Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 339

 

 

 

 

                          

 

 

 

2018           4             20                                              339

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг,

улсын яллагч Ж.Энх-Амгалан,

шүүгдэгч Д.Ж-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Ж-холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1708001330377 дугаар хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

Ш овогт Д-н Ж /РД:/.

Яллагдагч Д.Ж-нь 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Геологийн лабораторийн урд зогсоолд байсан 46-24 ДГА улсын дугаартай “Тоёота Сиа” маркийн автомашиныг гэмтээж бусдад 490.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Ж-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр лабораторийн зам дагуу гарч явахад хар өнгийн машинтай залуу намайг харааж загнасан. Тэгээд лабораторийн ард хар өнгийн 1 машин байхаар нь “яасан их загнадаг юм” гээд цонхыг нь хагалсан. Тэгсэн өөр хүний машин байсан. Тэгээд цагдаад баригдсан” гэв.  

 

Эрүүгийн 1708001330377 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Б.У-: “2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Геологийн төв лаборатори дээр ажил дээрээ байхад Ганбаа надад “чиний машины цонхыг хагалчихсан байна, хагалсан хүнийг нь барьчихсан байна, гараад ир” гэхээр нь би ...46-24 ДГА улсын дугаартай Тоёота Сиа маркийн машин дээрээ очтол урд талын салхины шилийг улаан өнгийн тоосгоор цохиж хагалсан байсан. ...Хажууд нь харуул Балжинням нэг эмэгтэй хүнийг суулгачихсан зогсож байсан. Би юу болсон талаар асуухад “энэ согтуу эмэгтэй чиний машины урд шилийг тоосгоор цохиж хагалчихаад дараа нь хажуу талын шилийг нь хагалах гэж байхад таслан зогсоолоо” гэсэн. Миний машины цонх хагалсан эмэгтэйг аваад явсан. Би огт харж байгаагүй. Би тэр эмэгтэйгээс “миний машины шилийг яагаад хагалсан бэ” гэхэд “би зүгээр хагалсан юм, хагалсан хүнийг яадаг юм бэ” гэж согтуурхаж байсан. Надад хохирлыг төлөхөөр болж тохиролцоод 2018.01.02-ны өдөр 90.000 төгрөг, 2018.02.03-ны өдөр 50.000 төгрөг, 2018.04.04-ний өдөр 50.000 төгрөг, нийт 190.000 төгрөг төлөөд байна” гэх мэдүүлэг /хх-29-30, 32/,

Гэрч Б.Бн: “2017 оны 6 дугаар сары 21-ний өдөр Геологийн төв лабораторид харуулын үүрэг гүйцэтгэж байхад өдөр 12 цагийн үед Ундраагийн зогсоол дээр байсан “Тоёота Сиа” маркийн машины урд шил рүү нэг танихгүй эмэгтэй замын хажууд байсан тоосго шиг чулуу аваад шидэж хагалсан. Би “юу болов” гээд очоод тэр эмэгтэйг барьж шууд цагдаа дуудсан. ...Тэр эмэгтэйгээс архи үнэртэж байсан, согтуу байсан. Яг тоосго шидэж байхыг надаас өөр хүн хараагүй” гэх мэдүүлэг /хх-34/,

Шүүгдэгч Д.Ж-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “Би 2017 оны 6 дугаар сарын 21-ний өглөөгүүр архи уучихсан явж байсан. Их согтуу явж байсан юм. Геологийн төв лабораторийн урдуур зам гарах гээд явж байтал хар өнгийн жижиг машины жолооч залуу намайг “гичий, нохойгоор” дуудаад “гарцаараа гар л даа” гээд яваад өгсөн. Тэгээд би зам хөндлөн гараад явж байтал хар өнгийн машин байхаар нь намайг доромжилсон хүний машин байна гэж андуураад газарт байсан тоосго аваад урд салхины шил рүү нь шидээд хагалчихсан. Тэгтэл нэг залуу намайг бариад авсан. Учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулна.

“...Би Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаа эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж байгааг ойлгож прокурорын тогтоолтой танилцлаа. ...Би бага зэрэг архи уусан байсан болохоор дунд зэргийн согтолттой байсан. Би хохирогчид 90.000 төгрөг, 50.000 төгрөг, нийт 140.000 төгрөг одоогоор өгөөд байна. Үлдэгдэл төлбөрийг ойрын хугацаанд төлж барагдуулах болно. Тиймээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /хх-44, 51/,

Хохирогчийн өргөдөл /хх-12/, шүүгдэгчийн Асап сангийн лавлагаа /хх-18-19/, эд зүйлийн үнэлгээ /хх-22/, “Кости-Эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-23, 24/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-52/, мөрдөгчийн тэмдэглэл /хх-54/, оргодол эрэн сурвалжлах /хх-61-63/, хохирол барагдуулах гэрээ /хх-65/, хохирол барагдуулсан баримт /хх-66/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдврэлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Ж-согтуурсан үедээ 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Геологийн төв лабораторийн урд зогсоолд байсан 46-24 ДГА улсын дугаартай “Тоёота Сиа” маркийн тээврийн хэрэгслийн цонхыг хагалж гэмтээн бусдад 490.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Б.У- “...Бм “энэ согтуу эмэгтэй чиний машины урд шилийг тоосгоор цохиж хагалчихаад дараа нь хажуу талын шилийг нь хагалах гэж байхад нь таслан зогсоолоо” гэсэн. Би тэр эмэгтэйгээс “миний машины шилийг яагаад хагалсан бэ” гэхэд “би зүгээр хагалсан юм, хагалсан хүнийг яадаг юм бэ” гэж согтуурхаж байсан” гэх мэдүүлэг /хх-29-30/, гэрч Б.Бмын “... “Тоёота Сиа” маркийн машины урд шил рүү нэг танихгүй эмэгтэй замын хажууд байсан тоосго шиг чулуу аваад шидэж хагалсан. Би тэр эмэгтэйг барьж цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-34/, шүүгдэгч Д.Жгийн сэжигтэн, яллагдагчаар “...хар өнгийн жижиг машины жолооч ...нэг залуу намайг “гичий, нохойгоор” ...дуудаад “гарцаараа гаралдаа” гээд яваад өгсөн. Тэгээд би зам хөндлөн гараад явж байтал хар өнгийн машин байхаар нь намайг доромжилсон хүний машин байна гэж андуураад газарт байсан тоосго аваад урд салхины шил рүү нь ...шидээд хагалчихсан... Тэгтэл нэг залуу намайг бариад авсан...” гэх мэдүүлэг /хх-44/ зэрэг мөрдөн байцаалтад өгсөн хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн өгсөн мэдүүлгээр гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Ж-эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.У-д 630.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол /хх-23/ учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэрээр “...Хохирлоос 190.000 төгрөгийг хүлээн авсан, үлдэгдэл төлбөрийг тохирсон ёсоор авах хүсэлтэй байна” гэх хүсэлтийг ирүүлснийг харгалзан шүүгдэгч Д.Жавзмаагаас 440000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ундраад олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, шүүгдэгчийн цагдан хоригдсон 8 хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах...” гэж,

шүүгдэгч “Дахин ийм үйлдэл гаргахгүй, хохирлоо нөхөн төлнө” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэж шүүгдэгч Д.Ж-д 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, түүний урьдчилсан хоригдсон 8 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 64 цагаар тооцож, эдлэх ялаас хасах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Ж-хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Д Жг эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж-450 /дөрвөн зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж-нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж-гийн урьдчилан хоригдсон 8 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 64 цагаар тооцож, түүний эдлэх ялаас хассугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Ж-с 440.000 /дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгийг талуудын тохирсон хэмжээ, хугацаанд хэсэгчлэн гаргуулж хохирогч Б.У /..... /-д олгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Ж-хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Жавзмаад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Л.БААТАР