Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/00428

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/00428

 

 

                

Д.Мын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2021/04289 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.Мын хариуцагч Б.Бт холбогдуулан гаргасан хохиролд 4,346,500 төгрөг гаргуулах тухай хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ганбат, хариуцагчийн өмгөөлөгч Д.Мөнх-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Би хамраа цохиулснаас болж таславч далийж яс хугарсан. ЭМЖЖ эмнэлэгт үзүүлэхэд хагалгааны төлбөр 3,561,000 төгрөг, үзлэг 35,000 төгрөг, шинжилгээний төлбөр 100,000 төгрөг болно гэсэн. Хагалгаанд орсны дараа 5 хоног хэвтэн эмчлүүлэхэд өдрийн 150,000 төгрөг, энэ хугацааны цалин 500,000 төгрөг, мөн 14 хоногийн цалин 945,000 төгрөг, нийт 5,291,500 төгрөг болсон. 14 хоног өвчтэй байсан хугацааны цалин 945,000 төгрөгийг нэхэмжлэхгүй, бусад зардлыг нэхэмжилж байна. Хариуцагч намайг цохисноос болж гэмтэл үүсэж, хагалгаанд орох болсон учраас энэ нэхэмжлэлийг гаргасан. ЭМЖЖ эмнэлэгт шүүх эмнэлгээс албан бичиг ирсний дагуу намайг дуудахад нь CD болон эмчилгээ хийлгэсэн баримтуудаа авч очиход эмч нь “таны биед хуучин болон шинэ гэмтэл аль аль нь байгаа, гэхдээ энэ эмчилгээний төлбөр нь бодит зардал, энэ мөнгөн дүн дээр өөрчлөгдөх зүйл байхгүй” гэж хэлсэн. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгчид хуучин хугарлаас нь болоод одоогийн зовиур илрээд байна уу, эсхүл шинэ гэмтлээс нь болоод илрээд байна уу гэдэг нь ойлгомжгүй байгаа. Эрүүгийн шүүхийн ажиллагааны явцад би бодит хохирлыг барагдуулсан. Одоо нэхэмжлэгч хохиролгүй болчихсон тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. ЭМЖЖ эмнэлгээс ирүүлсэн албан бичигт дурдснаар эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт хасагдаад 1,790,600 төгрөгийн эмчилгээний төлбөр гарчээ. Энэ төлбөрт багтсан эмчлэх шаардлагатай хуучин болон шинэ хугарал, архаг үрэвсэл гэсэн 3 онош гарсан байдаг. Архаг үрэвсэл нь эмчилгээ хийлгээгүй удсаны улмаас бий болдог онош учраас бодит хохирол 895,300 төгрөгийг зөвшөөрч, бусад төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр 2 өөр дүгнэлт гарсан байдаг. Эхний дүгнэлтээр хөнгөн гэмтэл, дараагийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр хамрын ясны хугарал нь шинэ болон хуучин гэж гарсан байдаг. Эрүүгийн хэрэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд хариуцлага хүлээсэн байгаа. ЭМЖЖ эмнэлгээс хамрын хугарал, муруй засах гэсэн боловч төгсгөл хэсэгт нь шинэ, хуучин хугарлыг эмчлэх зардлыг ангилах боломжгүй гэж заасан албан бичиг шүүхэд ирүүлсэн байдаг. Д.Мын эмчилгээний зардалд нэхэмжлээд байгаа 1,790,600 төгрөгт мэс засал, ор хоногийн төлбөр бүгд багтсан байна. Тийм учраас шүүх бүрэлдэхүүн энэ бүх нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэрээ гаргах байх гэж итгэж байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Б /ТГ87082572/-аас 1,825,600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.М /ШБ77110271/-д олгож, нэхэмжлэлээс 2,520,900 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс хуулийн дагуу чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.Батсууриас 44,159 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4а. Шүүх нэхэмжлэгчийн хамрын ясны хугарлыг эмчлэх мэс заслын өртөг 1,790,600 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч тогтоох хэсэгт 1,825,600 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор зөрүүтэй бичсэн байна.

4б. Шинжээчийн дүгнэлтэд “...хамар ясны зүүн хажуу хананд шинэ, хуучин хавсарсан хугарал тогтоогдлоо” гэж дүгнэсэн. Иймээс нэхэмжлэлийн 50 хувь болох 895,300 төгрөгийг хариуцагч надаас гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй.

 

4в. Нэхэмжлэгч мэс ажилбарыг бодитой хийлгээгүй байхад 1,790,600 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөлөгчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

  1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн

166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Б.Бт холбогдох гэм хорын хохирол 4,346,500 төгрөг гаргуулах Д.Мын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

3. Хариуцагч Б.Б өөрийн хууль бус үйлдлээс нэхэмжлэгч Д.Мын биед хөнгөн хохирол учруулсан нь хэргийн баримтаар тогтоогдсон тул уг үйлдлээс нэхэмжлэгчид учирсан гэм хорыг арилгах үүргийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хүлээнэ.

 

4. Хэргийн баримтаас үзвэл хариуцагч Б.Батсуурийн үйлдлийн улмаас нэхэмжлэгч Д.Мын биед гэмтэл учирсан нь тогтоогдсон тул эмчилгээний зардлыг шаардах эрхтэй бөгөөд шүүх эдгээрт нийт 1,825,600 төгрөг гаргуулсан нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасантай нийцсэн байна.

 

5. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэйг зохицуулжээ.

 

6. Хариуцагч Б.Батсуурийн үйлдлийн улмаас Д.Мын биед хамар ясны хугарал,

хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан ба тэрээр “ЭМЖЖ” эмнэлэгт үзүүлсэн, тус эмнэлэг хамрын хугарал засах мэс засал хийлгэх шаардлагатай гэснийг үгүйсгэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Мэс засал хийлгэх шалтгаан нь учирсан гэмтэлтэй холбоотой гэж үзнэ. Иймд мэс заслын зардалд 1,790,600 төгрөг гаргуулсан нь хууль зөрчөөгүй байна.     

 

7. Хариуцагч нэхэмжлэгчийн хамар хуучин хугаралтай байсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул мэс заслын зардал 1,790,600 төгрөгийн 50 хувь буюу 895,300 төгрөг төлөх тайлбар гаргасныг шүүх “Нэхэмжлэгчийн хамрын ясанд үүссэн шинэ хугарал нь хариуцагчийн үйлдлийн улмаас үүссэн, хуучин хугарал нь хариуцагчийн үйлдлээс шалтгаалаагүй ч шинэ хугарлыг эмчлэх зайлшгүй шаардлагатайг мэргэжлийн байгууллага тодорхойлсны дагуу тухайн мэс заслыг хийгдэх ажиллагаатай хамтад нь хуучин хугарлыг эмчлэх эмчилгээний арга заалттай байх тул мэс заслыг тусад нь хийх боломжтой гэж үзэх, эмчилгээний өртгийг хэсэгчлэн тооцох боломжгүй байна” гэж дүгнэн мэс заслын төлбөрийг бүхэлд нь гаргуулсныг буруутгах үндэслэлгүй байна. 

 

Дээр дурдснаар мэс засал хийлгэх зардал 1,790,600 төгрөг, эмнэлгийн үзлэгийн  төлбөр 35,000 төгрөг, нийт 1,825,600 төгрөг гаргуулсныг зөвшөөрөхгүй гэх гомдлыг хангах үндэслэлгүй болно.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2021/04289 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 43,600 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.ДАВААДОРЖ

 

                ШҮҮГЧИД                           Ч.ЦЭНД

  

Д.БЯМБАСҮРЭН