Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 2024/ДШМ/1057

 


2024           09              17                                  2024/ДШМ/1057


Б.Х, О.О нарт   холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 
прокурор Д.Ууганцэцэг,
яллагдагч Б.Х, О.О,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амар  даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2024/Ш3/1866 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Бат-Эрдэнийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Б.Х, О.О нарт холбогдох эрүүгийн 2408014060984 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв. 

Б овгийн , Б.Х 2002 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн … дүгээр хороо, Дээд салхитын … дугаар гудамжны … тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн … дугаар хороо, холбоо толгой … дугаар гудамжны …. тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:…………../;
Говгийн О.О, 1998 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нарийн бичиг мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, охины хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн …. дугаар хороо, Алтан Овооны …. дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:………………../;
Б.Х, О.О нар нь 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн …. дугаар хороо, С хорооллын …… дугаар байрны ….. тоотод иргэн Т.Б-н эзэмшлийн Хаан банк дахь 5606.................. тоот данснаас 12.500.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэний улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Х, О.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.


Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...хуульд зааснаар “шүүгчийн санаачилгаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд “Хэргийн бодит байдлыг тогтоох” зарчмыг хуульчилсан бөгөөд тус зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” хэмээн хууль тогтоогч албан тушаалаар нь нэрлэн зааж үүрэг болгосон байдаг. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал, 1.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тус тус нотолно” гэж заасан. Хохирогч Т.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...гар утсаа үзэхэд миний интернэт банк блоклогдсон байхаар нь Х-ээс асуухад би таны гар утсыг оролдоогүй гэсэн, тухайн үед Х бид хоёр хамт сууж байгаад миний интернет банкны кодыг гаргуулсан юм....” гэж мэдүүлсэн /хх-12/, Мөн хавтаст хэргийн 40 дэх талд авагдсан хохирогч Т.Б нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулганд Мобайл банкны гүйлгээний хураамж гэсэн 3 удаагийн зарлага, ухаалаг банкны гүйлгээний хураамж гэсэн 1 удаагийн зарлага тус тус гарсан байна. Гэтэл хохирогч Т.Б-ийн мэдүүлгийн эх сурвалжийг шалгаагүй буюу гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд хохирогч Т.Б-ийн интернэт банкны үйлчилгээ хаагдсан эсэх, дахин сэргээсэн эсэх, хохирогч Т.Б-ийн Хаан банкны данснаас ямар гүйлгээгээр /интернэт банк, мобайл банк/ хэрхэн зарлага гаргасан болохыг холбогдох байгууллагаас тодруулах шаардлагатай.
Дээрх нөхцөл байдлыг бүрэн гүйцэт шалгаж тогтоосноор яллагдагч Б.Х, О.О нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах”, 26.1 дүгээр зүйлд заасан “Кибер орчинд хууль бусаар халдах” эсхүл өөр төрлийн гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах шаардлагатай.
Иймд дээр дурдсан ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул яллагдагч Б.Х, О.О нарт холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцаах нь зүйтэй гэсэн дүгнэлт хийж, шийдвэрлэжээ.  
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бат-Эрдэнэ бичсэн эсэргүүцэлдээ: “…шүүгчийн захирамж нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цугларсан хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Б-ийн өгсөн мэдүүлэгт тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үед Хнадад хандаж  утасныхаа дэлгэцийн кодыг гаргаад өгөөч, би зураг үзэх гэсэн юм, гэхээр нь би Х-д гар утасныхаа кодыг гаргаж, зааж өгсөн бөгөөд дараа утсаа үзэхэд миний интернэт банк блоклогдчихсон байхаар нь Х-ээс асуухад би мэдэхгүй, таны утсыг оролдоогүй гэсэн бөгөөд тухайн үед Х бид 2 хамт сууж байгаад миний интернэт банкны кодыг гаргуулсан. Би гар утасныхаа интернэт банкны кодыг гаргуулчихаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад тасарчихсан байсан. Нэг сэрэхэд Х-ийн найз гэх эмэгтэй хувцсаа өмсөөд манай гэрээс гараад явчихсан, Хаан банкны 5606.................. тоот дансны дугаараас 1.000.000 төгрөгөөр 2 удаагийн зарлага, 500.000 төгрөгөөр нэг удаагийн зарлага, 10.000.000 төгрөгөөр нэг удаагийн зарлага гарчихсан…” гэх мэдүүлэг, хохирогч Т.Б-ийн эзэмшлийн Хаан банкны 5606.................. тоот дансны дэлгэрэнгүй хуулга, иргэн О.М, О нарын хамтран эзэмшлийн Хаан банкны5925.................. тоот дансны дэлгэрэнгүй хуулга, О.О-ийн эзэмшлийн Хаан банкны 5100.................. тоот дансны дэлгэрэнгүй хуулга, Б.Х-ийн эзэмшлийн Хаан банкны  тоот дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудаар, яллагдагч Б.Х, О.О нар нь 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, С хорооллын … дугаар байрны … тоотод иргэн Т.Б-н эзэмшлийн Хаан банкны 5606.................. тоот данснаас 12.500.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэний улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт нотлогдон тогтоогдсон. Өөрөөр хэлбэл яллагдагч Б.Х, О.О нар нь хохирогч Т.Б-г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдлыг ашиглаж шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох санаа зорилго, өөрийн идэвхтэй үйлдлээр эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр буюу нууцаар түүний данснаас 4 удаагийн зарлагын гүйлгээ хийж, 12.500.000 төгрөгийг шилжүүлж авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэл болно. Түүнчлэн гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд хохирогч, яллагдагч нар хамтдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан бөгөөд яллагдагч Б.Х нь хохирогч Т.Б интернэт банкны кодыг хохирогчийн хамт гаргуулж, тухайн мэдээллийг ашиглаж яллагдагч О.О болон түүний охин О.М болон өөрийн дансаар 4 удаагийн зарлагын гүйлгээгээр 12.500.000 төгрөгийг шилжүүлж авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангаж байна. Дээрх хэргийн тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлд заасан “Кибер орчинд хууль бусаар халдах” гэмт хэргийн шинжийг хангахгүй байх бөгөөд Б.Х, О.О нарт холбогдох хэргийг  гэм буруугийн хуралдаанаар хэлэлцэх бүрэн боломжтой байна. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэхгүйгээр, хэргийн зүйчлэлийг зөвтгөх нэрийдлээр хэргийн зүйлчлэл, яллагдагчийн гэм буруугийн талаар урьдчилсан дүгнэлт хийж буй байдал илэрхий харагдаж байх бөгөөд хэргийн зүйлчлэл тохироогүй тул шийдвэрлэх боломжгүй гэж үзэн, шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаанд хамааруулан буцаасан нь үндэслэлгүй, хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэж байна. Өөрөөр хэлбэл шүүхэд шилжүүлсэн хэргийг хүлээн авснаас хойш хуульд заасан үндэслэлээр л урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, уг хуралдаанаар хуульд заасан хэлэлцэх асуудлуудыг л хэлэлцэж шийдвэрлэхээс гадна, шүүхийн хэргийн зүйчлэлийг өөрчлүүлэхээр буцааж байгаа заалт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд заасан хэргийг прокурорт буцаах үндэслэлд хамаарахгүй байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын дотор авагдсан нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЗ/1866 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэжээ.
Прокурор Д.Ууганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна” гэв. 
Яллагдагч О.Х тус шүүх хуралдаанд: “хэлэх тайлбаргүй” гэв. 
Яллагдагч О.О тус шүүх хуралдаанд: “хэлэх тайлбаргүй” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь :

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах журмаар гаргасан эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:  
1. Мөрдөгч, прокуророос нотолбол зохих байдлын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийлмэл гэмт хэргийн шинжүүдийг зохих шалгуур тус бүрээр мөрдөн шалгаж, хянах улмаар субсумци хийх буюу тухайн төрлийн ба төсөөтэй бусад гэмт хэргийн шинжүүдийг харьцуулан шалгаж, дүгнэх замаар зөв зүйлчлэхэд анхаарах шаардлага үүссэн байна.       
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинж хангагдсан бол нийлмэл гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан.
Мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хуульд заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нотлох, гэмт хэргийн зүйлчлэлийг зөв тогтоохын тулд нотолбол зохих байдлыг эргэлзээгүй бөгөөд хангалттай нотолж тогтоосон байх чиг үүрэг хүлээдэг. 
Яллах дүгнэлт дэх болон хэрэгт цугларсан нотлох баримтын эх сурвалжийг харьцуулан шалгахад яллагдагч Б.Х, О.О нарт холбогдох эрүүгийн хэрэгт зөвхөн хулгайлах бус мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлд заасан “кибер орчинд хууль бусаар халдах” гэмт хэргийн шинжид хамаарах нотолбол зохих байдлын хүрээнд мөрдөн шалгах зарим ажиллагааг нөхөн гүйцэтгэж, улмаар мөрдөгч, прокуророос хянавал зохих асуудлуудыг хянан шалгах,  нийлмэл хэргийн шинж, зүйлчлэлийг зөв тогтоох шаардлага үүссэн байгааг үгүйсгэх үндэслэлгүй байна.
Тодотговол, нууц далд аргаар буюу хохирогчийн огт зөвшөөрөлгүйгээр түүний интернэт эсхүл мобайль банкны сүлжээнд нууцаар удаа дараа нэвтэрсэн, бусад үйлдэл хийсэн байх нь кибер аюулгүй байдалд халдсан шинжийг хангаж буй эсэхийг бүрэн шалгаж, үнэлэн дүгнэх зайлшгүй шаардлагатай гэж үзнэ. 
Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн 26 дугаар бүлэгт “кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-ийг хуульчлан тогтоосон бөгөөд “кибер аюулгүй байдал", "кибер орон зай", "бүрэн бүтэн байдал", "нууцлагдсан байдал" “мэдээллийн систем", "мэдээллийн сүлжээ" зэрэг Эрүүгийн хуульд заасан нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Кибер аюулгүй байдлын болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж болохыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 хэсэгт заасан байгааг тэмдэглэж байна.  
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн  5, 6 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын дагуу прокурорт даалгавар өгөх хүрээнд “мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх” боломжгүй тул тухайн хэрэгт шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх асуудлыг зөвхөн урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг прокурорт буцаах үндэслэл, журмын хүрээнд шийдвэрлүүлэх  үндэслэлтэй болно. 
Дээр дурдсанаар тус хэрэгт шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааны бүрэн бус, дутуу байдал  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4, 1.5, 32.10 дугаар зүйл зэрэгт зааснаар, мөрдөгч, прокурорын мөрдөн шалгах ажиллагаа, түүнд хяналт тавих, шийдвэр гаргах чиг үүргийн хүрээнд зайлшгүй хянагдаж, засагдах ёстой.      
Иймд Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэхэд ноцтой зөрчил үүсгэхгүйн тулд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЗ/1866 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 66 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.       
Яллагдагч О.Х, О.О нарт хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авагдсан байгааг дурдав. 
   
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.33, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь :     

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЗ/1866 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.        
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

      ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                         Б.БАТЗОРИГ

                             ШҮҮГЧ                                          Д.ОЧМАНДАХ

                             ШҮҮГЧ                                   Г.ГАНБААТАР