Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 205

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганчимэг,

шүүгдэгч П.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б- овогт П-гийн Б-өд холбогдох эрүүгийн 1810006710285 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, “.........” ХХК-д механик ажилтай, ам бүл 6, эхнэр, 3-13 насны 4 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Бурхантын ......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б- овогт П-гийн Б- /РД:........./

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч П.Б- нь 2018 оны 03 дугаар сарын 13-ны орой 20 цагийн үед Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, 114 дүгээр сургуулийн гадаа иргэн Т.Э-ийг “хүүхэд алгадлаа” гэж нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний зовхи, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч П.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв.

 

Мөн хавтаст хэргээс:

1. Шүүгдэгч П.Б- 2018.05.09-ний өдөр мэдүүлэхдээ: ... 2017 оны намар манай хүүгийн дугуйг дээд ангийнх нь М- утсаар сольё гээд авсан боловч ямар нэгэн утас өгөөгүй. 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүү Тэмүүжин нэг утас аваад ирэхээр нь “ямар учиртай утас вэ” гэж асуухад “дугуйгаа авч чадахгүй болчихлоо, оронд нь утас өглөө” гэхээр нь “юун утсаар солих вэ, дугуйгаа ав” гээд М-ий гэрт нь хүүтэйгээ очоод “энэ утсаа ав, хүүхдийнхээ дугуйг авъя” гэхэд “энэ хүүхдийн дугуйнд зөндөө юм хийсэн. Мөнгө нь 50000 төгрөг болсон” гэхээр нь “би өгье” гэсэн. Гэтэл “хүүхдийн чинь дугуй одоо байхгүй, маргааш орой ирээд ав” гэж хэлэхээр нь явсан. 2018 оны 03 дугаар сарын 12-ны орой М-ий гэрт очиход Эрдэнэцэцэг эгч нь байхаар нь “дугуйгаа авъя” гэхэд “хэнтэй ярьсан бэ, ярьсан хүнээсээ ав” гэхээр нь “дүү чинь байна уу” гэхэд цаашаа ороод хаалгаа тайлж өгөхгүй байхаар нь би яваад өгсөн. 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр гэрээс нь очоод дугуйгаа авсан. Дугуй авснаас болоод М- нь манай хүү Тэмүүжинтэй муудалцсан байсан. М-ий ээж Түмэнбаяр нь над руу залгаад “танай хүүхэд манай хүүхдийг зодсон байна, сургууль дээр хүрээд ир” гэхээр нь сургууль дээр очтол ээж нь байхгүй, эгч Эрдэнэцэцэг нь ирчихсэн “танай хүүхэд манай хүүхдийг цохисон байна лээ” гэхээр нь “тэгээд гайгүй юу” гээд хартал ямар нэгэн гэмтэл шарх байхгүй байсан. Би “хүүхдүүд гайгүй байна ш дээ явъя” гэхэд цагдаа дуудсан гээд явуулахгүй байсан. Манай эхнэр Отгонханд “чи хэрвээ гомдолтой байгаа бол манай хүүг буцаагаад цохичих” гэхэд хоёр хүүхэд хоорондоо маргалдаад барилцаж автал Эрдэнэцэцэг нь манай хүү Тэмүүжингийн нүүр рүү 2-3 удаа гараараа цохихоор нь би Эрдэнэцэцэгийг гарынхаа ар талаар нэг удаа нүүрэнд нь цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/,

 

   2. Хохирогч Т.Э- 2018.04.05-ны өдөр мэдүүлэхдээ: ... 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 114 дүгээр сургууль дээр ирээд 6 дугаар ангийн Тэмүүжин манай дүү М-ий зүүн хацарт нь цохисон байхаар нь “чи яагаад цохисон юм бэ” гээд зогсож байтал аав нь ирээд “гадаа гарч учраа ольё” гээд бид нар гарсан. Сургуулийн баруун талд очтол Тэмүүжингийн ээж нь манай дүүд “чи эргүүлээд манай хүүхдийг цохичих, эсвэл эгч нь цохичих” гээд хэлж байтал аав нь “чи 6 дугаар ангийн хүүхдэд зодуулаад байхдаа яадаг юм бэ” гэхэд Тэмүүжин нь М-ий баруун хацар руу цохисон. Би салгах гэхэд аав нь миний нүүр рүү цохисон. ... Би толгойны зургаа авахуулаад, ХУД-ийн гэмтлийн эмчид үзүүлж эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээний зардал 413.070 төгрөг болсон. Би эмчилгээний зардлаа нөхөн төлүүлнэ. Цаашид эмчилгээ хийлгэнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/,

2018.05.13-ны өдөр мэдүүлэхдээ: ... Хохирлын 413.000 төгрөгийг өгсөн тул надад ямар нэгэн гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/,         

 

3. Гэрч Д.Отгонханд 2018.04.05-ны өдөр мэдүүлэхдээ: ... 2018 оны 03 дугаар сарын 13-ны орой гэртээ байж байтал манай хүүхдийн ангийн хүү М-ий ээж нь залгаад “манай хүүхдийг танай хүүхэд зодчихлоо” гэхээр нь нөхөр Б- бид хоёр сургууль дээр нь очиход хүүхэд зүгээр байсан. Би хүүгээсээ яасан талаар асуухад хацрынх нь 2 талаас гараараа зөөлөн цохисон гэж хэлсэн. Бид хоёрыг очиход М-, эгч Эрдэнэцэцэгтэйгээ хамт байхаар нь “дүү чинь зүгээр байна, чи гомдолтой бол манай хүүхдийг цохь, хүүхдүүд ингэж л байдаг ш дээ” гэхэд “яахаараа хүүхэд зодчихоод явдаг юм бэ” гэж хэлсэн. Манай ээж ирж байгаа гээд бид нарыг байлгаж байтал манай хүү М-ийг цохиход Эрдэнэцэцэг дундуур нь ороод салгах санаатай манай хүүгийн нүүр, ам руу нь 2-3 удаа цохихоор нь Б- гарынхаа араар Эрдэнэцэцэгийг цохиод авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/, 

 

4. Насанд хүрээгүй гэрч Т.М- 2018.04.10-ны өдөр мэдүүлэхдээ: ... Хичээл завсарлахаар нь би бие засчихаад ирж байтал Тэмүүжин миний шанаа руу нэг удаа цохичихоод гүйгээд явсан. ... Хичээл тарах гэж байхад эгч Эрдэнэцэцэг ирээд “хацраа яасан юм бэ” гэхээр нь “Тэмүүжин цохисон” гэхэд эгч Тэмүүжинтэй уулзсан. Тэмүүжингийн аав, ээжийг ирэхээр нь “гаръя” гээд сургуулиас гарсан. Гэтэл ээж нь “манай хүүхдийг чи цохичих, тэгээд л адилхан болно” гэхээр нь би цохиогүй. Аав нь “чи 7 дугаар ангийн хүүхэд байж 6 дугаар ангийн хүүхдэд цохиулдаг юун арчаагүй юм бэ” гэхэд Тэмүүжин аавыгаа харснаа цүнхээ газар тавиад миний хацар руу гараараа хоёр удаа цохисон. Тэгтэл эгч Тэмүүжинг гараараа “цаашаа бол” гээд түлхтэл аав нь гараа зангидаж байгаад эгчийн нүүр рүү цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,

 

5. Насанд хүрээгүй гэрч Б.Т- 2018.04.17-ны өдөр мэдүүлэхдээ: ... Орой нь сургууль дээр таарахад М- намайг “гөлөг минь дугуй өгөөрэй” гэхээр нь хацар дээр нь зөөлнөөр 2 удаа цохиход “аниад хэлнэ” гээд дүүгийнхээ утсаар аниагаа дуудсан. Аниа гэх Эрдэнэцэцэг эгч ирээд миний хувцаснаас заамдахаар нь аав “боль” гээд болиулсан. Сургуулиас гараад Эрдэнэцэцэг эгч “ээж ирж байгаа хүлээж бай” гэх хооронд М-ийг гараа зангидаж байгаад 2 удаа, нүдний доор 1 удаа гараараа цохисон. Тэр үед аав дундуур орж салгаад Эрдэнэцэцэгийн нүүр рүү гараараа 1 удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,

 

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №3636 дугаартай дүгнэлтэнд:

1. Т.Э-ийн биед баруун нүдний зовхи, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 21-р хуудас/,

 

7. Хохирогч Т.Э-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

- гэрч Ч.Түмэнбаярын мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,

- эмнэлгийн магадлагаа /хх-ийн 47-53-р хуудас/,

 

8. Шүүгдэгч П.Б-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

- иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 32-р хуудас/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 33-р хуудас/,

- урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34-р хуудас/,

- “Трансвест Монголиа” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 35-р хуудас/,

- Дипломын хуулбар /хх-ийн 36-37-р хуудас/,

- хүүхдийн төрсний гэрчилгээ /хх-ийн 39-40-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхээс шүүгдэгч П.Б-ийг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч П.Б- нь 2018 оны 03 дугаар сарын 13-ны орой 20 цагийн үед Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, 114 дүгээр сургуулийн гадаа хохирогч Т.Э-ийг “хүүхэд алгадлаа” гэх шалтгаанаар нүүрэн тус газар цохиж биед нь “...баруун нүдний зовхи, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч Т.Э-ийн ... 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 114 дүгээр сургууль дээр ирээд 6 дугаар ангийн Тэмүүжин манай дүү М-ий зүүн хацарт нь цохисон байхаар нь “чи яагаад цохисон юм бэ” гээд зогсож байтал аав нь ирээд “гадаа гарч учраа ольё” гээд бид нар гарсан. Сургуулийн баруун талд очтол Тэмүүжингийн ээж нь манай дүүд “чи эргүүлээд манай хүүхдийг цохичих, эсвэл эгч нь цохичих” гээд хэлж байтал аав нь “чи 6 дугаар ангийн хүүхдэд зодуулаад байхдаа яадаг юм бэ” гэхэд Тэмүүжин нь М-ий баруун хацар руу цохисон. Би салгах гэхэд аав нь миний нүүр рүү цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/,

 

Гэрч Д.Отгонхандын ... 2018 оны 03 дугаар сарын 13-ны орой гэртээ байж байтал манай хүүхдийн ангийн хүү М-ий ээж нь залгаад “манай хүүхдийг танай хүүхэд зодчихлоо” гэхээр нь нөхөр Б- бид хоёр сургууль дээр нь очиход хүүхэд зүгээр байсан. Би хүүгээсээ яасан талаар асуухад хацрынх нь 2 талаас гараараа зөөлөн цохисон гэж хэлсэн. Бид хоёрыг очиход М-, эгч Эрдэнэцэцэгтэйгээ хамт байхаар нь “дүү чинь зүгээр байна, чи гомдолтой бол манай хүүхдийг цохь, хүүхдүүд ингэж л байдаг ш дээ” гэхэд “яахаараа хүүхэд зодчихоод явдаг юм бэ” гэж хэлсэн. Манай ээж ирж байгаа гээд бид нарыг байлгаж байтал манай хүү М-ийг цохисон. Эрдэнэцэцэг дундуур нь ороод салгах санаатай манай хүүгийн нүүр, ам руу нь 2-3 удаа цохихоор нь Б- гарынхаа араар Эрдэнэцэцэгийг цохиод авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/, 

 

Насанд хүрээгүй гэрч Т.М-ий ... Хичээл завсарлахаар нь би бие засчихаад ирж байтал Тэмүүжин миний шанаа руу нэг удаа цохичихоод гүйгээд явсан. ... Хичээл тарах гэж байхад эгч Эрдэнэцэцэг ирээд “хацраа яасан юм бэ” гэхээр нь “Тэмүүжин цохисон” гэхэд эгч Тэмүүжинтэй уулзсан. Тэмүүжингийн аав, ээжийг ирэхээр нь “гаръя” гээд сургуулиас гарсан. Гэтэл ээж нь “манай хүүхдийг чи цохичих, тэгээд л адилхан болно” гэхээр нь би цохиогүй. Аав нь “чи 7 дугаар ангийн хүүхэд байж 6 дугаар ангийн хүүхдэд цохиулдаг юун арчаагүй юм бэ” гэхэд Тэмүүжин аавыгаа харснаа цүнхээ газар тавиад миний хацар руу гараараа хоёр удаа цохисон. Тэгтэл эгч Тэмүүжинг гараараа “цаашаа бол” гээд түлхтэл аав нь гараа зангидаж байгаад эгчийн нүүр рүү цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч Б.Т-ий ... Орой нь сургууль дээр таарахад М- намайг “гөлөг минь дугуй өгөөрэй” гэхээр нь хацар дээр нь зөөлнөөр 2 удаа цохиход “аниад хэлнэ” гээд дүүгийнхээ утсаар аниагаа дуудсан. Аниа гэх Эрдэнэцэцэг эгч ирээд миний хувцаснаас заамдахаар нь аав “боль” гээд болиулсан. Сургуулиас гараад Эрдэнэцэцэг эгч “ээж ирж байгаа хүлээж бай” гэх хооронд М-ийг гараа зангидаж байгаад 2 удаа, нүдний доор 1 удаа гараараа цохисон. Тэр үед аав дундуур орж салгаад Эрдэнэцэцэгийн нүүр рүү гараараа 1 удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №3636 дугаартай дүгнэлтэнд:

1. Т.Э-ийн биед баруун нүдний зовхи, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 21-р хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрхийг зөрчиж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй зэргээс шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд П.Б-өд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч П.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч Т.Э-т эмчилгээний зардалд 413.000 төгрөг нөхөн төлж, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй тухай хүсэлтээ мөрдөн байцаалтын шатанд илэрхийлснээр /хх-ийн 56-р хуудас/ 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн прокурорын саналаар П.Б-өд холбогдох эрүүгийн 1810006710285 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч Т.Э-ийн биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч П.Б- түүнийг цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай үйлдлээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй  гэмт үйлдэл болох юм. 

 

Шүүгдэгч П.Б-ийн хохирогч Т.Э-ийн биед хөнгөн гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан, Прокуророос түүний гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна.    

 

Иймд шүүгдэгч П.Б-ийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.    

 

Шүүгдэгч П.Б- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. 

 

   Шүүгдэгч П.Б-өд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх, прокурор, мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч Т.Э- нь “...шүүгдэгч П.Б-өөс эмчилгээний зардалд 413.000 төгрөг авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 56-р хуудас/ гэсэн хүсэлтийг мөрдөн байцаалтын шатанд гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч П.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдав.