Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 17 өдөр

Дугаар  2024/ДШМ/1056

 

 

 

 

 

 

2024            09               17                                 2024/ДШМ/1056

 

 

Ө.Г-д холбогдох

эрүүгийн хуулийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Чингүүн,

хохирогч Ж.А, түүний өмгөөлөгч Б.У,

шүүгдэгч Ө.Г,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Батмандах даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 2024/ШЦТ/787 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ж.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Ө.Г-д холбогдох эрүүгийн 2406 00000 1235 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

О овгийн Ө.Г, 1984 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто замын инженер мэргэжилтэй, Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн нэгжид авто замын инженерээр ажилладаг, ам бүл 5, Баянзүрх дүүргийн дүгээр хороо …. байрны …. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ……………/; 

Ө.Г нь 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн дүгээр хороо, байрны ….. тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эхнэр Ж.А-ийн нүүрэн тус газар нь гараар цохих, толгойгоороо мөргөх зэргээр хууль бусаар халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ө.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Шүүгдэгч Ө.Г-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Г-д 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Г нь 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, хохирогч Ж.А нь цаашид гарах гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ө.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Ж.А гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Намайг өөрийн өмгөөлөгчтэй шүүхийн хэлэлцүүлэгт оролцох боломжоор анхан шатны шүүх хангаагүй...Ө.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа талаар мэдэгдээгүй, миний бие өмгөөлөгчтэйгөө холбогдож, прокуророос холбогдсон талаар тодруулахад холбогдсон зүйл байхгүй гэх хариуг өгсөн тул тус хэргийг шалгаж байсан мөрдөн байцаагчтай утсаар холбогдоход хэргийг шүүх рүү шилжүүлсэн тухай мэдэгдсэн. Тиймээс 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр шүүгчийн туслах О.Б-тай холбогдоход хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тухай мэдээллийг өгсөн, ямар шалтгааны улмаас хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдээгүй вэ гэхэд шүүгдэгч Ө.Г-д мэдэгдсэн, 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн шийтгэх тогтоол 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр бичгээр гаргасан тухай мэдэгдсэн. Иймд миний бие 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр тус шүүхийн байранд ирж өөрөө шүүх хуралдааны товыг мэдээгүй ч, нэгэнт шийдэгдсэн хэрэг байгаа учраас өөрийн өмгөөлөгчид шийтгэх тогтоолыг танилцуулж, хууль зүйн зөвлөгөө авахаар ирсэн боловч шүүгчийн туслах О.Б нь шүүгдэгч Ө.Гэд шүүхийн шийтгэх тогтоолыг гардуулсан байсан. Иймд яагаад Ө.Г-д миний бие гардаж авах шийтгэх тогтоолыг өгч явуулж байгаа талаар тодруулахад танд өгнө гэж хэлээд авч явсан гэх ойлгомжгүй тайлбарыг өгсөн...Дээрх хууль бус үйлдлийн улмаас миний бие Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2.9 дэх заалт, 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 8.2 дугаар зүйлийн 1.8 дахь заалт, 9.2 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан эрх эдэлж чадахгүйд хүрээд байна. Ө.Гэд холбогдсон эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхдээ надад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэх үндэслэлийг дурдсан байна. Гэтэл Ө.Г нь надад учруулсан хохирлоо бүрэн барагдуулаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь нүүрэн тус газар буюу хамар, гавал ястай холбоотой гэмтэл учраас мэс заслаар засварлах боломжтой гэх эмчийн дүгнэлт гарсан. Одоо миний бие хагалгаанд орохын тулд эмчийн хяналтад эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд Ө.Г-д үүнтэй холбоотой зардлын талаар хэлэхэд би чамд юу ч өгөхгүй, чи цагдаад өгсөн учраас би торгуулсан гэх  тайлбарыг өгсөн. Прокурор хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд энэ нөхцөл байдлыг тодорхой болгоогүй, Ө.Г-ийн тайлбарт хөтлөгдөж хэргийг шийдвэрлэсэн нь миний эрхийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын явцад миний бие нөхөртөө зодуулж, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж, гэртээ хэсэг хугацааг өнгөрүүлсэн, олон жил хамт амьдарч байсан хүн ингэж хандсан үйлдэлд би маш ихээр гомдож, сэтгэл санааны хувьд тогтворгүй байдал үүссэн, мөрдөн байцаагчаас лавлахад сэтгэцэд учирсан гэм хорыг үнэлж гуравдугаар зэрэг тогтоосон гэх боловч шүүх шийдэхдээ сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг авч хэлэлцээгүй. Дээр дурдсан тайлбар үндэслэлүүдийг үндэслэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/787 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүх рүү буцааж шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Хохирогч Ж.А-ийн өмгөөлөгч Б.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцахад шүүгчээс шүүх хуралдаан эхлэхийн өмнө ирцийн талаар тодруулахад “хохирогч Ж.А-д хурлын тов мэдэгдсэн, шүүх хуралдаанд оролцох боломжгүй” гэж тэмдэглэлд тусгасан байсан. Гэтэл шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдээгүй. Анхан шатны шүүх хуралдаан болоод дууссаны дараа 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр шүүхийн шийтгэх тогтоолоо гардаж авахад Ө.Г-д шийтгэх тогтоолыг гардуулаад өгсөн байсан. Үүнтэй холбоотой бид шүүхийн Тамгын газарт гомдол гаргасан. Холбогдох шүүгчийн туслахад шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй гээд арга хэмжээ авсан байсан. Хохирол бүрэн төлөгдөөгүй байхад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Ө.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би цаашид гарах зардлыг төлөхгүй гэж хэлээгүй. Би бүх хохирлыг төлөөд барагдуулаад явж байгаа. Хагалгаанд ороход 7 сая төгрөг, сэтгэл санааны хохирол 2 сая төгрөг, хүүхдүүдийн сургалтын төлбөр, байр, СӨХ, тог гээд бүх төлбөрийг төлөөд явж байгаа” гэв.

Прокурор Ц.Чингүүн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Прокурор яллах дүгнэлт үйлдээд хэргийг шүүхэд шилжүүлж байгаагаа мэдэгдээгүй гэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж, хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ гэсэн заалт байдаг. Хохирогчид заавал танилцуулна гэсэн заалт байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхүүдэд заавал хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар мэдэгдэх заалт байхгүй. Хэргийн материал танилцуулаагүй гэж гомдолд дурдсан байсан. Хавтаст хэргийн 75 дугаар хуудсанд хохирогч Ж.А нь хавтаст хэргийн материалтай танилцаад гарын үсгээ зурсан байсан. Иймд хэргийн материалтай танилцуулсан гэж үзэж байна. Хохирлын хувьд анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо хохирлыг бүрэн төлсөн гэж дүгнээгүй. Энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн. Харин цаашид гарах зардлаа холбогдох баримтаа бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Иймд хохирогчийн хохирлоо авах эрхийг хаасан зүйл байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд зайлшгүй хохирол бүрэн төлсөн байхыг шаардана гэсэн агуулгатай зүйлийг ярьж байна. Хохирлоо төлсөн, төлөхөө илэрхийлсэн аль аль тохиолдолд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж болно. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон хэрэглэх зохицуулалт байгаа. Шүүгдэгч Ө.Г нь яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ болон гараар бичсэн хүсэлтдээ “учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулна” гэдгээ илэрхийлсэн тул хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж үзэхгүй байна. Шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй гэж байна. Үүнтэй холбоотой хохирогчоос шүүхийн Тамгын газарт гомдол гаргасан байсан бөгөөд шүүгчийн туслахад сануулах арга хэмжээг авсан байсан. Гэхдээ энэ нь шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтуудад заасан үндэслэл тогтоогдоогүй. Сэтгэцэд учирсан хохирлыг иргэний журмаар шийдвэрлүүлэх боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дүгнэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх дараах үндэслэлтэй байна. Үүнд: 

1. Хохирогчийн эрх хязгаарлагдсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...зөрчигдсөн эрхийг сэргээх...”, мөн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл, журам зөрчигдсөн байна. 

Хохирогчийн хувьд зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, нотлох баримт гаргах, шалгуулах, мөрдөгч, прокурор, шүүхийн шийдвэрт гомдол гаргах, шүүх хуралдаанд оролцох, ял шийтгэлийн талаар санал, хүсэлт, гомдол гаргах зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессын явцад эдлэх үндсэн эрх нь мөн.     

Гэтэл яллагдагч Ө.Г-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын 2024.06.25-ны өдрийн 296 дугаар тогтоол /хх 85/, түүнд 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай прокурорын саналыг /хх-90/ хохирогчид мэдэгдээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.6 “прокурор, мөрдөгчийн ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах, мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулах, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах” тухай хохирогчийн эрхийг хангаагүй гэж үзнэ.

Хохирогчид холбогдох шийдвэр, баримтыг мэдэгдэж, танилцуулаагүй тохиолдолд хохирогчийн тухайн эрх хэрэгжих бодит үндэслэл, нөхцөл бүрдэхгүй тул хохирогчийн тухайн эрхийн хэрэгжилтийг зайлшгүй хангах шаардлагатай.    

Мөн анхан шатны шүүхээс шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдээгүй /хх 95-101/, үүний улмаас хохирогчийн ...У өмгөөлөгчийг шүүх хуралд оролцуулах... эрх зөрчигдсөн зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.4, 34.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1, 3, 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан болон хуулиар баталгаажуулсан бусад эрхээ хэрэгжүүлэх боломжийг хохирогчид олгоогүй гэж үзнэ.     

2. Хохирогчийн үндсэн эрхийн хэрэгжилтийг зайлшгүй хангах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдаж буй эсэхийг дэнслэх, зөв шийдвэрлэх үндэслэл, шалгуурт хамааралтайг анхаарвал зохино.          

Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн гэж үзэх эсэхийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байдлаар дүгнэх шаардлагатай.    

Зөвхөн шүүгдэгч “гэм буруугаа хүлээж байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх баримтыг /хх-83/ гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх үндэслэлгүй

Гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн гэдэг нь “хохирогчид учирсан хохирол, хор уршигт зарцуулагдсан, эсхүл зайлшгүй зарцуулагдах нийт зардлын хэмжээг илэрхийлж буй нотлох баримтын хүрээнд хохирогч ба шүүгдэгч нар хүсэл зоригоо илэрхийлж тохиролцсон байх буюу хохирогчийн эмчилгээний зардлыг төлсөн эсхүл цаашид нөхөн төлөхөө илэрхийлсэн хууль ёсны үйл баримтаар тодорхойлогдсон байх ёстой.    

Дээрх нотлох баримт бүхий үндэслэл нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах буюу анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтуудад нийцээгүй, хохирогчийг эрх хязгаарлагдсаны улмаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шинж чанарыг бүрэн тогтоож, дүгнээгүй зэрэг нөхцөл байдлууд илэрсэн байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/787 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогчийн гаргасан “шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг хангаж шийдвэрлэв.    

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгааг дурдах нь зүйтэй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.33, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :    

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/787 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогчийн гаргасан “шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах” тухай давж заалдах гомдлыг хангасугай.  

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.БАТЗОРИГ

 

               ШҮҮГЧ                                                             Д.ОЧМАНДАХ

 

               ШҮҮГЧ                                                             Г.ГАНБААТАР