Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2018/0040

 

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 11 өдөр

 

Дугаар0221/МА2018/0040

 

Улаанбаатар хот

 

 

 

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 128/ШШ2017/0808 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М гаргасан давж заалдах гомдлоор, “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

“Баянзүрх дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 1864531041565 нэгж талбарын дугаартай 650 м.кв газрын эзэмших эрхийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож, хуульд заасан хугацаагаар сунгахыг хариуцагчид даалгах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 128/ШШ2017/0808 дугаар шийдвэрээр:

“Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 1864531041565 нэгж талбарын дугаартай 650 м.кв газрын эзэмших эрхийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг /хууль бус болохыг/ тогтоож, хуульд заасан хугацаагаар сунгахыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн тухайд:

- Газар эзэмшигч нас барсан тохиолдлыг зохицуулсан заалтыг хуулийн этгээдтэй холбоотой тохиолдолд хэрэглэх нь буруу юм. Учир нь уг хэм хэмжээг буюу захиргааны эрх зүйн хэм хэмжээг төсөөтэй хэрэглэх талаар аль нэг хуульд заагаагүй тул тийнхүү хэрэглэх боломгүй.

- “Хугацаа сунгуулах” талаар нэхэмжлэгчийн зүгээс Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан хугацааны дотор хүсэлт гаргасан байхад Хот байгуулалтын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль болон Стандартын холбогдох заалтыг эш татан нэхэмжлэгчийг буруутгасан.

- “Төвийн эмч, ажилчдын зүгээс эсэргүүцэн, хууль бус үйлдэл гаргасан талаар баримтаар тогтоогдсонгүй” гэжээ. Уг дүгнэлт нь хууль бус үйлдэл хийсэн байхыг шаардаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд гуравдагч этгээдийн зүгээс тухайн газарт барилга бариулахгүй хэмээн өгч байсан хариуг хэрхэн үнэлсэн талаар заагаагүй байна.

Иймд нэхэмжлэлийг хангасан өөрчлөлтийг шийдвэрт оруулж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нийслэлийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн А/742 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт одоогийн Х ө с ү т хашаанд дотор 650 м.кв газрыг “Х ц” ХХК-иас нэхэмжлэгч “М” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлэхдээ хугацааг 1.6 жилээр тогтоож, мөн хугацаагаар газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан нь Газрын тухай хуульд зааснаар хариуцагчийн эрх хэмжээнд хамаарах асуудал бөгөөд энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болжээ.

Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсгийн зохицуулалт нь газар эзэмшигч нас барсантай холбогдуулан тухайн газрыг хууль ёсны өв залгамжлагчид нь эзэмшүүлэх харилцаа. Харин нэг аж ахуйн нэгжээс нөгөө рүү шилжүүлж байгаа тохиолдолд газар эзэмших эрхийн хугацааг 1.6 жилээр тогтоосныг хуулийн энэхүү зохицуулалтаар зөвтгөн тайлбарлах боломжгүй хэдий ч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Түүнчлэн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт газрыг 15-60 жил хүртэл хугацаагаар эзэмшүүлж болохоор зохицуулснаас бус заавал доод тал нь 15 жилээр олгох ёстой гэсэн шаардлага тавигдаагүй. Тэгээд ч дээрх захирамжаар анх газрыг шилжүүлэн эзэмшүүлэх үед нэхэмжлэгчээс энэ талаар огт маргаагүй атлаа хугацаа сунгаагүйтэй нь холбогдуулан 15 жилээр олгоогүй гэж хариуцагчийг буруутгаж буйг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Нэхэмжлэгчээс 2015 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр орон сууцны зориулалтаар олгогдсон газрыг эмнэлгийн зориулалттай болгуулах, мөн 2016 оны 1 дүгээр сард газар эзэмших эрхийн хугацаа дуусч байгаа тул хугацааг сунгуулах хүсэлтийг гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог, харин нийслэлийн Газрын албанаас 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 03/1089, 4 дүгээр сарын 24-ний өдрийн 03/1574 дүгээр албан бичгээр нэхэмжлэгчийг гэрээнд заасан нөхцөл, зориулалтын дагуу газраа ашиглаагүй, өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан нөхцөл бий болсон тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох болсныг тус тус мэдэгдсэн байдаг боловч хүчингүй болгосон ямар нэгэн захирамж гараагүй байна.

Гэвч “Х ц” ХХК-иас газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн захирамж гарсан болон уг захирамжийн дагуу гэрээ байгуулсан 2014 оны 9 дүгээр сарын 1-нээс эхлэн тооцоход 1,6 жилийн хугацаа 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр дуусахаар байх бөгөөд Газрын тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгоогүй ч, ийнхүү газар эзэмших эрхийг сунгахгүй байгаа хариуцагчийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Учир нь тухайн газар бодит байдалд анхнаасаа Х ө с ү т хашаан дотор, байршлын хувьд урд талын төв хаалганы чанх зүүн талд оршдог, гэтэл тус төв нь улсын хэмжээнд халдварт өвчний эмчилгээ, үйлчилгээ, тандалт, судалгааны ажлыг хариуцан явуулдаг улсын онцгой объект болно.

Иймд зөвхөн тус эмнэлгийн инженерийн шугам сүлжээ бүхий газартай давхцалтайгаас гадна энэхүү нөхцөл байдал нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сунгахгүй байх хангалттай үндэслэл юм.

Анхнаасаа Х ө с ү т захирал Д.Н 2010 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 1/315 дугаар албан бичгээр нийслэлийн Газрын албанд хандаж тус эмнэлгийн хашаан дотор байдаг, эмнэлгийн мэдлийн бус газраас “О с” ХХК-д зохих газар эзэмшүүлэхийг зөвшөөрснийг үндэслэн газар эзэмшүүлж эхэлсэн нь хууль бус бөгөөд энд гуравдагч этгээдийн буруутай үйл ажиллагаа байгааг ч тэмдэглэх нь зүйтэй. 

Эмнэлгийн хашаанд байрладаг атлаа гэсэн эмнэлгийн мэдлийн бус газар гэдэг нь ойлгомжгүй, үнэхээр эмнэлгийн мэдлийн бус байх тохиолдолд ийнхүү зөвшөөрөл олгосон агуулга бүхий хүсэлт гаргах шаардлагагүй юм.

Нэхэмжлэгч “М” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлсэн 650 м.кв газрыг оролцуулан нийт 2500 м.кв газрыг дээрх байдлаар “О с” ХХК-д анх эзэмшүүлсэн байх бөгөөд эмнэлгийн хашаан дотор байрлах газрыг ийнхүү бусдад эзэмшүүлсэн, цаашлаад шилжүүлэн эзэмшүүлсэн зэргээс нэхэмжлэгчийн хувьд 650 м.кв газартай холбоотой эрх ашиг зөрчигдсөн гэж үзвэл зөвхөн уг газрыг шилжүүлэн эзэмшихтэй холбоотой бодит хохирлоо холбогдох этгээдээс шаардах эрхтэй.

Түүнээс уг газартай холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхол гэж байхгүй.  

Харин нэхэмжлэгчээс газар эзэмших хугацаандаа өөрт эзэмшүүлсэн газрыг тойруулж хашаалах боломжийг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч, ажилтнуудын зүгээс олгоогүй гэдгийг үгүйсгэх боломжгүй, тухайлбал эмнэлгийн зүгээс холбогдох төрийн байгууллагад хандсан удаа дараагийн албан бичиг хэрэгт авагдсан, гэвч бодит байдалд хашаа барих ажиллагааг гуравдагч этгээдийн зүгээс тасалдуулсан эсэх нь хэргийг шийдвэрлэхэд төдийлөн ач холбогдолгүй гэж үзлээ.

Дээрх байдлаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 128/ШШ2017/0808 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН