Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 325

 

 

 

 

 

 

 

2018            4            16                                     325

 

 

                            

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг,

улсын яллагч Б.Энхбат,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Өлзийбаяр,

шүүгдэгч Б.Г-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Б.Г-холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1708008800120 дугаар хэргийг 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

овогт Б-ын Г /РД:/.

Яллагдагч Б.Г-нь 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, .........тоотод оршин суух иргэн С.А-монгол гэрийн хаалгыг эвдэн нэвтэрч ММБС олон сувгийн антен, Самсунг маркийн гар утас, зэс аяга, эмэгтэй савхин хүрэм, хонины мах, монгол гутал зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэх гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Г-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр ажил уруугаа явж байгаад А-гэр рүү өөрийн зэс аягаа авах гэж орсон. Ус уучихаад өөр эд зүйл аваад гарсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Өндөр настай ээжтэйгээ амьдардаг байдлыг харгалзан үзнэ үү” гэв.

Эрүүгийн 1708008800120 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч С.А-: “2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 13 цагийн үед би гэрээ түгжээд айлд очоод 14 цаг өнгөрөөгөөд гэртээ ирэх үед гэрийн хаалгыг эвдээд унагаачихсан, гэр орны хамаг эд зүйлийг буулгаад хаячихсан байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Гудамжны үзүүрт байх түүхий эд авдаг хүнтэй уулзахад Ганбаа гэх залуу танай гэрээс шар шуудайтай зүйл өргөөд гарч байсан гэсэн. Би цагдаа нарын хамт Г-ийн амьдардаг гэх очтол манай гэрээс алдагдсан зурагтын антен, аяга гарч ирсэн. Манайхаас алдсан Самсунг брендийн гар утас, эхнэрийн савхин хүрэм, бүтэн хонины мах, өвлийн монгол гутал зэрэг эд зүйлс байхгүй байсан. ...Гэрийн хаалгыг эвдээд дахиж ашиглахааргүй болгосон байсан...” гэх мэдүүлэг /хх-30-31, 33-34, 36/,

Гэрч Н.С-н: “...2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 11 цагийн үед байх би ажил дээрээ байж байгаад замын ар тал уруу харахад энэ хавиар архи уугаад яваад байдаг Ганбаа гэх залуу хулгай орсон гэх айлын урдаас шуудайтай зүйл аваад зүүн тийшээ явсан. ...Харин хулгай орсон гэх айлын залуу манайд хулгай орсон байна, та харсан уу гэхээр нь би танай урдуур Ганбаа шуудайтай зүйл аваад явж байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-22-23/,

Гэрч Д.И-ийн: “...Г- дагаад Их нарангийн нүүрний гудамжинд байх нэг танихгүй айлын хашаанд ороход тэр айлын гэр цоожтой байсан. Ганбаатар тэр айлын жорлонд бие засаад үлдсэн. Би тэр айлын хашаанаас гараад дээшээ явж шил, түүхий эдийн цэг дээр шил ялгаад байж байсан. Үдээс хойш Амаржаргал цагдаа дагуулж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-24-25/,

“Дамно” ХХК-ийн 2018.03.02-ны өдрийн 18-34 дүгээр хөрөнгийн үнэлгээний тайланд: “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 8 сарын 11-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 394.400 төгрөгөөр үнэлэгдэв” гэжээ /хх-82-83/,

“Дамно” ХХК-ийн 2018.03.19-ний өдрийн 18-42 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд: “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 8 сарын 11-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 3.600 төгрөгөөр үнэлэгдэв” гэжээ /хх-88-89/,

Шүүгдэгч Б.Г-сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороонд байх Их наранд цэргийн “онжав” Идрээ гэх залуутай тааралдаж 0.5 литрийн “Шим” гэх нэртэй архийг 2-3 шилийг хувааж уусан. Тэгээд би Идрээгээс салаад ажил руугаа явж байгаад урд нь гэрээр орж гарч байсан Амаа гэх /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ айлд согтуу гэрийх нь хаалга онгорхой байхаар нь ороод нэг зэс аяга, зурагтын DDISH төхөөрөмж, антенн, зэргийг нь хулгайлж аваад гэртээ унтаж байтал нэг мэдсэн хүн татаад сэрээтэл 3-4 цагдаа зогсож байсан. Тэгээд тухайн цагдаа нар миний хулгай хийсэн эд зүйлсийг орон дээр байх үед нь хураагаад аваад явсан. Тухайн айлаас би савхин хүрэм, гар утас зэргийг хулгай хийж аваагүй. Миний хулгай хийсэн бүх зүйлийг цагдаа нар ирээд хураагаад явсан. Би тухайн үед архи уусан байсан, тэгэхдээ болсон үйл явдлыг би сайн санаж байна.

…Надад сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би айлын хаалга эвдэж ороогүй, ус уух гээд гаднаас тэднийд очих үед гэрийн хаалга нь онгорхой байсан. ...Одоо надад өөр төлөх хохирол байхгүй гэж бодож байна, би хохирлоо бүрэн барагдуулсан. А-бусад нэхээд байгаа зүйлүүдийг би аваагүй, намайг очиход тэдний гэрийн хаалга онгорхой байсан. Надаас өмнө хулгай орсон байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-62-63, 70-71/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6, 7-9, 14-15/, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-11-15/, илтгэх хуудас /хх-16/, хураан авсан эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-19/, Асап сангийн лавлагаа /хх-39-40/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-53/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-74/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-75/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгуулах хуудас /хх-76/, албан бичиг /хх-77/, шүүхэд ирүүлсэн хохирогчийн хүсэлт /хх-105, 106/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Г-согтуурсан үедээ 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 1-7 тоотод оршин суух иргэн С.А-хүн байнга амьдрах орон байр болох монгол гэрийн хаалгыг эвдэн нэвтэрч “MNBC” олон сувгийн антен, “Самсунг” маркийн гар утас, зэс аяга, эмэгтэй савхин хүрэм, хонины мах, монгол гутал зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтууд буюу мөрдөн байцаалтад өгсөн хохирогч, гэрч, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Г-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч С.А-448.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд “МNВС” олон сувгийн антен, зэс аяга зэргийг биет байдлаар буцаан өгсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч С.Амаржаргал “...327.800 төгрөгийг бэлнээр хүлээн авлаа. Г-т гомдол саналгүй” гэх хүсэлт /хх-105, 106/ шүүхэд ирүүлснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч Б.Г-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Ялтай байдал нь 2015 оны Өршөөлийн хуульд хамаарна. Хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар ялын доод хэмжээ болох 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлт гаргалаа. 

Шүүх учруулсан хохирлоо төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /эрүүл мэндийн байдал/-ыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хэсэгт зааснаар 1 жил 03 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд “Тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялын доод хэмжээг багасгаж 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү” гэх шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Г-2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 /хоёр/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Г-хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Д овогт Б-ын Г- хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Г-01 /нэг/ жил 03 /гурав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Г-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-урьдчилан хоригдсон 2 /хоёр/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.  

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Г-бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.   

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Г-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ                                 Л.БААТАР