| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 160/2018/0103/Э |
| Дугаар | 107 |
| Огноо | 2018-05-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 107
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дөлгөөнөөр хөтлүүлж
Улсын яллагч: Н.Цогтбаяр
Шүүгдэгч: Д.Н- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогтой Д-гийн Д.Н-д холбогдох эрүүгийн 1812001440115 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Д.Н- нь 2018 оны 03 дугаар сарын 04-ний орой 22 цагийн үед Архангай аймгийн,,тоот хашаанд иргэн Д.Б-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан төмөр цоожоор толгойн тус газарт цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Д.Б-ийн өгсөн: ...Би Ихтамир сумын Тайхар багийн нутаг дэвсгэрт байх төрсөн дүү Д.Н-гийн Бөхбилэгт нэртэй зоогийн газарт 2017 оны 09 дүгээр сараас эхлэн сарын нэг зуун мянган төгрөгийн цалинтай галч хийсэн юм. Тэгээд 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ажлаасаа гараад 2 сарынхаа цалинг авах гэтэл одоо боломжгүй гэхээр нь дараа авъя гээд явсан юм. Тэгсэн 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Хөхнуур багийн нутаг Улаалзай гэх газар байх хүргэн ахынхаа гэрийг хаваржаанд нь нүүлгэж өгөөд эхнэр Р.Ч, хүргэн Т нарын хамт машинтай Ихтамир сумын төв орж Д.Н-гийн хашаа руу эхнэр Р.Чын хамт орж үлдээсэн эд зүйлээ амбаараас нь аваад, Д.Н-гээс сарын ажлын хөлсөө авах гэхэд “хуцаж бай, чи юу хийсэн гэж мөнгө авах гээд байгаа юм” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би “ахад нь мөнгө хэрэгтэй байна, би танайд зөндөө л ажил хийсэн биз дээ” гэхэд “юу хийсэн юм чи” гэж хэлээд бид хоёр маргалдсан. Тэгсэн Д.Н- намайг бариад авсан би ч бас зөрүүлээд бариад авахад Д.Н- гартаа барьсан байсан амбаарынхаа цоожоор миний толгой руу 4 удаа цохисон. Тэгэхэд манай эхнэр гүйж очиж Тд хэлж Т машинаасаа бууж ирж бид хоёрыг салгасан юм. Би “чи ахыгаа арай ингэж болохгүй ээ, ядарсан ахынхаа цалинг өгчихгүй зодоод” гэж хэлэхэд “гуйлгачин минь чи надаас юу авах гэсэн юм” гэхээр нь би ахын хувьд Д.Н-г нэг удаа алгадаж авсан. Тэгээд Т намайг машиндаа суулгаад аймгийн төв орсон юм. Тухайн үед толгойноос их цус гарч байсан болохоор аймгийн эмнэлэг орж үзүүлээд цагдаад мэдэгдсэн юм. Миний толгой 4 удаа хагарсан. Эмнэлэгт 8 оёдол тавиулсан, одоо толгой болон шилэн хүзүү рүү хатгаж өвдөөд зовиуртай байна. Хашаан дотроо байх амбаараа цоожилдог том цагаан хятад цоожоор миний толгой руу 4 удаа цохисон, өөр цохиж зодоогүй. Би нэг удаа л гараараа алгадсан юм. Өөр цохиогүй. Би шүүх эмнэлэгт үзүүлж дүгнэлт гаргуулна. Миний эхнэр Чимэддулам л цохих үед хараад зогсож байсан. Т намайг цохисны дараа орж ирсэн. Өөр хүн байгаагүй. Энэ үйл явдал хашаан дотор амбаарынхаа урд л болсон юм. Би гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 хуу/
Гэрч Р.Чын өгсөн: ...Би 2018 оны 03 дугаар сарын 04-ны өдөр нөхөр Д.Б-ийн хамт Д.Н-гийнд очсон. Тэдний амбаараас өөрсдийн үлдээсэн хувцас, банш бууз зэрэг зүйлээ авч явсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/
Гэрч М.Тын өгсөн: ...2018 оны 03 дугаар сарын 04-ний орой Архангай аймгийн Ихтамир сумын Хөхнуур багийн нутаг Улаалзай гэх газраас аймгийн төв рүү Д.Б-, түүний эхнэр Чимэддулам, би, эхнэр хүүхдүүдийн хамт явсан. Замаараа Ихтамир сумын төвд Д.Б- нь төрсөн дүү Д.Н-гийн гэрээс мах авна гэж эхнэрийн хамт орсон юм. Удаагүй Чимэддулам нь намайг машиндаа сууж байхад гарч ирээд Д.Б-, Д.Н- 2 зодолдоод байна салгаад өгөөч гэхээр нь би хашаа руу нь ортол Д.Б-, Д.Н- 2 заамдалцсан Д.Б-ийн толгойноос цус гарсан байсан. Хоорондоо би чи гээд л маргалдаад байсан би юунаас болж маргалдсаныг нь мэдээгүй. Тэгээд би тэр 2 салгаад Д.Б-ийг аваад аймгийн төв рүү гэртээ харьсан. Намайг Д.Н-гийн хашаанд ороход тэр 2 заамдалцаад байж байсан. Намайг орсноос хойш нэгийгээ цохиогүй болохоор би сайн мэдэхгүй байна. Төрсөн ах, дүү хоёрт өс хонзон гэх зүйл юу байхав...гэх мэдүүлэг /хх-ийн -15-20 хуу/
Гэрч А.А-ийн өгсөн: ...Д.Н- нь 2016 оноос хойш Ихтамир сумын Тайхар багийн нутаг Тээг хорооллын 203 тоотод эхнэр, 3 хүүхдийн хамт оршин сууж, “Бөх билэгт” нэртэй зоогийн газар ажиллуулдаг юм. Зан байдлын хувьд хүнд тусархуу, эелдэг харилцаатай, даруу төлөв, хүнтэй нийтэч, хөдөлмөрч хүн байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 20 хуу/
Д.Н-гийн яллагдагчаар өгсөн: ...2018 оны 03 дугаар сарын 04-ний орой Архангай аймгийн Ихтамир ,, тоот хашаанд гэртээ байхад миний төрсөн ах Д.Б- эхнэрийн хамт орж ирсэн юм. Өмнө нь манайд хөлсөөр галч хийж байсан болохоор өөрийнхөө үлдээсэн эд зүйлүүдийг авах гэж ирсэн юм. Тэгээд хашаан дотор надад хандаж чи намайг нэг зуун мянган төгрөгөөр хуурч зарж ажиллуулсан гэж уурлаад намайг барьж аваад өшиглөсөн юм. Тэгээд надаас нэг сарын ажлын хөлс нэхээд уурлаад байсан. Уг нь би бүх ажлын хөлсийг нь сар сард нь тооцоод өгчихсөн байсан болохоор өөрт нь хандаж танд одоо мөнгө өгөхгүй гэж хэлэхэд намайг цохиод авсан. Тэгэхээр нь миний уур хүрээд зөрүүлээд цохиод авсан юм. Тэгэхэд гартаа барьчихсан байсан хаалганы төмөр цоожоор толгой руу нь 2 удаа цохьчихсон юм. Нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгсэн гаднаас манай хүргэн Т орж ирээд Д.Б- ахыг аваад явсан юм. Тухайн үед хоорондоо маргалдаж Д.Б- ах намайг цохиод авахаар нь гэнэт миний уур хүрээд цохиод авсан юм. Д.Б- ахын манайд ажиллаж байх хугацаандаа амьдарч байсан өрөөний гадна хаалганы төмөр цоож юм. Тэр өдөр Д.Б- ах амьдарч байсан өрөөнөөсөө эд зүйлээ авах гэж ирэхэд нь би хаалганы цоожоо онгойлгоод гартаа барьчихсан байсан юм. Тэгээд хоорондоо маргалдаад цохихдоо гартаа барьчихсан байсан төмөр цоожоороо цохьсон юм. Тухайн үед сумын хэсгийн төлөөлөгч манайд ирээд үзлэг хийж байгаад Д.Б- ахын толгой руу цохьсон төмөр цоож хаалгандаа зүүлттэй байсныг авах шаардлагатай гэхээр нь би хэсгийн төлөөлөгчид аваад өгсөн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 хуу/
Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний 132 дугаар дүгнэлт:
1. Д.Б-ийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зулайн зүүн болон урд хэсэгт няцарсан шарх, духны дээд хэсэг, зүүн чихний дэлбээний ирмэгт зураасан зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх нидрэгдэх үйлчлэлээр үүснэ.
3. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Духны дээд хэсэг, зүүн чихний дэлбээний ирмэгт жижиг зураасан зулгаралт нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 25 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 36-37 хуу/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44 хуу/
Хохирогч Д.Б- болон яллагдагч Д.Н- нараас гаргасан хүсэлтүүд / хх-ийн 51-53 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Н-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.Н- нь 2018 оны 03 дугаар сарын 04-ний орой 22 цагийн үед Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар баг, Тээг хорооллын 203 тоот хашаанд иргэн Д.Б-той маргалдан түүний толгойн тус газар төмөр цоожоор 3-4 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Д.Н- нь хохирогчийг цохьсон үйлдэл болон гэм буруугийн хувьд маргаагүй бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Д.Б-, гэрч М.Т нарын мэдүүлэг, Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний 132 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар батлагдаж байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Н- нь хохирогч Д.Б-ийн толгойн тус газар төмөр цоожоор цохьсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Аймгийн прокурорын газраас Д.Н-гийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.Н-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирогч Д.Б- нь “Д.Н-тэй эвлэрсэн, түүнийг уучилсан бөгөөд ямар нэгэн гомдол саналгүй, эмчилгээний зардалд 500.000 төгрөг авсан” гэх тодорхойлолт /хх-ийн 51, 53 хуу/ гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Н- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Д.Н- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Н-гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн төмөр цоожийг устгах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Д-гийн Д.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Д.Н- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Д.Н- нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.Н- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 8.5х5.9х1.9 см хэмжээтэй цагаан өнгийн төмөр цоож нэг ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдасугай.
8. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ