| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2025/00832/И |
| Дугаар | 103/ШШ2025/00751 |
| Огноо | 2025-09-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 103/ШШ2025/00751
| 2025 оны 09 сарын 15 өдөр | Дугаар 103/ШШ2025/00751 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: 19** онд Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эмэгтэй, дээд боловсролтой, *** дүгээр цэцэрлэгийн багшаар ажилладаг, Багануур дүүргийн 1 дугаар хороо, ** дугаар байрны ** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
Хүсэлт гаргагч: С.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: С.******* нь 1989 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн Багануурын районы АБ хэлтэст томилолтоор ирж тус дүүргийн тэр үеийн цэцэрлэг яслийн 1-р комбинатад хүмүүжүүлэгч багшаар томилогдон одоог хүртэл 35 жил багшаар ажиллаж байна. Гэвч миний хөдөлмөрийн дэвтэрт эрхлэгчийн 1989 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 27 тоот тушаалаар ажилд томилов гэсэн бичилт байгаа боловч тамга тэмдэг байхгүй, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр даатгалын улсын байцаагч Н.*******, 2002 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Л.******* гэсэн хүмүүс ажилласан жил тогтоосон боловч өмнөх тушаалыг үзэж хараагүй байсан байна. Ингээд энэ тушаалыг шүүлгэж үзэхэд энэ тушаал дээр өөр тушаал гарч ирсэн, миний ажилд томилогдсон тушаал байхгүй байна. Одоо тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жилээс хасагдахад хүрээд байна. Иймд намайг 1989 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Багануур районы 1-р цэцэрлэг яслид багшаар ажиллаж байсныг минь тогтоож өгнө үү гэв.
Шүүхээс С.******* хүсэлтээр Д.*******, В.******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
Шүүх дээрх баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх С.******* шүүхэд хандаж гаргасан ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
1.С.******* нь 1970 оны 8 дугаар сарын 08-ны өдөр төрсөн бөгөөд тэрээр 55 нас хүрсэн, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил төлсөн 65 нас хүрсэн даатгуулагч, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй, даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж заасан нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх авахад шаардлагатай баримт бичиг хангалтгүй байгаа шалтгаанаар ажиллаж байсан үйл баримтаа тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд хүсэлтээ гаргасан нь хууль зөрчөөгүй байна.
2.Хүсэлт гаргагч С.******* хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон талаарх бичилт хийгдсэн боловч хөдөлмөрийн дэвтэрт тамга, тэмдэг дарагдаагүй, ажилд орсон тушаал архиваас гарч ирээгүй тул дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шүүхээр тогтоолгох шаардлага гаргах эрх С.*******д үүсэж, ажиллаж байсан үйл баримтыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоолгох боломжгүй байдалд хүрсэн байна.
3.Тэрээр тухайн үйл баримтыг тогтоолгох зорилгоо заахдаа өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн юм гэжээ
4.Хүсэлт гаргагч С.******* нь 1989 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Багануур районы 1-р цэцэрлэг ясли болон Багануур дүүргийн 131 дүгээр цэцэрлэгт багшаар ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
4.1.1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: овог: , нэр: *******, төрсөн он: 1970.08.08, мэргэжил: хүмүүжүүлэгч багш, Захирлын 1986 оны 10-р сарын 09-ний өдрийн сургуулийн захирлын 63-р тушаалаар Цэцэрлэгийн багшийн сургуульд элсүүлэн суралцуулав, 1989 оны 06-р сарын 25-ны өдрийн 47-р тушаалаар цэцэрлэгийн багшийн сургуулийг төгссөн тул АБЯ-ны мэдэлд шилжүүлэв, АБЯ-ны сайдын 1989 оны 02-р сарын 01-ний өдрийн 27-р тушаалаар Багануурын хот АБ хэлтсийн мэдэлд хуваарилав, эрхлэгчийн 1989 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 27 тоот тушаалаар 7 дугаар сарын 5-ны өдрөөс Багануурын районы 1-р цэцэрлэг яслид хүмүүжүүлэгч багшаар авч ажиллуулав гэсэн бичилтүүд хийгджээ. /хх-ийн 6 дугаар хуудас/
4.2.1989 оны 7 дугаар сарын Цалингийн тооцооны хүснэгт-ийн 10 дугаарт *******, 1989 оны 8 дугаар сарын Цалингийн тооцооны хүснэгт-ийн 9 дүгээрт ******* гэж бичигдсэн байна, /хх-ийн 8-11 дүгээр тал/
4.3.Багануурын районы 1-р цэцэрлэг яслийн эрхлэгчийн 1990 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 тоот Ажиллагсдын орон тоо ба цалинг батлах тухай тушаалын 1 дүгээр хавсралтад ажилчдын нэрсийн жагсаалтын 7 дугаарт ******* ******* гэжээ. /хх-ийн 12-13 дугаар тал/
4.4.Багануурын районы 1-р цэцэрлэг яслийн эрхлэгчийн 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 39 тоот Нярай хүүхдээ асрах тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаалаар Хүмүүжүүлэгч багш овогтой *******д нярай хүүхдээ асрах нэмэгдэл чөлөө олгосугай гэсэн тушаалын хуулбар, /хх-ийн 14 дүгээр тал/
4.5.1993 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай Ажилчин албан хаагчдын цалин орон тоо, ажил үүргийн хуваарийг батлах тухай тушаалын хавсралтад ажилчдын нэрсийн жагсаалтын 8 дугаарт С.******* гэж, /хх-ийн 13-15-16 дугаар тал/
4.6.1994 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай Ажилчин албан хаагчдын цалин орон тоог батлах тухай тушаалын хавсралтад ажилчдын нэрсийн жагсаалтын 7 дугаарт С.******* гэж, /хх-ийн 19-20 дугаар тал/
4.7.1-р цэцэрлэгийн 1993 оны 4-12 дугаар сарын Цалин тавьж олгох хүснэгт, 1994 оны 6-12 дугаар Цалин тавьж олгох карт-нд ******* гэж тус тус бичигдсэн байна. /хх-ийн 30-44 дүгээр тал/
4.8.Нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаанууд
4.9.1990 оны 7 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Т. төрсний гэрчилгээний хуулбар,
4.10.Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1993 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А-131 дугаартай Ерөнхий боловсролын зарим сургууль, хүүхдийн цэцэрлэгт дугаар олгох тухай захирамжийн хавсралтын б/ Хүүхдийн цэцэрлэг гэсний 8 дугаарт Багануур дүүргийн 1-р цэцэрлэгт шинээр 131 гэсэн олгох дугаар олгосон байна. /хх-ийн 17-18 дугаар тал/
Гэрч Д.*******ийн шүүхэд өгсөн: Би 1988 оны 8 дугаар сард, С.******* дараа жил нь 1989 онд Багануурын районы 1-р цэцэрлэг буюу одоогийн 131-р цэцэрлэгт багшаар ажилд орж, 2018 онд тэтгэвэртээ гарах хүртлээ хамт ажилласан, С.******* одоо ч ажилласаар байгаа. С.******* 1989 онд хичээлийн шинэ жил эхлэхэд ажилд орчихсон байсан, тухайн үед 7, 8 сард ажилд авдаг байсан. С.******* 1999 оноос хойш манай байгууллагад тасралтгүй ажиллаж байгаа, ажиллаж байх хугацаандаа 3 хүүхэд төрүүлж байсан. Өөр байгууллагад ажиллаж байгаагүй. Боловсролын тэргүүн, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас зэрэг боловсролын байгууллагад ажиллаад авч болох бүхий л шагналыг авч үр бүтээлтэй ажиллаж байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 66 дугаар тал/
4.9.Гэрч В.*******гийн шүүхэд өгсөн: Би 1987 онд Багануурын 1-р яслид багшийн туслахаар ажил орж байсан. С.******* 1989 оны 7 дугаар сард сургуулиа төгсөөд манай цэцэрлэгт багшаар ирж байсан. Тэр цагаас хойш 1996 оны 01 сард ажлаасаа гарах хүртлээ би туслахаар нь ажилласан. С.******* 1999 оноос хойш тасралтгүй ажиллаж байгаа, хүүхэд асрах чөлөө авч байснаас өөрөөр ажлаас гарч байгаагүй гэсэн мэдүүлэг зэрэг болно. /хх-ийн 63 дугаар тал/
5.Дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч С.*******г 1989 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүртэл Багануур районы 1-р цэцэрлэг яслид, 1993 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Багануур дүүргийн 131 дүгээр цэцэрлэгт багшаар тус тус ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* *******г 1989 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүртэл Багануур районы 1-р цэцэрлэг яслид, 1993 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Багануур дүүргийн 131 дүгээр цэцэрлэгт багшаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ