Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2017/00118

 

И.Атарбямбын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

         2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1311 дүгээр шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

         2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 196 дугаар магадлалтай,

         И.Атарбямбын нэхэмжлэлтэй,

         Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газар, Э.Болдсайхан нарт холбогдох       

         Цувны үнэ 160.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

         Нэхэмжлэгч И.Атарбямбын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн           

         Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Дархан-Уул аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хурлын заалнаас 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр өлгүүрт байсан цувыг хулгайд алдсан. Шүүх хурлын дараа дахин өөр хурал болоогүй, би хурал тараад 15-20 минутын дараа ирэхэд цув алга байхаар шүүх хуралд оролцсон тахар Э.Болдсайханаас асуух гэхэд тэр байгаагүй, үүдэнд сууж байсан тахар цувыг хайлцаж өгсөн. Тэр өдөр шүүхийн камер ажиллаагүй урд хаалга засвартай хойд хаалгаар хүн гарч тахар нэг залуу урдаа сууж байсан. Нөгөө талаар шүүхийн заалны хаалганы өөдөөс тахарын хаалга онгорхой дотор нь 4, 5 тахар байхад эрүүгийн шүүх хурлын заалны өлгүүрээс цув эд зүйл алга болно гэдэг байж таарахгүй. Эзэнгүй дотор нь шүүхийн эд хогшил байгаа эрүүгийн зааланд гадны болон хулгайч хүнийг тахар оруулахгүй байх ёстой учраас ажлаа хийж яваад алдагдсан цувны үнэ 160.000 төгрөгийг Тахарын албанаас гаргуулж өгнө үү.” гэжээ.

          Хариуцагч 9 дүгээр тойргийн тахарын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болдсайханы гаргасан хариу тайлбарт: “9 дүгээр тойргийн Тахарын албаны шүүх хуралдааны журам сахиулах хуяг туслах тахар Э.Болдсайхан би 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 10:00 цагт зарлагдсан шүүгдэгч М.Болдсайханд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралд журам сахиулагчаар оролцсон болно. Тус шүүх хуралд шүүгдэгч М.Болдсайханы өмгөөлөгчөөр И.Атарбямба оролцсон. Өмгөөлөгч И.Атарбямба шүүх хурлын танхимд орж ирэхдээ цувтай орж ирээд үүдний өлгүүрт цуваа өлгөсөн гээд байгааг нь би хараагүй мөн шүүх хуралд оролцсон бусад оролцогч шүүх хурлын нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг шүүх хурал дуусгаад хамгийн сүүлд танхимаас гэрлийг нь унтраагаад гарахад үүдэнд өлгөсөн ямар ч хувцас байгаагүй гэж байсан, мөн шүүхийн үйлчлэгч С.Тунгалаг шүүх хурал дуусангуут орж танхимыг цэвэрлэхэд үүдний өлгүүрт юу ч байгаагүй гэж байсан, иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

          Хариуцагч Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнгөнбаярын гаргасан хариу тайлбарт: “Иргэн И.Атарбямбын цув алга болсон талаар утсаар 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр мэдээлсний дагуу явж шалгахад доорх байдлууд тогтоогдсон болно. Тухайн өдөр шүүхийн хяналтын камерууд ажиллаагүй байсан ба төв хаалга засвартай байсан тул арын хаалгаар бүх иргэд орж гарч байсан. Иргэн И.Атарбямба тэр өдөр цувтай шүүхийн байранд орсон эсэх нь тодорхойгүй. Шүүх хурал дууссаны дараа нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг хамгийн сүүлд гарч, үйлчлэгч С.Тунгалаг цэвэрлэгээ хийсэн байдаг ба тэд өлгүүрт ямар ч хувцас байгаагүйг хэлдэг.Тухайн үед шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг Тахарын алба хариуцаж байсан ба Тахарын албаны тухай хуулийн 13.1-д Тахарын алба шүүхийн аюулгүй байдлыг хангах зорилгоор шүүх хуралдааны танхимд эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлж, шүүн таслах ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн заалт байдаг. Иймд И.Атарбямбын цув алга болсон тул 160.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

          Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1311 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар нэхэмжлэгч И.Атарбямбын цувны үнэ 160.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13.550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

         Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 196 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1311 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар цувны үнэ 160.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-д зааснаар нэхэмжлэгч И.Атарбямбын Дархан-Уул аймгийн цагдаагийн газар болон Э.Болдсайхан нарт холбогдуулан гаргасан 160.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дугаар заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Худалдаа хөгжлийн банкин дахь төрийн сангийн 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 13.550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй” гэснийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13.550 төгрөгөөс 5.450 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 8.100 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч И.Атарбямбын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

         Нэхэмжлэгч И.Атарбямбын хяналтын журмаар гаргасан гомдолд: “Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 196 дугаар магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь заалттай нийцсэнгүй хэмээн үзэж гомдол гаргаж байна. Үүнд: Анхан шатны шүүхийн 1311 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж, Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1 гэж үзэж зүйлчилж байгаа юм бол надад буруутай зүйл байхгүй, шүүхийн хурлын танхим дахь зориулалтын өлгүүрт цув өлгөсөн. Харин өлгүүрт номер тавиагүй, номер өгөөгүй, хариуцуулсан тодорхой хүнгүй тахар нарт хариуцуулсан байдал байсаныг шүүх анхаарч үзсэнгүй. Тухайн үед ажиллаж байсан тахарын албаны ажилтан үүргээ биелүүлээгүй. Тэр үед гадна дотно камер ажиллахгүй байхад эд зүйл авчих этгээдийг тэр тусмаа эрүүгийн шүүх хуралдааны зааланд нэвтрүүлсэн, улмаар шалгахгүй гаргаж явуулсан явдал асуудлын гол байгаа бөгөөд энэ утгаараа гэм хорын асуудал байгааг анхаарсангүй. Нөгөө талаар тахарын ажилтан Э.Болдсайхан шүүх хурлын танхимыг цоожлон зохих хүнд хүлээлгэж өгөөгүй, ядаж онгорхой байгааг мэдсээр байж хэлээгүй хаяад явсан байдаг. Намайг цувтай байсныг нотлоогүй гэжээ. Цувны эзэн тодорхойгүй байсан бол өөр хэрэг. Би өөрөө цувыг өлгөсөн өлгүүрт надаас өөр хувцас өлгөөгүй байсан. Дараа нь үргэлжилсэн шүүх хурал болоогүй. Харин би коридорт сандал дээр орхисон бол маргаад яваад байхгүй байсан. Би ажлаа хийж явсан. Намайг 15-25 минутын дараа цув алга болсон байхад нотолгоо болгох зорилгоор камерыг шалгуулъя гээд хэлэхэд хурлын заал коридор гадна талын камер өнөөдөр ажиллахгүй болсон байна гэж хэлсэн.Тэгээд энэ тухай тамгын газрын дарга, тахарын дарга нарт тус тус хэлсэн. Тухайн үеийн тахарын дарга бид тахаруудаа шалгадаг эрх байхгүй гэж цагдаагийн газарт нэг сар гарангийн дараа тоот бичиж өгсний дагуу шалгаж прокурор хянаад цув алдагдсаныг тогтоосон тогтоол гаргасан. Энэ бүх үйлдлээр нотлогдсон гэж би үзэж байна. Бусад нотлох баримтын хувьд тахар Э.Болдсайхан өлгүүрээс 1 метр зайд сууж байсан цувыг харах бүрэн боломжтой, хурал тараад эргээд ирэхэд ажлын байрандаа байгаагүй 4-5 тахар миний цувыг хайлцаж байхад тэр сэтгэл гаргаагүй. Дараа нь ирэхэд нь хүлээж байгаад асуухад миний хажуугаар хар цагаан дуугүй зөрөөд жижиг гар цүнх бариад машинд суух үедээ цув хараагүй гээд яваад өгсөн. Э.Болдсайхан тайлбартаа үйлчлэгч шүүх хурал дуусангуут танхимыг цэвэрлэх үед өлгүүрт цув байгаагүй гэж зориуд худал хэлдэг. Гэтэл үйлчлэгч н.Тунгалагийн мэдүүлэгт энэ талаар хэлээгүй тухайн үед цайндаа яваад байхгүй байсан байдаг. Мөн Э.Болдсайхан нь Г.Энхцэцэгийн мэдүүлгийг үндэслэдэг ч шүүх хурлын танхимын гэрлийн унтраалгыг өлгүүрлүү харж унтраахгүй эсрэг талруу нь харж унтраах бөгөөд унтраалгаас наана сууж байгаа тахар мэдэхгүй байхад Г.Энхцэцэг мэднэ гэдэг нь эргэлзээтэй, мөн Г.Энхцэцэг мэдүүлэхдээ цув алга болсон гэж яригдаж байхад коридорт тахар Э.Болдсайхан үйлчлэгч М.Тунгалаг нар байсан гэж мэдүүлдэг боловч эдгээр хүмүүс тухайн үед байгаагүй нь нотлогддог. Тэгэхээр гэрч Г.Энхцэцэг байгаагүй хоёр хүнийг байсан мэтээр ярьсан нь няцаагдаж байх тул Г.Энхцэцэгийн мэдүүлэг эргэлзээ бүхий байгааг анхаарч цагдаагийн байгууллага шалган прокурор хянаж 160 000 төгрөгийн үнэ бүхий цув шүүхийн танхимаас алдагдсаныг нэгэнт тогтоосон прокурорын 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 538 дугаар тогтоолыг үндэслэн цувны үнийг гаргуулж өгнө үү. Шаардлага байвал үнэлгээг дахин хийлгэх, гэм хорын харилцаа байгааг харгалзан хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч И.Атарбямбын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч И.Атарбямба Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар болон тахар Э.Болдсайхан нарт холбогдуулан цувны үнэ 160.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Цагдаагийн газар болон тахар Э.Болдсайхан нар тухайн үед шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг Тахарын алба хариуцаж байсан бөгөөд шүүхийн аюулгүй байдлыг хангах зорилгоор шүүх хуралдааны танхимд эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлж, шүүн таслах ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлнэ гэсэн хуулийн заалтын дагуу үйл ажиллагаа явуулсан, нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд ирэхдээ цувтай байсан эсэх нь тодорхойгүй, манай алба хэргийн оролцогчдын хувцсыг харж хамгаалах үүрэггүй гэж маргажээ.

Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Тахарын албаны тухай хуулиар тахар нь шүүхийн харуул, хамгаалалтыг хэрэгжүүлэх, шүүх хуралдааны журам сахиулах, шүүх хуралдааны танхимд эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, шүүн таслах ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчдын хувцас, эд зүйлийг харж хамгаалах үүрэг хуулиар хүлээгээгүй байна. Түүнчлэн Хууль зүй дотоод хэргийн сайд, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын хамтарсан тушаалаар баталсан Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журамд хамгаалалтын офицер, цагдаагийн хэрэгжүүлэх чиг үүрэгт энэ талаар тусгагдаагүй, хамааралгүй байх тул  хариуцагч нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тухай анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэл бүхий байна.

           Нэхэмжлэгч нь тухайн өдөр шүүх хуралдаанд ирэхдээ гадуур хувцас буюу цувтай ирсэн гэдгийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч өөрөө нотолж чадаагүйгээс гадна нэхэмжлэгч болон хариуцагчдын хооронд хадгалалтын гэрээ үүссэн гэж үзэх үндэслэлгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж, хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн байна.

Анхан шатны шүүх дээрх маргаанд хамааралгүй Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд заасан өмчлөх эрхийн зохицуулалтыг хэрэглэсэн нь буруу, мөн улсын тэмдэгтийн хураамжийг зөв тооцож шийдвэрлээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийн 422 дугаар зүйлийг зөв хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 116.4-т заасан үүргээ хэрэгжүүлсэн байх тул магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ. 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч И.Атарбямбын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 196 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч И.Атарбямбын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 5.450 /таван мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                                             ШҮҮГЧ                                                          Д.ЦОЛМОН