Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2024/ДШМ/920

 

 

 

 

 

 

2024            08              15                                         2024/ДШМ/920

 

 

Г.Ц-т холбогдох  эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Бат-Орших,

яллагдагч Г.Ц, түүний өмгөөлөгч Б.Э, П.Л, Ц.Ц,  

хохирогч Ё.П, түүний өмгөөлөгч Б.Б,  

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/1233 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хохирогч Ё.П-ийн гаргасан гомдол болон прокурор З.Бат-Амгалангийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 25 дугаар эсэргүүцлийг тус тус үндэслэн Г.Ц-т холбогдох эрүүгийн 2010019011180 дугаартай хэргийг шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн Г.Ц, 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 48 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн … дүгээр хороо, “В” хотхон …. байрны … тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:……………………./.

Г.Ц нь “А” ХХК-ийн захирал Ё.П-г 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Г” оффис дотор “Ө” ХХК-ийн захирал З.Ш-тэй Хан-Уул дүүргийн … дугаар хороо, Ж хотхоны ....... тоот дахь 298.47 м/кв талбайтай орон сууцыг бартерлаж 656.634.000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмаг авахаар бартерын гэрээ байгуулахаар ярилцах үед “би уг орон сууцыг зарж борлуулаад бетон зуурмаг хийх цементийг “Ө” ХХК-нд нийлүүлнэ" гэж худал амлан төөрөгдүүлж, өөрийн нэр рүү шилжүүлэхийг удаа дараа ирж гуйж, шаардаж, улмаар 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр өөрийн нэр дээр уг байрыг шилжүүлэн авсан боловч цементийг “Ө” ХХК-нд огт нийлүүлэхгүйгээр 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр бартерын орон сууцыг худалдан борлуулж, бусдын эд хөрөнгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлэн залилан авч, Ё.П-д их хэмжээний буюу 596.940.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Г.Ц-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “... Яллагдагч Г.Ц-т холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзлээ. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл “Нотолбол зохих байдлыг бүрэн тогтоож чадаагүй, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг тогтоож чадаагүй гэж шүүх үзлээ.

Яллагдагчийн өмгөөлөгч Б.Э, П.Л нараас шүүхийн урьдчилсан хэлэлцуулэгт гаргасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.15-д заасан мөрдөн шалгах ажиллагааг нэмж явуулах хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан баримтаар хохирогч Ё.П нь бетон зуурмаг худалдах худалдан авах болон тээвэрлэх гэрээг ”Ө” ХХК-ийн захирал З.Ш-тэй байгуулсан байна. Улмаар гэрээний төлбөрт хохирогч Ё.П нь эхнэр Ц.Д-ны өмчлөлийн байрыг харилцан тохиролцсоны дагуу Г.Ц-ын нэр дээр шилжүүлэн өгч худалдах худалдан авах гэрээ байгуулжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 49-52 дахь тал, 57-58 дахь тал),

Гэтэл уг харилцаанд оролцоогүй Г.Ц-ыг яллагдагчаар татсан нь ойлгомжгүй байна. Хохирогчийн зүгээс ”...З.Ш Г.Ц гэдэг эмэгтэйг дагуулж ирээд манай компани хувьцаа эзэмшигч хамтран ажилладаг юм төлбөрт авах байрыг үзье гэж дагуулж ирсэн. Удаагүй 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс хойш З.Ш, Г.Ц ээлжилж утасдаад байраа шилжүүлээд өгчих гээд байхаар нь гэрээний дагуу бетон зуурмагаа асуудалгүй нийлүүлнэ гэж тохиролцож өгсөн. Хамт ирж авсан..." гэж мэдүүлдэг. Тиймээс З.Ш-ийн үйлдэл холбогдол байгаа эсэх, хамтран гүйцэтгэсэн нөхцөл байдал байна уу гэдгийг нарийвчлан шалгах шаардлагатай.

Мөн гэрч нарын тайлбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, эвлэрлийн гэрээ зэргээр өр авлагын харилцаа байсан болон “Ө ХХК”-д Г.Ц нь хөрөнгө оруулагчаар хамтран ажиллаж байсан нөхцөл байдал тогтоогдож байх ба тус компанийн хувь эзэмшигч, Н.Б, З.Ш нарын хэн аль нь энэ талаар мэдүүлж маргаагүй байна. Г.Ц нь хамтын ажиллагаанаас татгалзаж, хувь нийлүүлсэн хөрөнгө, нийлүүлсэн цементийн төлбөрт гэрээний төлбөрт шилжүүлэн өгсөн байрыг авсан гэсэн тайлбарыг гаргажээ.

Хамтын ажиллагаагаар хэр хэмжээний хөрөнгө оруулалтыг ямар байдлаар оруулсан, хэчнээн төгрөгийн цементийг нийлүүлсэн эсэхийг тогтоохын тулд “Ө" ХХК болон “Ц” ХХК, “Ө” ХХК гэсэн компаниудын санхүүгийн анхан шатны баримт болох тооцоо нийлсэн актуудад аудитын болон шүүх шинжилгээний нягтлан бодох бүртгэлийн шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай.

Дээрх нөхцөл байдлуудыг тогтоож, шалгаснаар бартерын орон сууцыг худалдан борлуулж, бусдын эд хөрөнгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж иргэн Ё.П-д их хэмжээний буюу   /таван зуун ерэн зургаан сая есөн зуун дөчин мянга/ төгрөгийн хохирол хор уршиг учруулсан гэмт хэргийг хэн үйлдсэн, хамтын оролцоо байгаа эсэх, гэм буруугийн хэлбэр нэг мөр тогтоогдоно гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. 2 дахь хэсэгт “...Хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ” гэж хуульчилсан бөгөөд хуулиар хүлээсэн үүргээ орхигдуулсан гэж үзнэ.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг нэг мөр шалгаж, оролцогч нарын хуулиар олгосон эрх, үүргийг нь эдлүүлж, гэм буруугийн хэлбэрийг тодорхойлох, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг хэн ямар хэмжээгээр хариуцах, эсхүл хариуцах гэм хорын хэмжээг багасгах үндэслэлтэй эсэх зэрэг хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтойгоос гадна гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээнд нэгэн зэрэг нөлөөлөх тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулах, хэрэгжүүлэх шаардлагад нийцүүлэн “шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр яллагдагч Г.Ц-т холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дуургийн прокурорын газарт буцааж, яллагдагчид хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.

Прокурор З.Бат-Амгалан бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүгчийн захирамжийг хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Анхан шатны шүүх хэргийн санаа сэдэлт, зорилгыг тогтоож чадаагүй гэсэн боловч, мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Ц нь бодит байдлыг нуух арга замаар бусдыг төөрөгдүүлж, компанийн бартераар авсан эд хөрөнгийг хуурч өөрийн нэр дээр шилжүүлж аваад бусдад худалдан борлуулсан байх төдийгүй зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, залилан авах санаа зорилгыг анхнаасаа агуулсан байна. Г.Ц нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж зориуд “Залилах" гэмт хэргийг хүсэж үйлдсэн, төгссөн гэмт хэрэг байна гэж үзэхээр байна.

Г.Ц нь З.Ш захиралтай “Ө” ХХК-иас бартераар авсан Хан-Уул дуургийн … дугаар хороо, Ж хотхоны .... тоот дахь 298.47 м/кв орон сууцыг бусдад худалдсаныхаа дараа өөрийгөө уг эд хөрөнгийг өр төлбөрт авахыг зөвшөөрсөн гэсэн баримт нөхөн үйлдүүлсэн, хохирогч Ё.П-г З.Ш-тэй гэрээ хийхээр ярилцаж байх үед би цементийг нийлүүлнэ” гэж худал амлан улмаар гэрээ хийж, эд хөрөнгөө өөрт нь шилжүүлэх урьдчилсан нөхцөлийг бүрдүүлсэн, тэрээр 3.Ш-ийн бартераар авч бетон зуурмаг өгөхөөр тохиролцсон байрыг хохирогч Ё.П-аас “та миний нэр дээр шилжүүлчих, зуурмаг хурдан нийлүүлэхийн тул үл хөдлөх хөрөнгийг чинь шилжүүлэн авч эргэлтэд оруулна" гэж хуурч төөрөгдүүлж улмаар эд хөрөнгийг нь өөрийн нэр дээр авч, бусдад зарсан" үйлдэл нь залилах гэмт хэргийг хангаж байгаа буюу хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бичгийн баримтуудаар давхар нотлогдсон бөгөөд гэмт хэрэг үйлдэгдэн гарах шалтгаан нөхцөл нь хэрэгт цугларсан баримтуудаар илэрхий болсон гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл Г.Ц нь “А ХХК-ийн захирал Ё.П-г 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Г “ оффист “Ө” ХХК-ний захирал З.Ш-тэй Хан-Уул дүүргийн …  дугаар хороо, Ж хотхоны … тоот дахь 298.47 м/кв талбайтай орон сууцыг бартерлаж 656.634.000  төгрөгийн үнэ бүхий бетон зуурмаг авахаар бартерын гэрээ байгуулахаар ярилцах үед би уг орон сууцыг зарж борлуулаад бетон зуурмаг хийх цементийг би “Ө” ХХК-нд нийлүүлнэ гэж худал амлан, төөрөгдүүлж, өөрийн нэр рүү шилжүүлэхийг удаа дараа ирж гуйж, шаардаж улмаар 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр өөрийн нэр дээр уг байрыг шилжүүлэн авсан боловч  цементийг “Ө" ХХК-нд цемент огт нийлүүлэхгүйгээр 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр бартерын орон сууцыг худалдан борлуулж, бусдын эд хөрөнгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж иргэн Ё.П-д их хэмжээний буюу /таван зуун ерэн зургаан сая есен зуун дөчин мянга/ төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон байхад шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй нь түүнийг хүчингүй болгох үндэслэл бий болжээ.

2. Мөн шүүхээс хамтын ажиллагаагаар хэр хэмжээний хөрөнгө оруулалтыг ямар байдлаар оруулсан хэчнээн төгрөгийн цементийг нийлүүлсэн эсэхийг тогтоохын тулд “Ө” ХХК болон “Ц" ХХК, “Ө " ХХК гэсэн компаниудын санхүүгийн анхан шатны баримт болох тооцоо нийлсэн актуудад аудитын болон шүүх шинжилгээний нягтлан бодох бүртгэлийн шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж дүгнэж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Иймд шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зуйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэжээ.

Прокурор С.Бат-Орших тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна.” гэв.  

Хохирогч Ё.П давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би яллагдагч Г.Ц-т анх 2019 онд өөрийн буюу эхнэрийн нэр дээр байсан Жаргалан хотхонд байрлах байрыг шилжүүлж өгч байсан. Үүнээс хойш 5 жилийн хугацаа өнгөрөөд байна. Гэтэл өнөдрийг хүртэп өөрийн байрыг алдаад, түүний төлбөрт авах ёстой байсан бетон зуурмагыг авч чадаагүй, бетон зуурмагаар хийхээр төлөвлөж байсан үйл ажиллагаанууд ч зогсож санхүүгийн хүнд нөхцөлд сүүлийн 5 жилийн хугацаанд байна. Гэтэл яллагдагч Г.Ц нь тухайн үед санхүүгийн хүнд нөхцөлд байсан буюу намайг өмнө таньдаг байсан хүний хувиар мөнгө зээлээч гээд явж байсан бол одоо шинэ машинтай, хороолол барьж дуусгасан 9911-тэй дугаар барьчихсан, мөн 2024 оны УИХ-д Ардчилсан намаас нэр дэвшиж байна. Санхүүгийн хувьд энэ хүнд надаас залилж авсан байрыг төлөх бүрэн боломж байхад өнөөдрийг хүртэл энэ мэтээр ойлгомжгүй шалтаг, шалтгаанаар хойшлуулсаар байна. Ямар учир шалтгаанаар хүний байрыг авчихаад мөнгө ч өгөхгүй, бетон зуурмаг ч өгөхгүй ... харин өөрийн хувийн бизнестэй миний байрны мөнгийг оруулж эргэлдүүлээд 5 жил боллоо.

Үнэндээ 2019 онд анх банкнаас зээл авмаар байна, байраа урьдчилаад барьцаанд тавиад өгөөч гэж гуйж ирж байсан хүн одоо 5 өмгөөлөгч хөлсөлчихөөд намайг танихгүй гээд сууж байна, энэ одоо шударга ёс уу, энэ хүний хэрэг хэзээ шийдвэгдэх вэ, би хэзээ мөнгөө авах вэ, энэ хүн 5 жил миний байрыг зарсан 700 гаруй сая төгрөгийг эргэлдүүлж олсон мөнгөө хэзээ өгөх вэ? Шүүхээс нэг л зүйлийг асуумаар байна яагаад ямар шалтгаанаар хэргийг удаа дараа ингэж буцаагаад байгаа вэ, би Монгол улсын иргэн бөгөөд миний санхүү, эдийн засгийн нөхцөл, надад учир ч байгаа хохирол хэзээ барагдах вэ, эсхүл энэ мэт залилан хийдэг хүмүүс үргэлж цаг хожиж, хүний мөнгө, хөрөнгийг ашиглаж баяжсаар байх уу. 5 жил мөрдөгч шалгалаа, хэзээ энэ хэрэг шүүхэд шилжиж, хэзээ энэ хэрэг шийдвэрлэгдэх вэ ? Энэ хэрэгтэй холбоотой бүх материал бүрэн цугларсан, бүх гэрч мэдүүлэг удаа дараа өгсөн, бүх нөхцөл байдал тодорхой, Н.Б гэгчтэй холбоотой бүхий л асуудлыг урьд нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Дээд шүүх шийдсээр байтал дахин анхан шатны шүүх ор үндэсгүй, ойлгомжгүй, нэг талыг барьж шийдвэр гаргаж байгаа үйлдлийг хэзээ ч хүлээн зөвшөөрөх боломжгүй тул энэ гомдлыг гаргаж байна.

Миний хувьд үнэхээр цөхрөнгөө барж, бухимдалтай байгаагаа илэрхийлж байна. Энэ хэргийг яаралтай шийдвэрлэж буруутай этгээдэд нь зохих хариуцлагыг нь хүлээлгэж, миний бага ч боловч хохирлыг барагдуулж өгнө үү. Надад учирсан хохирол хэзээ ч бүрэн барагдаж, бүрэн эрх минь монголын хуулийн тогтолцоо, процессын дагуу сэргэхгүй болсон. Учир нь 5 жилийн миний байрны үнэлгээ, зарж ашигласан эдийн засгийн өгөөжийг шүүхээс хангаж, ойлгож шийдвэрлэж өгөх эсэх нь тодорхойгүй. 5 жилийн өмнөх үнээр хохирол гэж тооцоод байна. Гэтэл энэ яллагдагч Г.Ц намайг залилж, миний байрыг зарсан мөнгөөрөө 5 жилийн дотор бизнесээ босгоод, хороолол бариад, шинэ машин аваад, улс төрийн лобби хийх, улс төр хийх мөнгөтэй болсон байна. Иймд гомдлыг хангаж яаралтай Б овогтой Г.Ц-т холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцээгүй шийдвэр гарсан гэж үзэж байна. Хэргийг түргэн шуурхай шийдвэрлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх тэр аргуудыг мөрдөгдөх ёстой гэж үзэж байна. З.Ш гэх этгээдийн үйлдэл байгаа эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэрэг 2 удаа буцсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан гэрчийн мэдүүлгүүд авагдсан. Эрх зөрчигдсөн гэсэн хууль зүйн дүгнэлт хийсэн бол анхан шатны шүүхээр хэлэлцүүлээд, энгэхдээ гэрчийн оролцуулж, нөхцөл байдлыг тодруулах замаар З.Ш гэдэг хүний үйлдэл оролцоо байгаа эсэхийг бүрэн тогтоох боломжтой... Энэ хэрэгт тооцооны асуудал байгаа. Талуудыг оролцуулаад, хэргийн хүрээнд асууж тодруулах бүрэн боломж байсаар байтал хугацаа их орж байна. Дараагийн асуудал бол шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр гэм буруугийн асуудал хэлэлцээгүй. Гэтэл яллагдагчийн гэмт хэрэг үйлдсэн сэдэл санаа зорилго, субьектив тал гэм буруугийн хэлбэр тогтоогоогүй байна гэж дүгнэсэн нь өөрөө шүүх урьдчилаад гэм буруугүй талаар дүгнэлт хийхийг хориглоно гэсэн зарчмыг зөрчиж байна гэж үзэж байна... Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлж анхан шатны шүүхээр түргэн шуурхай хэлэлцэж, шүүгчийн захирамжид дурдсан асуудал байгаа бол 60 хоногийн хугацаанд завсарлага авч ажиллагаа хийлгэж, хэргийг эцэслэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.” гэв.

Яллагдагч Г.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, өмгөөлөгчийн нарынхаа гаргасан хүсэлтүүдийг дэмжиж оролцож байна. Өнөөдөр хохирогч 5 жил хохирч байна гэж гомдол гаргаж, прокурор намайг яллагдагчаар татаад 3-4 жил болж байна. Энэ хугацаанд миний эрх ашиг зөрчигдөж байна. Энэ хэргийг хууль эрх зүйн хүрээнд тогтоож, шалгаж, хянаад хүний эрхийг зөрчихгүйгээр шийдвэрлэж чаддаггүй, хуулийн байгууллага Ё.П-г хамгаалж байна гэж хардаж байна. өнөөдрийн шүүх хуралдаанд намайг ялласан прокурор ирээгүй, томилолтоор прокурор оролцож байгаа учраас намайг ялласан 3 үндэслэлийг тайлбарлая:

1. 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр З.Ш, Ё.П нарын бартер байгуулахаар ярилцаж байх үед уг орон сууцыг зарж борлуулаад петон зуурмаг хийх цементийг нь “Ө” ХХК-нд нийлүүлээд өгье гэж З.Ш, Ё.П хоёрын хийсэн гэрээний үед би хамт байж оролцсон мэтээр дүгнэж, төөрөгдүүлсэн. Хэрвээ 3-уулаа байсан юм бол яагаад гурвалсан гэрээ байгуулаагүй юм бэ.

2. Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар бол өөрийн нэр дээр шилжүүлэхийг удаа дараа шаардаж байгаад 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр буюу гэрээ байгуулснаас хойш сар гаран хугацааны дараа би энэ байрыг өөрийн нэр дээр авсан юм шиг байгаа юм.

3. 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр буюу байрыг шилжүүлж авснаас хойш даруй 6 сарын дараа зарсан гэж прокуророос намайг яллаж байна.

Би энэ бүх ажиллагааны шатанд хэргийг үнэн зөвөөр шийдүүлэх талаар олон хүсэлт гаргаж байсан. Үүнийг огт харж үздэггүй. Анхан шатны шүүх хэргийг бас л хэргийн нотолбол зохих байдал нотлогдоогүй, тогтоогоогүй гэж буцаасан. Хэрэгт ямар нэгэн мөрдөн шалгах ажиллагаа хийлгүйгээр, дахиад л дээрх 3 намайг гүтгэж байгаа хүний мэдүүлгээр намайг яллагдагч болгоод байгаа. Үнэхээр гомдолтой байна, би прокурорт гомдолтой байна. Миний зөрчигдсөн эрхийг энэ хүмүүс сэргээж чадах уу. Прокурор мэдүүлгээр яллаж байгаа бөгөөд мэдүүлэгт нь худал зүйл байдаг. Тооцооны хувьд, Ё.П, З.Ш, Б бид 3-ын хамтран ажиллах гэрээ байгуулаад, уг ажиллагаа 2018-2019 оны 12 дугаар сар дуустал явагдсан. Хамтран ажиллахдаа миний зүгээс 187.000.000 төгрөгийн үнэ бүхий байр, түлш, элс, цемент, хайрга гэх мэт материал нийлүүлсэн. Б өөрөө элс, хайрганы компанитай учраас мөн түүхий эд материал нийлүүлсэн. Энгээд тэг зогсолт хийсэн З.Ш-тэй хамтарч ажиллаад, энэ хугацаандаа 20 гаруй гэрээ хийгдсэн байдаг. Тэдгээр гэрээний нэг нь Ё.П-тай байгуулсан гэрээ байгаа юм. З.Ш, Ё.П хоёр гэрээ хийгээд байрыг авсан. Хамтран ажиллах ажиллагаа хэвийн явсан. 217.000.000 төгрөгийн бетон зуурмагийг бид хамтдаа нийлүүлсэн юм. Гэтэл прокурор түүнийг үгүйсгэхдээ хоорондын өгсөн авсан асуудлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний шүүхэд хандаарай, эрүүгийн хэрэгт хамааралгүй гэж дүгнэсэн. Дандаа Н.Б-ийн зөв, одоо хамтран ажиллаагүй, ажиллагаагаа дуусгаад гарахдаа Бхэд хэдэн байр аваад гарсан, би П-ийн байрыг аваад гарсан. Намайг мэдүүлгүүдээр гүтгэсэн. Гэрээндээ урьдчилаад байраа өгөөрэй, би байрыг барьцаанд тавиад хөрөнгийг нь эргэлтэнд оруулна гээд тохирсон. Тэр байр миний нэр дээр ирсэн боловч 6 сарын турш Н.Б амьдарч, ашигласан байдаг. СӨХ-ийн төлбөр ч төлсөн. Намайг гэнэт л байр зарсан гээд гүтгээд, миний эрхийг зөрчөөд байна. Яллах дүгнэлт тэр чигтээ буруу бичигдсэн. Бид 3-г хамтран ажиллах үед тооцоог барьдаг байсан нягтан Батцэцэг буюу Н.Б-ийн дүү надруу явуулсан тооцооны актаа устгачихсан. Энэ нотлох баримт устгасан талаар цагдаад хандсан, тэр ч бүү хэл Б худлаа мэдүүлсэн. Энэ нөхцөл байдалд бас л Б-ийн зөв миний буруу. Энд миний эрх зөрчигдөөд байна. Энэ хэрэгт З.Ш гэж хүн ял завшаад явж байна. Тэгээд иргэний нэхэмжлэгч болчихсон. Нэг компаний худал баримтаар намайг яллаж байгаа. Энийг нэг талд нь гаргаж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэрэгжүүлж өгөөч гэж хүсч байна.” гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч П.Л тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Прокуророос шүүгчийн захирамжийг эсэргүүцсэн 3 үндэслэл заасан байна. Залилах гэмт хэрэг үйлдсэн гэдэг боловч үнэн хэрэгтээ Н.Б гэдэг хүн П-д цемент нүүлүүлэх ёстой байсан боловч нийлүүлж чадаагүйн улмаас П хохирсон гэдэг. Үнэн хэрэгтээ 2-р хх 233 дугаар талд авагдсан баримтаар Цэрэндолгор цемент нийлүүлж байсан гэдэг харилцааг нотолж байгаа. Дараагийн дугаарт хяналтын прокурор юуг анхаар үзээгүй вэ гэхээр гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг анхаараагүй. Гэрээ хийхээс өмнө үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж авсан байгаа. Н.Б, П нарын хооронд гэрээ байгуулагдсан байна. Гэрээнд үл хөдлөх эд хөрөнгийг 5 сарын 16-нд өгч, үлдэгдэл 100.000.000 төгрөгийг 5 сарын 26-ны дотор өгнө гэж байгаа. Анхан шатны шүүхээс энэ гэрээний оролцогчид хэн бэ гэдэг зүйлийг хөндсөн. Дараа нь Улсын мөрдөн байцаах албанаас Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт 2 удаа салан гаргасан. Үүнд: Н.Б-г яллагдагчаар татах тухай санал хүргүүлсэн. Гэтэл яллах дүгнэлтэд яагаад Н.Б оролцоогүй талаар дүгнэж бичихгүй байгаа юм бэ. Бас нэг асуудал нь санхүүгийн шинжээчтэй холбоотой асуудал яригдах нь зөв. Яагаад гэвэл 2019 онд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн талуудын эвлэрлийг баталсан захирамж гарсан байдаг. Мөн 2022 онд 45 сая төгрөгийн цемент нийлүүлэх өр авлагын харилцаатай тухай эвлэрсэн байдаг. Үүгээр Ц гэдэг хүний компаниар дамжин цемент нийлүүлэгдэж байсан байна. Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал байдаг. Санхүүгийн анхан шатны баримтууд нь зөвхөн Б-ийн гарын үсэгтэй байгаа. Гэтэл Ц-ын гаргаж өгч байгаа баримт нь 2 талын 2-уулангийнх нь тооцоо нийлсэн акт бүхий баримт байдаг. Улсын ерөнхий прокурорт яллах дүгнэлттэй холбоотой гомдол гаргасан. Хариу нь яллах дүгнэлтийг хүчингүй болголоо, даалгавар хүргүүлэхээр болсон тухай өмгөөлөгч нарт хариу өгсөн байдаг. Үүнээс хойш Сүхбаатар дүүргийн прокурорын газар ажиллагаа хийгээгүй. Хан-Уул дүүрэгт шилжүүлсэн боловч ажиллагаа хийгээгүй, мэдүүлэг авсан болоод шүүхэд шилжүүлсэн. Даалгаварт ямар ажиллагаа хийлгэх талаар дурдсан байсныг мэдэхгүй байна. Гэхдээ даалгаварт дурдсан ажиллагааг хийж байж шүүхэд шилжүүлэх ёстой байсан болов уу гэж бодож байна. Бидний хүсэлт санхүүгийн шинжээч зайлшгүй байх ёстой гэдэг. Учир нь 3 компаний хоорон дахь асуудал яригдаж байгаа. Эдгээр зүйлүүдийг нэг талд нь гарахгүй бол өнөөдөр Эрүүгийн хуулийн зорилго алдагдаж, миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцох нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй байна гэж үзэж байна.” гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч Б.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийг түргэн шуурхай шийдвэрлэх ёстой Эрүүгийн хуулийн зорилт мөн. Талуудын хооронд Б, З.Ш Г.Ц гэх 3 хүн хамтран ажиллах гэрээг хуулийн хүрээнд байгуулсан. Хамтран ажиллах гэрээг заавал бичгээр хуулийн этгээд байгуулахгүйгээр хамтарч ажиллаж болно. Үйл ажиллагаагаар нэгдээд ажилласан асуудал байдаг. Гэрээний шаардах эрх хаана очиж дуусах, хаана биелэх ёстой бэ гэхээр 2019 онд байгуулагдсан бетон зуурмаг тээвэрлэх болон худалдах, худалдан авах гэрээ “А” болон “Ө” ХХК-ийн хооронд байгуулагдсан. Өнөөдөр Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль, эрх зүйн хүрээнд хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага хэн бэ гэхээр Ё.П, буцаагаад “Ө” ХХК-ийн захирал З.Ш юм. Тиймээс энэ гэрээтэй холбоотой ямар нэгэн агуулга асуудал гарахад хамгийн эхлээд З.Ш-д хандах ёстой яг энэ агуулгаараа хандсан. Өглөг, авлагын асуудал хаана очиж дуусаж байна гэхээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эвлэрүүлэн зуучлалын тэмдэглэл, шүүгчийн захирамж үйл хэрэг болсноос хойшхи нотолгооны асуудал болж байгаа. Г.Ц гэх хүн өмчлөлийн компаниар нэхэмжлэл гаргаад З.Ш-ээс авлаг авахаар шүүхийн шийдвэр гарсан байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа одоо явагдаж байгаа. Үүнээс ямар логик дараалал байна вэ гэхээр миний үйлчлүүлэгч Г.Ц цемент нийлүүлэх ёстой байсан юм бол яагаад З.Ш гэх хүн Г.Ц-т цементийн өртэй байна. Энэ үндэслэлийг хараад анхан шатны шүүхийн шүүгч хэргийг прокурорт буцаасан захирамж үндэслэлтэй. Бид нар яг ийм үндэслэлээр прокурорын хяналтад болон мөрдөн шалгах ажиллагааны явцад олон удаа гомдол гаргаж байсан. Аудитын санхүүгийн дүгнэлт гаргаж өгөх талаар болон З.Ш-г энэ хэрэгт иргэний хариуцагч гэдгээр оролцож байна вэ, энэ асуудлыг цэгцэлж З.Ш-г шалгуулах хүсэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн захирамж үндэслэлтэй гэж хэргийг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч Ц.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгчдийн гаргасан тайлбарыг дэмжиж оролцож байна.” гэв.   

ТОДОРХОЙЛОХ нь :

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн давж заалдах гомдол болон эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дүгнээд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэлээ. Үүнд :

  

1. Шүүхээс прокурорт хэргийг буцаах тухай захирамж нь хэрэгт нотолбол зохих байдлыг тогтоогоогүйг илэрхийлэх үйл баримтад үндэслээгүй байх тул хууль ёсны ба үндэслэл бүхий гэж үзэхгүй.    

Яллагдагчид холбогдох тус хэргийг өмнө нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2022.06.09-ний өдөр прокурорт буцаасан /3хх-239-248/, Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс 2022.08.18-ны өдөр “тус шийдвэрийн тодорхойлох хэсгийг хүчингүй болгож, харин прокурорт буцаах заалт”-ыг хэвээр үлдээснээр /4хх-22-38/ мөрдөн шалгах ажиллагаа зохих ёсоор дахин хийгдэж улмаар эрүүгийн нийт 5 хавтас бүхий хэрэг 2024.05.13-ны өдөр харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхэд ирсэн байна.  

Гэвч Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан үндэслэл нь өмнөх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан үндэслэлтэй ижил буюу давхардсан байх бөгөөд 2019 оноос хойш 2024 он хүртэлх хугацаанд мөрдөн шалгах ажиллагааг дахин явуулж, нотлох баримтын эх сурвалжийг нэмэлт байдлаар цуглуулж, бэхжүүлсэн байх тул  хэргийг прокурорт дахин буцаах тухай Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр дэх үндэслэлийг бодит эх сурвалжгүй гэж үзнэ. Учир нь, тухайн хэрэгт “нотолбол зохих байдал”-ыг нотлоогүй буюу мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн гэдгийг хамаарах үйл баримтуудыг харьцуулан шалгаж дүгнээгүй байх тул зөвтгөх боломжгүй.

Нөгөө талаар, яллагдагчийн өмгөөлөгчийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэхээр гаргасан хүсэлт, мөн урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэл /5хх-116-124/, 136-139/ зэргээс үзэхэд тухайн хэрэгт нотолбол зохих байдлыг хэрхэн нотлоогүй буюу мөрдөн шалгах ажиллагаа хэрхэн дутуу хийгдсэн, зарим нотлох баримт нотолгооны чадвараа хэрхэн алдсан, мөн оролцогчийн эрхийг хэрхэн зөрчсөн зэрэгт хамаарах нотлох баримтын зохих эх сурвалж, тэдгээрийн агуулгыг иш татан огт мэдээлээгүй буюу холбогдох эрүүгийн хавтаст хэрэг дэх хуудасны дугаарын хамт иш татах, хамаарах үйл баримтууын агуулгыг нь тодотгох, харьцуулан шалгаж дүгнэх зэргээр “зохих нотлох баримтын эх сурвалж бүхий үндэслэл”-ийг тодорхой байдлаар тусгаагүй, бодитой илэрхийлээгүй байх тул тухайн тохиолдолд аливаа хүсэлт бүхий асуудлыг зөв, бодитой шийдвэрлэх боломж хангагдахгүй бөгөөд шүүгчээс оролцогч талуудын хүсэлтийг шийдвэрлэхийн тулд тэдний өмнөөс хэрэгт авагдсан бүхий л үйл баримтыг шалгах, нотлоогүй болон зөрчилтэй үйл баримт, алдаа зөрчлийг эрэн хайж олох, илрүүлэх эрх, үүрэг хүлээхгүй болно.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэхгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3, 7.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно, яллагдагчийн гэм буруугийн талаар хөтөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй гэж заасан тул хамаарах нотлох баримтын бодит эх сурвалж илэрхий үндэслэлгүй байхад гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, хэргийн хамтран оролцогч байгаа эсэхийг урьдчилан таамаглах байдлаар дүгнэх үндэслэлгүй болно.

Тийм учраас, анхан шатны шүүхийн захирамж дахь “гэмт хэргийг хэн үйлдсэн,  гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн хамтран оролцогч байгаа эсэх зэргийг тогтоож чадаагүй” гэх бодит эх сурвалжгүй дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзнэ.

Мөн тус хэргийн хохирол, хор уршиг, тэдгээрийн хэр хэмжээ, хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлд хамаарах үйл баримтууд хэрэгт цугларч, бэхжигдсэн гэж үзэхээр байна. Тодруулбал, яллагдагчийн өмгөөлөгчийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэхээр гаргасан хүсэлт, мөн урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэл /5хх-116-124/, 136-139/, Давж заалдах журмаар гаргасан зарим оролцогч, талын гомдол, эсэргүүцэл, тэдгээрийн үндэслэл, мөн шүүх хуралдаанд оролцогч, талын гаргасан үндэслэл, тайлбар, дүгнэлт болон хэрэгт цугларсан үйл баримт зэргийг харьцуулан шалгахад тухайн хэрэгт яллах ба цагаатгах талын бүхий л баримтууд цугларч, бэхжигдсэн байх бөгөөд тус нөхцөл байдлыг таамаглах байдлаар үгүйсгэх боломжгүй.

Харин яллах ба цагаатгах талын нотлох баримтын хооронд зөрүүтэй асуудлууд үүссэн байж болохыг үгүйсгэхгүй бөгөөд энэ байдал нь нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй гэж үзэх үндэслэлд шууд хамааралгүй, харин нотлох баримтын стандарт шаардлагын дагуу хэргийн оролцогч, талууд нотлох баримтыг бүх талаас нь шинжлэн судлах, судлуулах буюу талуудын мэтгэлцээний хүрээнд шийдвэрлэгдэх асуудал болохыг анхаарах нь зүйтэй.   

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох ба ингэхдээ шүүх хуралдаанд оролцвол зохих тал, бусад оролцогчийг оролцуулж, улмаар нотлох баримтын стандарт шаардлагын хүрээнд яллах ба цагаатгах талын бүхий л нотлох баримтуудыг шинжлэн судлах, харьцуулан шалгаж, үнэлэн дүгнэх замаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд тухайн гэмт хэргийн шинж нотлогдсон эсэхийг нэг мөр эцэслэн шийдвэрлэх үндэслэлтэй байна.   

3. Тухайн эрүүгийн хэргийг мөрдөн шалгах хүрээнд нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх журам зарим талаар зөрчигдсөн, мөн зарим оролцогчийн эрхийг хязгаарласан шинж бүхий үйл баримт байгаа тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар оролцогч талуудын гомдол, шүүгч өөрийн санаачилгаар зарим асуудлыг шийдвэрлэхийг прокурорт даалгах нь гагцхүү анхан шатны шүүхэд олгогдсон эрх хэмжээ болно.

Дээрх нотлох баримт бүхий үндэслэлээс үзэхэд яллагдагч Г.Ц-т холбогдох эрүүгийн хэрэгт хийгдсэн мөрдөн шалгах болон прокурорын хяналтын ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, хэргийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэл, үйл баримт тогтоогдоогүй байх тул хэргийг прокурорт буцаах тухай анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалт, 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл, журамд нийцээгүй гэж дүгнэв.         

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/1233 дугаар захирамжийг хүчингүй болгож, “хэргийг прокурорт буцаах тухай анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах” агуулга бүхий давж заалдах журмаар гаргасан прокурорын эсэргүүцэл, хохирогчийн гомдлыг тус тус хангаж шийдвэрлэлээ.    

Яллагдагч Г.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.33, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/1233 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.    

2. Яллагдагч Г.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.     

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.БАТЗОРИГ

 

                          ШҮҮГЧ                                                         Д.ОЧМАНДАХ

 

                          ШҮҮГЧ                                                         Г.ГАНБААТАР