| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 307/2025/01577/И |
| Дугаар | 307/ШШ2025/01496 |
| Огноо | 2025-09-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 307/ШШ2025/01496
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:307/2025/01577/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, ******* байр, ********тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /утас: 99378078/-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч ********,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ******** нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нь 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын байцаагчийн тодорхойлолт, иргэний үнэмлэх, 1654 дугаартай үнэмлэх, Баянхонгор аймгийн Ц.Магсаржавын нэрэмжит нэгдсэн больницын даргын 1990 оны 07 сарын 17-ны өдрийн 87 дугаартай тушаал, 1991 оны 12 сарын 11-ний өдрийн 187 дугаартай тушаал, 1992 оны 02 сарын 01-ний өдрийн 17 дугаартай тушаал, 1993 оны 07 сарын 02-ний өдрийн 69 дугаартай тушаал, фото зураг, Баянхонгор аймгийн Архивын тасгийн лавлагаа, Дархан хотын Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн 1994 оны 08 сарын 11-ний өдрийн Б/129 дугаартай тушаал зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
3. Шүүхийн журмаар ******** гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч ********ийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
2. Хүсэлт гаргагч ******** нь 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт ажиллаж байсан болохыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус заажээ.
4. Хүсэлт гаргагч ******** нь ажилд орсон, гарсан тушаал байхгүй үндэслэлээр шүүхэд хүсэлт гаргасан нь дээрх хуульд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байх тул тус шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.
5. Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан Баянхонгор аймгийн Ц.Магсаржавын нэрэмжит нэгдсэн больницын даргын 1990 оны 07 сарын 17-ны өдрийн 87 дугаартай тушаал, 1991 оны 12 сарын 11-ний өдрийн 187 дугаартай тушаал, 1992 оны 02 сарын 01-ний өдрийн 17 дугаартай тушаал, 1993 оны 07 сарын 02-ний өдрийн 69 дугаартай тушаал, фото зураг, Баянхонгор аймгийн Архивын тасгийн лавлагаа, Дархан хотын Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн 1994 оны 08 сарын 11-ний өдрийн Б/129 дугаартай тушаал зэргийг шинжлэн судлав.
6. Дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шүүх энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, ажиллаж байсан үйл явдлыг нотолсон, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хүсэлт гаргагч ********ийг Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сувилагчаар ажиллаж байсан болохыг тогтоож, ********ийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* овогт ******* ******** Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сувилагчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА