| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 192/2025/04814/И |
| Дугаар | 192/шш2025/06410 |
| Огноо | 2025-08-20 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 192/шш2025/06410
2025 08 20 192/ШШ2025/06410
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
*******,*******,*******,*******, 613 тоотод оршин суугч Булган ургийн овогтой Энхбаатарын Сэлэнгэ /РД:ВЮ90020723/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг,*******, Баянголын 64 - 7 тоотод оршин суух Дууч ургийн овогтой Шижирбаатарын Пүрэвдорж /РД:ГЕ92060410/-д холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Сэлэнгэ, хариуцагч Ш.Пүрэвдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Сэлэнгэ нь хариуцагч Ш.Пүрэвдоржид холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “Миний бие Э.Сэлэнгэ нь Ш.Пүрэвдоржтой 2011 онд танилцаад хамтран амьдарч байгаад С.Есүй 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн. Охин төрөхөд бид Сүхбаатар дүүргийн иргэний бүртгэлийн хэлтсээс төрсний гэрчилгээг нь авч, охин маань эцгээрээ овоглосон. Бид зан харьцаанаасаа болж 2014 оны 2 сараас тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Охин С.Есүй нь энэ жил 6 дугаар ангид суралцаж байгаа бөгөөд хичээлийн хэрэгсэл, хувцас уран нугаралтын бусад зардлуудыг миний бие ганцаараа хариуцахад хүндрэлтэй байна. Иймд 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин С.Есүйд эцгээс нь хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ш.Пүрэвдорж нь шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа: “Хүлээн зөвшөөрч байгаа. Өнгөрсөн хугацаанд ээж нь охиноо хардаг байсан. Би түрүү жилээс эхлээд хүүхэдтэйгээ уулздаг болсон. Охин өөртөө хэрэгтэй байгаа зүйлээ бүрэн хэлж илэрхийлдэг. Заавал шүүх гэхгүйгээр хоорондоо ойлголцоод шийдчихвэл...” гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, эрүүл мэндийн тодорхойлолт, Нийслэлийн Ерөнхий боловсролын 141 дүгээр сургуулийн тодорхойлолт, Хан-Уул дүүргийн*******ны Засаг даргын тодорхойлолт, Орхон аймгийн цагдаагийн газрын 2024.12.02-ны өдрийн 42/04-6672 дугаартай албан бичиг зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Хариуцагчаас баримт ирүүлээгүй байна.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Э.Сэлэнгэ нь хариуцагч Ш.Пүрэвдоржид холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Ш.Пүрэвдорж нь бүхэлд хүлээн зөвшөөрч тайлбар гаргажээ.
3. Зохигчдын дундаас 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдөр охин С.Есүй төрсөн болох нь талуудын тайлбар, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна. (хавтаст хэргийн 4 дахь тал)
Зохигчид хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаар талаар маргаангүй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5. “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно” гэж заасан байх ба зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаангүй тул охин С.Есүйг эх Э.Сэлэнгийн асрамжид үлдээхээр шийдвэрлэв.
5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, охин С.Есүйг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ш.Пүрэвдоржоор тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1. “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26.2. “хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй” гэж заасан тул эцэг Ш.Пүрэвдорж нь охин С.Есүйтэй уулзах, дээрх эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг эх Э.Сэлэнгэд даалгах нь зүйтэй.
7. Нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин С.Есүйг эх Э.Сэлэнгийн асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, охин С.Есүйг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ш.Пүрэвдоржоор сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар зохигч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг мэдэгдсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг Ш.Пүрэвдорж нь охин С.Есүйтэй уулзах, хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг эх Э.Сэлэнгэд даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Пүрэвдоржоос 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Сэлэнгэд олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР