| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 160/2018/0105/Э |
| Дугаар | 109 |
| Огноо | 2018-05-14 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 109
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дөлгөөнөөр хөтлүүлж
Улсын яллагч: Б.Батсайхан
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Насанжаргал
Шүүгдэгч: Ц.Ц- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л овгийн Ц-н Ц.Ц-д холбогдох 1812001030101 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар: / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
Яллагдагч Ц.Ц- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 22 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, Тамир хорооллын засмал зам дээр 64-42 АРХ улсын дугаартай Тоёота Приус-10 маркийн автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч замын хөдөлгөөнд аюул саад бий болгохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...”, 8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно...” гэсэн заалтуудыг зөрчиж, улмаар жолооч Б.Д-ийн жолоодож явсан улсын дугааргүй, Стийл-175 маркийн мотоцикльтой мөргөлдөж, Б.Д-ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Б.Д-ийн өгсөн: ...2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг Тамир хороололд би найз Батжаргалыг хүргэж өгөөд засмал замаар ороод хойш аймгийн төв рүү орох гээд мотоцикльтойгоо явж байтал урдаас нэг машин ирээд мөргөсөн. Би өөрийнхөө эгнээнд явж байсан. Тэгээд би мотоциклоосоо унасан. Унахад би босож чадахгүй байсан. Миний зүүн хөлийн шагай хэсэг хугарсан. Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэсэн. Миний мотоциклийн гэрэл асдаг. Хэвийн ажилладаг. Би огт согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. Би архи ууж чаддаггүй юм. Миний эмчилгээний зардал 2,000,000 төгрөг болсон. Энэ талаарх зарим баримтууд нь байгаа би энэ талаарх баримтуудыг авч ирж хэргийн материалд хавсаргуулна. Би Улаанбаатар хотод Гэмтэл согог Үндэсний төвд 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гарч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвд ирсэн. Одоо хөл дээрээ алхаж чадахгүй байна. Цаашид өөрийн зүүн хөлөө дахин эдгэрч байгаа эсэхийг нь хотод очиж үзүүлнэ. Миний мотцоиклийн зүүн талын хроп хагарсан. Хропыг хэдэн төгрөгөөр үнэлэхээ сайн мэдэхгүй байна. Үнэлгээчнээр үнэлүүлж тэр мөнгийг нэхэмжилнэ. Би 1,800,000 төгрөгөөр мотоциклоо 2017 оны 09 сард авч байсан. Эмчилгээний зардлыг төлүүлэх саналтай байна. Эмчилгээний зардлыг барагдуулсан тохиолдолд гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 хуу/
Гэрч Л.Р-ын өгсөн: ... Би 2018 оны 02 дугаар сарын 17-ны орой 23 цагийн үед шиг санагдаж байна. Манай Ц.Ц- мотоцикльтой хүн миний өөдөөс ирээд мөргөчихлөө гэж хэлсэн. Тэгээд би очтол нэг залуу мотоциклийнхоо хажууд хэвтэж байсан. Тэгээд манай хүү цагдаа дуудсан. Би өөр зүйлийг мэдэхгүй байна. Манай хүү 1995 онд айлын ууган хүү болон мэндэлсэн. Даруу төлөв зантай, олонтой нийтэч, зан харилцаа сайтай хүүхэд байгаа юм. Манай хүү дээд боловсролтой сурлага хүмүүжил сайтай айлын ганц хүү байгаа юм. Энэ хэргийг хөнгөн шийдэж өгнө үү гэж прокуророос нь хүсэж байна. Энэ хэргийн талаар надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуу/
Гэрч Б.Б-өгсөн: ...64-42 АРХ улсын дугаартай Тоёото приус 10 маркийн тээврийн хэрэгсэл манай байгууллага болох Билэг сайн ар ХХК-ний нэр дээр байсан. Энэ тээврийн хэрэгслийн эзэмшигч Ц.Ц- манай байгууллагад унадагаар барьцаалуулж 2,000,000 төгрөгөнд тавьж төлөлтөө дуусгасан. Манай байгууллагын нэр дээрээс өөрийн нэрлүүгээ шилжүүлж аваагүй байгаа. Ц.Ц-гийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Уг тээврийн хэрэгслийн үнэлгээг гаргуулах ямар нэгэн шаардлагагүй. Энэ тээврийн хэрэгсэлийн жолооч Ц.Ц-гийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 хуу/
Гэрч Г.Н-гийн өгсөн: ...2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шиг санагдаж байна. Би авто тээврийн төв дээр байсан. Тэгтэл манай найз Ц.Ц- явж айлд очиж даалуу тоглоё андаа гээд өөрийн Приус-10 машиныг жолоодоод Тамир хорооллын засмал зам дээр явж байтал нэг мотоциклийг очоод мөргөсөн. Тэгээд нөгөө залуу нь эмнэлэг яваад Ц.Ц- өөрөө цагдаа дуудсан. Архи уугаагүй байсан. Мотоцикль гэрэлтэй байсан. Ойролцоогоор 40-50 км цагийн хурдтай явсан байх. Согтууруулах ундаа хэрэглээгүй. Ц.Ц- зам голлоод явж байсан бөгөөд зам цастай байсан болохоор цагаан зураас харагдаагүй. Ц.Ц- маань хүн чанар сайтай ажил төрөлдөө их мундаг миний сайн найзуудын нэг байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 111 дугаар дүгнэлт:
1. Б.Д-ийн биед зүүн шилбэний доод хэсгийн далд хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.
3. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар зүүн шилбэний доод хэсгийн хугарал нь биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Тархи доргилт нь 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 30 хуу/
Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 12 дугаар дүгнэлт
1.64-42 АРХ улсын дугаартай Тоёота Приус маркийн жолооч Ц.Ц- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” мөн Монгол Улсын ЗХД-н 8.2-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн байна гэж үзэв.
2. Стийл-175 маркийн улсын дугааргүй мотоциклийн жолооч Б.Д- нь Монгол Улсын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна гэж үзэв.
3. Зам тээврийн осол нь Тоёота Приус маркийн 64-42 АРХ улсын дугаартай автомашины жолооч Ц.Ц-гийн буруутай үйлдлийн улмаас гарсан гэж үзэв.
4. Тухайн замын нөхцөл байдал нь Асфальт зам, шулуун тэгш, цастай, үзэгдэх орчин чөлөөтэй зам байсан нь осол гаргахад нөлөөлөхгүй.
5. Жолооч Ц.Ц- нь “В” ангиллын 1053740 дугаарын үнэмлэхтэй, 2017 оны 05 сарын 16-нд эрх хасагдсан байна. Жолооч Б.Д- нь “А” ангиллын 888321 дугаарын үнэмлэх хүчинтэй...гэх дүгнэлт /хх-ийн 37 хуу/
Шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дүгнэлтээр Стийл UB-175 маркийн мотоциклийн хропны үнэлгээг 2017 оны 12 дугаар сарын байдлаар 600.000 /зургаан зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов... гэх дүгнэлт /хх-ийн 46 хуу/
Ц.Ц-гийн яллагдагчаар өгсөн: ... Би 2018 оны 02 дугаар сарын 17-ны оройн 22 цаг 30 минутын үед шиг санагдаж байна. Би өөрийн ажил болох Архангай аймгийн Авто тээврийн төвөөс гараад Н гэх залууг хүргэж өгөх гээд 7 дугаар баг Тамир хорооллын тэнд засмал дээр явж байтал гэнэтхэн нэг мотоцикльтой мөргөлдсөн. Би тухайн үед гадаа жоохон цас орчихсон байсан болохоор зам голлоод явж байсан. Тэнд гадаа гэрэлтүүлэгтэй байсан болохоор би мотоцикльтой хүн байгаа болохыг хараагүй. Би мотоцикльтой мөргөлдөхдөө тоормосоо хүртэл гишгэж амжаагүй юм. Тухайн зам тээврийн осол болоход ойролцоогоор би 40 км цагийн хурдтай явж байсан. Би хохирогчид хохирол мөнгийг өгч барагдуулсан. Надад жолоо барих эрхийн үнэмлэх байхгүй. Би 2016 оны 05 дугаар сард жолоо барих эрхийг 6 сараас хасуулж байсан. Жолооны үнэмлэхээ цагдаагийн газраас аваагүй байгаа. Би дахин жолооныхоо шалгалтыг өгч амжаагүй байсан юм. Жолооны шалгалтыг өгсөн бол жолоо барих эрхийн үнэмлэхээ авах байсан...гадаа цастай байсан болохоор би зам голлоод явж байсан цас орчихсон байсан болохоор би зам мэдрээгүй цагаан шугамаа даваад явж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 61 хуу/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-4 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-6, 8, 10-11 хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7, 9 хуу/
Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 50 хуу/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 56 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 52-53 хуу/
Оролцогчдод хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 67-68 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.Ц-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ц.Ц- нь 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 22 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, Тамир хорооллын засмал зам дээр өөрийн эзэмшлийн 64-42 АРХ улсын дугаартай Тоёота Приус-10 маркийн автомашиныг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч замын хөдөлгөөнд аюул саад бий болгохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...”, 8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно...” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас улсын дугааргүй, Стийл-175 маркийн мотоцикль жолоодож явсан Б.Д-ийг мөргөж, Б.Д-ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Тухайн үед 64-42 АРХ улсын дугаартай, Тоёота Приус-10 маркийн автомашиныг Ц.Ц- нь жолоодож явсан болох нь хэрэгт авагдсан хохирогч Б.Д-, гэрч Л.Р-, Г.Н- нарын мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Ц.Ц- нь энэ талаар маргаагүй байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг ойлгоно гэж заасан байх тул Ц.Ц-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субъект буюу жолооч мөн гэж үзлээ.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” мөн Монгол Улсын ЗХД-н 8.2-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан болох Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 12 дугаар дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүгдэгч Ц.Ц- нь 1053740 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхтэй байх боловч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан зөрчил үйлдэж, 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 6 сарын хугацаагаар хасуулсан болох нь жолоочийн мэдээлэл /хх-ийн 42 хуу/ Ц.Ц-гийн яллагдагчаар өгсөн...би 2016 оны 05 дугаар сард жолоо барих эрхээ 6 сараар хасуулж байсан жолооны үнэмлэхээ цагдаагийн газраас аваагүй байгаа.../ хх-ийн 61 хуу/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 18.1.4 дэх заалтад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг холбогдох хуульд заасны дагуу хассан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болно гэж заажээ. Ц.Ц-гийн тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг хассан хугацаа дуусгавар болсон байх боловч Ц.Ц- нь Монгол Улсын Хуульзүйн сайдын 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/186 дугаар тушаалын хавсралтаар батласан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, эрх сэргээх журам”-ын 3.1.1 дэх заалтад заасан журмаар /...Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан зөрчлийн улмаас эрхээ хасуулсан этгээд 6 цагийн сургалтад хамрагдан, шалгалтад тэнцсэн.../ эрхээ сэргээгээгүй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдэх үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан гэж үзлээ.
Ц.Ц- нь 64-42 АРХ улсын дугаартай Тоёота Приус-10 маркийн автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2, 9.2 дахь заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж Б.Д-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Аймгийн Прокурорын газраас Ц.Ц-гийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.
Иймд Ц.Ц-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирогч Б.Д- нь хавтаст хэргийн материалтай танилцах үедээ “санал хүсэлт байхгүй” /хх-ийн 68 хуу/ гэсэн, Ц.Ц- нь...би хохирол мөнгийг өгч барагдуулсан... /хх-ийн 61 хуу/ гэж мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ц.Ц- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Ц.Ц- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л овгийн Ц-н Ц-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасны дагуу шүүгдэгч Ц.Ц-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялаар шийтгэж, хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Ц.Ц-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
4. Шүүгдэгч Ц.Ц- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ
¬