Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 105

 

 

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дөлгөөнөөр хөтлүүлж

            Улсын яллагч: Н.Цогтбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал

Шүүгдэгч: Э.Б- нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овгийн Э-айн Э.Б-ид холбогдох эрүүгийн 181200000016 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Э.Б- нь тэнссэн хугацаанд буюу 2017 оны 12 дугаар сарын 31-ээс 2018 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар баг, Хоршооллын төв гэх газарт өөрийн хамтран амьдрагч иргэн Л.С-гийн бие махбодид халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүгдэгч Э.Б- шүүх хуралдааны үед өгсөн мэдүүлэгтээ: ...Л.С-тай хамтран амьдраад 5 сар л болсон. 12 сард Төв аймаг яваад, Зүүн хараа сум руу жимс самарт явж ирснээс хойш бид хоёрын дунд хувийн таарамжгүй харилцаа үүссэн. 2017 оны 12 сарын 31-ний орой маргалдаад, барьж аваад цохисон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөх гээд ирэхэд хүртэл гэртээ оруулахгүй хөөж туугаад байхад нь би машиндаа 2 хонож байсан. Надад Архангай аймагт таньж мэдэх хүн байхгүй байхад надад би Архангай аймагт том хүн шүү, чи зүгээр л яваад өг, энэ хэргийг чинь би зохицуулна гэж хэлэхээр нь би явсан. Хэргийн дараа би эмнэлгээр хамт явж биеэ үзүүлнэ гэхээр нь эмчилгээ хийлгэсэн гэжээ.

Мөрдөн байцаалтын үед:

 

Хохирогч Л.С-гийн өгсөн: ...Тухайн өдөр 2017 оны 12 дугаар сарын 31-нээс 2018 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө байсан юм. Тэгээд надтай хамт амьдардаг залуу Э.Б- гэх хүн оройноос эхэлж архи уугаад амгалан тайван байдал алдагдуулж эхэлсэн. Энэ байдал 3-4 цаг үргэлжлээд хэсэг хугацаанд энэ байдал бага зэрэг намжиж он солигдсоны дараа дахин агсам тавьж хагалсан түлээгээр миний толгой хэсэгт 2 удаа цохиж, түүний дараа гэрээс авч гараад хоолой багалзуурдаж 5-6 удаа боож боомилсон. Тэгээд манай ээж болох Г.Б хажуу айлын эгч Я нар болиулж гэрт орсон. Гэрт ороод манай ээж ухаан алдаж унасан. Тэгээд байж байсан чинь цагдаа ирээд Э.Б-ийг аваад явсан. Миний биед учирсан гэмтлийг Э.Б- гэх хүн миний толгой хэсэгт хагалсан түлээгээр цохиж учруулсан. Э.Б- бид хоёрын хооронд өр шир өс хонзонгийн асуудал байхгүй. Намайг Э.Б- өмнө нь цохиж зодож байсан асуудал байхгүй. Тухайн үед манай ээжБ, манай хөрш Янар болсон явдлыг харсан. Хувийн таарамжгүй харилцааны улмаас болж намайг цохиж зодсон. Би гомдолтой байна. Миний толгой эргэж өвдөж байна. Улаанбаатар хот явж нарийн шинжилгээ яаралтай өгөх хэрэгтэй байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 хуу/

Гэрч Г.Б ын өгсөн: ...Тухайн орой гэртээ байж байсан чинь Э.Б- гэх хүн архи уучихаад манай охинд агсам тавиад өөдөөс нь салаавч гаргаад байсан. Тэгээд унтах гэж байсан чинь гэрийн гадаа хүн дуугараад байхаар нь гарсан чинь миний охин Л.С-г хоолойг нь боочихсон байсан. Тэгээд би очоод наад хүн чинь үхчихлээ шүү дээ гэж хэлээд би ухаан алдаад унасан өөр зүйл мэдэхгүй байна. Гэрт байхад манай охиныг нэг удаа гараараа цохиж авсан. Тэгээд Э.Б- хутга барьж аваад байхаар нь би очоод хутгыг нь авсан юм. Э.Б- өмнө нь Л.С-г цохиж зодож байсан талаар би мэдэхгүй байна. Гэрийн гадаа намайг гарахад манай хөрш Яманай охин Л.С-, Э.Б- нар байсан. Л.С-гийн царай нь цайчихсан цасан дээр хэвтэж байсан. Ил харагдах шарх сорви гэх зүйл байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 20 хуу/

Гэрч Б.Янжиндуламын өгсөн: ...Тухайн орой гэртээ байж байсан чинь манай хөрш Э.Б-, Л.С- хоёр манай гэрт орж ирсэн юм. Тэгээд манай гэрт сууж байгаад Л.С- Э.Б- хоёр маргалдаад байсан. Тэгээд Э.Б- гэртээ оръё гэсэн чинь Л.С- орохгүй гээд сууж байсан чинь Э.Б- галын түлээнээс аваад Л.С-гийн толгой руу цохьсон. Тэгээд гэртээ оръё гээд Э.Б- хэлсэн чинь Л.С- би босож чадахгүй байна миний толгой өвдөөд байна гэж байсан. Тэгээд Э.Б- Л.С-г тэврээд гэртээ орлоо гэж байсан. Удалгүй гэрийн гадаа аллаа гээд хүн орилоод байхаар нь гарсан чинь Э.Б- Л.С-г дарчихсан хоолойг нь боож байсан. Тэгээд би очоод болиулсан чинь Л.С- манай гэрт орох гээд гүйсэн чинь Э.Б- араас нь гүйж очоод дахиад дарж унагаагаад хоолойг нь боосон чинь Л.С-гийн ээж нь гарч ирээд болиоч ээ гээд ухаан алдаад уначихсан. Тэгээд Л.С-гийн ээжийг гэрт нь оруулаад би гэртээ орж амарсан. Э.Б- Л.С-г түлээний модоор толгой хэсэгт нь нэг удаа цохьсон. Өөр цохиж зодсон зүйл байхгүй Тэгээд гэрээс гараад боож унагасан байсан. Э.Б- Л.С- нар орой манай гэрт орж ирэхдээ их согтоогүй байсан. Тэгээд манай гэрт нэг шил архи уусан. Э.Б-ийн Л.С-г цохисон түлээ одоо манай гэрт байхгүй галд хийгээд шатаасан. Э.Б- өмнө нь Л.С-г цохиж зодож байсан талаар нь би мэдэхгүй байна. Гэрийн гадаа Л.С-, Э.Б- нар байсан. Сүүлд нь ээж нь гарч ирсэн. Л.С-гийн царай нь цайчихсан цасан дээр хэвтэж байсан. Ил харагдах шарх сорви гэх зүйл байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 21 хуу/ 

  Гэрч Л.С-гийн өгсөн: ...Та 2018 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр шөнийн 04:00 цагийн үед манай эмнэлэгт Л.С-г нөхөр нь зодоод Л.С-гийн ээж хямраад байна гэж дуудлага ирсэн. Тэгээд гэрт нь яваад очсон чинь гэр нь замбраагүй болчихсон эд зүйлс нь энд тэнд болчихсон Л.С- түүний нөхөр болох нэг залуу аймгийн төвөөс 2 цагдаа ирчихсэн байсан. Тэгээ би ээжийнх нь биеийг үзчихээд байж байсан чинь Л.С- орон дээр ёолоод хэвтээд байхаар нь яаж байна гээд асуусан чинь толгой хэвлий давсаг хэсгээр их өвдөж байна гэсэн. Тэгээд би эмнэлэг орж үзүүлэх үү гэсэн чинь Л.С- би маргааш өглөө очиж үзүүлье гэж хэлсэн. Л.С-гийн нүд нь хавдчихсан толгойны орой хэсгээр зулай нь хавдчихсан байсан. Л.С-гийн нөхөр Э.Б- өмнө нь агсам согтуу тавьж эхнэрээ зодож талаар мэдэхгүй нөхөр гэх хүнийг нь би тухайн үед анх удаа харсан өмнө нь харж байгаагүй. Л.С- гэмтлийнхээ талаар юм ярихгүй байсан. Ээж нь манай охиныг энэ нөхөр нь гэх Э.Б- толгой түрүүгүй нүдээд боож унагаад балрах шахлаа гэж ярьж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22 хуу/ 

Э.Б-ийн яллагдагчаар өгсөн: ...сонсгосон ял миний үйлдэлд тохирч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 38 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны 31 дугаар дүгнэлт:

1. Л.С-гийн биед, тархи доргилт, зүүн чамархай, дагзны орчим хуйхны зөөлөн эдийн няцралт, духны голд, зүүн нүдний алимны салстад, дээд зовхинд цус хуралт, багалзуур хоолойны орчим зөөлөн эдэд няцралт, жижиг жижиг цус хуралт, баруун гарын дунд хурууны зөөлөн эдэд няцралт, 2-р үений орчим жижиг зулгаралт гэмтлүүд учирчээ.

2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх, нидрэгдэх, дарах, шахах үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна.

4. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй.

5. 3-р шатлалын эмнэлэгт онош тодруулсан материал ирвэл дүгнэлтээ нэмэлтээр гаргана.

 

Шүүгдэгч Э.Б-ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 44-45 хуу/

Шүүгдэгч Э.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47 хуу/

Шийтгэх тогтоолуудын хуулбар / хх-ийн 49-61, 63-78 хуу/

Оролцогчдод хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 108-109 хуу/  зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон  хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Б-ид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Э.Б- нь 2017 оны 12 дугаар сарын 31-ээс 2018 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө хамтран амьдрагч Л.С-гийн толгойн тус газар  модоор цохих, хоолойг нь боох зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч Э.Б- нь хохирогчийг зодсон үйлдэл болон гэм буруугийн хувьд маргаагүй бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Л.С-, гэрч Б.Я-, Г.Б нарын мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны 31 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Б- нь хамтран амьдрагч хохирогч Л.С-г зодсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Аймгийн Прокурорын газраас Э.Б-ийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “хамтран амьдрагч” энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан байх бөгөөд уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх залтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж заажээ.

Хэрэгт цуглуулсан хохирогч Л.С-гийн... Тэгээд надтай хамт амьдардаг залуу Э.Б- гэх хүн оройноос эхэлж архи уугаад амгалан тайван байдал алдагдуулж эхэлсэн...гэх мэдүүлэг, шүүгдэгч Э.Б-ийн... Л.С-тай хамтран амьдраад 5 сар л болсон... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас үзэхэд тэднийг хамтран амьдрагч гэж үзэх үндэслэлтэй байх байна.

Иймд шүүгдэгч Э.Б-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ. 

Хохирогч Л.С- нь эмчилгээний зардалаа нэхэмжилнэ гэсэн боловч үүнтэй холбоотой нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, хохирогч нь хэргийн материалтай танилцах үедээ “ гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байх тул шүүгдэгч Э.Б-ийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Э.Б- нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн болох нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 369 дугаартай шийтгэх тогтоолын хуулбараар  /хх-ийн 68- 78 хуу/ тогтоогдож байх тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож,  Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлд заасан журмаар ял оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Б- нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдаж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 369 дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн 201625011048 дугаартай эрүүгийн хэрэгт цагдан хоригдсон 190 хоног, энэ шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн 1812000000016 дугаартай эрүүгийн хэрэгт 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 45 хоног нийт 235 /хоёр зуун гучин тав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Э.Б- нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн  нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон      

                                        

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У овгийн Э-н Б-ийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу Баянзүрх дүүгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 369 дугаартай шийтгэх тогтоолын 5  дахь заалтыг хүчингүй болгож, шүүгдэгч Э.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

 

 4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Э.Б-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, 30 /гуч/ хоногийг нэмж, нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 30 /гуч/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Э.Б-ид оногдуулсан 1 /нэг/ жил 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

 

6. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Э.Б-ийн цагдан хоригдсон 235 /хоёр зуун гучин тав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

7. Шүүгдэгч Э.Б- нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай. 

 

 8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдасугай.

 

  9. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ОДХҮҮ