| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Ганзориг |
| Хэргийн индекс | 128/2025/1112/З |
| Дугаар | 128/ШШ2026/0285 |
| Огноо | 2026-03-20 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 128/ШШ2026/0285
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Ганзориг даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Агийн М /РД:/,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан сайн дурын даатгалын дунджаар тэтгэвэр тогтоогоогүй татгалзлыг хууль бус болохыг тогтоож, зох журмын дагуу сайн дурын даатгалын дунджаар тэтгэвэр тогтоохыг даалгах захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын өмгөөлөгч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Нэхэмжлэлийн шаардлага: 1.1.Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын сайн дурын даатгалын дунджаар 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоогоогүй татгалзлыг хууль бус болохыг тогтоож, зох журмын дагуу сайн дурын даатгалын дунджаар 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс тэтгэвэр тогтоохыг даалгах.
Хоёр.Хэргийн үйл баримт талаар: 2.1.Нэхэмжлэгч А.М нь 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 60 нас хүрч, өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газарт өргөдөл гаргасан.
2.2.Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар албан бичгээр нэхэмжлэгчид Таны өндөр насны тэтгэвэр тогтоолгох 5 жилийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо Зам т х т 2024 оны 5, 6 дугаар сарууд, Ш у т сд 2024 оны 6 сар, Б ХХК-д 2024 оны 6, 7, 8, 9 сарууд, Зам т х т 2024 оны 9, 10 сар, Б ХХК-д 2024 оны 10, 11, 12 сарууд, 2025 оны 1, 2, 3, 4 сарууд, Б м и ү з а а 2025 оны 4 сар, Б ХХК-д 2025 оны 5, 6 сарууд Ш, М и, т с, Зам т х т 2025 оны 6 сар, Б ХХК-д 2025 оны 7 сар, Зам т х т 2025 оны 9 дүгээр сард ажиллаж шимтгэл төлсөн цалин хөлс, сайн дурын даатгалд даатгуулсан орлогыг тус тус оруулан тооцно. Харин 2023 оны 3, 5, 6, 10, 12 дугаар саруудад Зам т х т нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан болон мөн хугацаанд сайн дурын даатгалын шимтгэл төлсөн орлогыг өндөр насны тэтгэвэр тогтоолгох цалин хөлсөнд давхардуулан тооцохгүй тул энэ хугацаанд сайн дурын даатгалын шимтгэлийг танд буцааж олгоно гэх хариуг хүргүүлсэн байна.
2.3.Нэхэмжлэгчээс Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн хариуд 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газраас тодруулга хүсэхэд тус газрын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаар албан бичгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох 5 жилийн дундаж цалин хөлсийг тодорхойлсон хугацаагаар тэтгэврийн тооцоолол хийж үзэхэд, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны 60 сарын дундаж цалин хөлс 3,606,937 (гурван сая зургаан зуун зургаан мянга есөн зуун гучин долоо) төгрөг байна. Уг цалингаас нийт ажилласан 25 жил 27 өдөрт ногдох 52,5 хувиар тооцоход сард олгох тэтгэврийн хэмжээ 1,893,642 (нэг сая найман зуун ерэн гурван мянга зургаан зуун дөчин хоёр) төгрөг тогтоогдохоор байна. гэх хариуг ирүүлсэн.
2.4.Нэхэмжлэгчээс 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлд гомдол гарган, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв з 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ******* тоот шийдвэрийг эс зөвшөөрч, тус шүүхэд 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.
Гурав.Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар: 3.1.Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Адьяагийн М нь 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 60 нас хүрч, өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газарт хандсан. Ингэхдээ Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасан тэтгэвэр тогтоолгоход эрх үүссэн тул өөрийн сайн дурын даатгалын шимтгэл төлөлтөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгоход хүсэлтээ илэрхийлсэн болно. Тодруулбал, Би 2023 оны 02 дугаар сараас 2025 оны 10 сар хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газартай нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах гэрээ байгуулан гэрээнд заасан хувь хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл төлж ирсэн. Улмаар 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 60 нас хүрч, мөн ажилласан жил 25 жил 4 сар хүрсэн тул өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газарт хандсан боловч тус газраас өнөөдрийг хүртэл миний өндөр насны тэтгэврийг зох журмаар тогтоогоогүй. Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газраас хууль хоорондын зөрчилтэй, Нийгмийн даатгалын ерөнхий газраас тодруулах шаардлагатай хэмээн үзэж, сайн дурын даатгалын шимтгэл төлөлтийн 60 сараар тооцох ёстой үүргээ биелүүлээгүй болно. Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ******* албан бичигт өндөр насны тэтгэвэр тогтоолгох 5 жилийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо Зам т х т 2023 оны 03 дугаар сард 371,250 төгрөг, 05 дугаар сард 165,000 төгрөг, 06 дугаар сард 440,000 төгрөг, 10 дугаар сард 357500 төгрөг, 12 дугаар сард 275,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сард 110,000 төгрөг, 06 дугаар сард 110,000 төгрөг, Ш у т сд 06 дугаар сард 166,000 төгрөг, Б ХХК-д 06 дугаар сард 670,000 төгрөг, 07 дугаар сард 670,000 төгрөг, 08 дугаар сард 670,000 төгрөг, 09 дүгээр сард 670,000 төгрөг, Зам т х т 9 дүгээр сард 192,500 төгрөг, 10 дугаар сард 192,500 төгрөг, Б ХХК-д 10 дүгээр сард 670,000 төгрөг, 11 дүгээр сард 670,000 төгрөг, 12 дугаар сард 670,000 төгрөг, Зам т х т 2025 оны 01 дүгээр сард 192,500 төгрөг, Б ХХК-д 01 дүгээр сард 670,000 төгрөг, 02 дугаар сард 670,000 төгрөг, 03 дугаар сард 670,000 төгрөг, 04 дүгээр сард 792,000 төгрөг, Б м и ү з а а 04 дүгээр сард 720,000 төгрөг, Зам т х т 09 дүгээр сард 357,500 төгрөгийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос... албан журмын нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөнөөр тооцож, эдгээр саруудад ажиллаж шимтгэл төлсөн цалин хөлс, сайн дурын даатгал даатгуулсан орлогыг өндөр насны тэтгэвэр тогтоолгох 5 жилийн дундаж цалин хөлсийг тодорхойлоход тус тус оруулан тооцно. Харин 2023 оны 3, 5, 6, 10, 12 дугаар саруудад Зам т х т нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан болон мөн хугацаанд сайн дурын даатгалын шимтгэл төлсөн орлогыг өндөр насны тэтгэвэр тогтоолгох цалин хөлсөнд давхардуулан тооцохгүй тул энэ хугацаанд төлсөн сайн дурын даатгалын шимтгэлийг танд буцааж олгоно гэсэн хариу өгсөн.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын дээрх 2023 оны 3, 5, 6, 10, 12 дугаар саруудад сайн дурын даатгалын шимтгэл төлсөн орлогоос тэтгэвэр тогтоохгүй гэж үзсэн шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар захиргааны акт гэж үзэж байна. Улмаар тус албан бичиг болон Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын шийдвэрийг хууль бус хэмээн үзэж, урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлд болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т******* А******* тус тус гомдол гаргасан. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас хуулийн хугацаанд хариу өгөөгүй бөгөөд Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлөөс 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр таны өндөр насны тэтгэвэр тогтоолгох 5 жилийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо 2024-2025 онд шимтгэл төлсөн цалин хөлс, сайн дурын даатгалын шимтгэл төлсөн орлогыг тус тус оруулан тооцох боломжтой, харин 2023 оны 3, 5, 6, 10, 12 дугаар саруудын Зам т х т ажиллан, албан журмаар даатгуулан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн болон мөн хугацаанд сайн дурын даатгалын шимтгэл төлсөн орлогыг өндөр насны тэтгэвэр тогтоолгох цалин хөлсөнд давхардуулан тооцож өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй... гэсэн хариу ирүүлсэн тул дараах үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна.
Сайн дурын даатгалын дунджаар 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоогоогүй татгалзлыг хууль бус болохыг тогтоож, зох журмын дагуу сайн дурын даатгалын дунджаар 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс тэтгэвэр тогтоохыг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Доор дурдсан даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гээд 5.1.2-т тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 насанд хүрсэн эрэгтэй, 55 насанд хүрсэн эмэгтэй гэж заасан. Нэхэмжлэгчийн миний бие 2025 оны 10 дугаар сарын 08-ний өдөр 60 нас хүрч, 25 жил 4 сар нийгмийн даатгалын шимтгэл төлж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй болсон тул өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газар хандсан.
Дээр дурдсанчлан Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газарт хандсан боловч өнөөдрийг хүртэл Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.10.2-т заасан тэтгэвэр тогтоох чиг үүргээ үл хэрэгжүүлж, нэхэмжлэгч миний Монгол Улсын Үндсэн хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасан өндөр настан эд, мөнгөний тусламж авах буюу өндөр насны тэтгэвэр авах эрхийг зөрчиж байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Өргөдлийн хариу хүргүүлэх тухай ******* дугаартай татгалзалд ...Тус иргэний 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр манай газарт хандаж ирүүлсэн тодруулга хүсэх тухай хүсэлтийн дагуу Нийгмийн даатгалын Ерөнхий газраас ирүүлсэн 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар хариу хүргүүлэх албан бичигт өндөр насны тэтгэвэр тогтоолгох 5 жилийн дундаж цалин хөлсийг тодорхойлсон хугацаагаар тэтгэврийн тооцоолол хийж үзэхэд ... 1,893,642 төгрөг тогтоогдохоор байна гээд хавсралтаар 60 сарын дунджийг гаргахдаа сайн дурын даатгалыг оруулаагүй буюу 2023 оны 3, 5, 6, 10, 12 саруудад Зам т х төвийн албан журмын даатгалаас тооцоолол хийснийг хууль бус татгалзал гэж үзэж байна. Энэхүү нэхэмжлэлийн нэг дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т тус тус тайлбарласанчлан Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаартай албан бичиг нь хууль бус бөгөөд түүнийг үндэслэж, 2023 оны сайн дурын даатгалаар төлсөн төлөлтийг тэтгэвэрт тооцогдох цалинд оруулахгүй гэж үзсэн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Өргөдлийн хариу хүргүүлэх тухай ******* дугаартай татгалзсан шийдвэр нь хууль бус гэж үзэж байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4-т тус тус зааснаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаартай албан бичгийг хүчингүй болгож, Сайн дурын даатгалын дунджаар 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоогоогүй татгалзлыг хууль бус болохыг тогтоож, зох журмын дагуу сайн дурын даатгалын дунджаар 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс тэтгэвэр тогтоохыг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газарт даалгахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргааны явцад тэтгэврийг 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс нь тогтоолгох эсэх, улсын байцаагчийн акт буюу 02 кодоор бичсэн өдрөөс нь хойш тогтоох эсэх, эсвэл шүүхийн шийдвэр эцэслэгдэж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш тогтоогдох эсэх асуудал гарч ирж байна. Нэхэмжлэгч 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой заасан. Энэ хүрээндээ захиргааны хэрэг үүсгээд хариуцагч татгалзсан. Хэрвээ нэхэмжлэл хангагдаад нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол сэргээгдсэн тохиолдолд шүүхийн шийдвэр гарсан өдрөөс бодно гэвэл зөрүүтэйгээ холбоотойгоор Иргэний хэргийн шүүхэд маргах эрх нь нээлттэй болно. Монголын хуульчдын холбооноос надад энэхүү хэрэгт пробоно хийх хүсэлтийг тавдаа Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн үйлчлэлтэй холбоотой асуудал тавьсан. Хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судалбал энэ нь нэхэмжлэгчийн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.9-д заасан албан журмын даатгалаар даатгуулж байсан хугацаанд гэдэг үндэслэлээр татгалзах тохиолдол биш. Нэхэмжлэгчийн хувьд 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сайн дурын даатгалын гэрээ байгуулж өгсөн тул сайн дурын даатгалын гэрээ байгуулсан хугацаанд буюу Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.10 дахь хэсэг хэрэглэгдэнэ. Хариуцагч тал хоногоор ажилласан гэж үзсэн гэж хэлж байна. Гэвч тооцооллоос үзэхэд хоногоор ажилласан гэж үзээгүй байна. 371,000 төгрөгийг дахин тэтгэвэр бодох суурь дүнд оруулахдаа нэг сарын 371,000 төгрөгөөр ажилласан гэж тооцсон байсан. Хэрвээ хоногоор ажилласан гэж үзэж байгаа бол нэг хоног нь 371,000 төгрөг үү гэдэг асуудал яригдах ёстой. Хариуцагч 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар татгалзаж байгаа. Хариуцагчаас тэтгэврийг зөвхөн нэг удаа тогтооно, нэмэгдүүлэх боломж байгаа гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгчид тогтоосон тэтгэврийг шаардан залруулах эрх байдаг. Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.5.1-д үндсэн а цагаасаа бусад цагт Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйлд заасан зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээний дагуу хэд хэдэн ажил зэрэг гүйцэтгэж байгаа ажилтан албан журмаар даатгуулна гэж заасны дагуу татгалзаж байгаа энэ тохиолдолд маргаж буй 5 сарын үндсэн ажил нь 01 кодоор кодлогдох ёстой. Гэтэл 2023 оны 3, 5, 6, 10, 12 дугаар саруудад 2 код байгаа. Эхнийх нь сайн дурын даатгалын 10, 9 гэдэг код байгаа. Нөгөөх нь 40 гэсэн код байж байгаад 02 код болсон. Энэ цаг хугацаанд үндсэн ажил гэсэн 01 код байхгүй. Иймд Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.5.1-д заасан ойлголт нь хэрэгт авагдсан нотлох баримтаар үгүйсгэгдэж байна. Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/200 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулахад баримтлах журам байдаг. Энэ журмын 5.8-д заасан заалтыг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулж маргана. Журмын 5.8-д Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.10-д заасны дагуу сайн дураар даатгуулсан хугацаанд Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээгээр ажилласан албан журмаар даатгуулж давхар шимтгэл төлж болно гэсэн байдаг. Шимтгэл төлж болох эсэх, албан журмаар нь бодно гэдэг асуудлыг сайд хэм хэмжээний актаа батлахдаа сайн дурын даатгал дээр албан журмаар даатгуулж болно гэж заасан байдаг. Иймд энэхүү татгалзал нь тус хэм хэмжээний акттай нийцэхгүй байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болон Сангийн сайдын хамтран баталсан 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/44, А/40 дугаар тушаалын хавсралтаар Нийгмийн даатгалын сангийн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны бүртгэлийн маягт хөтлөх аргачлалыг хөтөлнө гэсэн байдаг. Энэ нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 6770 дугаараар бүртгэгдсэн. Энэ дээр 2 кодын асуудал гаргаж ирж байгаа. Код 40 нь үндсэн ажлаас гадуур давхар ажиллаж буй даатгуулагч буюу 40001 гэсэн байгаа. Үндсэн ажлаас гадуур зэрэгцэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан код 02, аж ахуйн нэгжийн эзэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн 02001 иргэний хуульд заасан ажил гүйцэтгэх хөлсөөр ажиллах болон бусад гэрээгээр ажиллагч гэсэн байна. Хэм хэмжээний акт баталсан хоёр сайд иргэний эрхийг илүү хамгаалж, 02001 гэдэг кодыг ажил гүйцэтгэх 343, хөлсөөр ажиллах 359 болон гээд бусад гэрээгээр ажил эрхлэгч гэсэн байдаг. Зам тээвэр х төвөөс нэхэмжлэгч нь Ш у т з гишүүн байгаа. Орон тооны бус буюу байнга ажилладаггүй. Замын төслийг хэлэлцүүлэх үед мэргэжлийн холбоодын төлөөлөл болж санал зөвлөмжөө гаргадаг. Нэг цагийн хөлс нь 55,000 төгрөг. Бид нар энэ дүнгээсээ бодож олгодог гэсэн. Тухайн байгууллага нь маргаж буй 2023 онд 40 кодоор нь кодолсон. Нэхэмжлэгч үүнийг залруулахын тулд хууль зүйн боломжийнхоо хүрээнд улсын байцаагчид гомдол гаргасан. Өөрөөр хэлбэл, Нийгмийн даатгалын улсын байцаагч акт үйлдэж, буруу тайлагнасан байгаа тул залруулна гээд 02 тоот болгосон. Яагаад энэ дээр Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.10-д заасан хэсэг хэрэглэгдэх ёстой эсэх асуудал гарч ирж байна. Нэхэмжлэгч 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр захиргааны гэрээ байгуулсан байна. Захиргааны гэрээний 2.11-д сайн дурын даатгуулагч нь гэрээгээр шимтгэл төлж байх хугацаандаа албан журмын даатгалд нэг болон түүнээс дээш сарын хугацаагаар давхар бүртгэгдсэн тохиолдолд нийгмийн даатгалын байгууллага буюу хариуцагч энэ асуудлыг тухайн даатгуулагчид мэдэгдэн давхардуулан төлсөн шимтгэл төлөлтийн тооцоог хууль тогтоомжийн дагуу эцэслэн хийнэ гэж заасан байдаг. Үүнийг хариуцагч өнөөдрийг хүртэл хийгээгүй. Мөн гэрээний 2.11-д цаашид албан журмын даатгалын харилцааг үргэлжлүүлэн шимтгэл төлөх бол сайн дурын даатгал төлсөн шимтгэлийг буцаан олгох гэж заасан байдаг. Цаашид энэ албан журмын даатгалын харилцаа үргэлжлээгүй. Хэрэв сайн дурын даатгалын харилцааг үргэлжлүүлэн шимтгэл төлөх бол давхардуулан төлсөн сайн дурын даатгалын шимтгэлийг албан журмын даатгалын шимтгэл төлсөн дараа сард шилжүүлэн тооцож болно гэсэн байдаг. Ийм байдлаар тооцоогүй. Яагаад тооцоогүй вэ гэвэл гэрээний 3.8-д Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасны дагуу гэрээ байгуулж ажилласан боловч энэхүү гэрээний 1.5-д заасан хугацаа дуусахаас өмнө албан журмын даатгалын харилцаа дуусгавар болсон бол сайн дурын даатгалын гэрээг үргэлжлүүлэн нийгмийн даатгалын шимтгэл төлж даатгуулж болно гэж заасан байдаг. 2024 болон 2025 онд сунгагдсан байгаа. Нийгмийн даатгалын байцаагч н.М******* үүнийг сунгаж байсан. Гэрээнд хэрвээ сайн дурын даатгалын гэрээний хугацаа дуусахад албан журмын даатгалын харилцаа үргэлжилсэн хэвээр байвал гэрээг үргэлжлүүлэн сунгахгүй дуусгавар болсонд тооцно гэж заасан байдаг. Энэ нөхцөл байдлыг хариуцагч өөрөө хэрэгжүүлээгүй сунгаад байсан. Өөрөө гэрээ байгуулъя гэж хүрч ирж байгаа үйл баримт харагдаж байна. Сайн дурын гэрээг байгуулбал нэхэмжлэгч өөрөө даатгуулна. Гэхдээ энэ гэрээн дээр үг үсгийг нэмэх эрхгүй. Хэрвээ энэ нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргаа гэрээ бол гэрээний заалтыг нэмж хасах эрхийг нэхэмжлэгч тал эдлэхгүй. Энэ явдал нь гэрээний стандартыг өөрчлөх нөхцөл бий болно. Legallinfo сайт руу ороход энэ гэрээ харагдана. Нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, ашигтайгаар тайлбарлаж хэрэглэх нь Захиргааны ерөнхий хуулийн зорилгод нийцнэ. Даатгуулагчийн албан журмын болон сайн дурын даатгалын шимтгэл төлөлт давхацсан тохиолдолд сайн дурын даатгалын шимтгэлийг буцаан олгоно гэсэн татгалзал нь буруу байна. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.9-д буцаан олгоно гэдэг үг үсэг байхгүй байгаа. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.9-д Нийгмийн даатгалд албан журмаар даатгуулсан хугацаанд сайн дураар давхар даатгуулахгүй гэж заасан байдаг. Энэ хуулийн 7.10-д Даатгуулагч сайн дураар даатгуулсан хугацаанд энэ хуулийн 19.1.2-т заасан гэрээгээр ажил гүйцэтгэсэн бол энэ хуулийн 7.9 дэх хэсэг хамаарахгүй гэж зохицуулсан байдаг. Нэхэмжлэгчийн хувьд хуулийн урьдчилсан нөхцөлийг Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.10 дахь хэсгээрээ хангаж байна. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.9-д зааснаар татгалзаж байгаа хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн үүнд 1994 оны хууль хэрэглэгдэх эсэх асуудал байгаа. Яагаад гэвэл энэ нь дагаж мөрдөх журмын тухай хуулиараа зохицуулагдаагүй. Хэрвээ Улсын Их Хуралд энэ хуулийг хүчингүй болгосон бол улсын байцаагчид энэ хуулийг сэргээх эрх байхгүй. Хариуцагч тал нийгмийн даатгалын улсын байцаагч нэхэмжлэгчийн тэтгэврийг Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.9-д зааснаар татгалзаад тогтоож байгаа. 1994 оны хуулиараа энэ нь ордоггүй байсан гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэх хэсэг дээрээ 1994 оны хуулийг тайлбарласан байсан. Маргаан бүхий 5 сарын асуудлыг 1994 оны хуулиар хүчингүй болгосон. 1994 оны Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад тодорхой хөдөлмөр эрхлээгүй Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн энэ хуульд заасан болзол, журмын дагуу энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2, 4 дэх заалтад дурдсан даатгалд сайн дураар даатгуулж болно. Сайн дураар даатгуулагч нь дээр дурдсан нийгмийн даатгалын төрөл тус бүрд хамрагдана гэж заасан байдаг. Энэ хуулийн 4.6-д Ажил олгогч, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа тэтгэвэр авагч энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 5 дахь заалтад зааснаас бусад төрлийн даатгалд албан журмаар даатгуулна. Үндсэн ажлаас гадуур байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу давхар ажил эрхэлж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахь заалтад зааснаас бусад төрлийн даатгалд албан журмаар даатгуулна гэж зохицуулсан байдаг. Энэ дээр даатгуулж болно гэдэг агуулгыг илэрхийлж байгаа. Нэхэмжлэгч 2025 онд тэтгэврээ тогтоолгох өргөдлөө гаргасан тул энэ дээр 1994 оны хуулийг хэрэглэх хууль зүйн үндэслэл байхгүй. Өөрөөр хэлбэл захиргааны акт нь 2025 онд гарсан. Үүнийг тооцох гэж байгаа тооцооллын хэлбэр нь өөрөө 2023 ондоо орсон тул 1994 оны хуулийг хэрэглэнэ гэвэл Хууль тогтоомжийн тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг баримтлах хууль зүйн үндэслэлийг гаргаж ирэх ёстой. Ийм үндэслэл байхгүй байгаа. Зам т х т ажиллаж байсан тул зэрэгцсэн гэж үзвэл 01 тоот байхгүй болно. Албан журмын даатгалаар Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.5.1 дэх заалтад хамрагдана. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.5.1 дэх заалтад хамрагдаж байгаа тул Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.9 дэх хэсэг хэрэглэгдэнэ гэж үзвэл зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байхгүй байна. Үндсэн хөдөлмөрийн гэрээ байж тэрэнтэй зэрэгцэнэ гэдэг ойлголт байна. Хуулийн тайлбар дээр үүнийг заасан байдаг. Хэрвээ зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ биш үндсэн ажилтнаараа явах ёстой гэвэл агуулга нь 01 кодоор явах ёстой. Хариуцагч нэхэмжлэгчид ямар ч хамааралгүй, өөрсдөө шалгаад тодруулч боломжтой байсан зүйлээр татгалзаж байна. Нийгмийн даатгалын улсын байцаагч нь улаан тамгатай акт тогтоосон. А.Мод акт тогтоох эрх байгаа юу. Хариуцагчаас ийм асуудал үүссэн гэдгээ мэдмэгцээ гомдлоо гаргаж улсын байцаагчийн акт гаргуулсан байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэв.
3.3.Хариуцагчаас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны оршин суугч Адьяагийн М нь тус газарт Өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр өргөдлөө гарган, материалаа бүрдүүлэн өгч, 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.9 дэх хэсэгт Нийгмийн даатгалын албан журмаар даатгуулсан сайн дураар давхар даатгуулахгүй гэж заасан. Өөрөөр хэлбэл даатгуулагчийн албан журмын болон сайн дурын даатгалын шимтгэл төлөлт давхардсан тохиолдолд сайн дурын даатгалын шимтгэлийг буцаан олгоно. Иймд иргэн А.Мын 2023 оны 3, 5, 6, 10, 12 дугаар саруудад сайн дурын даатгал болон албан журмын даатгал давхацсан тул дээрх саруудад Зам т х т нийгмийн даатгалын шимтгэл төлсөн цалингаас дундаж цалин хөлсийг тооцон, өндөр насны тэтгэвэр тогтоосон... гэжээ.
3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчээс тэтгэвэр тогтоолгосноос хойш 6 болон түүнээс дээш сар албан журмын даатгалаа төлөөд ажиллаж байгаа тохиолдолд тэтгэврийг нэг удаа нэмэгдүүлэх боломжтой. Харин хуульд заасны дагуу тэтгэврийг дахин тогтоохгүй. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д албан журмаар даатгуулсан сайн дурын даатгал зэрэгцсэн тохиолдолд гэрээ байгуулснаар нь тооцно гэсэн байдаг. Нэхэмжлэгч 2023 оны 01 дүгээр сараас өмнө 40 кодоор тайлагнаад гэрээгээ хийсэн байсан. Тухайн байгууллагатайгаа зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулаад 3, 4 ажил зэрэг эрхлээд явж байсан. Тухайн байгуулсан гэрээгээ дуусгаагүйгээр 40 кодоороо тайлагнасан тул цалин нь 40 кодоороо бодогдсон. Сайн дурын гэрээ, албан журмын даатгалтай давхацсан тохиолдолд сайн дураар төлсөн мөнгийг эргүүлэн олгоно гэж заасан. Хариу татгалзалдаа албан журмын даатгал нь сайн дурын даатгалтай зэрэгцсэн тохиолдолд сайн дурын даатгалыг өөрт нь буцааж өгнө гэж заасан. Сайн дурын даатгалаа давхардуулсан тул үүнийг буцааж авах талаарх хүсэлтээ өгвөл тухайн мөнгийг өөрт нь буцаан олгоно. Өөрөөр хэлбэл, өөрийнх нь нэрийн дансанд буцааж олгодог. Нэхэмжлэгч тус хүсэлтээ өгөөгүй, шүүхэд маргаж байгаа тул сайн дурын даатгал буцааж олгогдоогүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хэрэгт цугларсан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгч Агийн М нь 1965 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төрсөн бөгөөд 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газарт Миний бие 2023 оны 02 дугаар сараас эхлэн сайн дурын даатгал төлж ирсэн бөгөөд Зам тээвэр, х яамны Ш у т з гишүүнээр ажиллан, сайдын А/09 тушаалаар 1 цаг хуралд суусны хөлсөнд 55,000 төгрөгийн урамшуулал олгосныг нийгмийн даатгалын санд цалингийн шимтгэл төлсөн байдаг. Мөн Б ХХК-д хувиараа зөвлөгөө үзүүлснээр нийгмийн даатгалын шимтгэл давхар төлөгдсөн. Эдгээр үндсэн ажлаас гадуурх а хөлс нь нийгмийн даатгалын санд 2023 онд 40 код, 2024 оноос 40001 кодоор төлөгдсөн нь давхардал үүсгэхгүй болно. Иймд миний тэтгэврийг сайн дурын даатгал болон бусад нийгмийн даатгалын шимтгэлийн нийлбэрээр тогтоож өгнө үү гэх өргөдлийг гаргасан.
2.Тус өргөдлийн хариуд Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаар Өргөдлийн хариу хүргүүлэх тухай албан бичгээр нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох 5 жилийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо 2023 оны 3, 5, 6, 10, 12 дугаар саруудад Зам т х т нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан цалин хөлсийг тооцож, мөн хугацаанд сайн дурын дунджаар тооцоогүй татгалзсан хариу нь дараах үндэслэлээр хууль бус болжээ.
3.Нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох дараалсан 5 жилээ 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тодорхойлсон бөгөөд 2023 оны 3, 5, 6, 10, 12 дугаар саруудад сайн дурын дунджаар тооцох эсэх талаар хууль хэрэглээний хувьд маргаж байна.
4.Хариуцагчаас маргаан бүхий саруудад Нийгмийн даатгалын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 7 дугаар зүйлийн 7.9-д Нийгмийн даатгалд албан журмаар даатгуулсан хугацаанд сайн дураар давхар даатгуулахгүй гэж заасны дагуу даатгуулагчийн албан журмын болон сайн дурын даатгалын шимтгэл төлөлт давхардсан тохиолдолд сайн дурын даатгалыг буцаан олгож, тэтгэврийг албан журмын шимтгэл төлөгдсөн цалингаас тооцно гэж, нэхэмжлэгчээс Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.10 дахь хэсэгт заасны дагуу хөлсөөр ажиллах гэрээ болон сайн дурын даатгал давхацсан тохиолдолд давхардуулан төлж болно гэх үндэслэлүүдээр маргаж байна.
5.Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгчээс маргаан бүхий 2023 оны 3 дугаар сард 5,500,000 төгрөгийн цалингаас 742,500 төгрөгийг сайн дурын даатгалд, Зам т х төвөөс олгосон 371,250 төгрөгийн цалингаас 87,615 төгрөгийг, 5 дугаар сард 5,500,000 төгрөгийн цалингаас 742,500 төгрөгийг сайн дурын даатгалд, Зам т х төвөөс олгосон 165,000 төгрөгийн цалингаас 39,600 төгрөгийг, 6 дугаар сард 5,500,000 төгрөгийн цалингаас 742,500 төгрөгийг сайн дурын даатгалд, Зам т х төвөөс олгосон 440,000 төгрөгийн цалингаас 105,600 төгрөгийг, 10 дугаар сард 5,500,000 төгрөгийн цалингаас 742,500 төгрөгийг сайн дурын даатгалд, Зам т х төвөөс олгосон 357,500 төгрөгийн цалингаас 85,800 төгрөгийг, 12 дугаар сард 5,500,000 төгрөгийн цалингаас 742,500 төгрөгийг сайн дурын даатгалд, Зам т х төвөөс олгосон 275,000 төгрөгийн цалингаас 66,000 төгрөгийг тус тус нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн байна.
6.Нэхэмжлэгч нь маргаан бүхий саруудад буюу 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэстэй сайн дурын даатгалын гэрээ байгуулан сард 5,500,000 төгрөгийн хөдөлмөрийн хөлс, орлогоос 742,500 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан нь хэрэгт авагдсан 27002301008 дугаартай Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан тухай гэрээ болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтуудаар тус тус нотлогдож байна.
7.Зам т х сайдын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Ш у, т з дүрэм бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай А/09 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтын 8-д нэхэмжлэгч А.М нь Зам, т х яамны ш у, техникийн з бүрэлдэхүүнд томилогдон, уг тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан Зам т х яамны ш у, т з дүрэм-ийн 7 дугаар зүйлийн 7.2-т З дарга, дэд дарга, нарийн бичгийн дарга, гишүүд болон Дэд з ахлагч, нарийн бичиг, гишүүдийн хуралд оролцсон нэг цагийн а хөлсийг 55,000 /тавин таван мянга/ төгрөгөөр тооцон олгоно гэж заасны дагуу хөлс авч байсан нь тогтоогдож байна.
8.Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Маягт, журам батлах тухай 246, А/245 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар Нийгмийн даатгалын сангийн анхан шатны бүртгэлийн маягт /З-НД, Б-НД/-ыг, хоёрдугаар хавсралтаар Нийгмийн даатгалын сангийн анхан шатны бүртгэлийн маягт хөтлөх журмыг тус тус баталжээ.
9.Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Маягт батлах, тушаалд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 49,А/39 дугаартай тушаалын 3 дахь заалтаар дээрх хамтарсан тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан Нийгмийн даатгалын сангийн анхан шатны бүртгэлийн маягт хөтлөх журам-ын 2 дугаар бүлэгт 2.201, 2.26.91 гэсэн заалт нэмсэн байна.
10.Тодруулбал, Нийгмийн даатгалын сангийн анхан шатны бүртгэлийн маягт хөтлөх журам-ын 2.26.91 дэх заалтад Даатгуулагчийн төрлийн ангиллыг тодорхойлон заажээ.
11.Улмаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/43 дугаар тушаалын 1 дэх заалтад Ажил олгогчтой байгуулсан Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа иргэний уг гэрээгээр тохирсон а хөлсийг нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд бүртгэх даатгуулагчийн төрлийн кодыг 02 гэж тогтоон, ажил олгогч, даатгуулагчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн нийт хувь хэмжээг (24.0-26.0)-гээр тооцон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэхээр баталсан байна.
12.Өөрөөр хэлбэл, дээрх тушаалуудад Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд бүртгэх даатгуулагчийн төрөл, код-д Иргэний хуульд заасан ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээгээр ажилсан ажилтныг 02 төрлийн кодоор нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөр зохицуулжээ.
13.Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагч М.О*******, Г.Б******* нарын 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 250235 тоот актаар Зам, т х төв нь даатгуулагч А.Мын 2023 оны 05 дугаар сараас 2025 оны 09 дүгээр сарыг дуусталх хугацаанд олгосон 2,612,500 төгрөгийн цалин хөлснөөс даатгуулагчийн цалин хөлсийг буруу тайлагнаж, нийгмийн даатгалын шимтгэл дутуу тооцсон зөрчил гаргасан, энэ нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.10-д өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээд, хүнтэй ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээний дагуу ажиллаж байгаа ажилтан, 18 дугаар зүйлийн 18.1-д Ажил олгогч болон энэ хуулийн 7.2, 7.3, 7.4, 7.5-д заасан даатгуулагч дараах хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө:, 21 дүгээр зүйлийн 21.2-т Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын байгууллага, гадаадын ажил олгогч Монгол Улсын иргэнийг ажиллуулж байгаа бол түүний нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулийн 21.1-д заасны дагуу нийгмийн даатгалын санд төлнө, 32 дугаар зүйлийн 32.2-т Ажил олгогч дараах үүрэг хүлээнэ: гэж заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоож, нийгмийн даатгалын шимтгэл төлөөлөөгүй 2,612,500 төгрөгийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос дутуу тооцсон 29,700 төгрөгийг шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнд 8,910 төгрөгийн алданги ногдуулахаар шийдвэрлэсэн байна.
14.Ийнхүү улсын байцаагчийн акттай холбогдуулан даатгуулагчийн цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогод залруулга хийхдээ даатгуулагчийн төрөлд мөн адил залруулга хийжээ.
15.Тодруулбал, хэрэгт авагдсан Зам т х төв-ийн 2023 оны 05 дүгээр сараас 2025 оны 09 дүгээр саруудын шимтгэлийн тайланд даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, даатгуулагчийн төрөлд залруулга хийснийг мэдүүлэх тайлангийн маягтад нэхэмжлэгч А.Мын 2023 оны 05, 06, 10, 12 дугаар саруудын даатгуулагчийн төрлийн код 40 буюу Үндсэн ажлаас гадуур давхар ажил эрхэлж байгаа ажилтан/даатгуулагч/ байсныг 02 буюу Иргэний хуулийн ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч болгон залруулжээ.
16.Үүнээс үзвэл хариуцагч нийгмийн даатгалын байгууллага өөрөө нэхэмжлэгч А.Мын маргаан бүхий 2023 оны 05, 06, 10, 12 дугаар саруудын даатгуулагчийн төрлийн код 02 байсан буюу нэхэмжлэгчийг Зам, т х яамны ш у, техникийн з бүрэлдэхүүнд томилогдон ажилласан дээрх саруудад хамаарах гүйцэтгэсэн ажил, түүнд Зам т х төв-өөс олгосон цалин хөлс нь Иргэний хуулийн ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээнд хамаарахаар байсныг хүлээн зөвшөөрч, залруулга хийсэн гэж үзэхээр байна.
17.Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.9-д Нийгмийн даатгалд албан журмаар даатгуулсан хугацаанд сайн дураар давхар даатгуулахгүй гэж, 7.10-д Даатгуулагч сайн дураар даатгуулсан хугацаанд энэ хуулийн 19.1.2-т заасан гэрээгээр ажил гүйцэтгэсэн бол энэ хуулийн 7.9 дэх хэсэг хамаарахгүй, 19 дүгээр зүйлийн 19.1.2-т Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээгээр тохирсон цалин хөлс гэж заасны дагуу нэхэмжлэгч сайн дураар нийгмийн даатгалын шимтгэл төлж байх хугацаандаа Зам, т х яамны ш у, техникийн з бүрэлдэхүүнд томилогдон ажиллаж, Зам, т х төв-өөс Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээгээр тохирсон цалин хөлс авч байсан тул дээрх хуулийн 7.9 дэх хэсэг нэхэмжлэгчид хамаарахгүй, хариуцагчийн энэ хуулийн зохицуулалтаар татгалзаж буй татгалзал хууль бус байна.
18.Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д Энэ хуулийн 6.1.1-д заасан нийгмийн даатгалын төрөлд дараах хүн албан журмаар даатгуулна, 7.5.1-д үндсэн а цагаасаа бусад цагт Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйлд заасан зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээний дагуу хэд хэдэн ажил зэрэг гүйцэтгэж байгаа ажилтан, Тайлбар: "үндсэн ажил" гэж хэд хэдэн ажил олгогчтой гэрээ байгуулан ажиллах тохиолдолд долоо хоногийн а цагийн энхийг зарцуулж байгаа, эсхүл а цагийн зарцуулалтыг тодорхойлох боломжгүй бол цаг хугацааны хувьд эхэлж гэрээ байгуулсан ажил, албан тушаалыг гэж тус тус заасан.
19.Нэхэмжлэгчийн 2023 оны 05 дугаар сараас 2025 оны 09 дүгээр саруудын шимтгэлийн тайланд даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, даатгуулагчийн төрөлд хийсэн залруулгаас үзвэл нэхэмжлэгч А.Мын Зам, т х яамны ш у, техникийн з бүрэлдэхүүнд томилогдон ажиллахад олгосон цалин хөлсийг даатгуулагчийн төрлийг 40 (Үндсэн ажлаас гадуур давхар ажил эрхэлж байгаа ажилтан/даатгуулагч/) байсныг 02 (Иргэний хуулийн ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч) код болгон өөрчилсөн, аж ахуйн нэгж байгууллагын энгийн ажилтан буюу 01 кодоор тогтоогоогүй байх тул Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7.5.1-д заасан үндсэн а цагаасаа бусад цагт Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйлд заасан зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээний дагуу хэд хэдэн ажил зэрэг гүйцэтгэж байгаа ажилтан гэж үзэх үндэслэлгүй байна.
20.Түүнчлэн Улсын Их Хурлаас 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг баталж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн бөгөөд нэхэмжлэгч А.Моос нийгмийн даатгалын байгууллагад хандан 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 60 нас хүрч, өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор өргөдөл гаргасан байх тул 1994 онд батлагдсан Нийгмийн даатгалын тухай хуулийг маргаан үйл баримтад холбогдуулан тайлбарлан хэрэглэх үндэслэлгүй.
21.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын сайн дурын даатгалын дунджаар 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоогоогүй татгалзлыг хууль бус болохыг тогтоож, зох журмын дагуу сайн дурын даатгалын дунджаар 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс тэтгэвэр тогтоохыг даалгаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.4, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийгмийн даатгалын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 7 дугаар зүйлийн 7.5.1 дэх заалт, 7.9, 7.10 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч А.Моос Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын сайн дурын дунджаар 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоогоогүй татгалзлыг хууль бус болохыг тогтоож, зох журмын дагуу сайн дурын даатгалын дунджаар 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс тэтгэвэр тогтоохыг даалгасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ