Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 110

 

                                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дөлгөөнөөр хөтлүүлж

Улсын яллагч: М.Батзаяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Пүрэвсүрэн

Шүүгдэгч: Б.Э- нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Б-ий Э- т холбогдох 1812000030052 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Б.Э- нь 2017 оны 06 дугаар сарын 28-аас 07 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Архангай аймгийн Чулуут сумын Хүрэм багийн Дээд говилуур гэх газраас иргэн Д.Л-ын 22 тооны төлөг, 4 тооны эм хонь, 1 тооны шүдлэн хонь буюу олон тооны мал хулгайлж 1.350.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүгдэгч Б.Э- шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 06 дугаар сарын 27 билүү 28-нд Хуягаа ах хонь хараад өгөөч гэсэн. Тухайн үед манай хоёрын хонь ойрхон байсан. Нэг харсан чинь манай хоёрын хонь нийлэх гэж байхаар нь би дундуур нь ороод хонио ялгасан. Удалгүй Хуягаа ах ирээд би хонио туугаад явсан. Тухайн үед би хонь нийлсэн эсэхийг мэдээгүй. Дараа нь 20 гаран хонь манай хонинд нийлсэн байсныг мэдсэн. Би гэм буруугаа хүлээж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү гэжээ. 

 

Мөрдөн байцаалтын үед:

 

Хохирогч Д.Л-ын өгсөн: ...2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр би өөрөө хонио тоолж үзтэл 27 хонь дутсан. Тэгэхээр нь яагаад хонь дутав гээд малчин Эаас асуутал манай малчин Э “би хонио эзгүй орхиогүй” гэж надад хэлсэн. Тэгвэл яагаад хонь дутдаг юм бэ гэтэл би сайн санахгүй байна хэд хоногийн өмнө би морио солих гээд адуу руугаа явахдаа Өлзийт гол багийн Б.Э- гэдэг хүн манай хоньтой ойрхон хонь хариулж байхаар нь өөрийнхөө хонийг захиж үлдээгээд адуу руугаа яваад морио солиод иртэл Б.Э- би хурдан харихгүй бол болохгүй гээд хонио ширүүн туугаад яваад өгсөн гэж манай малчин Э хэлсэн. Тэгэхээр нь би тэр үедээ тасраад айлын хоньтой нийлсэн байх гэж бодоод малчин Эийг явж айлуудын хонинд үз гээд явуулсан. Гэтэл эргэж ирээд Өлзийт гол багийн Б.Э-ын хонинд манай алга болсон хонь байна авах гэсэн чинь хүнээс авсан хонь гээд өгөөгүй гэж хэлээд ирсэн. Тэгэхээр нь би 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр би өөрөө малчин Э, түүний охин бид гурав Б Б.Э-ынд очтол хонь нь бэлчээрт гарсан Б.Э- өөрөө малдаа яваад эзгүй байсан. Тэгж байтал Б.Э- өөрөө гэртээ ирсэн. Тэгэхээр нь би танай хонинд манай хонь нийлсэн байна гэтэл Б.Э- манай хонь нийлээгүй, би хүнээс хэдэн хонь худалдаж авсан. Өлзийт гол багийн Б гэдэг хүнээс хэдэн хонь худалдаж авсан гэж ярьсан. Тэгэхээр нь би хонийг нь үзэлгүй Баас чи Б.Э-т хонь зарсан юм уу гэтэл би хонь зараагүй гэхээр нь би Быг дагуулж очоогүй. Тэгээд Б.Э-ынд голын ард ирээд өөрийнх нь хаваржааны хашаанд хонийг нь хашаад хонь шүүтэл Б.Э- би уг нь наад хэдэн хонийг чинь Баас худалдаж авсан юм. Та хонио таньж байвал ялгаад ав. Би тэр хүнээс мөнгөө олж авахаас гэж ярьсан. Тэгээд хонио ялгаад үзтэл манай 12 хонийг шинээр чихэнд нь им хийсэн байсан. Им хийсэн хонинуудаа Баас худалдаж авсан гэж Б.Э- ярьсан нөгөө хонинуудыг нь урд өдөр манай хонь М гэдэг айлын хоньтой нийлсэн тэр хониноос үлдсэн байх гэж ярьсан. Тэгэхээр нь Мгийн хонь хээр эзгүй бэлчээрт нь байхад нь гэртээ харих замдаа үзтэл манай 1 хонь Мгийн хонинд байсан. Тэгэхээр нь би эзэн байхгүй хониноос аваад юу хийх вэ гээд нөгөө хонийг орхиод явсан. Тэгээд Б.Э-ын хониноос ялгаж авсан хонио туугаад гэртээ харьсан. Миний тоолсноор одоо 2 хонь дутаж байгаа...Манай хониноос нийт 27 тооны хонь алга болсон тэрнээс би 24 хонийг нь олж авсан 1 хонь нь М гэдэг айлын хонинд байсан. Тэр үед хонь нь эзгүй байсан болохоор би аваагүй. Манай хониноос 21 төлөг 3 эм хонийг нь олж авсан. Хоёр хонийг нь аваагүй орхисон. Манай хонинууд ер нь зүүн талын чих нь үзүүрээсээ онь имтэй, чихний урд талаас ангилалтын бахиар имнэж тэмдэг тавьсан, баруун талын чих нь им байхгүй...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 16-19, 85-86 хуу/

Гэрч П.Эийн өгсөн: ...Би 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хонинд явж байгаа морио солих гээд явахдаа манай хонины ойролцоо Өлзийт гол багийн Б.Э- гэдэг залуу хоньтой явж байхаар нь Б.Э-тай уулзаад хонь харж байгаарай ах нь морио сольчихоод ирье гээд явсан. Тэгээд морио солиод удаагүй хонин дээрээ иртэл Б.Э- танай хонь хэвтэж байна шүү гэж хэлээд өөрийнхөө хонийг туугаад бараг зугтаах шахуу яваад өгсөн. Тэгээд 3 хоногийн дараа Д.Л- бид 2 хонио тоолтол 27 хонь дутсан. Тэгээд 2 хоноод би өглөө эрт Б.Э-ын хотонд очиход хонь нь бэлчээгүй байхад нь хонио үзтэл манай хонинууд байсан. Тэгэхээр нь би Б.Э-т энэ хонь Д.Л-ын хонь байна гэтэл үгүй би Б-ээс авсан гэж ярьсан. Тэгэхээр нь хонио ялгаад багийн өдөрлөг дээр очиход Батхүү явж байхаар нь Б.Э-тай хонь малны наймаа хийсэн юм уу гэхэд тийм юм байхгүй. Би наймаа хийгээгүй гэж хэлсэн. Намайг Б.Э-ын хонинд хонио шүүж байхад Д.Л-ын хонинд нь шинээр чихэнд нь им хийгээд, им нь жаахан яршсан байсан. Тэгээд Д.Л-тай очиход Б.Э- юм яриагүй. Би Д.Л-ын малыг хардаг юм. Д.Л- бид 2-г тоолж үзэхэд нийт 27 хонь дутсан. Тэгээд Б.Э-ын хониноос хонио ялгаж авахад 12 хонинд шинээр им хийгээд үлдсэн 12 хонь нь өөрийнхөө имтэй байсан. Тус хонинууд зуун талын чихийг нь үзүүрээсээ онь имтэй урдаас нь мал эмнэлгийн бахиар им хийсэн байгаа. Баруун чихэнд нь улаан даавуу сүлбэсэн байсан. Зүүн талын чихний онь имийг тайрсан, баруун талын чихийг хойноос нь хайчаар онь им хийсэн байсан. Манай хоёрын хонь бэлчээрээр нийлээгүй. Намайг морь солих гээд явсан хойгуур Б.Э- манай хониноос тасдаж өөрийнхөө хоньтой нийлүүлсэн гэж бодож байна. Д.Л- бид хоёрыг хонио авах гээд очиход Б.Э- юу ч яриагүй. Тэгээд бид хоёр хонио аваад ирсэн. Би өглөө эрт Б.Э-ыг хонио бэлчээрт гаргаагүй байхад нь очсон юм. Тэгээд Б.Э-ын хонин дунд өөрийн хонио хайгаад үзсэн чинь манай 24 тооны хонь гадаа нь байж байсан. Тэгээд хонио ялгаад авсан чинь манай хонины 12 тооны хонинд нь шинээр им хийчихсэн байсан. Тэгээд шинээр им хийсэн 12 тооны хонийг Б.Э- манай сумын малчин Баас худалдаж авсан гээд өгөхгүй байхаар нь Д.Л-ыг дуудаад болсон явдлын талаар хэлсэн чинь Д.Л- би өөрийн хонио таньж байна чи шинээр им хийсэн байна гэж хэлсэн чинь Б.Э- би Б гэх хүнээс худалдаж авсан гээд гүрийгээд байхаар нь Д.Л- бид хоёр Б гэх хүн дээр очиж чи Б.Э-т хонь зарсан юм уу? гэж асуусан чинь Б би Б.Э-т хонь зараагүй бид хоёр уулзаагүй гэж хэлсэн. Тэгээд Д.Л- бид Б.Э-ын гэрт нь буцаж очоод хонио ялгаж авсан юм. Манай 12 тооны хонинд хийсэн им нь шинэ байсан. Намайг очиж харахад цус нь гоожоод хатчихсан им хийгээд удаагүй нь мэдэгдэж байсан. Д.Л- гэх айлын хонь нь зүүн талын чихэндээ урд талаас нь эмнэлгийн бахиар хавчиж, үзүүр хэсгийг нь нугалж байгаад хайчаар хайчилсан байдаг юм. Д.Л-, Б.Э- хоёрын малын им тэмдэг хоорондоо өөр ижил төстэй зүйл байхгүй. Б.Э- өмнө нь танай багийн малчин Д.Л-ын малнаас хулгай хийж байсан талаар мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 20-23, 87-88 хуу/

 

Гэрч Б.Мгийн өгсөн: ...2017 оны 07 сард манай хүү хонинд явж байгаад манай хонь Б.Э- ахын хоньтой нийлээд хээр ялгасан гэсэн тэр үед нь би Өлзийт голын эх рүү газар үзэж яваад шөнө ирсэн. Манай эхнэр багийн өдөрлөг үзчихээд ирээд оройхон хүүтэйгээ дахиж шүүгээд Б.Э-ын хониноос 1 хурга авчирсан гэсэн. Өөр айлын хоньтой нийлээгүй. Манайх тэр үед голын урд талд ганц гэр байсан. Манай хонь өөр айлын хоньтой нийлсэн зүйл байхгүй. Б.Э-ын хонь өөр айлын хоньтой нийлсэн гэж сонсоогүй. Манай хонь өөр айлын хоньтой нийлээгүй Б.Э- худлаа ярьсан байна. Хэрвээ хонь нийлсэн бол ялгарах л байсан. Манай хонь ямаа баруун талын чих нь үзүүрээсээ цуулбар имтэй, зүүн талын цэцэг имтэй, цэцэг им манай суманд ер нь ховор байдаг. ГарьдБын хонь баруун талын чих нь шоргоолж имтэй, зүүн талын чих нь үзүүрийг нь хөндлөн тойрсон имтэй, зүүн тал нь урдаасаа ухам имтэй, чихийг нь цоолоод даавуу уясан имтэй, даавуу нь хаягдаад цоорхой нь үлдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 24-26, 33-34 хуу/

 

Гэрч М.Б-гийн өгсөн: ...Би 2013 онд айл гэр болж тусдаа гарснаас  хойш мал маллаж байна. Мал маллаж эхэлснээс хойш би Б.Э-тай ямар нэг хонь малны наймаа хийгээгүй. Б.Э- худлаа ярьсан байна...гэх мэдүүлэг /хх-ийн 28 хуу/

 

Гэрч М.Б хүүгийн өгсөн: ...Би Б.Э-тай ямар нэг малны наймаа хийгээгүй. Б.Э- худлаа ярьсан байна...гэх мэдүүлэг /хх-ийн 30 хуу/

 

Гэрч М.Г Бын өгсөн: ...Манайх Нэг цохиот гэдэг газар Б.Э-, М гэдэг айлуудтай хамт өвөлжиж байлаа. Манай хонь баруун талын чих нь шоргоолж имтэй, зүүн талын чихийг нь үзүүрээс нь хөндлөн хайчилсан имтэй...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 хуу/

 

Гэрч Д.Н ийн өгсөн: ...Би 2016 оноос хойш одоог хүртэл Д.Л-ын хонийг маллаж байгаа. Сар өдрийг нь мэдэхгүй байна. Овооны наадам болж байсан шиг санагдаж байна. Э ахтай таарсан чинь хонь дутаад гэж ярьж байсан. Тэр үед би хургатай хонийг нь маллаад Хайрхан багт байсан. Э ах хонь дутаад гэж ярихдаа хүнээс хонь авсан талаар яриагүй. Д.Л-ын баруун чихэндээ имгүй, зүүн талын чих нь урдаасаа ангиллын бахиар имнээд сэтгэсэн. Үзүүрээсээ онь имтэй өөр ямар нэг им тэмдэг байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 хуу/

 

Гэрч Н.О гийн өгсөн: ...Манай нөхөр бид хоёр 2009 онд нэг гэрт орсон юм. Хоёр хүүхэдтэй том хүү минь одоо 2 дугаар ангид сурдаг юм. Бага охин минь 4 настай бид хоёртой хамт хөдөө байдаг юм. Манай нөхөр гэр бүлдээ хайр халамж сайн, гэрийн сайн хань байгаа юм. Манай нөхөр зан байдлын хувьд тайван дөлгөөн хүний үгээр хүн байгаа юм. Архи уудаггүй тамхи хаяа нэг татдаг. Ажилд сайн мал маллаж өссөн байгаа юм. Манай нөхөр бид хоёр хамт мал маллаж амьдардаг юм. Манайх нийт бог бод нийлээд 197 тооны мал тоолуулсан байгаа. Өмнө нь айлын мал тууж ирээд өөрийн малтайгаа нийлүүлж им тамга хийж байсан удаа байхгүй. Би тухайн үед гэртээ байсан айлын хонь тууж ирсэн талаар нь мэдээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 хуу/ 

 

Гэрч Г.Т ын  өгсөн: ...Би Архангай аймгийн Чулуут сумын Өлзийт гол багийн даргаар 2 дахь жилдээ ажиллаж байна. Б.Э- нь Чулуут сумын Өлзийт гол багийн Их цохиот гэх газар нутагладаг хүн байгаа юм. Б.Э-ыг малдаа ямар им тамга хийдэг талаар мэдэхгүй байна. Манай багийн малчин Б.Э- 2017 оны сүүлийн мал тооллогоор адуу 19, үхэр 57, хонь 73, ямаа 38, бүгд 187 тооны мал тоолуулсан байсан. Б.Э-, Д.Л- гэх хүмүүсийн малын им тамга нь ижилхэн талаар би мэдэхгүй. Б.Э- өмнө нь малын хулгайн хэрэгт холбогдож талаар мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 89-90 хуу/

 

Гэрч Г.Г вийн өгсөн: ...Би Архангай аймгийн Чулуут сумын хүрэм багийн даргаар 1 дэх жилдээ ажиллаж байна. Д.Л- нь манай багийн мянгат малчин хүн байгаа юм. Мал идээ сайн төлөв даруу зантай эхнэр хүүхдийн хамт мал маллаж амьдардаг юм. Би Д.Л- гэх хүнийг малдаа ямар им тамга хийдэг талаар мэдэхгүй байна. Манай багийн малчин Д.Л- нь 2017 оны сүүлийн мал тооллогоор адуу 48, үхэр 250, хонь 950, ямаа 150, бүгд 1398 тооны мал тоолуулсан байсан. Б.Э- Д.Л- гэх хүмүүсийн малын им тамга нь ижилхэн талаар би мэдэхгүй. Б.Э- гэх хүн өмнө нь манай багийн малчин Д.Л-ын малнаас хулгай хийж байсан талаар мэдэхгүй байна. Д.Л-ын малчин Э надад хэлэхдээ 2017 оны 07 дугаар сард Б.Э-, Д.Л- хоёр ойрхон зуссан гэсэн тэгээд Э хонь харж байгаад морио сольчихоод ирье гэж Б.Э-т хэлчихээд яваад ирэх хооронд 27 тооны хонь дутсан байсан гэж надад хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 91-92 хуу/

 

Б.Э-ын яллагдагчаар өгсөн: ...2017 оны 07 дугаар сарын 04-ний өглөө 08:00 цагийн үед намайг гэртээ унтаж байхад Хуягаа гэх хүн манайд ирээд хонь нийлчихсэн байна гээд манай хонийг хашаад үзсэн чинь 6 хонь байхаар нь аваад явсан. Тэгээд өдөр 12:00 цагийн үед Д.Л- гэх хүнтэй хамт Хуягаа гэх хүн ирээд дахиад 12 хонь аваад явсан юм. Тэгээд Д.Л- манай хониноос 20 тооны хонь дутсан байна. Танай хонь өөр айлын хоньтой нийлсэн үү гэж асуухаар нь би хэд хоногийн өмнө Мийгаа гэх айлын хоньтой нийлчихсэн байхаар нь би өөрийн хонио ялгаж авсан гэж хэлсэн. Тэгээд Д.Л- яваад өгсөн юм. Д.Л- гэх айлын хоньтой өөрийнхөө хоньтой нийлснийг мэдээгүй. Хонь нийлчихсэн байна хонио үзье гэхээр нь мэдсэн. Би тухайн үед Батхүү гэх хүнээс хонь худалдаж аваагүй. Батхүүгийн хонины им нь танай хонины имтэй адилхан юм байна даа нийлчихвэл хэцүү юм байна гэж хэлж байсан. Д.Л-ын манай хоньтой нийлсэн байсан хонинд би шинээр им хийж өөрийн хоньтойгоо адил болгож өөрчилсөн зүйл байхгүй. Им хийсэн байна гэж надад үзүүлж байсан. Тухайн үед хийсэн гэх имийг харахад манай имнээс шал өөр байсан. Д.Л-тай өмнө нь өр шир өс хонзонгийн асуудал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 хуу/

 

Шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дүгнэлтээр: 21 тооны төлөг 945.000 төгрөг, 4 тооны эм хонь 280.000 төгрөг, 1 тооны шүдлэн хонь 80.000 төгрөг нийт 26 тооны хонины үнэлгээг 2017 оны 07 дугаар сарын байдлаар 1.305.000 /нэг сая гурван зуун таван мянга/ төгрөг болохыг тодорхойлов... гэх дүгнэлт /хх-ийн 42 хуу/

 

Шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлтээр: 1 тооны төлөг эр төлөгний үнэлгээг 2017 оны 7 дугаар сарын байдлаар 45.000 /дөчин таван мянга/ төгрөг болохыг тодорхойлов... гэх дүгнэлт /хх-ийн 80 хуу/

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3, 5-6, 8, 10, 12 хуу/

Гэрэл зургууд /хх-ийн 4, 7, 9, 11, 13 хуу/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 58 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 61-62 хуу/  зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон  хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Э-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Цогтсүмбэр овгийн Б  Б.Э- нь 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Чулуут сумын Хүрэм багийн Дээд говилуур гэх газраас иргэн Д.Л-ын 27 хонь /22 тооны төлөг, 4 тооны эм хонь, 1 тооны шүдлэн хонь/  буюу олон тооны малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч Б.Э- нь өөрийн үйлдэл болон хулгайлан авсан малын тооны хувьд маргаагүй, шүүх хуралдааны үед гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогч Б.Э-, гэрч П.Э, Б.М нарын мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтуудаар нотлогджээ.

Прокурорын яллах дүгнэлтэнд гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг “2017 оны 06 дугаар сарын 28-аас 07 дугаар сарын 02-ны өдрийн хооронд” гэж дурдсан байх боловч хэрэгт авагдсан хохирогч Д.Л-ын өгсөн...2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр би өөрөө хонио тоолж үзтэл 27 хонь дутсан... /хх-ийн 17 хуу/ гэрч П. Эийн өгсөн... Би 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хонинд явж байгаа морио солих гээд явахдаа манай хонины ойролцоо Өлзийт гол багийн Б.Э- гэдэг залуу хоньтой явж байхаар нь Б.Э-тай уулзаад хонь харж байгаарай ах нь морио сольчихоод ирье гээд явсан. Тэгээд морио солиод удаагүй хонин дээрээ иртэл Б.Э- танай хонь хэвтэж байна шүү гэж хэлээд өөрийнхөө хонийг туугаад бараг зугтаах шахуу яваад өгсөн. Тэгээд 3 хоногийн дараа Д.Л- бид 2 хонио тоолтол 27 хонь дутсан.../ хх-ийн 20-21 хуу/  гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас үзэхэд уг гэмт хэрэг нь 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт .Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ. 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэж заажээ.

 

Шүүгдэгчийн хулгайлсан  27 тооны хонь нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт болон 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “олон тооны мал” гэсэн ойлголтонд хамаарч байх бөгөөд  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт... олон тооны мал хулгайлсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт...бусдын олон тооны малыг хулгайлсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж зааснаас үзэхэд шүүгдэгчийн олон тооны мал хулгайлсан үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх нь түүний эрхзүйн байдлыг дээрдүүлж байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Э-ын бусдын 27 тооны хонь буюу олон тооны малыг хулгайлсан үйлдлийг Монгол Улсын 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэнийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Э- нь иргэн Д.Л-ын 27 тооны хонийг нууцаар, хууль бусаар авсан үйлдлийн улмаас 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. 

Хохирогч  Д.Л- нь ...“Б.Э-аас нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй” гэж тодорхойлолт гаргасан, мэдүүлэг өгсөн,  /хх-ийн 67, 86 хуу/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Э-ыг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэргийн улмаас хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан хорих ял оногдуулж, уг хорих ялыг  тэнсэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Шүүгдэгч Б.Э- нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн  эд хөрөнгө үгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон   

                                            

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц овогт Б-ий Э- т Архангай аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй. 

 

2. Шүүгдэгч Ц овгийн Бат-Эрдэний Б.Э-ыг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

3.  Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.Э-ыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

 

4.  Монгол Улсын 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.Э-т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 

 

5. Шүүгдэгч Б.Э- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдсугай. 

 

6.   2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Э-т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай. 

 

7.   Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хохирогч, шүүгдэгч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

8. Тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ОДХҮҮ