Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 111

 

                                

                                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дөлгөөнөөр хөтлүүлж

Улсын яллагч: М.Батзаяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал 

Шүүгдэгч Н.М- нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н-ийн Н.М-д холбогдох 1712000510021 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Н.М- нь 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 12 цагийн үед Архангай аймгийн,,,байх Д.Б-ы гэрт хууль бусаар нэвтэрч Болор архи 70 ширхэг, Соёмбо архи 19 ширхэг, саарал өнгийн торгоор хийсэн эрэгтэй, эмэгтэй хос дээл 2 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг, ахуйн хэрэглээний хийн газ 8 ширхэг, бор өнгийн эрэгтэй, эмэгтэй хос ноолууран цамц 2 ширхэг, 14 метрийн урттай хар хөх өнгийн торго, цамц, өмд, хүүхдийн спорт гутал зэрэг эд зүйлсийг машин механизм ашиглан хулгайлж 2.832.100 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Мөрдөн байцаалтын үед:

 

Хохирогч Д.Б-ы өгсөн: Би 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 12 цагийн Эрдэнэбулган сумын 6-р баг Элстэйд байх гэрээсээ нөхөр Баатар, хүргэн Бадамсүрэн нарын хамт Эрдэнэбулган сумын,,,тоотод байх хашаа, байшиндаа иртэл хашааны хаалга онгорхой байхаар нь гайхаад нөхөр Баатарыг хашааныхаа хаалгыг цоожлоход яадаг юм бэ гэхэд манай нөхөр Б би цоожилсон гэж хэлсэн тэгээд хашаан дотроо ортол байшингийн хаалга эвдэгдсэн бололтой хаачихсан байхаар нь гайхаад байшин дотроо орж эд зүйлээ бүртгэж үзтэл хуриманд бэлтгэсэн авдар дээр байсан цаасан хайрцагтай цагаан архинууд алга болсон байсан. Үүнд;

- Болор архи 70 ширхэг /нэг бүрийн үнэ нь 20.000, нийт 1.400.000 төгрөг/

- Соёмбо архи 19 ширхэг /нэг бүрийн үнэ нь 40.000, нийт 760.000 төгрөг/

- Саарал өнгийн торгон дээл 2 ширхэг эрэгтэй, эмэгтэй хүнийх /хосоороо 500.00 төгрөг/ 

- 2 мөнгөн аяга /дунд гарынх 1 ширхэг, жижиг архины 1 ширхэг, нийт 140.000 төгрөг/

- 14 метр торго /хар, хөх өнгийн, 196.000 төгрөг/

- Хийн газ /8 ширхэг, 13.600 төгрөг/

- Ноолууран бор өнгийн ноосон цамц /эрэгтэй, эмэгтэй 2 ширхэг, нийт 200.000 төгрөг/

- Сороочгон цамц /1 ширхэг, 25.000 төгрөг/ 

- Хүүхдийн пүүз /1 хос 2 ширхэг, 60.000/

- Жинсэн өмд /1 ширхэг, 25.000 төгрөг/ эдгээр зүйлс хулгайд алдагдсан байсан. 

Манай төрсөн дүү Батсайханы эхнэрийнх нь ах болох Н овогтой Н.М- гэх этгээдийг сэжиглэж байна. Уг хүн манайхыг эзэнгүй байгаа гэдгийг сайн мэдэж байгаа хүн юм. Тийм болохоор сэжиглэж байна. Өмнө нь хулгай хийж байсан гэж би хүнээс сонссон. Би гомдолтой байна, Н.М-йн төрсөн дүү охин Д, манай дүү Б  2 манайхыг хуриманд зориулж архи худалдаж авсныг мэдэж байгаа учир би Н.М-йг сэжиглэж байна. Надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 9-11, 76-77 хуу/

 

Гэрч Д.Б-ын өгсөн...Би 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Эрдэнэбулган сумын 6-р баг Элстэйд байх гэрээсээ эхнэр Булгансайхан, хүргэн Бадамаа нарын хамт Эрдэнэбулган сумын 7-р баг Эрчим 09-01 тоотод байх хашаа, байшиндаа иртэл хашааны хаалга онгорхой байхаар нь гайхаад хашаан дотроо ортол байшингийн хаалга эвдэгдсэн байсан тэгээд байшин дотроо орж эд зүйлээ бүртгэж үзтэл хуриманд бэлтгэсэн байсан цагаан архинууд алга болсон байсан. Үүнд:

- Болор архи 70 ширхэг

- Соёмбо архи 19 ширхэг

- Саарал өнгийн торгон дээл 2 ширхэг эрэгтэй, эмэгтэй хүнийх байсан

- 2 мөнгөн аяга /дунд гарынх 1 ширхэг, жижиг архины 1 ширхэг/

- 10 метр торго /хар, хөх өнгийн/

- Хийн газ /8 ширхэг/

- Ноолууран бор өнгийн ноосон цамц /эрэгтэй, эмэгтэй 2 ширхэг/

- Сороочгон цамц /1 ширхэг/

- Жинсэн өмд /1 ширхэг/ эдгээр зүйлс хулгайд алдагдсан байсан. Манай эхнэр Булгансайханы төрсөн дүү Батсайханы эхнэрийнх нь ах болох Нямдаваа овогтой Н.М- гэх этгээдийг сэжиглэж байна. Уг хүн тэнүүлч байдлаар амьдардаг манайхыг эзэнгүй байгаа гэдгийг сайн мэдэж байгаа хүн юм Тийм болохоор сэжиглэж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 12 хуу/

 

Гэрч Ж.П гийн өгсөн: ...Би 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 14 цагийн үед Эрдэнэбулган ,, хашаанд өөрийн байшингаа барьж байтал үл таних нэг хүн хаалга нүдэхээр нь онгойлгож өгтөл нэг залуу таксинд явах уу? урдаас нэг юм аваад Цагаан даваа руу хүргүүлэе гэсэн. Тэгэхээр нь би таксинд явахгүй гэртээ ажилтай байна. Гэтэл нөгөө залуу манай хойд талын айлын хаалгыг нүдэж байгаад онгойлгож өгөхгүй болохоор нь эргээд ирсэн. Тэгээд та яваад өгөөч удахгүй гээд байхаар нь би өөрийн эзэмшлийн Nissan sаnnу маркийн 33-89 АРА улсын дугаартай автомашинаар нөгөө залууг суулгаад урагшаагаа явсан. Тэгээд тэр залуу Маагаа гэх хүний дэлгүүрийн ар талын ногоон хаалгатай айлд очсон. Тэгээд та гадаанаа байж бай би ороод авах юмаа аваад гараад ирье гээд нөгөө айлын хашааны хаалгаар ороод буцаж гарч ирэхдээ болор гэсэн 2 цэнхэр өнгөтэй хайрцагтай юм авч гарч ирээд арын суудал дээр тавьсан. Тэгээд буцаж ороод соёмбо гэсэн саарал өнгийн 4 хайрцагтай юм гаргаж ирээд автомашины арын суудал дээр тавьсан. Мөн тэр залуу дахин орж том хайрцагтай юм аваад гарч ирж автомашинд хийсэн. Тэгээд намайг Цагаан даваа руу явъя гээд бид 2 хөдөлсөн. Цагаан  даваагаад өгсөж байгаад Мандах дэлгүүрийн дээд талд гудамжны өнцөг дээр зогсоод энд бууна гээд нөгөө залуу хайрцагтаа юмнуудаа аваад буусан. Надад таксины мөнгө гээд 5000 төгрөг өгсөн. Би тэр мөнгөөр нь бензин хийгээд харьсан. Манай гадаа анх ирэхдээ тортой юм барьчихсан байсан. Тухайн үед хар өмдтэй, хагас түрийтэй хар өнгийн гуталтай, саарал өнгийн пудволктой байсан. Хоршооллын наадамд явах гээд бэлдсэн юмнуудаа авах гэж байгаа гээд тэр ногоон хаалгатай айлын хашаа руу ороод миний машинд юмнууд ачсан. Би тэр залууг өөрийнхөө юмнуудыг авч байна гэж ойлгосон. Би машинаа А-ын З-гээс худалдаж авсан юм. Машины мөнгө төгрөгийг тухайн үед нь бүрэн өгчихсөн. З- бид 2-ын дунд өр авлагын асуудал байхгүй. Хавраас хойш байшин бариад зав чөлөө багатай шилжүүлэг хийлгэж чадаагүй яваад байсан юм. Тэр өдөр угаасаа хоршооллын наадамтай байсан болохоор хоршоолол явах гэж байгаа гэхээр нь тийм юм байх гэж бодсон... Би хулгайн эд зүйл ачиж байгааг тухайн үед огт мэдээгүй. Тэр залууг гэрээсээ эд зүйл авч байна гэж ойлгосон. Миний автомашиныг битүүмжлэж байгаад би гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 13, 78-79 хуу

 

Гэрч Ч.Н-ийн өгсөн: ...Би 2017 оны 07 дугаар сарын 22-ны үдээс хойш манай найз Б- манай ажил дээр ногоон өнгийн Даюун маркийн мотоциклтой ирээд бид 2 Б-ы гэр лүү явсан. Тэгээд гэрийнх нь ойролцоо ирээд би гудамных нь тархинд үлдсэн Б гэртээ ороод гараад ирье гээд орсон. Гэтэл Эрдэнэбулган сумын 1-р баг Цагаан давааны Мандах дэлгүүрийн хажууд цагаан өнгийн жижиг суудлын автомашин ирээд зогссон, дотроос нь бор царайтай нэг залуу буугаад хайрцагтай юмнууд буулгасан. Тэр үед би хажуу талын хашааны үүдэнд дээр зогсож байхад тэр залуу намайг юу байна гэсэн. Тэгэхээр нь би тайван даа гэхэд тэр залуу намайг хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би яваад очтол тэр залуугийн хажууд хайрцагтай юмнууд байсан. Тэр залуу намайг энэ хайрцагтай архинуудыг зохицуулмаар байна гэсэн. Тэр үед 3 жижиг хайрцагтай болор архи, 2 хайрцагтай соёмбо архи, 1 том хайрцагтай болор архи, улаан даавуун ууттай хийн газ, шар иштэй алх тус тус байсан. Тэгээд би тэр залууг наад Мандах дэлгүүрлүү ороод зар гэхэд нөгөө залуу 1 ширхэг болор архи аваад орсон. Тэр үед Б гэрээсээ гарч ирээд намайг явья гээд мотоцикль дээр суутал нөгөө залуу гарч ирээд энийг зохицуулмаар байна гээд гуйгаад байхаар нь хулгайн юмнууд биш биз гэхэд биш, хүүхдийн үсний найрны юмнууд эхнэртэйгээ хэрэлдээд аваад гараад ирсэн гэсэн. Тэгээд эдгээр зүйлсийг оруулаад тавьчих газар байна уу гэхэд манай найз Б энд нэг хашаа байгаа гээд бид 3 нөгөө эд зүйлсийн дээшээгээ яваад нэг гудамжны тархины хашаанд оруулж байшинд нь хийж орхисон. Тэгээд бид 3 суугаад 1 болор архи уусан, би дэлгүүрээс нэг хиам аваад тэрийг хувааж идсэн гэтэл тэр залуу нэг хайрцаг архиа 5000 төгрөгөнд зарна гэхээр нь би бүгдийг нь хийлүүлээд 150.000 төгрөгөөр авья гээд тэр залууд 150.000 төгрөг өгсөн. Нөгөө залуу тэр мөнгийг аваад би явлаа гээд Цагаан даваагаад гараад явсан. Бид 2 тэнд үлдээд байшингийн гадаа архинуудаа нуугаад тэгээд бид 2 дахиад нөгөө архинаас уусан тэрнээс хойших болсон зүйлийг би сайн мэдэхгүй байна Б бид хоёр 2 хоног нөгөө архинуудыг уусан. Тэгээд 2017 оны 07 сарын 25- ны өдөр үлдэгдэл архиа үзэхэд 2 хайрцаг соёмо архи л үлдсэн байсан. Би нэрийг нь мэдэхгүй, нэрээ хэлээгүй. Манай хүүхдийн үсний архи юм, эхнэртэйгээ хэрэлдээд аваад гараад ирсэн, хулгайн архи биш гэж хэлсэн. Хийн газ 3-аас 4 ширхэг, байсан, шар иштэй алх байсан өөр зүйл байгаагүй. 2 хайрцагтай соёмбо архи, нэг хайрцагандаа 6 ширхэгтэй нийлээд 12 ширхэг, 3 жижиг хайрцагтай болор архи 1 хайрцагандаа 6 ширхэгтэй, 1 том хайрцагтай болор архи 17-оос 18 шил байсан байх би нарын тоолж үзээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 15 хуу/

 

Гэрч Б.Б-ы өгсөн: ...Би 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 15 цагийн үөд өөрийн мотоциклтой найз Нийг ажлаас нь аваад гэртээ ирсэн. Тэгээд Н-ийг гэрийнхээ ойролцоо орхиод би гэртээ орчихоод ирье гээд гэртээ ороод 5 минут болчихоод буцаад гараад иртэл Н- танихгүй залуутай Мандах дэлгүүрийн хажууд зогсож байсан тэгээд би яваад очтол 3 жижиг хайрцагтай болор архи, 2 хайрцагтай соёмбо архи, 1 том хайрцагтай юм байсан би юу байсныг нь сайн мэдээгүй, ууттай хийн газ, шар иштэй алх, даавуун алчууранд боосон юм тус тус байсан. Тэгтэл Нийн хажууд зогсож байсан залуу энэ архинуудыг зараад өгөөч гэхээр нь би үгүй гэсэн гэтэл нөгөө залуу хүний нүднээс хол нуучих газар байна уу гэхэд би дээшээгээ өгсөөд манай хуурай ах Шадав гэх ахын хашаа байшин байгаа тэнд оруулчихъя гэсэн тэгээд бид 3 тийш нь аваачиж оруулсан. Гэтэл нөгөө залуу бид 2-д 1 шил болор архи задалж өгсөн бид 3 тэр архийг хувааж уусан. Тэгээд нөгөө залуу алчууранд боосон эд зүйлээ аваад 3 хайрцаг болор архиа аваад гараад явсан. Тэгээд бид 2 үлдсэн архийг нь халгайн дотор нуугаад гэр, гэрлүүгээ харьсан. Тэгээд маргааш нь Н бид 2 нөгөө архи нуусан газраа ирээд 2-3 шил архийг нь уусан. Би нэрийг нь мэдэхгүй, нэрээ хэлээгүй. Өндөр-Улаан суманд байж байгаад эхнэртэйгээ хэрэлдээд хүүхдийн үс авах архиа аваад ирсэн гэж хэлсэн. Хийн газ байсан хэдэн ширхэг байсныг нь мэдэхгүй, шар иштэй алх, алчууранд боосон юмнууд байсан өөр зүйл байгаагүй. 2 хайрцагтай соёмбо архи, 1 хайрцагтай болор архи үлдээгээд явсан. Нийт 18 шил архи байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 16 хуу/

 

Гэрч Д.О-ийн өгсөн: ...Н.М- нь миний ээжийн төрсөн дүү нь байгаа юм. Би Н.М-тай нэг гэрт хамт өссөн. Н.М-йг багад нь сургуульд оруулсан боловч багшийн заасан хичээлийг хүлээж авах тогтоож, ойлгох чадваргүй байсан болохоор 1 дүгээр ангиа төгсөж ч чадаагүй сургуулиас гарсан. Тэр үеэс сэтгэцийн өөрчлөлттэй болохыг мэдсэн. Одоо Өндөр-Улаан суманд ээжтэйгээ амьдардаг. Бичиг үсэг, тоо, мэдэхгүй, өнгө ялгаж мэддэггүй. Гадуур хэд хоногоор ч хамаагүй тэнээд явчихдаг, аливаа болсон зүйлийг хэдэн янзаар өөрчилж ярьдаг. Хүнд уруу татагдамхай хүний үгээр хаашаа хамаагүй дагаад явчихдаг. Сүүлийн үед архи уугаад байдаг болсон. Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэтгэцийн эмчийн хяналтад байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 17 хуу/

 

Гэрч А.З-гийн өгсөн: ...Би 2017 оны 04 сарын үед 33-89 АРА улсын дугаартай Ниссан санни маркийн автомашинаа Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэн Ж.П д худалдсан. Одоо энэ автомашин миний эзэмшилд байдаггүй. БиПг тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийлгэ гэж 2,3 удаа шаардсан боловч ажлын чөлөө зав болохгүй байна гээд шилжүүлэг хийлгэхгүй. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 80 хуу/

Н.М-йн сэтгэцийн байдлыг тодорхойлсон Шүүх сэтгэц гэм судлалын шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 11 дүгээр дүгнэлт 

1. Н.М- нь хэрэг үйлдэхийн өмнө болон хэрэг үйлдэх үедээ төрөлхийн оюун ухааны хөнгөн хомсдол өвчтэй байжээ. Өөр ямар нэгэн хүнд өвчин байхгүй. Оюуны хөнгөн хомсдол өвчтэй учир өөрийн үйлдэл, нийгмийн аюулын шинж чанарыг зөв ухамсарлаж, үйл ажиллагаагаа удирдан жолоодох чадвартай байсан.

2. Н.М- нь хэрэг үйлдэх үедээ өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгож, удирдан жолоодож чадаж байсан.

3. Н.М- нь одоо төрөлхийн оюуны хөнгөн зэргийн хомсдол өвчтэй бөгөөд албадан эмчилгээний арга хэмжээ авах шаардлагагүй.

4. Болсон явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.

5. Н.М- нь хэрэг хариуцах чадвартай гэх дүгнэлт /хх-ийн 21 хуу/

 

Н.М-йн яллагдагчаар мэдүүлсэн: ...2017 оны 07 сарын хэдний өдрийг мэдэхгүй байна. Би зах дээр байж байгаад Цаг уураас такси аваад манай дүүгийн хүргэн ах Баатарын гэр лүү явж очсон. Тэдний хашааны хаалга онгорхой байхаар нь хашаанд орсон. Байшингийн хаалга цагаан өнгийн цоожтой байсан. Би зах дээрээс барьж очсон төмрөөрөө байшингийн хаалганы цоожийг хөшиж эвдээд онгойлгоод орсон. Байшинд ороход хайрцагтай архинууд, алчууранд боосон дээлнүүд байсныг аваад таксинд зөөж оруулсан. Тэгээд цагаан давааны Мандах хүнсний дэлгүүрийн ойролцоо очоод таксины жолоочид мөнгийг нь өгөөд хайрцагтай юмнуудаа  аваад буусан. Тэгээд тэнд байсан танихгүй 2 залууг дуудаад нөгөө хайрцагтай юмнуудаа нэг айлын байшинд оруулаад тэр 2-той 4 шил архийг уусан. Айлаас авсан юмнуудаа би бүгдийг тэр айлын байшинд орхиод тэндээсээ гараад Бор толгойд таньдаг айлдаа очсон. Маргааш орой нь Өндөр-Улаан сум руу явсан. Тэр айлаас хайрцагтай юмнууд байсан хэдэн хайрцагтай юм байсныг мэдэхгүй байна. Би тэр төмрөө Д.Б-ы хаалгыг хөшиж онгойлгочихоод тэнд үлдээсэн. Одоо хаана байгааг нь мэдэхгүй. Би юм авъя гэж бодоогүй. Зах дээр юм буулгаж байгаад жаахан архи ууссан байсан. Нэг мэдсэн чинь тэднийд очсон байсан. Би ганцаараа хулгай хийсэн. Хохирогч Д.Б-д хохирол төлбөрийг нь бүрэн төлж барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 59,94 хуу/ 

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-4 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-6 хуу/

Хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 48 хуу/

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 60-61 хуу/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 63 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 64-65 хуу/ зэрэг нотлох баримтууд болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон  хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Н.М-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Н.М- нь 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 12 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, Эрчим хорооллын 09-01 тоотод байх Д.Б-ы гэрийн цоожийг эвдэн нэвтэрч Болор архи 70 ширхэг, Соёмбо архи 19 ширхэг, саарал өнгийн торгоор хийсэн эрэгтэй, эмэгтэй хос дээл 2 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг, ахуйн хэрэглээний хийн газ 8 ширхэг, бор өнгийн эрэгтэй, эмэгтэй хос ноолууран цамц 2 ширхэг, 14 метрийн урттай хар хөх өнгийн торго, цамц, өмд, хүүхдийн спорт гутал зэрэг нийт 2.832.100 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг автомашин ашиглан, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Шүүгдэгч Н.М- нь хэргээ хүлээн мэдүүлэг өгсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Д.Б-, гэрч Д.Баатар, Ж.П , Ч.Н, Б.Б нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.М-йн хохирогч Д.Б-ы байшинд нэвтэрч 2.832.100 төгрөгийн эд зүйлийг автомашин ашиглан хулгайлсан үйлдлийг нь Монгол Улсын 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Иймд шүүгдэгч Н.М-йг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, автомашин ашиглаж бусдын хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, Ж.П гийн эзэмшлийн 33-89 АРХ улсын дугаар бүхий Ниссан санни маркийн автомашиныг битүүмжилсэн прокурорын 2017 оны 11 сарын 06-ны өдрийн 03 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, автомашиныг Ж.П д буцаан олгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан автомашины үнэ болох 1.100.000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Н.М-йн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулах, түүний 2018 оны 01 сарын 23-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 111 /нэг зуун арван нэг/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Н.М- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул түүнд оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасны дагуу хөнгөрүүлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хохирогч Д.Б- ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэж /хх-ийн 11 хуу/ мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон   

                                            

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б-д овгийн Н-н Н.М-йг хулгайлах гэмт хэргийг автомашин ашиглаж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасны дагуу шүүгдэгч Н.М-йг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Н.М-д оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 

4. Ж.П гийн эзэмшлийн 33-89 АРХ улсын дугаар бүхий Ниссан санни маркийн автомашиныг битүүмжилсэн прокурорын 2017 оны 11 сарын 06-ны өдрийн 03 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, автомашиныг Ж.П д буцаан олгосугай. 

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Н.М-йн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан автомашины үнэ болох 1.100.000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Н.М-йн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. 

6. Шүүгдэгч Н.М- нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай. 

7. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Н.М-йн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 111 /нэг зуун арван нэг/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хохирогч, шүүгдэгч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.М-д урьд нь авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ОДХҮҮ