2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 192/шш2025/06569

 

 

 

 

 

 

 

 

   2025             08              28                                            192/ШШ2025/06569

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Мөнхзул, хариуцагч Г.Чинбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Мөнхзул нь хариуцагч Г.Чинбатад холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “Б.Мөнхзул миний бие Г.Чинбаттай 2007 онд танилцаж, 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний хүү ******* нь 2011 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн. Чинбат гэр бүлээс гадуур харилцаатай байсан тул 2012 оны 12 сараас тусдаа амьдарч эхэлсэн. Улмаар шүүхэд 2020 онд эвлэрүүлэн зуучлах албанд хандсан боловч Чинбат өөр амьдралтай тул эвлэрэх боломжгүй гэсэн шийдвэр гарсан. Цаашид Б.Мөнхзул миний бие хүү Билгүүдэйг өөрийн асрамжид авч эцэг Г.Чинбатаас хүү *******д шаардлагатай сургалтын төлбөр амьдрах зардлыг төлүүлэх. Бидний хамт худалдаж авсан байрнаас зохих төлбөрийг гаргуулах хүсэлтэй. Аав нь хүүдээ асрамжиндаа байлгана гэж байгаа учраас зөвшөөрч байна. Байрны мөнгийг бид хоорондоо тохиролцоод явах боломжтой. Гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй” гэжээ.

 

Хариуцагч Г.Чинбат нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Г.Чинбатад холбогдох гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Б.Мөнхзул бид хоёрын дунд ямар нэгэн маргаан байхгүй. Бусад асуудлыг тохиролцоод тухай бүрд шийдэх боломжтой.” гэжээ.

 

            Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, Нийслэлийн Ерөнхий боловсролын 31 дүгээр сургуулийн тодорхойлолт, Өрхийн эрүүл мэндийн тодорхойлолт, Сүхбаатар дүүргийн*******ны Засаг даргын тодорхойлолт, 2020.01.07-ны өдрийн 05 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл,  Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 136/ШЗ2020/00876 дугаар захирамжийн хуулбар зэрэг баримтыг ирүүлжээ.

 

Хариуцагчаас баримт ирүүлээгүй байна.  

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Б.Мөнхзул нь хариуцагч Г.Чинбатад холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Г.Чинбат бүхэлд нь хүлээн зөвшөөрч, тайлбар гаргажээ. 

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

 

3.1. Нэхэмжлэгч Б.Мөнхзул болон хариуцагч Г.Чинбат нар гэр бүл болсныг 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гэрлэлт бүртгэлийн байгууллагад бүртгүүлжээ.(хавтаст хэргийн 4 дахь тал)

 

3.2. Гэрлэгчдийн дундаас 2011 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүү ******* төрсөн болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.(хавтаст хэргийн 6 дахь тал)

 

3.3. Гэрлэгчдийн хооронд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн боловч эвлэрэл амжилтгүй болсон.(хавтаст хэргийн 10 дах тал) 

 

3.4. Зохигчид гэрлэлт цуцлуулах талаар талууд маргаангүй.

 

4. Гэрлэгчид нь гэрлэлтээ бүртгүүлж, албан ёсоор гэр бүл болсон болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан гэрлэлтийн болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний лавлагаа зэргээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

5. Нэхэмжлэгч Б.Мөнхзул нь хариуцагч Г.Чинбат нар зан харилцааны таарамжгүй байдлаас болж таарч тохирохгүй, 2012 оноос хойш тусдаа амьдарч байгаа гэх тайлбар гаргаж, гэрлэлтээ цуцлуулахыг хүссэнийг хариуцагч зөвшөөрсөн, талуудын хооронд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн боловч амжилтгүй болсон зэрэг нөхцөл байдлыг дүгнэж, Б.Мөнхзул болон Г.Чинбат нарын гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэв.

 

6. Нэхэмжлэгч нь хүүхдийн асрамж, тэтгэлэг, гэр бүлийн дундын эд хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргаагүй болохыг  дурдах нь зүйтэй.

 

7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Маралан ургийн овогтой Баатарболдын Мөнхзул болон Дархан ургийн овогтой Гантулгын Чинбат нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Чинбатаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Мөнхзулд олгосугай.

 

3. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтээ цуцлуулсан талаар иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг зохигчдод мэдэгдсүгэй.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ш.ОТГОНБАЯР