2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 192/шш2025/06568

 

 

 

 

 

 

 

 

   2025             08              28                                            192/ШШ2025/06568

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******, 193 тоотод байрлах “Скай гарден резиденс” ХХК /РД:6233279/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******-д холбогдох,

 

 *******,*******, Скай гарден резиденс, 712 дугаар байр, 901 тоот орон сууцыг Б.Наранлхагвын хууль бус эзэмшилээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Скай гарден резиденс” ХХК нь хариуцагч Б.Наранлхагвад холбогдуулан  *******,*******, Скай гарден резиденс, 712 дугаар байр, 901 тоот орон сууцыг хууль бус эзэмшилээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “Манай компани Б.Наранлхагватай 2022.10.04-ний өдөр №SRG-OSZG-22/259 дугаар "Орон сууц захиалан бариулах" гэрээ байгуулсан. Захиалагч Б.Наранлхагва нь гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөх, гүйцэтгэгч нь барилгыг 2023 оны 1-р улиралд багтаан ашиглалтад оруулахаар тохиролцсон. Манай компани гэрээний үүргээ бүрэн биелүүлж 2022 оны 12 дугаар сард улсын комисст хүлээлгэн өгсөн. Тус гэрээний 2.1-т орон сууцны нийт үнийг 1,313,145,195 /нэг тэрбум гурван зуун арван гурван сая нэг зуун дөчин таван мянга нэг зуун ерэн тав/ төгрөг байхаар харилцан тохиролцсон. Б.Наранлхагва нь 2022.10.04-ний өдөр 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөг, 2022.10.13-ны өдөр          382,556,773 /гурван зуун наян хоёр сая таван зуун тавин зургаан мянга долоон зуун далан гурав/ төгрөг, 2024.12.27-ны өдөр 42,556,773 /дөчин хоёр сая таван зуун тавин зургаан мянга долоон далан гурав/ төгрөгийг нийт 625,113,546 /зургаан зуун хорин таван сая нэг зуун арван гурван мянга таван зуун дөчин зургаа/ төгрөгийг төлсөн. Үлдэх 688,031,649 /зургаан зуун наян найман сая гучин нэгэн мянга зургаан зуун дөчин ес/ төгрөг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Манай компани Б.Наранлхагватай байгуулсан №SRG-OSZG-22/259 дугаар орон сууц захиалгын гэрээг 2025.05.08-ны өдөр цуцалсан.  Иймд манай компанийн өмчлөлийн *******,*******, Скай гарден резиденс, 712 дугаар байр, 901 тоот орон сууцыг Б.Наранлхагвын хууль бус эзэмшилээс чөлөөлж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Б.Наранлхагва нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Бадарч овогтой Наранлхагва нь Скай гарден резиденс ХХК-тай 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр №SRG-OSZG-22/259 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж гэрээний дагуу 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 200,000,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 382,556,773 төгрөг, нийт 582,556,773 төгрөг буюу нийт төлбөрийн 50 хувийг төлсөн ба 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 42,556,773 төгрөгийг төлснөөр үндсэн төлбөрөөс 540,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд Скай гарден резиденс ХХК энэ гэрээг албан ёсоор цуцалсан тухайгаа мэдэгдээгүй болно. Иймд миний бие энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

 

            Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2025.06.02-ны өдрийн SGR -25/164 дугаартай итгэмжлэл, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №SRG-OSZG-22/259 дугаартай Орон сууц захиалан барих гэрээний хуулбар, 2024.02.27-ны өдрийн 3/060 дугаартай мэдэгдэл, 2024.10.07-ны өдрийн SGR -24/268 дугаартай мэдэгдэл, 2025.05.08-ны өдрийн хурлын тэмдэглэлийн хуулбар, тооцооний үлдэгдлийн талаарх баримт, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийн хуулбар, Улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, тооцооний үлдэгдлийн талаарх баримтыг ирүүлсэн.

 

            Хариуцагчаас 2025.06.23-ны өдрийн 0956 дугаартай итгэмжлэл, 2025.08.19-ны өдрийн 01361 дугаартай итгэмжлэлийг ирүүлсэн.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Скай гарден резиденс ХХК нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг үндэслэн орон сууцаа Б.Наранлхагвын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Б.Наранлхагва нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, орон сууцны үнийн 50%-ийг  төлсөн, гэрээ цуцласан тухайгаа нэхэмжлэгч албан ёсөөр мэдэгдээгүй гэж татгалздаг.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

 

3.1. Нэхэмжлэгч Скай гарденс резиденс ХХК болон хариуцагч Б.Наранлхагва нар 2022 оны 10 дугаар сарын 04-ны өдөр №SRG-OSZG-22/259 дугаартай Орон сууц захиалан барих гэрээ байгуулж, захиалагч нь Хан-Уул дүүргийн 17 хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй, “Скай гарден резиденс” орон сууцны хорооллын 2-р ээлжийн 712-р байрны 9-р давхарт 901 тоот хаягт байрлах 164.73 мкв талбайтай 4 өрөө бүхий орон сууцыг захиалж, гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөх, гүйцэтгэгч нь захиалгат барилгыг 2023 оны 1-р улиралд барьж, ашиглалтад оруулан хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байна.(хавтаст хэргийн 6-8 дахь тал)

 

3.2. *******,*******, Стадион оргил /17012/, Их Монгол улс гудамж, 712 дугаар байр 901 тоот хаягт байршилтай, 164.73 мкв бүхий 4 өрөө орон сууцыг улсын бүртгэлийн дугаарт бүртгэж, өмчлөгчөөр Скай гарден резиденс ХХК-г бүртгэж, 2025.08.25-ны өдрийн №001401631 дугаартай гэрчилгээ олгосон байна.(хавтаст хэргийн 37 дахь тал)

 

3.3. Нэхэмжлэгч Скай гарден резиденс ХХК нь 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 3/060 дугаартай мэдэгдэл хүргүүлж, орон сууцны үлдэгдэл төлбөр болон алданги төлөхийг шаардаж, төлөөгүй тохиолдолд гэрээг цуцлан, орон сууцыг чөлөөлүүлэн авах талаар мэдэгдсэн байна.(хавтаст хэргийн 9 дэх тал)

 

3.4. Нэхэмжлэгч Скай гарден резиденс ХХК нь 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр SGR -24/268 дугаартай мэдэгдэл хүргүүлж, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөр гэрээг цуцлаж байгаа талаар мэдэгдсэн байна.(хавтаст хэргийн 10 дахь тал)

 

3.5. *******,*******, Стадион оргил /17012/, Их Монгол улс гудамж, 712 дугаар байр 901 тоот хаягт байршилтай орон сууц хариуцагч Б.Наранлхагвын эзэмшилд байгаа эсэхэд зохигчид маргаангүй.

 

Харин орон сууцаа хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухайд маргаантай.

 

4. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1. “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”,  93 дугаар зүйлийн 93.1. “Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй” гэж тус тус заасан.

 

Нэхэмжлэгч Скай гарден резиденс ХХХК нь улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, *******,*******, Стадион оргил /17012/, Их Монгол улс гудамж, 712 дугаар байр 901 тоот хаягт байршилтай, 164.73 мкв бүхий 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан, өөрийн өмчлөлийн орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй байна.

 

Талуудын хооронд байгуулсан 2022 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн №SRG-OSZG-22/259 дугаартай Орон сууц захиалан барих гэрээний 4.1.2-т “Захиалагч орон сууцны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүйгээс үүсэх алданги, торгуулийг бүрэн төлж, аливаа төлбөр тооцоогүй болж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан тохиолдолд захиалсан орон сууцаа өөрийн өмчлөлд шилжүүлэн авах, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй” гэж заасан байх ба хариуцагч Б.Наранлхагва нь маргаан бүхий орон сууцыг хууль ёсоор, шударгаар эзэмшилдээ байлгаж байгаа болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу баримтаар нотлоогүй, нэхэмжлэгч тал нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “орон сууцыг эзэмшиж ашиглахыг хариуцагчид зөвшөөрөөгүй, хариуцагч нь захиалсан орон сууцандаа тавилга оруулж тавина гэж худал хэлж түлхүүр авч, хариуцагчийнх ороод амьдарчихсан байсан” гэж тайлбарлаж байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, *******,*******, Стадион оргил /17012/, Их Монгол улс гудамж, 712 дугаар байр 901 тоот орон сууцыг хариуцагч Б.Наранлхагвын хууль бус эзэмшилээс чөлөөлөхөөр шийдвэрлэв.

 

5. Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хадбаатарт 2025 оны 8 дугаар сарын 28-ний өдрийн шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасны дагуу хариуцагчид мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй, шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт ирүүлсэн байх боловч хүндэтгэн үзэх шалтгаантай болох нь тогтоогдохгүй байх тул шүүх хуралдааныг үргэлжүүлж, хариуцагчийг эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

 

6. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан, улсын бүртгэлийн дугаартай, *******,*******, Стадион оргил /17012/, Их Монгол улс гудамж, 712 дугаар байр 901 тоот орон сууцыг Б.Наранлхагвын хууль бус эзэмшилээс чөлөөлсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Наранлхагваас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Скай гарден резиденс ХХК-д  олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ш.ОТГОНБАЯР