Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2018/0822/З |
Дугаар | 338 |
Огноо | 2019-10-23 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 338
Ц.Б-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь,
Шүүгчид: Г.Банзрагч,
П.Соёл-Эрдэнэ,
Ч.Тунгалаг,
Илтгэгч шүүгч: Б.Мөнхтуяа,
Нарийн бичгийн дарга: Ч.Уранбилэг
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/811 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, газар эзэмших эрхийг сэргээлгэх”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/0042 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2019/0286 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, Ё.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Э нарыг оролцуулж,
Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/0042 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 20 дугаар зүйлийн 20.2.2, 35 дугаар зүйлийн 35.3.2, Хот, суурины ус хангамж ариутгах, татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн Нийслэлийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/811 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, газар эзэмших эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2019/0286 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/0042 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Ц.Б миний бие Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/0042 дугаар шийдвэр болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2019/0286 дугаар магадлалыг тус тус бүхэлд нь эс зөвшөөрч, анхан болон давж заалдах шатны шүүхийг хууль буруу тайлбарлаж хэрэг хянан шийдвэрлэсэн гэж үзэж дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
4. 1-рт. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ “Үндэслэх хэсэг”-22 дахь талд Нийслэлийн засаг даргыг 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/811 дугаартай захирамжийг гаргахдаа “нэхэмжлэгчид захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагааны талаар мэдэгдэж, эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдээр тодорхойлж, сонсгол хийсэн протокол үйлдсэн” гэж дүгнэсэн бол давж заалдах шатны шүүх магадлалынхаа 5 дахь талд “сонсох ажиллагаа хийснээр нэхэмжлэгчийн эрх хэрхэн сэргэх байсан тухайд нэхэмжлэгчээс ямар нэгэн тайлбар нотолгоо гаргаагүй, мэтгэлцээгүй” гэжээ.
5. Гэвч хавтаст хэрэгт авагдсан протоколд зааснаар захиргааны байгууллагын явуулсан сонсох ажиллагаанд захиргааны байгууллага болон гуравдагч этгээдийн төлөөлөл л оролцсон. Ц.Б миний бие тухайн сонсох ажиллагаанд оролцоогүй, захиргааны байгууллага надад сонсох ажиллагааны талаар албан ёсоор мэдэгдээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллага нь эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй этгээдийг тухайн сонсох ажиллагаанд оролцох боломжийг бүрэн олгох ёстойгоос гадна тус хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасанчлан тайлбар гаргах боломжийг олгох ёстой. Энэ нь тухайн ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдэд хуульд заагдсан эрхээ хэрэгжүүлэх боломж олгоод зогсохгүй, захиргааны байгууллагаас гаргаж буй шийдвэр, актын хууль тогтоомжид нийцсэн байх шаардлагыг илэрхийлэх учиртай.
6. Гэтэл анхан шатны шүүх “сонсох ажиллагаа” хийгдсэн /зохих ёсоор/ гэж үзсэн, давж заалдах шатны шүүх захиргааны акт холбогдох хуулийн шаардлагад нийцсэн эсэхийг харгалзаж үзэлгүйгээр нэхэмжлэгчийн ямар эрх сэргэх байсан нь тодорхойгүй гэж үзэж шийдвэрийг хэвээр үлдээсэн зэрэг нь үндэслэлгүй гэж үзэж байна.
7. 2-рт. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ 22 дахь талд “хотын нийт оршин суугчдын бохир усны гол шугам, цахилгаан дамжуулах өндөр хүчин чадал бүхий кабелийн шугамаас хуулиар тогтоосон зай хэмжээнд нийцэхгүйгээр газрыг эзэмшиж, дээр нь барилга барьж буй нь гуравдагч этгээд болох хөрш зэргэлдээ орон сууцны иргэдийн төдийгүй нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж болохоор байна. Иймд хариуцагч нь захиргааны актдаа Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-д заасныг үндэслэсэн нь хууль зүйн үндэслэлтэй” гэжээ. Гэвч захиргааны байгууллага нь шаардлагатай арга хэмжээг авахдаа ч өөрийн сонгох боломжийг зохист хэмжээнд нь ашиглах ёстой байсан. Тодруулбал тухайн маргаан бүхий газрын асуудлаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 172 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2016/0310 дугаар магадлал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Дугаар 128/ШШ2018/0360 шийдвэрийг тус тус гаргаж, “тухайн газар эзэмших эрх нэхэмжлэгчид олгогдсон нь Ц.Б миний бус захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болсон” гэдгийг тогтоосон.
8. Иймд хариуцагчийн зүгээс захиргааны актыг хүчингүй болгохдоо гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх нөхцөлд ч /ЗЕХ-ийн 48.2.2/ тухайн шийдвэр нь захиргааны байгууллагын сонгох боломжийн хүрээний шийдвэр гэдгийг анхаарах шаардлагатай байсан. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол хөндөгдсөн байлаа ч тухайн маргаантай газрын эзэмших эрх нь Ц.Б надад олгогдсон нь анхнаасаа захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болсон гэдгийг харгалзаж үзэх ёстой байсан. Цаашилбал намайг барилгын болон холбогдох бусад хууль тогтоомж зөрчсөн гэж үзсэн бол шууд “газар эзэмших эрхэд” минь халдахаас илүүтэй барилга байгууламж барих, ашиглахтай холбогдуулан арга хэмжээ авах бүрэн боломжтой байсан.
9. Гэтэл хариуцагчийн зүгээс талуудын эрх, ашиг сонирхлыг бүрэн харгалзаж үзээгүй, хуулийн хүрээнд сонгох боломжоо зохих ёсоор хэрэгжүүлээгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна.
10. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/0042 шийдвэр болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2019/0286 магадлалыг тус тус бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.
ХЯНАВАЛ:
11. Нэхэмжлэгч Ц.Б нь “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/811 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, газар эзэмших эрхийг сэргээлгэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
12. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн А/811 дүгээр захирамжаар, ...Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8.4, 17.14, Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т заасныг тус тус баримтлан, иргэн Ц.Б нь “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8.4, 17.14, Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3-д заасныг зөрчин, барилгын ажил гүйцэтгэж оршин суугч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулсан” гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ.
13. Анхан болон давж заалдах шатны шүүхийн, маргаан бүхий захиргааны акт хууль зөрчөөгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдэл хуульд нийцсэн байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д захиргааны акт, ...хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгохоор хуульчилсан.
14. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Ц.Б тус маргаан бүхий газрыг анх Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1050 дугаар захирамжаар иргэн Г.З-с шилжүүлэн авч эзэмшсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/66 дугаар захирамжаар “...бохир усны шугам болон түүний хамгаалалтын бүсэд газар эзэмшиж байгаа нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийг зөрчсөн” гэсэн үндэслэлээр түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ. Гэвч нэхэмжлэгч шүүхэд хандсанаар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 172 дугаар шийдвэрээр хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж дүгнэн, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/66 дугаар захирамжийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ. Хариуцагчаас дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж, 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/56 дугаар захирамжаар нэхэмжлэгчид өмнөх байршилд нь 300 м.кв газрыг дахин эзэмшүүлсэн боловч Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/192 дугаар захирамжаар түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг Ц.Б-ын нэхэмжлэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хянаж, 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 360 дугаар шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын А/192 дугаар захирамжийг хүчингүй болгосон, ингэснээр нэхэмжлэгч Ц.Бт 300 м.кв газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/56 дугаар захирамжийн үйлчлэл сэргэж, тухайн газрыг эзэмших эрхтэй болсон байна.
15. Гэвч нэхэмжлэгч Ц.Б нь түүний эзэмшил газар дээгүүр хотын төвийн бохир усны Ф300 мм-ийн 38 дугаар гол цуглуулах шугам, хотын Зүүн түгээх төвийн ашиглалтын ХТП-825-аас ХТП-150 хоорондох 10 кВ-ын цахилгаан дамжуулах кабель шугам дайран өнгөрч байгаа, түүнд олгосон архитектур төлөвлөлтийн даалгаварт эзэмшил газрын 144 м.кв талбайд, 3 хүртэл давхар барилга барихыг зөвшөөрсөн байхад нэхэмжлэгч нь эзэмшил газрын 275 м.кв талбайд буюу 25.0 м х11.0 м хэмжээтэй барилга барьсан нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.14-т “Бохир ус татан зайлуулах шугамын тэнхлэгээс хоёр тийш зургаан метрээс багагүй зайд барилга байгууламж, шугам сүлжээг барихыг хориглоно”, Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3-т “төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байх” гэж заасныг зөрчсөн. Ийнхүү нэхэмжлэгч нь газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхдээ дээрх байдлаар холбогдох хууль тогтоомж зөрчин, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлж барилга барьсны улмаас, зэргэлдээ орших орон сууцны 12а байртай барилга хоорондын зай хэмжээ зөрчигдсөн, мөн Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас архитектур төлөвлөлтийн даалгавар болон тус барилгад олгосон ажлын 227/2017 дугаартай зөвшөөрлийг хүчингүй болгож, барилгын угсралтын ажлыг зогсоосон байхад барилгын ажлыг үргэлжлүүлж, ХТП-825-аас ХТП-150 хоорондох 10кВ-ын цахилгаан дамжуулах кабель шугамын хамгаалалтын зурвас газарт эзэмшигчийн зөвшөөрөлгүй шугамыг ил гаргасан, зарим шугамыг барилгын суурийн хэсэгт оруулан цутгалт хийх зэргээр Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4, 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.8, 40 дүгээр зүйлийн 40.1.2, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3-д заасныг мөн зөрчжээ. Нэхэмжлэгчийн гаргасан эдгээр зөрчил нь Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 03/4375, 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 03/3026 тоот албан бичгүүд, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 02-07-118/451 дүгээр акт, улсын байцаагчийн 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 02-03/3042 дугаар дүгнэлт, 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 02-07-102/1069 дүгээр дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.
16. Дээрх байдлаар нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2-т заасан “газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх” гэсэн газар эзэмшигчийн үүргийг зохих ёсоор биелүүлээгүй, холбогдох хууль, дүрмийг зөрчиж барилга барьсан нь тогтоогдсон тул хариуцагчаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн талаар 2 шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэл бүхий байна.
17. Хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь маргаан бүхий актыг гаргахдаа хуулийн зарим зүйл, заалтыг зөв баримтлаагүй, тухайлбал Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох заалтыг баримтлан нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн захирамж /шүүхийн шийдвэрийн дагуу/-ийг хүчингүй болгосон нь буруу боловч, энэ алдаа нь маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй гэсэн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.
18. Нэхэмжлэгчийн “...миний бие тухайн сонсох ажиллагаанд оролцоогүй, захиргааны байгууллага надад сонсох ажиллагааны талаар албан ёсоор мэдэгдээгүй. ... анхан шатны шүүх “сонсох ажиллагаа” хийгдсэн /зохих ёсоор/ гэж үзсэн, давж заалдах шатны шүүх захиргааны акт холбогдох хуулийн шаардлагад нийцсэн эсэхийг харгалзаж үзэлгүйгээр нэхэмжлэгчийн ямар эрх сэргэх байсан нь тодорхойгүй гэж үзэж шийдвэрийг хэвээр үлдээсэн зэрэг нь үндэслэлгүй...” гэсэн хяналтын гомдлыг хүлээн авах боломжгүй. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгохоор заасан, хариуцагчаас энэ талаарх хуульд заасан үүргээ бүрэн биелүүлээгүй нь тогтоогдсон, гэвч энэ үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг бүхэлд нь үгүйсгэж, хүчингүй болгох үндэслэлгүй байна.
19. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ маргаанд хамаарах зарим хуулийн зүйл, заалтыг баримтлаагүй, давж заалдах шатны шүүхээс алдааг зөвтгөөгүй тул шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/0042 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2019/0286 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5” гэснийг хасч, “Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3” гэсэн заалтыг нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА