Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2024/ДШМ/36

 

Х.С-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,   

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/138 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Х.С-д холбогдох эрүүгийн 2413000000082 дугаартай, 1 хавтастай хэргийг шүүгдэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэж 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд прокурор М.Парида, шүүгдэгч Х.С-, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Айбек, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу, орчуулагч М.Нурасыл нар оролцов.     

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс *****, **** оны ** дугаар сарын **-ны өдөр **** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ** хүнтэй, **** хамт ****** багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Ж овогт Х.С-, /РД:**********/.

 

2. Шүүгдэгч Х.С- нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 18 цагийн орчимд  Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт гэр лүүгээ явж байсан насанд хүрээгүй хохирогч Б.А-ыг хуурч, түүний эзэмшлийн “Самсунг А03” загварын гар утсыг шилжүүлэн авч,  насанд хүрээгүй хохирогчид 400000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах,

2023 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 01-ний  өдрийн хооронд Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Е.Ж-ийн өвөлжөөний амбаарт хууль бусаар нэвтэрч,  хохирогчийн эзэмшлийн “Мустанг-5”  загварын мотоциклын 4 ширхэг овуудтай дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид  600,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

3. Прокурорын 2024 оны  3 дугаар сарын 29-ний  өдрийн 75 дугаар яллах дүгнэлтээр Х.С-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар тус тус зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.     

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн  2024/ШЦТ/138 дугаар шийтгэх тогтоолоор: 

4.1. Шүүгдэгч Ж овогт Х.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн”, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч” залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

4.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.С-д 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж,

4.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Х.С-д эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар буюу Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж,

4.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Х.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялд нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 2 (хоёр) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар тогтоож,

4.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С-д оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.

 

5. Шүүгдэгчийн давж заалдах гомдолд:

5.1. Х.С- намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

5.2. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хуралдаж шүүгдэгч Х.С- намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар мөн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дэх хэсгийг хэрэглэхгүйгээр биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоосон.

5.З. Шүүгдэгч Х.С- би анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, хохирогчийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан, сайн дураараа хохирогчтой эвлэрсэн би хууль зүйн үг дагаврыг бүрэн ойлгосон.

5.4. Хохирогч нар нь хэргийг хөнгөрүүлж шийдвэрлэх талаар саналаа хэлсэн боловч анхны шатны шүүх анхаарч үзээгүй.

5.5. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 06-ны  өдрийн 2024/ШЦТ/138 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолд зохих журмын дагуу өөрчлөлт оруулан, Х.С- надад оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг багасгаж өгнө үү.

 

6. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлт:

6.1. Шүүгдэгч Х.С-д оногдуулсан ял нь гэмт хэргийн үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэргийн шинж, мөн шүүгдэгчийн  хувийн байдалд нь тохирсон. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д хулгайлах гэмт хэргийн санкцын хамгийн доод хэмжээ нь хоёр жилээс найм жил хүртэл хугацаатай хорих ял оногдуулахаар заасан. Анхан шатны шүүх нь хамгийн доод хэмжээний хоёр жилийн хорих ялыг өгсөн байна.

6.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зургаан сараас гурван жилийн хооронд зорчих эрхийг хязгаарлах санкцтай байдаг. Мөн анхан шатны шүүх нь үүний хамгийн доод хэмжээний буюу зургаан сарын хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан байх тул  анхан шатны шүүхийн шийдвэрийн хэвээр үлдээж өгнө үү.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            7. Анхан шатны шүүхийн шүүгдэгч Х.С-д холбогдох эхний үйлдэл холбогдлын талаар буюу хэргийн үйл баримтын тухай дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангин 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.

 

8. Прокурорын 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 75 дугаар яллах дүгнэлтэд шүүгдэгч Х.С-ын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 18.00 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт, хичээлээсээ тараад гэр лүүгээ харьж байсан 10 настай буюу бага насны хүү Б.А-ыг “би чиний ах чинь байна, аав, ээж, эгч нарыг чинь мэднэ. Ахдаа утсаа түр өгч байгаарай, найзтайгаа утсаар ярьчхаад буцаагаад өгнө” гэж авчхаад, бага насны хүүхдийн гар утсыг сэмхэн авч зугтаж өөрийн өмчлөлдөө шилжүүлсэн үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/185 дугаар “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” шүүгчийн захирамжаар (3.2.) шүүгдэгчийн бага насны хүүхдийн гар утсыг нь авч явсан нөхцөл байдал нь дээрэмдэх гэмт хэргийн шинжтэй байгаа талаар дурдаж, (4.-т) шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн зүйлчлэх, мэдүүлэг өгөх эрхээр нь хангах, яллах дүгнэлтийг гардуулах зэрэг мөрдөн шалгах ажиллагааг шүүхээс тогтоосон хугацаанд хийж, хэргийг шүүхэд ирүүлэх талаар дурдаж, Х.С-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар 30 хоногийн хугацаагаар хойшлуулжээ.

Гэтэл Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Х.С-д холбогдох эрүүгийн хэргийг 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр анхан шатны шүүхэд буцаан хүргүүлэхдээ шүүгчийн дээрх захирамжид заасан мөрдөн шалгах ажиллагааг дутуу гүйцэтгэж, тодруулбал захирамжийн 3.1-т заасан таньж олуулах ажиллагааг нөхөн гүйцэтгэсэн боловч 3.2-т заасан ажиллагааг гүйцэтгээгүй ирүүлснийг анхан шатны шүүх үл анхаарч, анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/185 дугаар “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг алдагдуулсан байна.

 

9. Хэрэгт цугларсан нотлох баримтуудад тусгагдсан баримтат мэдээллээр хичээлээсээ тараад, харгалзах хүнгүйгээр ганцаараа гудамжаар гэр лүүгээ харьж байсан 10 настай хүүхдийн гар утсыг “би чиний ах шүү дээ, аав, ээж, эгч нарыг чинь мэднэ. Ахдаа утсаа түр өгч байгаарай, найзтайгаа утсаар ярьчхаад буцаагаад өгнө” гэж хүүхдийн гэнэн, итгэмтгий сэтгэл зүйн онцлогийг далимдуулан авчхаад, утсаар ярьж байсан дүр эсгэж байгаад сэмхэн авч зугтаж өөрийн өмчлөлдөө шилжүүлсэн Х.С-ын үйлдэл холбогдлыг анхан шатны шүүх (4.5-д) “...бага насны хүүхэд Б.А-ыг хууран мэхэлж, түүний эзэмшлийн гар утсыг авсан, насанд хүрээгүй хохирогч нь түүнд итгэж гар утсаа өгсөн нөхцөл байдал нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийн бусдыг хуурч, эд хөрөнгийг нь шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн үндсэн шинжүүдийг хэргийн үйл баримтад буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хуулийн хэрэглэвэл зохих хуулийн зүйл, хэсгийг хэрэглээгүй байна.

 

10. Залилах гэмт хэргийг үйлдэх аргуудын нэг болох хохирогчийг хуурч мэхлэх арга нь бусдын эд хөрөнгийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр бодит байдлыг гуйвуулах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар хохирогчийг төөрөгдүүлж эд хөрөнгийг, эсхүл эд хөрөнгийн эрхийг өөртөө шилжүүлэн авдаг субьектив талын үндсэн шинжээр нь залилах гэмт хэрэг үйлдэгдэж дуусдаг, залилж мэхэлж авсан эд хөрөнгийг хохирогчоос авч зугтах шаардлага байдаггүй, учир нь хохирогч өөрөө гэмт этгээдийн үйлдэлд бүр мөсөн итгэж, эд хөрөнгийг шилжүүлдэг бол бусдыг хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэргийн үндсэн шинж нь хохирогчийн бие махбод болон сэтгэл санаанд ямар нэг хүч хэрэглэхгүйгээр, ил аргаар түүний эд хөрөнгийг нь салган авч тэр даруйдаа хохирогчоос зугтан зайлсхийдэг шинжээрээ уг гэмт хэрэг нь дээрэмдэх гэмт хэргээс ялгаатай юм.

11. Хохирогч, бага насны хүүхэд нь шүүгдэгч Х.С-д өөрийнхөө утсыг түр хэрэглүүлж байна, тэрээр утсаар ярьчхаад буцаагаад өгнө гэсэн сэтгэхүйн ойлголттойгоор түүнд гар утсаа түр шилжүүлсэн, “би чиний ах шүү дээ, аав, ээж, эгч нарыг чинь мэднэ. Ахдаа утсаа түр өгч байгаарай, найзтайгаа утсаар ярьчхаад буцаагаад өгнө” гэх Х.С-ын гуйлтын дагуу утсаа түүнд бүр мөсөн өгөөгүй, түр шилжүүлсэн, харин Х.С- нь түүний гар утсыг түр ашиглаж байгаад буцаагаад өгнө гэж хуурч авчхаад, утсаар ярьж байсан дүр эсгэж байснаа сэмхэн зугтаж, хохирогчийн гар утсыг буцаан өгөхөөс зайлсхийсэн байх тул түүний үйлдэл холбогдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэж авах гэмт хэргийн шинж байгаа эсэх талаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийх шаардлагатай.

 

12. Иймд анхан шатны шүүх шүүгдэгч Х.С-ын бага насны хүүхдийн гар утсыг хуурч мэхлэн түр авсан үйлдэлд анхаарч, харин гар утсаар нь ярьж байгаа дүр эсгэж байгаад сэмхэн авч зугтан, буцаан өгөхөөс зайлсхийсэн үйлдэлд дүгнэлт хийхгүйгээр орхигдуулсан буюу “шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан”, мөн шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг тус тус баримталж хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд, шүүх хуралдааны шатанд буцаан хүргүүлэхээр  шийдвэрлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

13. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, шүүгдэгч Х.С- нь урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шатанд зөрчиж байсан, мөн тэрээр түүнийг шүүхээс албадан ирүүлэх тухай шүүгчийн захирамж гарсан талаар мэдмэгц Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас Баяннуур сум руу явж, шүүхэд хүрэлцэн ирэхээс зайлсхийсэн, шүүгчийн түүнийг албадан ирүүлэх тухай захирамжийг биелүүлээгүй зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул шүүгдэгчид шүүхийн шатанд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч байсан зэргийг харгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус баримтлан шүүгдэгчид хэргийг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн болно.

 

14. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг тус тус баримталж, дээр үндэслэлүүдээр хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч Х.С-ын “надад оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг багасгаж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтын “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь ... хүчингүй болгож” гэж заасныг тус тус удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/138 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Х.С-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус баримтлан шүүгдэгч Х.С-д хэргийг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хүртэл хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                Ж.Отгонхишиг

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК