Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 315

 

 

 

 

 

 

 

2018           4              10                                     315

-

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг,  

улсын яллагч Б.Дэлгэрмаа,

хохирогч М.Ц,

хохирогчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Хандсүрэн,

шүүгдэгч П.Г-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт П.Г-холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1803000010065 дугаар эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт П-гийн Г /РД:/.

Яллагдагч П.Г-нь 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 17 цаг 05 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Шижир” хүнсний дэлгүүрийн баруун замд П.Г-н эзэмшлийн “Тоёота Приус” маркийн 49-11 УНТ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө“ гэсэн заалтыг зөрчиж явган зорчигч М.Цын эрүүл мэндэд хүнд хохирол учируулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.Г-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй. Хохирогчид 2 сая төгрөгийн төлбөр төлсөн. Эмчилгээний баримтыг төлөхөд бэлэн байгаа. Хохирлыг ажил хөдөлмөр хийж байгаад барагдуулна. Хорихоос өөр төрлийн ял өгнө үү” гэв.

Хохирогч М.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр худгаас ус авч яваад мөргүүлсэн. Хэрэг гарах үед гадаа харанхуй байгаагүй. Толгойдоо эмчилгээ хийлгэхийг хүсэж байна. 6.551.242 төгрөгийн баримттай зардал гарсан бөгөөд 1.720.588 төгрөгийг шүүгдэгч төлсөн. Одоо эмчилгээний зардалд 4.830.650 төгрөг, сэтгэл санааны хохирол 10.000.000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Гомдолтой байна” гэв.

Эрүүгийн 1803000010065 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч М.Цын: “2017 оны 12 дугаар сарын 10-ны 17 цаг 10 минутын орчим явган хүний гарцаар зүүнээс баруун тийш усны тэргээ түрээд явж байсан. Тэгээд цаашаа юу болсныг мэдэхгүй байгаа. Нэг мэдэхэд Гэмтлийн эмнэлэгт байсан. Аль зүгээс ямар маркийн автомашин ирж мөргөсөн талаар юу ч мэдэхгүй байгаа. Ганцаараа явж байсан. Би согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Жолооч намайг эмнэлэгт хүргэж ирсэн байсан. Машины аль хэсэгт мөргүүлснээ мэдэхгүй байна. Ослын улмаас зүүн хөл, шилбэ хэсгээрээ хугарсан, тархи, эрүүндээ гэмтэл авсан, шүд хугарсан. Гадаа гэгээтэй, үзэгдэх орчин чөлөөтэй, зам хуурай байсан. Эрүүл саруул болж авмаар байна, гомдолтой байна, эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-23-24/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Д-н: “М.Ц нь гэрийн асаргаанд явж чадахгүй, хугарсан зүүн хөлийн дагуу эмзэглэл ихтэй, толгой өвдөлттэй байгаа. Барагцаагаар 900.000 орчим төгрөгийн зардлыг барагдуулаад байна. Гомдолтой байна. Эмчилгээний болон бусад зардлыг нэхэмжлэх болно” гэх мэдүүлэг /хх-28-29/,

Иргэний хариуцагч П.Гийн: “Тоёота приус-11 маркийн 49-11 УНТ дугаартай автомашин миний эзэмшлийн автомашин. 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 12 цагийн орчим ах П.Г-эхнэрийнхээ ээж дээр очино гээд автомашиныг авч явсан. Миний зөвшөөрлөөр авч явсан, даатгал дээр Гантулга ах бид хоёрын нэр бичигдсэн байдаг. Эмчилгээний зардлыг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Хохирлын асуудлыг шийдвэрлэнэ...” мэдүүлэг /хх-58/,

Гэрч Х.Н-ийн: “...Автомашиныг Гантулга жолоодоод замын хоёрдугаар эгнээгээр ойролцоогоор 40 орчим км/цагийн хурдтай урдаас хойшоо чиглэлд явж байтал гэв гэнэт бөмбөг унаад ирсэн юм шиг урд салхины шил цөмрөөд орчихсон. ...Нэг хүн замын голд хэвтэж байсан. Би хохирогчийг ерөөсөө хараагүй. Ганцаараа л явж байх шиг байсан, явган хүний гарцаар гарч байсан эсэхийг мэдээгүй. ...Тоормос гишгээд л зогссон” гэх мэдүүлэг /хх-62/,

Гэрч Ц.Э-н: “2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 17 цагийн орчим хамтран амьдрагч М.Ц ганцаараа усны тэрэг дээрээ 70 литрийн канистр тавиад “усанд явлаа” гээд явсан. Ц-ыг 20-30 минут хүлээгээд ирэхгүй болохоор нь гайхаад худаг руу явж байтал зам дээр буюу явган хүний гарцан дээр манай тэрэг онхолдчихсон, тэр хавиар ус асгарчихсан байсан. Би канистраа очоод авах гэтэл хажуу талаас цагдаа ирээд “наад усны тэрэгтээ битгий хүр” гэж хэлэхээр нь “яасан, юу болсон юм бэ?” гэж асуутал “саяхан явган хүний гарцан дээр энэ усны тэрэг түрээд явган хүний гарцаар гарч явсан эмэгтэй хүнийг машин мөргөсний улмаас тэр эмэгтэй хүн гэмтэж, түргэн тусламжийн эмч ирээд аваад явсан” гэж хэлсэн. Ц-ыг зам тээврийн осолд орсон талаар мэдсэн. Замын цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүн ирж ослын газар хэмжилт, хэргийн газрын үзлэгийг хийж дуусгаад жолоочийн хамт Гэмтлийн эмнэлэг дээр очсон. Ц- явж чадахгүй, түрдэг орон дээр хэвтчихсэн, ам хамар нь цус болчихсон байсан. Ц- согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй” гэх мэдүүлэг /хх-65/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.12.19-ний өдрийн 86 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Ц-ын биед баруун ухархайн гадна хананаас суурь ясны баруун их далавч хүрсэн шугаман хугарал, зүүн шилбэний ясны ил хугарал, эрүү ясны хугарал, баруун 9-р хавирганд хугарал, эрүүнд шарх, баруун зовхи, эрүүний доор, баруун шуу, баруун өвдөг, зүүн тохой, зүүн шуунд цус хуралт, баруун хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойд цус хуралт, зулгаралт, баруун тавхайн дээр зулгаралт зүүн шилбэнд цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд, авто ослын үед үүсгэгдэх боломжтой байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-68/,

Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2017.12.22-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд: “1. Уг автомашины урд болон хойд хоёр дугуйн тоормосны хүчний хэмжээ, зүүн болон баруун гар талын ойрын гэрлийн тусгалын тохиргоо хэвийн, холын гэрлийн тусгалын хүч стандартын шаардлага хангаж байна. Мөн зогсоолын тоормос хэвийн ажиллагаатай байв. Дугуйн хээний гүн, хийн даралт нь стандартын шаардлага хангаж байна. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 16 мм, тэнхлэг тохиргоо алдагдсан. ...Хурдны хайрцаг, ерөнхий дамжуулга, хөдөлгүүрээс тос гоожсон, жолооны удирдлагын дамжуулга /шарнер/ хөдөлгөөн орсон эвдрэл, гэмтэлтэй байна. Автомашины ерөнхий байдлын хувьд зүүн гар талын крыло дээд, доод хэсэгтээ зурагдсан, копуд зүүн гар талын урд хэсэгтээ хонхойсон, салхины шил зүүн гар талдаа цөмөрч хагарсан, зүүн гар талын толины гадар харагсан, урд буфер зүүн гар талын дугуйрсан хэсэгтээ цуурсан, зүүн гар талын оврын гэрлийн чийдэн асахгүй, хойд буфер баруун гар талын дугуйрсан хэсэгтээ халцарч замаска нь хагарч будаг нь халцарсан хуучин сэвтэй, зүүн гар талын хойд крыло будаг нь халцарч замаска нь гарсан будаггүй хуучин сэвтэй, дугаарын гэрлийн зүүн гар тал, тоормосны гэрлийн зүүн гар талын гэрлийн чийдэн тус тус асахгүй эвдрэл, гэмтэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. 3. 4. ...Зүүн гар талын крыло дээд, доод хэсэгтээ зурагдсан, копуд зүүн гар талын урд хэсэгтээ хонхойсон, салхины шил зүүн гар талдаа цөмөрч хагарсан, зүүн гар талын толины гадар харагсан, урд буфер зүүн гар талын дугуйрсан хэсэгтээ цуурсан эвдрэл гэмтэл нь тухайн зам тээврийн ослоос үүссэн тул уг зам тээврийн осолд нөлөөлөхгүй. Харин зүүн болон баруун гар талын рулийн шарнер хөдөлгөөн орсон, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -16 мм буюу тэнхлэг тохиргоо алдагдсан нь жолоодлого хийхэд хүндрэх, зам онохгүй байх, дугуй жигд бус элэгдэх зэргээр жолоочид нөлөөлнө. 6. Уг автомашины тоормосны систем битүүмж алдагдаагүй, ажлын болон зогсоолын тоормос хэвийн ажиллагаатай эвдэрч гэмтсэн зүйлгүй байна” гэжээ /хх-74-83/,

Мөрдөгчийн 2018.01.12-ны өдрийн 000007 дугаар магадлагаанд: “...6. Шинжилгээний үр дүн, тогтоогдсон нөхцөл байдлын талаар: 1. “Тоёота Приус 11” маркийн 49-11 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч П.Г-нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч М.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна...” гэжээ /хх-86-87/,

Шүүгдэгч П.Г-яллагдагчаар өгсөн: “Би сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг, буудлын замын орчимд төрсөн дүү П.Ган-Эрдэний эзэмшлийн цагаан өнгийн “Тоёота Прус 11” маркийн 49-11 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон кабиндаа эхнэр Х.О, хадам эгч Х.Н, бага насны гурван хүүхдийн хамт Баянхошуу руу гэр рүүгээ харих зорилгоор ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлтэй, зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр ойролцоогоор 40-50 орчим км/цагийн хурдтай явж байтал гэнэт машины зүүн урд хэсэгт харанхуйлаад л түс гээд явчихсан. Тэгэхээр нь би тэр даруй тоормосоо гишгэж зогсоод машинаасаа буугаад харахад замын голд нэг эмэгтэй хүн дээшээ хараад хэвтэж байсан. Энэ үед л би хүн мөргөснөө мэдсэн. Тэгээд би өөрийн дугаараас 103-т удаа дараа залгаж дуудлага өгтөл утасны цэнэг дуусаад тасарсан. Улмаар би замынхаа ойр орчим руу харсан чинь замын зүүн талаар цагдаа ганцаараа алхаад явж байхаар нь би очоод “ахаа надад туслаач” гэж хэлсэн чинь тэр ахын утсаар 102-т дуудлага өгсөн. Түргэн тусламж ирж тэр эмэгтэй хүнийг үзээд Гэмтлийн эмнэлэг рүү авч явахаар болсон. Дараа нь Замын цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүн ирж ослын газарт хэмжилт, хэргийн газрын үзлэг хийсэн. Ослын улмаас миний жолоодож явсан машинд урд салхины шил хагарсан. ...Явган зорчигчийг явган хүний гарцаар гарч явахыг хараагүй. Осол болох үед миний явж буй урсгал сийрэг, харин эсрэг талын урсгал нэлээн их машинтай байсан. Миний зүгээс хохирогчийн эмчилгээний зардалд одоогийн байдлаар нийт 1.7 сая төгрөгийг барагдуулаад байгаа. Цаашид хохирогчийн эмчилгээний зардлыг барагдуулахад татгалзах зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-93/,

Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-11/, зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах тэмдэглэл /хх-12/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах тэмдэглэл /хх-13/, “Номгон гол” ХХК-ийн тодорхойлолт /хх-31/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүсэлт /хх-32/, “Наран тойром” ХХК-ийн тодорхойлолт /хх-33/, хохиролтой холбоотой баримтууд /хх-34-53, 106-110/, өвчний түүх /хх-112-130/, хохирогчийн эмчилгээтэй холбоотой баримтууд /хх-54-55/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-94/, шүүгдэгчийн хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-95/, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа /хх-96/, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-97/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг болон шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн дансны дэлгэрэнгүй хуулга, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой буюу хугацаат цэргийн албанаас түр чөлөөлөх тухай мэдэгдэл, Д.П-гийн эмнэлгийн бичиг зэрэг баримтыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч П.Г-нь 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 17 цаг 05 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, “Шижир” хүнсний дэлгүүрийн баруун замд П.Г-н эзэмшлийн “Тоёота Приус” маркийн 49-11 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэж заасныг зөрчиж явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч М.Цыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч М.Цын “...явган хүний гарцаар зүүнээс баруун тийш усны тэргээ түрээд явж байсан. Тэгээд цаашаа юу болсныг мэдэхгүй байгаа. Нэг мэдэхэд Гэмтлийн эмнэлэгт байсан. Аль зүгээс ямар маркийн автомашин ирж мөргөсөн талаар юу ч мэдэхгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-23-24/, гэрч Х.Н-ийн “...Автомашиныг Гантулга жолоодоод замын хоёрдугаар эгнээгээр ойролцоогоор 40 орчим км/цагийн хурдтай урдаас хойшоо чиглэлд явж байтал гэв гэнэт бөмбөг унаад ирсэн юм шиг урд салхины шил цөмрөөд орчихсон. ...Нэг хүн замын голд хэвтэж байсан. Би хохирогчийг ерөөсөө хараагүй. Ганцаараа л явж байх шиг байсан, явган хүний гарцаар гарч байсан эсэхийг мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-62/, гэрч Ц.Энхболдын “...Ц-ыг 20-30 минут хүлээгээд ирэхгүй болохоор нь гайхаад худаг уруу явж байтал зам дээр буюу явган хүний гарцан дээр манай тэрэг онхолдчихсон, тэр хавиар ус асгарчихсан байсан. Тэгээд хамтран амьдрагч Ц-ыг зам тээврийн осолд орсон талаар мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-65/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.12.19-ний өдрийн 86 дугаар шинжилгээ /хх-68/, шүүгдэгч П.Г-яллагдагчаар өгсөн “...зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр ойролцоогоор 40-50 орчим км/цагийн хурдтай явж байтал гэнэт машины зүүн урд хэсэгт харанхуйлаад л түс гээд явчихсан. Би тэр даруй тоормосоо гишгэж зогсоод машинаасаа буугаад харахад замын голд нэг эмэгтэй хүн дээшээ хараад хэвтэж байсан. Энэ үед л би машинаа жолоодож явахдаа хүн мөргөсөнөө мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-93/ болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байх тул шүүгдэгч П.Г-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан буюу автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч М.Цын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд тэрээр “Эмчилгээний зардалд 6.551.242 төгрөг, хууль ёсны төлөөлөгчийн ажилгүй байсан 1 сарын цалин 800.000 төгрөг, өөрийн ажилгүй байсан 4 сарын цалин 1.200.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 10.000.000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэжээ.

Хэрэгт авагдсан баримтаар эмчилгээний зардалд 1.075.689 төгрөг, шатахууны зардалд 670.300 төгрөг, хоол хүнсний зардалд 669.619 төгрөгийн хохирол тогтоогдлоо. Түүнчлэн хэрэгт авагдсан хохирлын гэх бусад баримт нь энэ хэрэгт хамааралгүй, жишээ нь Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-т суудлын автомашины үзлэгийн хураамж 22.000 төгрөг /хх-43-ийн ард/, мөн гэмт хэрэг гарахаас өмнөх хугацааны баримтууд /хх-39/, хохирогчийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үеийн шатахууны болон хоол хүнсний зардлуудын баримт байгааг харгалзан шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.   

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн төлөгдсөн гэх хохирлын баримтууд /хх-106-110/-аас Б.Б-н эрүүл мэндийн даатгалын төлбөр 76.194 төгрөг /хх-110/ энэ хэрэгт хамааралтай эсэх нь тогтоогдоогүй, “Дуб” ХХК-д төлсөн толгой /тархины ерөнхий бүтэц, гавлын яс, дайвар хөндий, хамар/ 120.000 төгрөгийн баримтыг давхардаж хэрэгт авагдсан гэж үзэн төлөгдсөн гэх хохирлын дүнгээс хасаж тооцсон болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн ажилгүй байсан хугацааны буюу 1 сарын цалин 800.000 төгрөг, хохирогчийн ажилгүй байсан хугацааны буюу 4 сарын цалин 1.200.000 төгрөг, сэтгэл санааны хохирлын талаар тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул, мөн цаашид гаргах эмчилгээний зардлын баримтаа жич бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдаж байна.

Өөрөөр хэлбэл хохирогч, хууль ёсны төлөөлөгч нарын ажилтай болох, цалин хөлс авдаг болох нь “Номгон гол” ХХК, “Наран тойром” ХХК-ийн тодорхойлолт /хх-31, 33/-уудаар тогтоогдож байгаа хэдий ч тэдгээрийг нотлосон бусад баримт бичиг, нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул тодорхой тооцоо гаргах бололцоогүй байна гэж шүүх дүгнэв.

Иймд 2.415.608 төгрөгийн хохирол баримтаар тогтоогдсоноос шүүгдэгч П.Г-1.748.174 төгрөг төлсөн болох нь тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй тул үлдэх хохирол болох 667.434 төгрөгийг шүүгдэгч П.Гантулга, иргэний хариуцагч П.Ган-Эрдэнэ нараас 6 /зургаа/ сарын хугацаанд гаргуулж, хохирогч М.Ц /Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Ногоочины 1 дүгээр гудамж, 05 тоотод оршин суух, РД-ХЖ73011803/-д олгохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Хохирлоо зохих хэмжээгээр төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч П.Г-тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” гэж,

хохирогчийн өмгөөлөгч “Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг харж үзнэ үү” гэж,  

шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эмнэлгийн тусламж үзүүлсэн, ар гэрийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, шүүхийн тогтоосон хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг хэрэглэж өгнө үү...” гэж,

хохирогч “Намайг буруутай юм шиг хэлж байгаад гомдолтой байна. Хохирлоо барагдуулахыг хүсэж байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан, мөн улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн шүүгдэгч П.Гантулгад тухайн зүйл, хэсэг, заалтад заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Хэдийгээр шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргаагүй, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа боловч шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч явсан зорчигчийг мөргөсөн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хүнд хохирол учирсан, хохирогч гомдолтой байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг бүрэн арилаагүй/, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус дүгнэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг хэрэглэж өгнө үү” гэх эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч П.Г-жолоочийн В ангиллын 1ввввв дүгээр үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.Г-урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б овогтой П Г-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч П.Г-тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жилийн хугаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.Г-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г-д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг тус тус баримтлан шүүгдэгч П.Г иргэний хариуцагч П.Г нараас 667.434 /зургаан зуун жаран долоон мянга дөрвөн зуун гучин дөрөв/ төгрөг гаргуулж, хохирогч М.Ц /.......... /-д олгосугай. 

6. Хохирогч М.Ц ажилгүй байсан хугацааны цалин, бусад хохирол, хор уршигтай холбоотой болон цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.Г-урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч П.Г-жолоочийн В ангиллын ... дүгээр үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд П.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ                                   Л.БААТАР