэрчилгээг олгох шийдвэр гаргахыг Сэлэнгэ аймгийн Засаг даргад даалгуулах тухай гэж өөрчилжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 295 тоот захирамжийн 1 дүгээр хавсралтын регистрийн дугаартай “*******” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгох, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/386 тоот захирамжийн “******* *******” ХХК-д холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгуулах. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 295 тоот захирамжийн 1 дүгээр хавсралтаар “Шинэ техник технологи” ХХК-ийн эзэмшлийн 9200 м.кв газраас 971 м.кв газрыг регистрийн дугаартай “*******” ХХК-нд давхцуулан газар олгосон тухай тайлбар, холбогдох газрын байршлын зургийг Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 1/110 тоот албан бичгээр ирүүлсэн хавтаст хэргийн 50-52-р хуудсанд авагдсан байдаг. Уг албан тоотод “*******” ХХК-нд эзэмшил газрыг эзэмших эрхээ “******* *******” ХХК-д Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/386 тоот захирамжаар шилжүүлсэн.... дээрх нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэлийн шаардлага хангасан шийдвэр гарсан тохиолдолд “******* *******” ХХК-ийн эзэмшил газартай давхардсан 971 м.кв газруудыг хасч тооцвол 6728 м.кв газар үлдэж байгаа юм гэжээ. Иймд Сүхбаатар сумын Засаг дарга, Сэлэнгэ аймгийн Засаг дарга нарын дээрх шийдвэрүүд нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад дурьдагдсан маргаан бүхий газартай холбогдож, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.
Хариуцагч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын Засаг даргын 2001 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 223 тоот захирамжаар Баянхааны 4 дүгээр багт “******* *******” ХХК-д 9200 мкв газарт эзэмшүүлэхээр захирамж гарсаны дагуу дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байна. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтад зааснаар хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай давхцаагүй байна гэж заасан байдаг боловч сумын Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09 тоот захирамжаар “Сэлэнгэ-” ХХК-д 7357.6 мкв газрыг 40 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байна.
“******* *******” ХХК нь одоог хүртэл эзэмшиж буй газраа тэмдэгжүүлж /хашаа бариагүй/ кадастрын зурагт оруулж бүртгүүлээгүй бөгөөд эзэмшиж буй газарт одоог хүртэл ямар нэгэн газрын эрх шилжилт хийгдсэн нэр өөрчлөгдсөн талаархи мэдээлэл газар эзэмших эрхийн улсын эрхийн бүртгэлийн дэвтэрт бүртгэгдээгүй байна. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-д газар эзэмшигч аж ахуй нэгж байгууллага татан буугдсан бол газар эзэмших эрх дуусгавар болно гэж заасан байдаг бөгөөд Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн албан бичигт “******* *******” нь нэр хариуцлагын хэлбэрээ өөрчилж “Шинэ техник технологи” ХХК болгон өөрчлөгдөж 2006 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр татан буугдсан байна гэж ирүүлжээ. Иймд “******* *******” ХХК-ийн газар эзэмших эрх 2006 онд дуусгавар болсон байна. Иймд Сүхбаатар сумын Засаг дарга 2008 онд “Сэлэнгэ-” ХХК-д эзэмшүүлсэн дээрхи газар нь “******* *******” ХХК-д эзэмшүүлсэн газартай давхардсан гэж үзэх үндэслэлгүй юм. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэж заасан байдаг бөгөөд “******* *******” ХХК нь газрын төлбөрийг 2013.03.23-ны өдөр 1014300 төгрөг, 2014.01.14-ны өдөр 82800 төгрөгийг тус тус нөхөн төлсөн байна.
Тэгсэн боловч 2013 оны 12 дугаар сарын 26-нд Сэлэнгэ аймаг ГХБХБГазраас манай суманд ирүүлсэн албан бичгийг судалж үзээд маргаан гаргаж буй дээрхи 2 байгууллагатай холбогдон хугацаа тохирон 2014.02.18-ны өдөр уулзаж “Сэлэнгэ-” ХХК-ийн эзэмшил газартай хөршийн гэрээ хийж баталгаажуулан гарын үсэг зурсан байна. Энэ нь газрын байршил дээр ямар нэгэн маргаангүй гэсэн утга илэрхийлнэ. Дээрхи хөршийн гэрэгээр “******* *******” ХХК нь “Сэлэнгэ-” ХХК-ийн одоо эзэмшиж байгаа газрыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна. Аймгийн Засаг даргын 2009 оны 395 тоот захирамжийн дагуу 2009 оноос эхлэн Сэлэнгэ аймгийн Засаг даргын эрх мэдлийн хүрээнд дээрхи газар хамаарагдах болсон. Иймд сумын Засаг даргын газрын эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэгдэх асуудалд хамаарахгүй тул сумын Засаг дарга хариуцагч байх боломжгүй байна гэжээ.
Хамтран хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч *******гийн ******* нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09 дугаартай “Газар эзэмших зөвшөөрөл олгох тухай” захирамжийг хүчингүй болгуулж, өөрийн нэр дээр Сүхбаатар сумын Баянхааны 4 дүгээр багт байрлах 9200 мкв газрын эзэмших эрхийн гэрчилгээг олгох шийдвэр гаргахыг Сэлэнгэ аймгийн Засаг даргад даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. “******* *******” ХХК нь аймгийн Засаг даргад 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр өргөдөл гаргасаныг харьяаллын дагуу Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт шилжүүлэн судалж үзэхэд дараах асуудлууд гарч ирсэн. Үүнд:
1.“******* *******” ХХК-ийн эзэмшил газар нь Сүхбаатар сумын Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09 тоот захирамжаар олгосон “Сэлэнгэ-” ХХК-ийн газартай зарим хэсгээрээ давхацсан байв. /Эзэмшил газрын давхацсан байдлыг зургаар харуулж хавсаргав. Зураг №1/
2.Сүхбаатар сумын Засаг даргын шийдвэрээр “******* *******” ХХК-ийн эзэмшилд олгогдсон газар доогуур дулааны салбар шугам дайран гардаг бөгөөд өнгөрсөн онд орон нутгийн хөрөнгө оруулалтаар 644,0 сая төгрөгийн санхүүжилттэй 741 метр урт шугамын өргөтгөл шинэчлэлийн ажил хийгдсэн нь нотолгоо болно.
3.Мөн “******* *******” ХХК-ийн эзэмшил газар, Сүхбаатар сумын Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 295 тоот захирамжийн хавсралтын 1-д регистрийн дугаартай “*******” ХХК-ийн эзэмшил газруудын хооронд 971мкв хэмжээтэй давхцал үүссэн байна. “*******” ХХК нь энэхүү газрын маргааныг үүсэхээс өмнө буюу Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/386 тоот захирамжаар “******* *******” ХХК-д газар эзэмших эрхээ шилжүүлсэн юм. Эдгээр нь кадастрын зургаар тодорхой харагдаж байна. /“*******” ХХК болон “******* *******” ХХК-ийн эзэмшилд олгогдсон материалуудыг хавсаргав./
4. “******* *******” ХХК, “Сэлэнгэ-” ХХК-иудын эзэмшил газар зарим хэсгээрээ давхардаж олгогдсон маргаантай байгаа учир хөршийн гэрээ байгуулах замаар уг маргааныг зохицуулах боломжтой гэсэн санал тавьсан боловч 2 тал тохиролцоонд хүрч чадаагүйн улмаас шүүхэд хандацгаасан тул шийдвэрлэх ажиллагаа зогссон. Дээрх нөхцөл байдлаас харахад нэхэмжлэлийн шаардлага хангасан шийдвэр гарсан тохиолдолд П.*******д 9200 мкв газрыг олгох боломжгүй дулааны шугамын хамгаалалтын зурвас газарт хамааралтай 1501 мкв, “******* *******” ХХК-ийн эзэмшил газартай давхардсан 971 мкв газруудыг хасч тооцвол 6728 мкв газар үлдэж байгаа юм. “******* *******” ХХК-д анх олгосон газар, “Сэлэнгэ-” ХХК-ийн эзэмшилтэй давхцаж байгаа газар, дулааны шугам түүний хамгаалалтын зурвас, “******* *******” ХХК-ийн эзэмшил газар болон газар олгох боломжтой байх хувилбар зэргийг зургаар харуулж хавсаргав гэжээ.
Гуравдагч этгээд Ц. бие даасан шаардлагадаа: Ц.гийн нэхэмжлэлтэй татан буугдсан “Шинэ техник технологи” ХХК-ийн эрх залгамжлагчаар тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 131 дугаартай шийдвэр хүчин төгөлдөр болсон тул миний бие энэ хэрэгт бие даасан шаардлагыг дараахь үндэслэлээр гаргаж байна.
1.Хавтаст хэрэгт авагдсан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 295 тооот захирамжийн 1 дүгээр хавсралтаар “Шинэ техник технологи” ХХК-ийн эзэмшлийн 9200мкв газраас 971 мкв газрыг регистрийн дугаартай “*******” ХХК-нд давхцуулан газар олгосон тухай тайлбар, холбогдох газрын байршлын зургийг Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 1/110 тоот албан бичгээр ирүүлсэн хавтаст хэргийн 50-52 дугаар хуудсанд авагдсан байдаг. Уг албан тоотод “*******” ХХК-нд эзэмшил газрыг эзэмших гэрээ “******* *******” ХХК-д Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/386 тоот захирамжаар шилжүүлсэн дээрх нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шийдвэр гаргасан тохиолдолд “******* *******” ХХК-ийн эзэмшлийн газартай давхардсан 971 мкв газруудыг хасч тооцвол 6728 мкв газар үлдэж байгаа юм гэснээс үзэхэд “Шинэ техник технологи” ХХК-ийн эзэмшлийн 9200 мкв газраас 971 мкв газрыг “*******” ХХК-нд давхцуулан олгосон нь Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж, миний эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байх тул Сүхбаатар сумын Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09 тоот захирамжийг хүчингүй болгуулахаар энэхүү бие даасан шаардлагыг гаргаж байна.
2.Миний талийгаач нөхөр Д.******* 1991 онд “******* *******” ХХК үүсгэж байгуулж 1996 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр “Шинэ техник технологи” ХХК болгон өөрчлөн байгуулсан. Ийнхүү өөрчлөн байгуулж 1996 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарахдаа компаниа Ц. намайг оролцуулан 2 гишүүнтэйгээр бүртгүүлсэн юм. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 131 дугаартай шийдвэрээр намайг уг компаниа эрх залгамжлагчаар тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2001 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 223 дугаартай “Газар эзэмших ашиглах зөвшөөрөл олгох тухай” захирамжаар “******* *******” ХХК-д /миний нөхөр Д.*******д/ Сүхбаатар сум Баянхааны 4 дүгээр баг “Шүдэнз” ХХК-ийн зүүн урд талд үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар 92мкв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2001 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр газар эзэмших гэрээ байгуулж 171200938 дугаартай гэрчилгээ олгосон нь хүчин төгөлдөр хэвээр байгаа болно.
Гэтэл Сүхбаатар сумын Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09 тоот захирамжаар “******* *******”-ийн эзэмшлийн газартай давхцуулан “Сэлэнгэ ” ХХК-д газар олгосон байна. “Сэлэнгэ ” ХХК-д олгосон газрын хил дотор тухайн үед “Шинэ техник технологи” ХХК-ийн балансад бүртгэгдсэн, тус компаний 9200мкв газар дээр байршилтай 160 кв талбайтай зоорь, цементен талбай бүтнээрээ, үйлдвэрлэлийн зориулалттай 7500м куб барилгын зарим хэсэг орсон байдаг.
“******* *******”-ийн эзэмшлийн газартай давхцуулан “Сэлэнгэ ” ХХК-д газар олгосон нь Сүхбаатар сумын Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09 тоот захирамж нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа тул уг захирамжийг хүчингүй болгохоор энэхүү бие даасан шаардлага гаргаж байна гэжээ.
Үндэслэх нь:
Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол 24 дүгээр байр 20 тоотод оршин суух иргэн П.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 2 дугаар багийн иргэн Л. нар нь Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09 дугаартай “Газар эзэмших зөвшөөрөл олгох тухай” захирамжийг хууль бус тул хүчингүй болгуулах, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж Сэлэнгэ аймгийн Засаг даргад “Шинэ техник технолги” ХХК-ийн захирал Д.*******гийн хууль ёсны өв залгамжлагч П.******* миний нэр дээр Сүхбаатар сумын Баянхааны 4 дүгээр багт байрлах 9200 мкв газрын гэрчилгээ олгох шийдвэр гаргахыг даалгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 295 дугаартай захирамжийн 1 дүгээр хавсралтын регистрийн дугаартай “*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/386 дугаартай захирамжийн “******* *******” ХХК-д холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулах, шүүх хуралдааны явцад Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/293 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжаар “******* *******” болон нэр бүхий иргэдэд давхардуулж олгосон хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэгч П.******* нь уг газрын маргаантай асуудлаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 09 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Сэлэнгэ аймгийн Засаг даргад өргөдөл гаргаж, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар уг өргөдлийг хянаад хариуг 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1/363 албан тоотоор хүлээн авснаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн гэж үзэх боломжтой байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудаар дараах зүйлүүд тогтоогдож байх тул нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
“Шинэ техник технологи” ХХК татан буугдсан эсэх талаар
Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхээс 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 1317000041 бүртгэлийн дугаартай хувийн хэрэгт хийсэн үзлэгээр баримтжуулан авсан нотлох баримтаар “******* *******” болон “Шинэ техник технологи” ХХК-тай холбоотой дараах баримтууд авагдсан байна. Үүнд:
Сэлэнгэ аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны Өмч хувьчлалын комиссийн 1991 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 24 дугаартай захирамжаар 1991 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн дуудлага худалдаагаар худалдагдсан Шүдэнзний үйлдвэрийн хуучин уурын зуухны барилгыг овогтой *******д олгожээ[1].
Сэлэнгэ аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны Өмч хувьчлалын комиссийн 1991 оны 03 дугаар сарын 15-ний өдрийн 67 дугаартай эрхийн гэрчилгээгээр 120000 төгрөгийн үнэ бүхий Шүдэнзний үйлдвэрийн уурын зуухны байр, 9200 мкв талбайн хамт өмчлүүлжээ.
“******* *******”-ийн 1990 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн хамт олны хурлын шийдвэрийг үндэслэн Сэлэнгэ аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны 03 дүгээр сарын 04-ний өдрийн 33 дугаартай шийдвэрээр “******* *******”-д барилга, хүнсний чиглэлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэх, шинэ техник технологи нэвтрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрч 127965 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ[2] олгожээ.
1996 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр компанийн гэрээ, дүрмийг үндэслэн “******* *******” нь “Шинэ техник технологи” ХХК болж нэрээ өөрчилж Д.******* захиралтай, хоёр гишүүнтэй гадаад, дотоод худалдаа эрхлэх зориулалттай 2001071 регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг Сэлэнгэ аймгийн дэргэдэх Татварын хэлтсээс авчээ.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2001 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 223 дугаартай “Газар эзэмших, ашиглах, зөвшөөрөл олгох тухай захирамжаар “******* *******”-д Баянхааны 4 дүгээр баг “Шүдэнз” ХК-ний урд талд үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай 9200 мкв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж гэрээ байгуулж, гэрчилгээ олгожээ[3].
2006 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээгээр “Шинэ техник технологи” ХХК-ийн захирал Д.******* нь 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдөр нас барсан үндэслэлээр түүний төрсөн охин П.*******д Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 4 дүгээр багт байрлах тоот гэрчилгээтэй улсын бүртгэлийн дугаартай 7500 метр куб, 160 мкв талбайтай үйлдвэрлэл, зоорийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 9200 мкв эзэмшлийн газрын хамт өвлүүлэхээр өвлөх эрхийн гэрчилгээ олгожээ.
Сум дундын 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 301 дугаартай шийдвэрээр Сүхбаатар сумын тойргийн нотариатч Р.Төгсбаярын П.*******д олгосон 2006 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцжээ[4].
Нэхэмжлэгч талаас 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Д.*******гийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гээгдүүлсэн үндэслэлээр хүчингүйд тооцуулахаар Үндэсний шуудан сонинд зарлуулсан байх бөгөөд зарыг үндэслэн Улсын бүртгэлийн хэлтэс болон Сүхбаатар тойргийн нотариатчид хандаж өргөдөл гаргаж 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдөр П.*******д улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Д.*******д улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус олгож, 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 02 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээг дахин олгохдоо Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 4 дүгээр багт байрлах тоот гэрчилгээтэй дугаартай улсын бүртгэлтэй 7500 м3 160 м2 талбайтай, үйлдвэрлэл зоорины зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өвлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд 9200 мкв эзэмшлийн газрыг өвлүүлээгүй байна[5].
Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сэлэнгэ аймгийн татварын хэлтэс болон Улсын бүртгэлийн хэлтсээс “Шинэ техник технологи” ХХК-ийн үүсгэн байгуулагдахтай холбоотой, татан буугдсан эсэх талаар лавлагаа авахад тус компани нь 2006 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр татан буугдсан тухай Татварын хэлтсийн 2014 оны 294 дугаартай албан бичиг, Улсын бүртгэлийн хэлтсийн 2014 оны 967 дугаартай албан бичгээр тус тус хариуг ирүүлсэн бөгөөд хамгийн сүүлд 2009 онд Татварын хэлтсээс Улсын бүртгэлийн хэлтэст тус компанийн хувийн хэргийг шилжүүлсэн талаар хариу ирүүлсэн, Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст дээрх аж ахуйн нэгжийн хувийн хэрэг, архивт үзлэг хийж шаардлагатай нотлох баримтыг цуглуулах явцад тус аймгийн Татварын хэлтсийн 2006 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Шинэ техник технологи” ХХК-ийг татан буугдсаныг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл “УБ-06 маягтийг Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн мөн гэрч Ц.Алтантуяа, Д.Тайван нарын мэдүүлэг зэргээс дүгнэхэд уг компанийг Татварын хэлтсээс 2009 онд татвар төлөгчийн бүртгэлээс хасагдсантай холбогдуулан хувийн хэргийг Улсын бүртгэлийн хэлтэст шилжүүлж тус хэлтсээс хуулийн этгээдийн бүртгэлээс хасч архивт шилжүүлсэн зэрэг нь уг “Шинэ техник технологи” компанийг татан буугдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Уг компанийг татан буугдсаныг нотолж Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 131 дугаартай шийдвэрээр гуравдагч этгээд Ц.г “Татан буугдсан “Шинэ техник технологи” ХХК-ийн эрх залгамжлагчаар тогтоож шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. Өөрөөр хэлбэл “Шинэ техник технологи” ХХК-ийн /Үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшлийн газраас бусад/ газар эзэмших эрх нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т заасан “газар эзэмшигч иргэн нас барсан ... аж ахуйн нэгж татан буугдсан” үндэслэлээр дуусгавар болсон тул татан буугдсан компанийн эзэмшлийн газрын талаар гуравдагч этгээд Ц.гийн бие даасан шаардлагын зарим хэсгийг хангах боломжгүй байна.
Харин компаний захирал Д.*******гийн эхнэр Ц.г татан буугдсан компанийн эрх залгамжлагчаар тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, Д.*******гийн охин П.*******г өв залгамжлагчаар тогтоосон Сүхбаатар тойргийн нотариатчийн 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ нь хүчинтэй байгаа зэрэг нь “Шинэ техник технологи” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн талаар охин П.*******, эхнэр Ц. нар шүүхэд нэхэмжлэл гаргах, гуравдагч этгээдийн хувьд бие даасан шаардлага гаргах бүрэн эрхтэй байна.
Газар эзэмших эрх давхцуулан олгосон эсэх талаар
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2001 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 223 дугаартай “Газар эзэмших, ашиглах, зөвшөөрөл олгох тухай захирамжаар “******* *******”-д Баянхааны 4 дүгээр баг “Шүдэнз” ХК-ийн урд талд үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай 9200 мкв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж гэрээ байгуулж гэрчилгээ олгосон. Үүнээс хойш дээрх 223 дугаартай хүчин төгөлдөр захирамжтай давхцуулан дараах компаниудад газар эзэмших эрх олгож гэрээ байгуулж гэрчилгээ олгожээ. Үүнд:
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09 дугаартай захирамжаар “Сэлэнгэ ” ХХК-д 7357.6 мкв газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа “******* *******”-ийн үл хөдлөх эд хөрөнгө, эзэмшлийн 4931 мкв газартай давхардуулан олгосон.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 295 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар “*******” ХХК-д 26583 мкв газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа “******* *******”-ийн эзэмшлийн 971 мкв газартай давхардуулан олгосон.
Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/386 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжаар “*******” ХХК-ийн 26583 мкв газар эзэмших эрхийг “******* *******” ХХК-д 26562 мкв болгон шилжүүлсэн. /Захирамжийн 5 дахь заалтаар “*******” ХХК-д газар эзэмших эрх олгосон захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгосон./
Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/293 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжаар “******* *******” ХХК-ийн эзэмшлийн 26562 мкв газар эзэмших эрхийг “******* *******” ХХК-д 23567 мкв, иргэн Ч.д 628 мкв, иргэн М.д 625 мкв, иргэн Д.т 627 мкв, иргэн Ч.д 630 мкв газрыг эзэмших эрхийг шилжүүлсэн бөгөөд эдгээр гуравдагч этгээдүүдэд олгосон эзэмших эрхтэй газрууд нь “******* *******” ХХК буюу П.*******гийн эзэмшлийн гэх 9200 мкв газартай ямар нэг байдлаар давхцуулан олгоогүй. /Захирамжийн 5 дахь заалтаар “******* *******” ХХК-д газар эзэмших эрх шилжүүлсэн А/386 дугаартай захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгосон/ байна.
2008 онд 09 дугаартай захирамжаар “Сэлэнгэ-” ХХК-д газар эзэмшүүлэхдээ П.*******гийн эзэмшлийн гэх 9200 мкв талбайд байрлах үл хөдлөх эд хөрөнгийн доорх 157.6 мкв, мөн цементэн талбайн доорх 1716.4 мкв хэмжээтэйгээр газар давхардуулан олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан ... хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна... гэснийг зөрчжээ. Харин “******* *******” ХХК-нд олгосон эзэмшлийн газар нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн доорх 157.6 мкв болон цементэн талбайн доорх 1716.4 мкв газартай ямар нэг байдлаар давхцаагүй байна.
Эдгээр нөхцөл байдал нь хавтаст хэрэгт цугларсан хариуцагчийн тайлбар[6] Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын тодорхойлолт[7], Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Ч.Эрдэнэжаргалын маргаантай газарт газрыг хэрхэн давхцаж байгааг мэдээллийн сангаас харуулсан тойм зураг[8] шүүхээс Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар болон маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл фото зураг, баримтжуулан авсан бусад нотлох баримтууд, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газарт баримтын үзлэг хийхэд нэхэмжлэгч П.******* нь өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргад “Шинэ техник технологи” ХХК-ийн эзэмшлийн 9200 мкв газрын эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаруулахыг хүссэн өргөдөл холбогдох 10 хуудас баримтыг гаргаж өгсөн боловч хуулийн хугацаанд шийдвэрлээгүй орхигдуулсан бөгөөд хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохоос татгалзах хууль зүйн үндэслэлийн талаар тайлбар ирүүлээгүй харин тухайн газарт эзэмших эрх олгох боломжгүй, дулааны шугамын зурвас, бусдын буюу сүүлд “Сэлэнгэ ” ХХК болон “******* *******” ХХК-д олгосноос бусад газар олгох боломжтой байх хувилбар гэх мэт ойлгомжгүй тайлбарыг ирүүлжээ.
2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлүүлэгчээс нэхэмжлэгч П.*******д 7500 м.куб эзэлхүүнтэй 160мкв талбайтай үйлдвэрлэл, зоорины зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өвлүүлсэн байх бөгөөд эзэмших эрхтэй 9200 мкв газрыг өвлүүлээгүй байх тул нэхэмжлэгч П.*******гийн Сэлэнгэ аймгийн Засаг даргад “Шинэ техник технологи” ХХК-ийн эзэмшлийн 9200 мкв газрын эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна.
Өв залгамжлах эрхийн тухайд
Нэхэмжлэгч П.******* нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар тойргийн 2006 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаартай Өв залгамжлах эрхийн гэрчилгээгээр 2 /хоёр/ гишүүнтэй “Шинэ техник технологи” ХХК-ийн өмчлөл, эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрхийг уг компанийн захирал төрсөн эцэг Д.******* нас барсан үндэслэлээр өвлөн авчээ.
Хавтаст хэрэгт цугларсан баримтаар 1995 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн улсын бүртгэлд бүртгүүлэх маягтад захирал Д.*******, түүний төрсөн дүү Д. нарыг үүсгэн байгуулагч хоёр гэж өргөдлөө гаргаж[9] 1996 онд улсын бүртгэлд бүртгүүлж хоёр гишүүнтэйгээр гэрчилгээ авсан тул Д.ыг компанийн эрх залгамжлагч гэж үзэх үндэслэлтэй боловч Д. нь төрсөн ахын охин П.*******тай эрх залгамжлах болон өв залгамжлах талаар ямар нэг маргаан гаргаагүй талаар бичгээр мэдэгджээ.
Дээрх 2006 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг нотариатч Р.Төгсбаяр олгохдоо Нотариатын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн үндэслэлээр Сум дундын 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн шийдвэрээр хүчингүй болгосон боловч нотариатч Р.Төгсбаярын 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаартай П.*******д дээрх компанийн 7500м.куб, 160 мкв үйлдвэрлэл зоорины зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өвлүүлсэн гэрчилгээ хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгч П.*******г өв залгамлах эрхтэй гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь:
Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т ... хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өвлөх эрх нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно... гэснээс үзэхэд П.******* нь төрсөн эцэг Д.*******г 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдөр нас барснаас хойш нэг жилийн дараагаас буюу 2006 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс хойш хэдий хугацааны дараа ч өв залгамжлах эрхтэй байна.
2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээгээр “Шинэ техник технологи” ХХК-ийн эзэмшилд байсан 9200 мкв газрыг нэхэмжлэгч П.*******д өвлүүлээгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч П.*******гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг, мөн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.гийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09 дугаартай “Газар эзэмших зөвшөөрөл олгох тухай” захирамжийн “Сэлэнгэ ” ХХК-д холбогдох хэсгийн газрын хэмжээний “Шинэ техник технологи” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн доорх 157.6 мкв, мөн цементэн талбайн доорх 1716.4 мкв давхардуулан олгосон хэсгийг хүчингүй болгож, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/293 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжийн 1 дүгээр заалтын “******* *******” ХХК-д холбогдох хэсгийн газрын хэмжээний 971мкв давхардсан хэсгийг, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 295 дугаартай “Газар эзэмших эрх олгох тухай” захирамжийн “*******” ХХК-д холбогдох хэсгийг, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/386 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжийн “******* *******” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, мөн Сэлэнгэ аймгийн Засаг даргад “Шинэ техник технологи” ХХК-ийн захирал Д.*******гийн хууль ёсны өв залгамжлагч П.*******гийн нэр дээр Сүхбаатар сумын Баянхааны 4 дүгээр багт байрлах 9200 мкв газрын гэрчилгээ олгох шийдвэр гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч нараас тус бүр 17550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.*******д олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдусгай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОДБААТАР
ШҮҮГЧИД Ц.БАЙГАЛМАА
Ж.БУРМАА