| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 183/2024/03065/И |
| Дугаар | 192/шш2025/06798 |
| Огноо | 2025-09-03 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 192/шш2025/06798
2025 09 03 192/ШШ2025/06798
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******,,-д холбогдох,
Ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2024 оны 01 сараас 2025 оны 5 сар хүртэл хугацааны цалин 99,000,000 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны татвар нийгмийн даатгалын нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэх, контрактын гэрээний дагуу 140 мкв талбайтай орон сууц, суудлын машин гаргуулах, 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн хоорондох 1 жилийн цалин 66,000,000 төгрөг нөхөн гаргуулах, 2024 оны ээлжийн амралтын цалин 5,500,000 төгрөг, 2025 оны ээлжийн амралтын цалин 4,000,000 төгрөг гаргуулах тухай тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Цэнгүүн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Цэнгүүн нь хариуцагч “Хайрхан толгой коал” ХХК-д холбогдуулан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2024 оны 01 сараас 2025 оны 5 сар хүртэл хугацааны цалин 99,000,000 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны татвар нийгмийн даатгалын нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэх, контрактын гэрээний дагуу 140 мкв талбайтай орон сууц, суудлын машин гаргуулах, 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн хоорондох 1 жилийн цалин 66,000,000 төгрөг нөхөн гаргуулах, 2024 оны ээлжийн амралтын цалин 5,500,000 төгрөг, 2025 оны ээлжийн амралтын цалин 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “Миний бие Г.Цэнгүүн нь 2019 оны 08 сарын 01-нд Хөдөлмөрийн гэрээ байгуулж “Хайрхан Толгой Коал” ХХК-д уурхайн даргаар ажилд орсон. Ажиллаж байх хугацаанд компанийн зүгээс 2019 оны 08 сарын 26-ний өдөр Контракт гэрээг нэмэлтээр байгуулсан. Ингээд тус компанид 2019 оны 08 сарын 01-ний өдрөөс 2024 оны 2 сарын 02 ныг хүртэл тасралтгүй ажилласан. Сарын цалин 5,500,000 төгрөг авдаг байсан. Мөн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн хоорондох 1 жилийн цалингүй ажилладаг байсан. Ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн гэрээ болон компанийн дотоод дүрэмд заасны дагуу өөрийн үүрэгт ажлыг сайн гүйцэтгэж ирснээс гадна удирдлагуудаас өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайд сайн биелүүлж ирсэн. Ямар нэг хөдөлмөрийн сахилга хариуцлага алдаж байгаагүй. Гэтэл 2024 оны 01 сарын 02-нд ажлын байрны орон тоо цөөрсөн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгч, улмаар 2024 оны 02 сарын 02-нд ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. Миний бие тухайн ажлаас чөлөөлсөн 2024 оны 02 сарын 02 ны өдрийн 02/24 тоот тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй. “Хайрхан Толгой Коал" 'ХХК-ийн хувьд өнөөдрийг болтол Уурхайн үйл ажиллагаа нь хэвийн жигд явагдаж байгаа. Уурхайн даргын орон тоо ч хэвээрээ цомхтголд ороогүй. Мөн контрактын гэрээнд заасан ажлын нэмэлт хөлс болох 140 м/кв-т орон сууц.суудлын авто машин зэрэг нэмэлт цалинд өгөх эд зүйлийг өгөөгүй” гэжээ.
Хариуцагч “Хайрхан толгой коал” ХХК нь хариу тайлбартаа: “...Хайрхан толгой коал ХХК нь иргэн Г.Цэнгүүнтэй 2021.01.02-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. Хайрхан толгой коал ХХК болон нэхэмжлэгч Г.Цэнгүүн нарын хооронд Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 23.1-д заасан хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан бөгөөд хөдөлмөрийн харилцаа үүссэн. Харин Хайрхан толгой коал ХХК нь нэхэмжлэгч Г.Цэнгүүнтэй контракт гэрээг байгуулаагүй, 2019.08.01-ний өдөр ажилд томилсон тушаал гаргаагүй байх ба Г.Цэнгүүнтэй дээрх гэрээг хэзээ ч байгуулж байгаагүй. Мөн Хайрхан толгой коал ХХК нь нэхэмжлэгч Г.Цэнгүүнтэй 2019.08.26-ны өдөр контракт гэрээг байгуулсан байх боломжгүй бөгөөд тус гэрээг байгуулах шалтгаан, нөхцөл, хэрэгцээ байхгүй болно. Хариуцагч болон нэхэмжлэгч нар нь 2019.08.01-ний өдөр Контракт гэрээ байгуулаагүй болох нь тус гэрээнд заасан утга агуулга, логикийн зөрчилтэй олон заалтуудаас тодорхой харагдах бөгөөд холбогдох бусад баримт /НДШ төлөлтийн лавлагаа, дансны хуулга гэх мэт/-аар тогтоогдох юм. Хайрхан толгой коал ХХК-ийн 2023.12.28-ны өдрийн №28/23 тоот тушаалаар 2024 оны бүтэц, орон тоо батлагдсан бөгөөд Г.Цэнгүүний ажиллаж байсан уурхайн дарга гэх ажлын байр хасагдахаар болсон. Мөн Хайрхан толгой коал ХХК нь бодитоор уурхайн үйл ажиллагаа явуулж, олборлолт огт хийгээгүй бөгөөд орон нутгийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагааны улмаас өнөөдрийг хүртэл хугацаанд бодитоор олборлолт хийж уурхайн үйл ажиллагаа явуулаагүй. Хайрхан толгой коал ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80.4-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээ цуцлагдах талаар Г.Цэнгүүнд 30 хоногийн өмнө буюу 2024.01.02-ны өдөр бичгээр мэдэгдсэн. Улмаар 2024.02.02-ны өдрийн №02/24 тоот тушаалаар Г.Цэнгүүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1-д заасан үндэслэлээр цуцалж, холбогдох тэтгэмжийг олгохоор шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь хуульд заасан үндэслэлээр дуусгавар болсон. Мөн 2018 оны 07 дугаар сарын 31-нээс 2019 оны 07 дугаар сарын 31-ний хоорондох 1 жилийн хугацаанд ямар албан тушаалд. ямар ажил хийсэн нь тодорхойгүй. Ажлаас чөлөөлсөн тушаалд 2024 оны ээлжийн амралтын цалин 5,500,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацааны цалинд 5,500,000 төгрөг , Хөдөлмөрийн гэрээний 3.3. дахь хэсэгт заасны дагуу 5 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгоно гэж заасан байх тул энэ хэсгийг нь зөвшөөрнө. Бусад шаардлагыг зөвшөөрөхгүй” гэжээ.
Нэхэмжлэгчээс 2021.01.02-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний хуулбар, 2019.02.26-ны өдрийн Контрактын гэрээний хуулбар, 2019.08.01-ны өдрийн Б/06 дугаартай ажилд томилох тухай тушаалын хуулбар, 2024.01.02-ны өдрийн 24/01 дугаартай мэдэгдэх хуудас, 2024.02.02-ны өдрийн 02/24 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024.02.28-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, иргэний үнэмлэхний хуулбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2024.04.03-ны өдрийн шүүгчийн захирамж, 2024.04.19-ны өдрийн шүүгчийн захирамж, нийгмийн даалтгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн.
Хариуцагчаас 2024.05.24-ны өдрийн 24/27 дугаартай итгэмжлэл, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хайрхан толгой коал ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023.12.28-ны өдрийн 28/23 дугаартай тушаалын хуулбар, Ө-ийн ажлын албаны хурлын шийдвэр хуулбар, Хайрхан толгой коал ХХК-ийн дүрэм хуулбар,-ийн шинэчилсэн дүрэм хуулбар, Монголын татварын албаны аж ахуйн нэгжийн тодорхойлолт, 2024.10.16-ны өдрийн 24/42 дугаартай итгэмжлэл, Хайрхан толгой коал ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 23/75 тоот албан бичиг хуулбар, Хайрхан толгой коал ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 23/74 тоот албан бичиг хуулбар, Хайрхан толгой коал ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 23/73 тоот албан бичиг хуулбар, Хайрхан толгой коал ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 12 өдрийн 23/66 тоот албан бичиг хуулбар, Хайрхан толгой коал ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 23/64 тоот албан бичиг хуулбар, Хайрхан толгой коал ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 23/46 тоот албан бичиг хуулбар, 2024.12.15-ны өдрийн 24/58 дугаартай итгэмжлэл, Хайрхан толгой коал ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Manda-ийн гадаад паспортын хуулбар, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч гаргасан мөрдөгчийн тогтоол хуулбар, Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, 2023.05.29-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний хуулбар, эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэлийн хуулбар, 2025.05.09-ны өдрийн 2330 дугаартай прокурорын тогтоолын хуулбар, “Хайрхан толгой коал” ХХК-д ажиллаж буй даатгуулагчийн 2019 оны 09 дүгээр сараас 2023 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл ноогдуулалт хуулбар, Хайрхан толгой коас ХХК-ийн дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн.
Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 192/ШЗ2025/27470 дугаартай захирамжаар Хайрхан толгой коал ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 23/51 дугаартай Үндсэн цалинг нэмэгдүүлэх тухай тушаалын хуулбарыг гаргуулан авсан.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч нь ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, татвар нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, Контрактын гэрээний дагуу 140 мкв-т орон сууц, машин зэргийг гаргуулах, 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн цалин 66,000,000 төгрөг нөхөн гаргуулах, 2024 оны ээлжийн амралтын мөнгө 5,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Хариуцагч нь 2024 оны ээлжийн амралтын цалин 5,500,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацааны цалинд 5,500,000 төгрөг , Хөдөлмөрийн гэрээний 3.3. дахь хэсэгт заасны дагуу 5 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж, нийт 38,500,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг нь зөвшөөрөхгүй гэж татгалздаг.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. Хайрхан толгой коал ХХК-ийн Захирлын 2019 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн 23/41 дугаартай тушаалаар Г.Цэнгүүнийг 2019 оны 08 сарын 01-ны өдрөөс эхлэн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах “Хайрхан толгой”-н уурхайд Уурхай хариуцсан даргаар томилсон.(хавтаст хэргийн 10 дахь тал)
3.2. Нэхэмжлэгч Г.Цэнгүүн нь хариуцагч Хайрхан толгой коал ХХК-тай 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Контракт гэрээ байгуулсан.(хавтаст хэргийн 7-9 дэх тал)
3.3. Нэхэмжлэгч Г.Цэнгүүн нь хариуцагч Хайрхан толгой коал ХХК-тай 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Уурхайн даргын албан тушаалд, 1,000,000 төгрөгийн үндсэн цалинтай, 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан.(хавтаст хэргийн 3-6 дахь тал)
3.4. Хайрхан толгой коал ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 28/51 дугаартай тушаалаар уурхайн даргын үндсэн цалингийн хэмжээг 2023 оны 06 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн 3,500,000 төгрөгөөр нэмэгдүүлж, 5,500,000 төгрөгөөр тооцож олгохоор шийдвэрлэсэн.(хавтаст хэргийн 140 дэх тал)
3.5. Хайрхан толгой коал ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 28/23 дугаартай тушаалаар 2024 оны компанийн бүтэц, орон тоог шинэчилэн батлаж, уурхайн дарга ажлыг байрыг хасч шийдвэрлэсэн.(хавтаст хэргийн 46 дахь тал)
3.6. Хайрхан толгой коал ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 24/01 дугаартай албан бичгээр ажлын байр хасагдсан үндэслэлээр Хайрхан толгой коал ХХК-ийн уурхайн даргын үүрэгт ажлаас чөлөөлөх болсон талаар мэдэгдэл гаргасан.(хавтаст хэргийн 11 дахь тал)
3.7. Хайрхан толгой коал ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 02/24 тоот тушаалаар Г.Цэнгүүнийг 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөр тасалбар болгож, үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцласан.(хавтаст хэргийн 12 дахь тал)
3.8.Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 24/07 дугаартай хуралдаанаар Г.Цэнгүүний гаргасан гомдол, түүний шаардлагын хүрээнд харилцан тохиролцуулж, шийдвэрлэхийг оролдсон боловч маргалдагч тал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэх үндэслэлээр урьдчилан шийдвэрлэх журмаар зохицуулж чадаагүй байна. (хавтаст хэргийн 14 - 15 дахь тал)
3.9. Зохигчид хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан тухайд, гэрээ хүчин төгөлдөр эсэх, Г.Цэнгүүнийг Хайрхан Хайрхан толгой коал ХХК-ийн Уурхай хариуцсан даргаар ажиллаж эсэхэд тухайд маргаангүй.
Харин Контактын гэрээний дагуу ажиллаж байсан эсэх, хууль бусаар ажлаас чөлөөлсөн эсэхэд маргаантай.
4. Хөдөлмөрийн тухай /1999 он/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3."хөдөлмөрийн гэрээ" гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог”, 22 дугаар зүйийн 22.1. “Өмчлөгч буюу түүнээс эрх олгогдсон этгээд нь өмчлөх эрхийнхээ тодорхой хэсгийг хэрэгжүүлэхдээ бусдын хөдөлмөрлөх үйл ажиллагааг, мөн ажил олгогч нь иргэний гоц буюу ховор авьяас, өндөр ур чадварыг хөлслөн авч ашиглах зорилгоор иргэнтэй контракт байгуулна” гэж тус тус заасан байх ба 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Контракт гэрээ гэх гэрээний агуулгаас үзэхэд контрактын гэрээ бус Хөдөлмөрийн тухай /1999 он/ хуулийн 21 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байна.
5. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1. “Үүрэг дараахь үндэслэлээр дуусгавар болно”, 236.1.3. “талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон” гэж заасан байх ба талууд 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн гэрээг дуусгавар болгосноор 140 мкв талбайтай орон сууц, суудлын машин, 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 31-нийг хүртэл цалингүй ажилласны нөхөн олговор олгох үүрэг, тохиролцоо дуусгавар болсон байна гэж шүүх үзлээ.
Өөрөөр хэлбэл, Ажилтан нь нэг ажил олгогчтой хоёр өөр гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд зэрэг оролцох боломжгүй тул нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.
Мөн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд хариуцагч Хайрхан толгой коал ХХК-д ажиллаж байсан болохоо нэхэмжлэгч Г.Цэнгүүн нотлоогүй байна.
Иймд 140 мкв талбайтай орон сууц, суудлын машин гаргуулах, 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн цалин 66,000,000 төгрөг нөхөн гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Нэхэмжлэгч Г.Цэнгүүнийг ажлаас чөлөөлсөн Хайрхан толгой коал ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 02/24 тоот тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт болон компанийн “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 2.9.7 дахь заалтыг үндэслэсэн байна.
Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 78 дугаар зүйлийн 78.1. “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дараах үндэслэлээр дуусгавар болно”, 78.1.9. “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан”, 80 дугаар зүйлийн 80.1. “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно”, 80.1.1-т “аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн” гэж тус тус заасан.
"Ажлын байр хасагдсан" гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгох бөгөөд хариуцагч байгууллага нь 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 28/23 дугаартай тушаалаар уурхайн даргын ажлын байрыг хасах шийдвэрийг гаргасан байна.
Аливаа байгууллага, аж ахуйн нэгж нь зорилгодоо нийцүүлэн, төсөвтөө багтаан дотоод зохион байгуулалт, бүтэц, орон тоогоо өөрчлөн тогтоож, тухайн шинээр тогтоосон бүтэц, орон тоогоор ажиллахын тулд өмнө ажиллаж байсан ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан үндэслэлээр цуцлах эрхтэй бөгөөд ажлын байр хасагдсан үндэслэлээр 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөр тасалбар болгон Г.Цэнгүүнийг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасантай нийцсэн байна.
7. Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-т “Халагдаж байгаа ажилтан тус бүрд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай энэ хуулийн 80.4-т заасны дагуу мэдэгдэнэ. Мэдэгдэл өгснөөс хойш 30-аас доошгүй хоногийн дараа хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцална” гэж заасан байх хариуцагч Хайрхан толгой коал ХХК нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах талаар зохих журмын дагуу мэдэгдсэн байна.
Иймд нэхэмжлэгч Г.Цэнгүүнийг ажлаас нь чөлөөлсөн Хайрхан толгой коал ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 02/24 тоот тушаал үндэслэлтэй байх тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2024 оны 02 сараас 2025 оны 5 сар хүртэл хугацааны цалин 93,500,000 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны татвар нийгмийн даатгалын нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэх, 2025 оны ээлжийн амралтын мөнгө 4,000,000 төгрөгийг гаргуулах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8. Харин хариуцагч Хайрхан толгой коал ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 2024 оны ээлжийн амралтын цалинд 5,500,000 төгрөг, 2024 оны 01 сарын 02-ны өдрөөс 2024 оны 02 сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 5,500,000 төгрөг, нийт 11,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Г.Цэнгүүнд олгохийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийн дагуу 11,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 190,950 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь хууль нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Хайрхан толгой коал ХХК-аас 2024 оны ээлжийн амралтын цалин 5,500,000 төгрөг, 2024 оны 01 сарын 02-ны өдрөөс 2024 оны 02 сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 5,500,000 төгрөг, нийт 11,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Цэнгүүнд олгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2024 оны 02 сараас 2025 оны 5 сар хүртэл хугацааны цалин 93,500,000 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны татвар нийгмийн даатгалын нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэх, контрактын гэрээний дагуу 140 мкв талбайтай орон сууц, суудлын машин гаргуулах, 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн хоорондох 1 жилийн цалин 66,000,000 төгрөг нөхөн гаргуулах, 2025 оны ээлжийн амралтын цалин 4,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Цэнгүүн нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 190,950 төгрөгийг хариуцагч Хайрхан толгой коал ХХК-аас гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР