Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2024/ДШМ/37

 

С.Д-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,   

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/140 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч С.Д-д холбогдох эрүүгийн 2413000750116 дугаартай, 2 хавтастай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч нарын тус тус гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд прокурор Я.Дина, шүүгдэгч С.Д-, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нургайып, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу, орчуулагч М.Нурасыл нар оролцов.     

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны **дугаар сарын **-ний өдөр Баян-Өлгий аймгийн *****суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *** хүнтэй, **** хамт ***** оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Т овогт С.Д-, /РД: **********/.

 

2. Шүүгдэгч С.Д- нь 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 3 дугаар /Ахкорим/ багийн нутаг дэвсгэр “Бөхөн уул” хэмээх газарт бэлчээрлэж байсан хохирогч Б.Б-ы өмчлөлийн 2 тооны үхрийг, хохирогч О.А-ийн өмчлөлийн 1 тооны үхрийг, нийт 3 тооны үхрийг буюу олон тооны бод малыг бэлчээрээс нь ****БӨТ улсын дугаартай “Hyunday porter-1” загварын тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлан авч, хохирогч Б.Б-д 1,500,000 төгрөгийн, хохирогч О.А-д 1,000,000 төгрөгийн хохирол тус тус учруулан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1. 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

3. Прокурорын 2024 оны  4 дүгээр сарын 26-ны  өдрийн 104 дүгээр яллах дүгнэлтээр

С.Д-н дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар тус тус зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.  

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн  2024/ШЦТ/140 дүгээр шийтгэх тогтоолоор: 

4.1. Шүүгдэгч Т овогт С.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “Бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Д-д 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж,

4.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-д оногдуулсан 3 /гурав/, жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

4.4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-гаас 1.799.980 /нэг сая долоон зуун ерэн есөн мянган есөн зуун наян/төгрөг гаргуулан хохирогч Б.Б-д, 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянган/ төгрөг гаргуулан хохирогч О.А- нарт олгож,

4.5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-н гэмт хэрэг үйлдэхэд ашигласан иргэн О.М-ийн эзэмшлийн “Нуunday роrtег-1” загварын тээврийн хэрэгслийн үнэ болох 6.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

5. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Алтайн давж заалдах гомдолд:

5.1. Хавтаст хэрэг дотор яллагдагч, шүүгдэгч С.Д-ийн бусдын малыг хулгай хийсэн үйлдэл нь огт нотлогдоогүй батлагдаагүй байна. Цагдаа, Прокурор нь дараах байдлаар түүнийг буруутгаж шүүхэд авч ирсэн. Үүнд: Жинхэнэ гэмт этгээд байж болзошгүй одоо гэрч гэж яваа хавь ойрдоо “Кө-” хочит К-ын мэдүүлгээр л Д-г яллахад нөлөөлсөн. Цагдаа нь шалгах явцад “Кө-” хочит К-ын үгэнд орж чулуу хөөж гэм буруутныг ял завшуулахад нөлөөлж баримт материал бүрдүүлсэн гэж шууд үзэх үндэслэлтэй байна.Учир нь: Ганц нотлоод буй гэх гэрч нь “Кө-” хочит К- юм. Тэр “Надад Д- танай тэнд гаднын мал үхэр байна уу? Би үхрээ алдсан билээ” гэхээр нь би хэдэн үхэр байгааг хэлсэн. Нэг орой ирж манай хотноос миний үхэр гэж 3 тооны үхэр аваад явсан. “Би мэдэхгүй” гэж мэдүүлгээ өгсөн байдаг. Ингэж “Кө-” хочит К-ын ганц мэдүүлгийг үнэн худлыг тодруулаагүй байж Д-г яллагдагчаар татсан. Гэрч К-ын мэдүүлэг болох нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр Д- яллагдагчаар татах ёстой байтал энэ байдалд анхан шатны шүүх нь шударга дүгнэлт хийлгүй хуулийг ноцтой зөрчиж, өнгөцхөн хандаж Д-ийг ялласан.

5.2. Үндэслэл: Хохирогч Ө.Б- нь шүүх хуралд “Би Кө- хочит К-ыг сайн таньдаг. Нэг сумын нэг багийн иргэд. 5-6 км хооронд өвөлжөөтэй хөрш юм. Би түүнд өнгө зүсмийг нь хэлж байгаад дээрх 3 үхрийг алдагдсан үед захиж хэлж, сураглаж байхыг хүссэн. Тэр миний үхэр малыг сайн мэддэг” гэж өмгөөлөгч С.Алтай миний асуултад хариулсан юм. Тэмдэглэлд бичигдээгүй бол видео кассетанд тодорхой байгааг эрхэм шүүх бүрэлдэхүүн үзнэ үү. Энэ байдлаас үзэхэд “Кө-” хочит К- нь хөрш Ө.Б- хохирогчийн алдуул үхрийг зориуд өөрийн үхэр сүрэг дотор сэм байлган төөрөгдүүлж байгаад Д-д худалдсан нь тодорхой байна.

5.3. “Кө-" хочит К- нь Өлгийд 2023 оны 11 дүгээр сарын 20-ны 1200 цагийн орчимд “Хозы” нэртэй хүнсний дэлгүүрт малын ченж, малчин Д-тай уулзахдаа үхэр, адуу худалдана гэж ярилцсан нь үнэн ба үхэр авах урьдчилгаа 200,000 төгрөгийг Д- нь К-ын.... тоот дансанд шилжүүлсэн нь нотлогдсон байгаа юм. Тэр уулзалтдаа К- нь Д-д “Би маргааш үхрээ бөөгнүүлж өвөлжөөнд байлгаад чамд хэлнэ.” гэж тохирч явсан нь алдуул яваа Б-ы сувай үнээ, гунж, бярууг хулгайлж Д-д худалдсан болох нь тодорхой байна.

5.4. Д- нь ах эгч нараасаа мөнгө аваад танил портерын жолооч О.М-ийг мал ачуулахаар таксинд 80,000-100,000 төгрөгөөр хөлсөлж авч, 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гэртээ ээж дүү нарт хэлж “Кө- “ хочит К-аас “ир” гэх хариуг хүлээж байхад К- нь орой 2140 цагийн үед Д-д утсаар “одоо өвөлжөөнд хүрээд ир” гэснээр Д-, О.М, дүү нь А нар гэрээсээ К-ын өвөлжөөнд очдог. Энэ байдал нь К-ын уг үхрүүдийг харанхуйд нууж өгсөн байдал, хулгайлсан үйлдэл болохыг улам баталгаажуулж байна.

5.5. С.Д- нарыг К- нь өвөлжөөндөө хүлээн авч үхэр сүргийг малын хашааны зүүн буланд хашаад уг сувай, гунж, бяруу гурван үхрийг зааж барилцаад О.М-ийн машинд ачилцаж өгдөг.

5.6. Шүүх хуралд портерын жолооч О.М- нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Би Д-г гаднаас нь таньдаг. Тэр мал худалддаг бөгөөд 21-ний өдөр надад утсаар “Би Бөхөн уулын орчмоос мал худалдаж авч, Өлгийд аваачна. Хөлсөнд явж өг” гэж хэлснээр би 80,000 төгрөгөөр тохирч тэднийд очсон. Д- нь К- гэдэг хүнээс үхэр худалдаж авна гэж хэлж орой тэдний өвөлжөөнд очсон. Бидэнтэй хамт Д-н дүү А- байсан ба замд үхрийн үнэ гэж Д- баахан мөнгө төгрөг авч явсан. Үхрүүдийг К- нь бариулж, өөрөө ачилцсан. Д- нь үхрүүдийн үнэ гэж К-ад баахан мөнгө өгсөн. Өөр мэдэх юм алга” гэж хэлсэн бөгөөд хурлын тэмдэглэл, шийтгэх тогтоолд, мөн видео бичлэгт бичигдсэн байгаа. Энэ байдал нь К-ын Дуйсенбайд дээрх 3 үхрийг худалдсаныг нотолж байгаа юм.

5.7. Түүнээс гадна гэрч С.Д-, О.М- нартай хамт үхэр ачилцсан С.А-ыг асууж мэдүүлэг авч өгнө үү гэж мөрдөгчид удаа дараа хэлж, хүсэлт тавьсан ч асуугаагүй арга ядаад шүүхэд хүсэлт гаргасан ч хуульд харш гэж хүлээж аваагүй. Энэ гэрч нь “С.Д- үхрүүдийг худалдаж авсан бөгөөд мөнгийг нь “Кө-” хочит К-ад өвөлжөөнд нь тоолж өгснийг гэрчилнэ” гэж хэлж байгаа юм. Энэ байдал нь мөрдөгч болон прокурор нь яллах талыг хэт баримталж, Эрүүгийн хуулийн 17.1-д заасныг ноцтой зөрчсөнийг харуулж байгаа юм.

5.8. Энэ хэргийг шийдвэрлэхэд Д-н мөнгөөр мал худалдаж авсныг болон тэр мөнгийг ах эгчээсээ авсныг Д- гэрчлээд байхад түүнийг заавал тодруулах ёстой байсан юм. Гэртээ байхдаа Д- нь ээжээсээ мөн мөнгө авсан, мөнгө тоолж байсан зэрэг шүүгдэгч, яллагдагчид ашигтай гэрчийн мэдүүлэг, нотолбол зохих зүйлүүдийг тодруулж асууж өгөхийг хүсэж хүсэлт тавиад байхад мөрдөгч нь тодруулаагүй, эдгээр байдал нь мөрдөгч, прокурор нь жинхэнэ хулгайч болох “Кө-” хочит К-ын хуурамч мэдүүлэгт итгээд гэмгүй иргэнийг хилс хэрэгт яллууллаа гэж үзэж байна.

5.9. Шүүх нь хэрэг дутуу шалгагдсаныг хурлын явцад бүрэн мэдсэн атлаа эргэлзээтэй байхад ашигтайгаар шийдэлгүй Д-г гэм буруутайд тооцож яллачихлаа. Нотолгоо нь: “Кө-” хочит К- нь хөрш Б-ы захиж хэлээд, сураглаад байсан түүний үхрийг өөрийн үхэр сүрэг дотроо зориуд байлгаж байсан. Уг үхрүүд Ө.Б-ы үхэр гэдгийг мэдсээр байж Д-д худалдсан. Үхэр ачихаар очсон портерын жолооч О.М-т хууль сануулахад Д- нь үхрийн үнэ гэж К-ад мөнгө өгсөн” гэж гэрчилсэн зэрэг олон талын эргэлзээтэй, шүүгдэгч Д-д ашигтай, яллах, гэм буруутайд тооцоход эргэлзээтэй байдал байсаар байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд заасныг шүүх хэрэглэх боломжтой байхад шүүх прокурорын яллах дүгнэлтийг баримталж шүүгдэгч Д-г ялласанд гомдолтой байна. /Жич: “Кө-” хочит К-ын өөрөө болон ойр төрлийн хүмүүс малын хулгайд шийтгэгдэж байсан бөгөөд энэ тухай холбогдлыг цагдаа авч хэрэгт хийх боломжгүй гэж татгалзсан юм./

5.10. Хүсэх нь шүүгдэгч С.Д-г цагаатгаж өгнө үү. Эсвэл мөрдөн байцаалтад нэмэлт ажиллагаагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү.

 

6. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нургайыпын давж заалдах гомдолд:

6.1. Шүүхээс шүүгдэгч С.Д-г 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хохирогч Б.Б-ы өмчлөлийн 2 тооны үхрийг, хохирогч О.А-йн өмчлөлийн 1 тооны үхрийг нийт 3 тооны үхрийг буюу олон тооны бод малыг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлан авч, хохирогч Б.Б-д 1,500,000 төгрөгийн, хохирогч О.А-д 1,000,000 төгрөгийн хохирол тус тус учруулан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд тооцож, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн байна.

6.2. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих нөхцөл байдлыг бүрэн дүүрэн шалгаж тогтоохгүйгээр зөвхөн С.Д-г 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна. /С.Д- нь урьд гэмт хэрэгт холбогдож ял шийтгүүлж байгаагүй/.

6.3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-т заасан гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1.2-т “гэмт хэргийг хэн үйлдсэн” гэдгийг дутуу шалгасан гэж үзэж байна.

6.4. А.К-аас уг хэрэгт гэрчээр мэдүүлэг авч байгаа нь үндэслэлгүй болжээ. А.К- нь 2023 оны 11 дүгээр сарын 20-ны оройн 23-24 цагийн үед өөрийнхөө малын хашаанаас урьдчилж бэлдсэн 5 үхрээс 3 үхрийг С.Д-д зах зээлийн үнээс маш доогуур үнээр худалдаж, бэлэн мөнгө авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Хэрэв А.К- нь эзэнгүй үхрүүдийг өөрийнхөө хашаандаа оруулж, С.Д-д худалдаж ашиг олж байгаа үйлдэл нь хулгайн гэмт хэргийн шинжийг агуулж байгаа юм. Харин түүнийг хулгайн мал гэдгийг мэдсээр байж зах зээлийн үнээс доогуур үнээр худалдан авч ашиг олж буй С.Д-н үйлдэл нь мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй байна. Прокуророос хэргийг шүүхэд шилжүүлэхдээ “Бөхөн уул" хэмээх газарт бэлчээрлэж байсан үхрүүдийг хулгайлж авсан хэмээн яллах дүгнэлт үйлдсэн. Мөрдөн байцаалтаар тогтоогдсон бодит байдалд бэлчээрт байсан үхэр биш А.К-ын хулгайлж аваад хашаандаа бэлдсэн үхрийг С.Д-очиж худалдаж авсан байх магадлалтай байна.

6.5. О.М- нь С.Д-д хөлсөөр явсан гэх боловч А.К-аас хямд үнээр худалдан авсан үхрүүдийг шөнийн цагаар худалдан борлуулахад нь тусалж дэмжээд таксины хөлснөөс гадна 200,000 төгрөгийг шагнал болгож авдаг. О.М- болон С.Д- нар нь А.К-ын хашаанд байсан 5 үхрийг хулгайн үхэр гэдгийг мэдсээр байж, 3 тооны үхрийг хямд үнээр худалдан авч аймагтаа авчирч шөнийн цагаар зарж ашиг олсон тул түүний тухайн хэрэгт ямар ч хамааралгүй гэж үзээд гэрчээр мэдүүлэг авсан нь үндэслэлгүй байна.

6.6. Мөн О.М-, С.Д- нартай хамт байсан М.А-ы үйлдэл холбогдлын талаар улсын яллагч болон шүүхийн зүгээс огт дүгнэлт хийгээгүй нь учир дутагдалтай болсон байна. М.А-аас ямар нэгэн мэдүүлэг аваагүй бөгөөд түүний дээрх байдлаар гэмт хэрэг үйлдэгдсэн хугацаанд хамт байж, тусалж дэмжсэний төлөө ямар нэгэн ашиг олсон эсэхийг зайлшгүй тодруулах шаардлагатай байна.

6.7. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/140 дугаар шийтгэх тогтоол нь хуульд нийцээгүй тул хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү.

 

7. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлт:

7.1. 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 140 дугаартай шийтгэх тогтоолыг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Энэ гомдлын агуулга нь  мал хулгайлах гэмт хэрэгт бусад оролцсон хүмүүсийг шалгаж тогтоогоогүй байна гэдэг агуулгаар гаргасан. Хэргийн нөхцөл байдал болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд анхан шатны  шүүхийн шийдвэр гаргасан. Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар тайлбар гаргахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэгт нотолбол зохих байдлуудыг нотлогдон тогтоогдоогүй гэсэн үндэслэл бүхий гомдол гаргаж байна.

7.2. Энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тухайн гэмт хэргийг шүүгдэгч С.Д- үйлдсэн нь тогтоогдсон. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс тухайн олон тооны бог малыг энэ хэрэгт гэрчээр оролцсон К- хулгайлан гэмт хэрэг үйлдсэн, бусдад худалдан борлуулсан мөн М- тухайн гэмт хэрэгт хамтран оролцоод үхрийг худалдан борлуулсан мөнгөнөөс шагналын мөнгийг авсан гэдэг байдлаар  энэ хоёр хүний оролцоо тухайн гэмт хэрэгт байгаа гэсэн асуудлыг гаргаж байна.

7.3. Хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээс харахад К- мал бэлчдэг бэлчээрийн ойролцоо 5-10 үхэр бэлчээр рүү явж байсныг бусад хөршийн айлууд  К-ын  зүгээс 5-10 тооны үхэр явж байгаа  эзнийг нь олох шаардлагатай байна  гэдгийг хэлээд явж байсан. Энэтэй холбоотой С.Д-  гэрч  К-тай уулзаад хэдэн тооны мал явж байна гээд 3 хоногийн дараа очоод миний хулгайд алдагдсан  үхэр мал мөн байна гээд ачаад явсан.  С.Д- нь үхрийг ачаад явчхаад тухайн 3 үхрийн нэг нь замд боогоод үхсэн, үлдсэн 2 үхрийг Б, Е нарт худалдан борлуулсан. Гэрч М-ийн мэдүүлгээс харахад “Е-аас мөнгийг шууд авсан, Б-ээс 600,000 төгрөгийг төлөөд дараа нь 200,000 төгрөгийг өгөхдөө тухайн малыг зарж борлуулсны шагнал гээд аваагүй. Эдгээр нотлох баримтуудыг харахад энэ гэмт хэрэгт М-ийн оролцоо, үйлдэл байгаа гэдэг нь нотлогдон тогтоогдохгүй байна. С.Д- нь М-т ойрхон 30 км газраас мал ачиж ирнэ гээд түүний тээврийн хэрэгслийг ашиглаад тухайн гэмт хэргийг үйлдсэн. К-ны зүгээс малыг хулгайлж авчхаад бусдад худалдаж өөрөө ашиг олсон үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоодохгүй байна.

7.4. Өвс, тэжээл авчхаад С.Д-гаас 200,000 төгрөг аваад дараа нь 10  хоногийн дараа 190,000 төгрөгийг буцаагаад С.Д-н дансанд шилжүүлсэн үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.Тэгэхээр шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдол болон К, М- нарын оролцоог шалгаагүй гэсэн үндэслэл бүхий гомдол нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл,  гэмт хэргийг С.Д- бусадтай бүлэглэн үйлдсэн үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдохгүй байгаа учраас  шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдол нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүгдэгч С.Д- нь машин, механизмыг ашиглаад бусдын  3 тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна. Тийм учраас гомдол нь үндэслэлгүй гэсэн байр сууриас оролцож байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            8. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч С.Алтай, С.Нургайып нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх, хэргийн бодит байдлыг тогтоох зарчмуудад нийцээгүй гэж дүгнэв.

 

            9. Шүүгдэгч С.Д- нь 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 3 дугаар /Ахкорим/ багийн нутаг дэвсгэр “Бөхөн уул” хэмээх газарт бэлчээрлэж байсан хохирогч Б.Б-ы өмчлөлийн 2 тооны үхрийг, хохирогч О.А-йн өмчлөлийн 1 тооны үхрийг нийт 3 тооны үхрийг буюу олон тооны бод малыг бэлчээрээс нь ****БӨТ улсын дугаартай “Нyunday porter-1” загварын тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлан авч, хохирогч Б.Б-д 1,500,000 төгрөгийн, хохирогч О.А-д 1,000,000 төгрөгийн хохирол тус тус учруулан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1. 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

10. Анхан шатны шүүх шүүгдэгч  С. Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “Бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Д-д 3  жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-д оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч С.Д-гаас 1.799.980 төгрөг гаргуулан хохирогч Б.Б-д, 1.350.000 төгрөг гаргуулан хохирогч О.А- нарт олгож, шүүгдэгч С.Д-н гэмт хэрэг үйлдэхэд ашигласан иргэн О.М-ийн эзэмшлийн “Hyunday porter-1” загварын тээврийн хэрэгслийн үнэ болох 6.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

11. Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар хэргийн үйл баримтыг эргэлзээгүй тогтоохын тулд мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч, прокурор нь хэргийн нотлох баримтуудыг бүрэн бодитойгоор шалгаж хянасан байх, шүүгдэгчийг яллах, цагаатгах нөхцөл байдлыг бүх талаас нь эргэлзээгүй тогтоох, анхан шатны шүүх яллах ба цагаатгах талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг бүрэн сэргээх ба энэ тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчим хангагдах учиртай.

12. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтыг хэрэгжүүлэхдээ юуны өмнө хуульд тусгагдсан зарчмууд буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн системийг бүхэлд нь бүрэлдүүлж байдаг тулгуур болсон үндсэн, суурь ухагдахуунуудад тулгуурлах ёстой. Тодруулбал, эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой ажиллагаа бүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтад чанд нийцсэн байхаас гадна уг хуулийн 1 дүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад заавал нийцсэн байх нь уг ажиллагаа хууль ёсны гэж тооцогдох үндсэн шалгуурын нэг болно.

 

            13. Шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангасан гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг ойлгоно.

            Гэтэл С.Д-д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгч, прокурор нь хэргийн нотлох баримтуудыг бүрэн бодитойгоор шалгаж хянаагүй, анхан шатны шүүх яллах ба цагаатгах талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтаас гадна хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай хэргийн бусад нөхцөл байдлуудыг сэргээн тогтоогоогүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцээгүй байна.

             

            14.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон оролцогч нарын тайлбар, мэдүүлэг, бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлуудыг үндэслэн шүүгдэгч С.Д-г бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлах гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, гэм буруугийн зарчмыг хангаагүй байна.

           

            15 .Хэрэгт авагдсан шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлгээс үзэхэд:

- Шүүгдэгч С.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Миний бие 2023 оны 11 дүгээр сарын 20-ны орой 21 цаг өнгөрч байх үеэр манай нутгийн танил болох А.К-аас 3 тооны үхэр авсан минь үнэн. Өмнө нь би А.К-тай жороо морь авахаар ярилцсан байсан юм. Тэгээд би тэр морийг авахаар бодож А.К-ын 5188213382 тоот дансанд 200,000 төгрөг шилжүүлсэн юм. Тэгээд 2023 оны 11 дүгээр сарын 20-ны 21 цагийн үед К- нь жороо морио өөр хүнд зарахаар боллоо чи оронд нь үхэр авах юм уу гэж хэлсэн. Тэгээд би К-аас 3 тооны үхэр авч аймгийн төвд оруулж ирэх үед нэг үхэр нь замдаа боогдоод үхсэн, үлдсэн 2 тооны үхрийг 1 тооны үхрийг 600,000 төгрөгөөр, нэгийг нь 700,000 төгрөгөөр зарсан. Нэг үгээр хэлбэл би К-аас 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 3 тооны үхэр авахаас өмнө 4-5 хоногийн өмнө К-ын хаан банкны дансанд 200,000 төгрөг шилжүүлж тухайн үхрүүдийг худалдаж авах үедээ К-ад бэлэн 1,300,000 төгрөг өгсөн, би тэр үхрийг хулгайлж авсан асуудал байхгүй. К-аас би түүний жороо морь худалдаж авахаар дансаар 2023 оны 11 дүгээр сарын 10-аас 15-ны өдрийн хооронд 200,000 төгрөг шилжүүлсэн, харин сүүлд 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр К-аас 3 тооны үхэр авах үеэр бэлэн 1,300,000 төгрөг өгсөн. Тухайн мөнгийг өгч байхыг иргэн О.М- харсан байх, өөр бид хоёрын хажууд хүн байгаагүй. Би Б.Б-, О.А- нарт учирсан хохирлыг төлж өгч чадахгүй, би К-ад нийтдээ 1,500,000 төгрөг өгсөн болохоор надад төлөх шаардлага байхгүй гэж бодож байна...” гэх  мэдүүлэг /хавтаст хэргийн 154-155 дахь тал/,

- Гэрч А.К-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай хавьд эзэнгүй байнга явж байдаг 5 тооны Монгол үхэр байсан ба уг үхрүүдийг манай хавийн хөрш айлууд болон бусад хүмүүсээс эзнийг олох гэж хайгаад хүмүүсээс асуухад уг үхрийн эзэн нь гараагүй. Тэгээд 2023 оны 11 дүгээр сарын 15-ны үед байх нэг өдөр С.Д- надтай тааралдаж надаас “танай хавьд эзэнгүй бод мал байгаа юу хэдэн тооны үхэр алдсан” гэж асуусан. Тэгээд би манай хавьд эзэнгүй явж байсан 5 тооны Монгол үхрийг зүсээр нь хэлж өгөхөд “танай хавьд байсан үхрүүд миний алдсан үхрүүд мөн байна хэдэн хоногийн дараа очиж авах болно” гэж хэлсэн. Тэгээд 2024 оны 12 дугаар сарын 20-ны орой 23-аас 24-цагийн хооронд Сагсай сумын 3 дугаар багт байрлах манай өвөлжөө хотонд С.Д-, хажууд нь М.А-, жолооч О.М- гэх хүний хамт цагаан өнгийн портер загварын машинаар ирж бид нарын хайж явсан үхрүүдийн гурав нь энд явж байгаа юм байна гэж үхрүүд дотроос нь 3 тооны үхрийг ачиж аваад аймаг руу явсан. Тэгээд би С.Д- руу залгаж “чиний ачиж явсан үхрийг эндээс нэг хүн хайж явж байна. Чи надад худлаа хэлсэн юм уу” гэхэд “танай хотноос авсан үхрүүдийн бүгдийг нь худалдсан учраас өөр хүмүүст битгий хэлээрэй” гэж хэлсэн. Тэгээд би өөрөө малчин хүн учраас тэд нараас айж цагдаагийн байгууллагад болон үхрийн эзэнд хэлж чадаагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 75-76 дахь тал/,  “...С.Д- надтай тэр өдөр уулзсанаас хойш 3 хоногийн дараа 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 22 цаг өнгөрч байх үеэр портер машинтай манай гэрт ирээд “...нөгөө үхрүүд хаана байна...” гэж асуухад би түүнд үхэрнүүдийг харуулахад тухайн үхрүүд дотроос 3 тооны үхрийг ялгаж аваад “миний алдсан үхэр мөн байна” гэж хэлээд машинд ачиж аваад явсан ба тэр үед би юу ч хэлээгүй явуулсан юм. Тухайн үед би С.Д-тай ямар нэгэн үхрийн наймаа хийж, мөнгө төгрөг авсан, өгсөн зүйл огт болоогүй. Би Хаан банкны ********** гэсэн дансыг эзэмшдэг. Тиймээ, би 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр аймгийн төвд малдаа өвс авахаар ирсэн байсан. Тэр өдөр надтай С.Д- тааралдсан бөгөөд тухайн үед би малын тэжээл авах гэхэд мөнгө дутсан тул С.Д-гаас мөнгө зээлэхийг хүсэх үед С.Д- надад миний Хаан банкны ********** тоот дансанд 200,000 төгрөг шилжүүлж мөнгө зээлдүүлсэн. Тэгээд би С.Д-гаас зээлж авсан 200,000 төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр би хөдөө мал дээр байсан учраас сумын төвд таньдаг ах болох Х.Аманхан гэх хүнээр дамжуулан С.Д-н Хаан банкны ********** тоот дансанд хийгээрэй гэж 190,000 төгрөг шилжүүлж өгсөн юм. Тухайн үед С.Д-н над руу байнга залгаад “мөнгөө өгөөрэй” гээд байсан тул тэр өдөр зээлж авсан мөнгөө хийсэн юм. 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр би захаас өвс авах гээд явж байх үеэр С.Д- нь хажуудаа зүс таних Расол гэх залуугийн хамт явж байсан ба би тэр Расол гэх залуутай надад “жороо морь байгаа, тухайн морийг зарна” гэх зэргээр тухайн залуутай яриа өрнүүлсэн болохоос би С.Д-тай жороо морь зарна, худалдаж авна гэх яриа огт болоогүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 163-164 дэх тал/,

- Гэрч О.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний бие Өлгий сумын 9 дүгээр багт оршин суудаг ба өөрийн “Hyunday porter-1” маркийн ****БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслээр байнга таксинд явдаг. Миний бие 2023 оны 11 дүгээр сарын 17-аас 20-ны өдрүүдийн хооронд байх нэг өдөр орой гэрт байхад танил хүн болох С.Д- миний гар утас луу залгаж “Сагсай сумын чиглэлд очиж нэг хүнээс мал авч ирэх гэсэн юмаа, та таксинд явах уу” гэхээр нь очих газрын км-ийг асуухад 40 км-ийн зайтай газар гэхээр 80,000 төгрөг хөлс өгөх бол явна гэж хэлсэн. Тэгээд С.Д-н гэрт өөрийн залууг дагуулан гарч ирсэн. Тэгээд бид гурав С.Д-гийн гэрээс гараад 10 гаруй км зам явж танил хүн болох А.К- /Кө-гийн/ өвөлжөөнд очсон. Тэгээд А.К- /Кө-/ гэрээсээ гарч ирээд С.Д-тай ярилцсан. Тэгээд С.Д-, А.К-, М.А- нар нийт 3 тооны Монгол үхрийг барьж авч миний машинд ачсан. С.Д- бид хоёр аймаг руу явж байхад машинд ачсан 3 тооны үхрийн нэг болох бор алаг зүсмийн 2- 3 насны эр гунан үхэр нь уяанд боогдож үхсэн. Тэгээд аймгийн төвд ирсэн. Тэгээд манай хамаатан ах болох Х.Б- урьд нь идшинд үхэр худалдаж авна гэж захисан болохоор тухайн 2 тооны үхрийг хамаатан Х.Б-д хар халзан үхрийг 700.000 төгрөгт худалдаж авахаар тохирч буулгаад авсан ба мөнгийг нь бэлнээр надад өгсөн. Тэгээд би 700,000 төгрөгийг С.Д-д бэлнээр өгсөн. Нэг тооны эвэртэй улаан халзан үхрийг ачиж аймгийн төвд ороход С.Д- машинаас бууж үлдсэн ба тухайн үхрийг ачиж гэрт ирэхэд хөрш айлын хамаатан Б.Ба- гэх хүн 800,000 төгрөгт худалдаж авахаар тохирч буулгаад авсан. Тэгээд маргааш нь Б.Ба- надад 600,000 төгрөг өгсөн ба уг мөнгийг газар дээр нь С.Д-гийн Хаан банкны ********** тоот дансанд хийсэн. Тэгээд дараа нь үлдсэн 200,000 төгрөгийг Б.Ба- надад өгсөн. Тэгээд С.Д-д залгаж “үлдсэн 200,000 төгрөгийг бэлнээр авах уу дансаар авах уу” гэхэд 2 тооны үхрийг зарж өгсний шагнал гэж хэлээд надаас 200,000 төгрөгийг одоо хүртэл аваагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 83-84 дэх тал/,

- Шүүгдэгч С.Д-н давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд өгсөн “…Бид К-аас үхрийг авсан нь үнэн. Би бэр эгчээс 1,300,000 төгрөг авсан. К- над руу залгаад үхэр хашаанд байгаа гэсэн.  Би өөрөө мал зарахгүй, малын ченж хийдэггүй.  Орой нь М-, миний дүү бид гурав очиж,  тэнд 5 тооны үхэр байсан, тэндээс 3 тооны үхрийг М- сонгож авсан. Би К-тай тохиролцож мөнгийг өсгөн. М- үхрийг зарахдаа би хажууд нь байгаагүй. Харин М- нь хоёр үхрийг өөрийн ахдаа худалдсан юм байна. Үхрийг худалдаж борлуулсны дараа мөнгийг чинь өгнө гээд маргааш нь М- над руу 600,000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь мөнгийг өгөөгүй. Би өмнө нь М-ийг таньдаг байсан. М-т хямдхан үхэр байгаа гэдгийг Р хэлсэн юм байна.  Тэгээд М- над руу залгаад  “тухайн газарт байгаа алдуул малыг Өлгийд аваачиж заръя” гэсэн, М- нь надад мэдүүлэг өгөхдөө  миний портерыг хурааж авах юм байна. Чи такси авсан гээд хэлчих, үлдсэн хохирлыг К- бид хоёр хоорондоо тохирч өөрсдөө шийднэ гэсэн…” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргийг харьцуулан дүгнэхэд гэрч А.К-, О.М- нар нь шүүгдэгч С.Д-гаас мөнгө авсан, гэрч О.М- нь ачиж ирсэн үхэр амлыг өөрөө Б.Ба-, Х.Б- нарт худалдсан үйл баримт тогтоогджээ. Мөн тухай үед шүүгдэгч С.Д- нь гэрч О.М- нартай хамт үхэр авахдаа очсон гэх  С.А-аас гэрчээр мэдүүлэг аваагүй нь учир дутагдалтай болжээ.

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд энэ хэрэгт гэрч А.К-, О.М- нарын оролцоо байгаа эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай байна.  

 

            16. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо хэргийн үйл баримт болон түүнийг тогтооход шаардагдах яллах болон цагаатгах нөхцөл байдлуудыг зэрэгцүүлэн эргэлзээгүй тогтоох, хэргийн бодит байдал, болж өнгөрсөн үйл баримтыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр сэргээн тогтоох үүрэгтэй боловч С.Д-д холбогдох эрүүгийн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо гагцхүү яллах дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримтуудыг үнэлж дүгнэсэн, харин шүүгдэгчийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, өмгөөлөгчийн саналын үндэслэл болсон нотлох баримтууд,  тэдгээрийг няцаасан, үгүйсгэсэн үндэслэлүүдийг шийтгэх тогтоолдоо тодорхой тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан шаардлагыг зөрчсөн байна.

            17. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон шударгаар ял оногдуулах” хуулийн зорилтыг хангаагүй буюу бүрэн эрх, үндсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдол бүрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцох ба энэ нь хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцно” гэж тус тус хуульчилсан.

 

            18. Дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Алтай, С.Нургайып нарын “хэргийн үнэн зөвийг олж тогтоон, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулаагүй, хэргийг дутуу шалгасан, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэх мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдлыг тогтоох зарчим хангагдаагүй гэсэн агуулгатай давж заалдах гомдлуудыг нь тус тус хүлээн авах нь зүйтэй байна.

 

            19. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүхээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн бол шийдвэрийг хүчингүй болгох, эсхүл өөрчлөх бөгөөд энэ нь давж заалдах шатны шүүхэд эрх олгосон бус, харин үүрэг болгосон, заавал биелэгдэх шинжтэй хэм хэмжээ юм. Өөрөөр хэлбэл, давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэх явцад хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын шатанд, эсхүл анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх үед дээр дурдсан алдаа, зөрчил илэрсэн тохиолдолд үүнийг зөвтгүүлэх, эсхүл арилгуулах үүднээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах болон хүчингүй болгохыг хуулиар давж заалдах шатны шүүхэд үүрэг болгосон байна.

 

20. Иймд давж заалдах шатны шүүхэд эрх олгосон бус, заавал хэрэглэхээр үүрэг болгосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэм хэмжээг удирдлага болгож, анхан шатны шүүхийн хууль бус шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчимд бүрэн нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтын “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь ... хүчингүй болгож” гэж заасныг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/140 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч С.Д-н өмгөөлөгч С.Алтай, С.Нургайып нарын давж заалдах гомдлуудыг тус тус хангасугай.

 

2. Шүүгдэгч С.Д-д энэ шийтгэх тогтоолоор авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах, Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэр болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр нь хэрэглэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ

                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           С.ӨМИРБЕК    

                           

ШҮҮГЧ                                              Ж.ОТГОНХИШИГ

 

 

                                   ШҮҮГЧ                                               Д.КӨБЕШ