Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 378

 

 

 

 

 

 

 

 2018            5            02                                             378

-

                            

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,  

улсын яллагч Б.Уранцэцэг,

өсвөр насны шүүгдэгч Б.Д-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Д-холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1808012590404 дүгээр эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Бн овогт Бн Да /РД:/.

Яллагдагч Б.Д-нь 2018 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өгөөж” хүнсний дэлгүүрийн гадна О.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Д-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 3 дугаар сарын 08-ны орой 22 цагийн үед дэлгүүр орж хичээлийн хэрэгсэл авах гээд байж байхад Б- дэлгүүрт орж ирээд дэлгүүрээс юм авахгүй гарсан. Араас нь би гараад Б-тай уулзаад “эмэгтэй хүнийг гичий гэж дуудаад арай ч дээ” гэсэн. Б- миний хоолойг боож “чамд ер нь ямар хамаа байсан юм бэ, уучлаарай гээд хэлэхэд болох юм биш үү, гар утсаа гаргаад ир” гэсэн. Миний утсаар уучлалт гуйсан. “Ингээд болоо биз дээ, би чамтай найзалмааргүй байна” гэхэд нь би “арай ч дээ 10 гаруй жил найзлаад намайг хаях байсан юм уу” гээд Б-г эрүү хавьд нь цохиж гэмтээсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэмшиж байна” гэв.

Эрүүгийн 1808012590404 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч О.Б-гийн: “2018 оны 3 дугаар сарын 08-ны өдөр багын найз Б.Д-тай Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, “Өгөөж” хүнсний дэлгүүрийн гадна орой 23 цагийн орчим байсан байх тааралдаад Б.Д- “чи манай найз охиныг гичий гэж хэлсэн байна, чи уучлалт гуй” гээд утсаа өгөхөөр нь би утсыг нь аваад “уучлаарай” гэж хэлсэн чинь намайг заамдаж аваад “чи ингэж уучлалт гуйдаг юм уу” гэж уурлаад миний цээж орчим газарт 2-3 удаа цохисон. ...Шүд рүү 2 удаа цохиход миний шүднээс цус гараад байхаар нь би гэр рүүгээ яваад орсон. Б.Д-ын эцэг, эх тоохгүй байхаар нь цагдаад хандсан. Б.Д-тай олон жил нэг сургуульд сурч байсан найзууд, 9 настайгаасаа найзалж үерхэж байгаа юм. Миний үүдэн 2 шүд хөдлөөд цаашаагаа орчихсон байсныг эмнэлгээр яваад нааш нь татаад аппарат хийчихсэн байгаа. Одоо эдгэрч хэвийн болж байгаа. Би Б.Д-ыг цохиж зодсон асуудал байхгүй, гараараа заамдсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-13-14/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.03.13-ны өдрийн 3442 дугаар шинжилгээний дүгнэлтэд “1.О.Б--н биед тархи доргилт, дээд уруулд няцарсан шарх, зүүн 1,2-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна. 3. Шүүх эмнэлгийн ...журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-18/,

Шүүгдэгч Б.Д-ын яллагдагчаар өгсөн: “Би 2018.03.08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрхан 7 дугаар гудамжны үзүүр дээр байрлах дэлгүүрт 22 цаг өнгөрч байхад бал, дэвтэр авах гэж орсон чинь манай найз Б- явж байхаар нь дэлгүүрийн гадаа гарч уулзсан. Манай найз охин Сийлэгмааг “гичий” гэж хэлчихээд гүйгээд явсан. Тэгээд уулзаад тэр талаар хэлсэн чинь Б- “би тэгэж хэлээгүй” гээд байсан. Миний гар утас дуугарахаар нь авсан чинь Сийлэгмаа байсан. Би ярьж байсан чинь Б- нь “наадах чинь Сийлэгмаа юм бол би уучлалт гуйгаадахъя” гээд уучлалт гуйсан. Б- “Ингээд болчих юман дээр чи яасан сүртэй юм бэ” гээд миний хоолойг боогоод авахаар нь зүүн гараараа цохисон. Миний гар хүрээгүй, баруун гараараа цээж рүү нь цохисон. Б- доошоо болохдоо миний гаранд нүүр нь оногдоод амнаас нь цус гараад байхаар нь би дэлгүүр ороод салфетка авч өгөөд “яаж байна, зүгээр үү” гэж хэлсэн чинь Б- нь “пизда минь чамайг заавал шоронгийн хадаас болгоно” гэж хэлээд зугатаагаад гүйгээд явчихсан. Би тэндээсээ шууд гэртээ харьсан. Би Б-гийн биед хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээний зардлыг өгчихсөн байгаа, цаашид гарах эмчилгээний зардлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-43-44/,

Хохирогчийн өргөдөл /хх-3/, эмчилгээний баримт /хх-19/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-22/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-23/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-25/, банкны тодорхойлолтууд /хх-28-30/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-31/, эвлэрлийн гэрээ /хх-46/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.    

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б. Б.Д- нь 2018 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өгөөж” хүнсний дэлгүүрийн гадна иргэн О.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүрэнд нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон мөрдөн байцаалтад өгсөн хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч О.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд Б.Д-, О.Б- нарын байгуулсан эвлэрлийн гэрээгээр “Б.Д-д гомдол саналгүй, харилцан эвлэрсэн болно. Дахин нэхэмжлэх зүйлгүй” гэснийг /хх-46/ үндэслэн шүүгдэгч Б.Д-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг боловсролын газар буюу сургуулийн орчинд эдлүүлэх саналтай байна” гэж,

шүүгдэгч “Хэлэх зүйл байхгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Шүүгдэгч Б.Д-гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй байсан нь хэрэгт авагдсан иргэний үнэмлэхний хуулбараар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ ...арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх өсвөр насны хүнд нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурваас дээшгүй цагаар, нийт нэг зуун хориос гурван зуун жаран цагаар тогтооно” гэж заасныг үндэслэн улсын яллагчийн 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Д-д 120 /нэг зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Д-урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч Бн овогт Бн Б.Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Д-ыг 120 /нэг зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Д-нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Д-бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

                   ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР