| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 192/2025/05104/И |
| Дугаар | 192/шш2025/06539 |
| Огноо | 2025-08-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 192/шш2025/06539
2025 08 27 192/ШШ2025/06539
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******,*******,*******,*******,
Хариуцагч: ,, нарт холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан тул гэрээний дагуу гүйцэтгэсэн 92,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч У.Болортөгс, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч Н.Баярмагнай, хариуцагч Б.Пүрэвбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У.Болортөгс нь хариуцагч Н.Баярмагнай, Б.Пүрэвбаатар нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан тул гэрээний дагуу гүйцэтгэсэн төлбөр болох 92,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “У.Болортөгс би автомашины худалдаа хамтран эрхэлдэг Н.Баярмагнай болон Б.Пүрэвбаатар нараас 2025 оны 01-р сарын 31-ны өдөр Toyota land cruiser prado 150 маркийн улсын дугаартай автомашиныг нийт 100,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн автомашины төлбөрт өөрийн данснаас 7,335,100 төгрөгийг 2025 оны 01-р сарын 31-ны өдөр Б.Пүрэвбаатарын данс руу шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөрийг төлөхөөр өөрийн төрсөн ах Ухна овогтой Батчулуунаас 92,664,900 төгрөг зээлж, Б.Пүрэвбаатарын “Алтан зоос капитал” ББСБ дахь зээлийг хааж, Н.Баярмагнайн өмчлөлийн Toyota land cruiser prado 150 маркийн улсын дугаартай автомашиныг барьцаанаас суллуулан, “Алтан зоос капитал” ББСБ-с өөрийн нэр дээр шилжүүлэн авах албан бичгийг авсан. Хариуцагч Б.Пүрэвбаатар нь автомашин нь эвдрэл гэмтэлгүй, будагт ороогүй, ямар нэг асуудалгүй, нэмэлт засвар үйлчилгээ шаардлагагүй гэж хэлж худалдсан. Нөхөр бид хоёр мэргэжлийн хүн биш тул автомашиныг гаднах байдлаар нь шалгаад авсан. Автомашиныг хүлээж авсан өдөр нэрийг нь шилжүүлэхээр 22-ын товчоон дахь автомашины худалдааны цогцолборт очихдоо мэргэжлийн хүмүүсээр үзүүлэхэд тухайн автомашин нь бүрэн будагт орсон, далд эвдрэл гэмтэлтэй байсан учир Б.Пүрэвбаатарт шууд хандан тухайн автомашиныг буцаахыг хүссэн. Харин Б.Пүрэвбаатар нь Н.Баярмагнайтай холбогдож, лавла гэсэн. Н.Баярмагнайгаас шилжүүлсэн мөнгөө буцаан авахыг хүсэхэд “Мөнгийг өгөх боломжгүй байна, 4000сс багтаамжтай мотортой Toyota land cruiser prado 150 маркийн автомашин импортоор оруулж ирж байгаа. Үүнийг 135,000,000 төгрөгт худалдана. Зөрүү мөнгийг өгөөд авч болно, эсвэл Lexus nx300 маркийн автомашиныг 82,000,000 төгрөгт тооцоод ав, зөрүү 18,000,000 төгрөгийг өгье” гэж хэлээд viber messenger-р автомашинуудын зургийг нь ирүүлсэн. Би жирэмсэн, төрөх дөхсөн байсан бөгөөд унааны хэрэгцээтэй, мөн хүнтэй маргах сонирхолгүй байсан тул тэдний санал болгосны дагуу 2025 оны 02 сарын 11-ны өдөр автомашиныг 82,000,000 төгрөгт тооцоод зөрүү 18,000,000 төгрөгийг авахаар болсон. Үүнийг цаасан дээр буулгаж “02 сарын 14-ны өдрийн дотор Lexus nx300 маркийн автомашины “Алтанзоос капитал” ББСБ дахь зээлийг чөлөөлж, өмчлөх эрхийг шилжүүлэх, цагаан сарын өмнө буюу 03 сарын 01-ны өдрийн дотор зөрүү 18,000,000 төгрөгийг авах”-аар тохиролцож, Б.Пүрэвбаатар болон би гарын үсэг зуран баталгаажуулсан. Харин Б.Пүрэвбаатар Toyota land cruiser prado 150 маркийн улсын дугаартай автомашиныг “Алтан зоос капитал” ББСБ-ын миний нэр дээр автомашиныг шилжүүлэх тухай албан бичгийн эх хувийн хамт өөртөө авч Lexus nx300 маркийн 6415 УБД улсын дугаартай автомашиныг хүлээлгэн өгсөн. Гэвч тухайн машины өмчлөх эрхийн гэрчилгээг болон зөрүү 18,000,000 төгрөгийг шилжүүлэлгүй ихэд удаасан бөгөөд олон дахин шаардсаны дүнд Н.Баярмагнай нь 2025 оны 04 сарын 04-ны өдөр зөрүү 8,000,000 төгрөгийг өөр хүний данснаас шилжүүлсэн. Мөн тухайн машин их бие, гэрчилгээ дээр байгаа арлын дугаар нь цонхон дээрх арлын дугаараас зөрүүтэй, гэрчилгээ дээрх марк, Авто тээврийн үндэсний төвийн autobox.mn сайт дахь маркаас зөрүүтэй байгааг олж мэдсэн. Иймээс тухайн автомашины гэрчилгээ, баримт бичиг асуудалгүй гэдэг нь ихээхэн эргэлзээтэй байна. Өнөөдрийг хүртэлх 3 сар гаруй хугацаанд хариуцагч нарт хугацаа өгч, олон удаа сануулж хэлсэн боловч хариуцагч нар Lexus nx300 маркийн 6415 УБД улсын дугаартай автомашины өмчлөх эрхийг шилжүүлээгүй, зөрүү төлбөр 10,000,000 сая төгрөгийг өгөөгүй тул гэрээнээс татгалзаж байгаа бөгөөд гэрээний дагуу шилжүүлсэн 92,000,000 төгрөгийг буцаан гаргуулах хүсэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Н.Баярмагнай болон Б.Пүрэвбаатар нараас гэрээний дагуу шилжүүлсэн 92,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Н.Баярмагнай, Б.Пүрэвбаатар нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй боломжгүй. Н.Баярмагнай миний бие өөрийн дүү болох Б.Пүрэвбаартай хамт 2025 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр У.Болортөгс гэдэг хүнд Toyota land cruiser prado 150 маркийн 61-87 УНМ улсын дугаартай автомашиныг 100.000.000 төгрөгөөр худалдан борлуулсан. У.Болортөгс гэдэг хүн өөрийн нөхөр гэх хүнтэй ирж тус машиныг үзэж шалгаж үзэн авахаар шийдсэн. Худалдан борлуулсан 100.000.000 төгрөгөөс 7,335,100 төгрөгийг дүү Б.Пүрэвбаатарын дансанд шилжүүлэн авсан бөгөөд үлдэх 92,664,900 төгрөгийг “Алтан зоос капитал” ББСБ дахь данс руу шилжүүлж тус тээврийн хэрэгслийн зээлийг хааж “Алтан зоос капитал” ББСБ-аас У.Болортөгсийн нэр дээр шилжүүлэх албан бичгийг гаргуулсан өгсөн. Тодорхой хугацаа өнгөрсний дараа У.Болортөгс гэдэг хүн наймаагаа болимоор байна гэж холбогдсон. Тухайн тээврийн хэрэгслийг анхнаасаа авахдаа шалгаад үзээд доголдолтой байх юм бол авахаа болих татгалзах бүрэн боломжтой байсан. Тээврийн хэрэгсэл бичиг баримт дээр нь хэн ч харсан ойлгомжтой тодорхой байгаа. Энэ машиныг болно гэж авсан. Гэвч У.Болортөгс гэдэг хүн байн байн холбогдож жирэмсэн бие хэцүү байна буцааж мөнгөө авмаар байна гэх зэргээр холбогдож байсан. Миний бие тухайн үед наймааг буцаах болон мөнгийг эргүүлэн өгөх ямар ч боломжгүй байсан учир 64-15 УБД улсын дугаартай Lexus nx300 маркийн тээврийн хэрэгслийг 82.000.000 төгрөгт зөрүү 18.000.000 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гэхэд өгөх санал болгосон. Нэхэмжлэгч У.Болортөгс нь тухайн үед өөрөө хүлээн зөвшөөрч хариуцагч Б.Пүрэвбаатартай харилцан тохиролцож бичиг үйлдсэн. Үүний үндсэн дээр 64-15 УБД улсын дугаартай Lexus nx300 маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч У.Болортөгсөд хүлээлгэн өгч шилжүүлсэн. Миний бие тус өдрөөс хойш 64-15 УБД улсын дугаартай Lexus nx300 маркийн тээврийн хэрэгслийн “Алтан зоос капитал” ББСБ-д төлөх төлбөрийг сар болгон хугацаа алдалгүй төлж явсан. 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 8.000.000 төгрөгийг У.Болортөгсийн дансанд шилжүүлсэн. Худалдан авагч тал тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, эвдрэл гэмтлийг зохих шинжилгээний байгууллагаар шинжлүүлэх талаар анх худалдаж авахдаа хүсэлт гаргаагүй болох нь нэхэмжлэгчийн шаардлагад тодорхой байна. Иргэний тухай хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т заасны дагуу худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно гэж заасан байдаг. Нэхэмжлэгч У.Болортөгс нь 64-15 УБД улсын дугаартай Lexus nx300 маркийн тээврийн хэрэгслийг одоо болтол ашиглаж байгаа зэргийг харгалзан, үлдэх 10.000.000 төгрөгийг 2025 оны 08 дугаар сардаа багтаан төлнө. Мөн тээврийн хэрэгслийн нэр шилжүүлэх төлбөрийг 2025 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл хугацаа олгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс төлбөрийн даалгаврын баримт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шилжүүлгийн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, 2025.05.26-ны өдрийн 0499 дугаартай итгэмжлэл, Хаан банкны депозит дансны дэлгэнгүй хуулга, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, У.Болортөгс, Б.Пүрэвбаатар нарын машин хүлээлцсэн талаарх Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст гаргасан тайлбарыг ирүүлсэн байна.
Хариуцагч нараас шүүхэд баримт ирүүлээгүй.
Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 192/ШЗ2025/35014 дугаартай захирамжийн дагуу цахим зурваст үзлэг хийсэн.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч У.Болортөгс нь хариуцагч Н.Баярмагнай, Б.Пүрэвбаатар нарт холбогдуулан, худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан тул гэрээний дагуу шилжүүлсэн 92,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Н.Баярмагнай, Б.Пүрэвбаатар нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч нь тээврийн хэрэгсэл анх худалдаж авахдаа шалгаж хүлээж аваагүй, 64-15 УБД улсын дугаартай Lexus nx300 маркийн тээврийн хэрэгслийг одоо болтол ашиглаж байгаа зэргийг харгалзан, гэрээний үлдэгдэл 10.000.000 төгрөгийг 2025 оны 08 дугаар сардаа багтаан төлнө, тээврийн хэрэгслийн нэр шилжүүлэх төлбөрийг 2025 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл хугацаа олгож шийдвэрлэж өгнө үү гэж татгалздаг.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч нь 2025.01.31-ны өдөр Худалдаа хөгжлийн банк дахь өөрийн эзэмшлийн 409048526 дугаартай данснаас Хаан банк дахь Б.Пүрэвбаатарын эзэмшлийн 5306504143 дугаартай дансанд 7,335,100 төгрөгийг “prado 150” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн байна.(хавтаст хэргийн 9 дэх тал)
3.2. У.Батчулуун нь 2025.01.31-ны өдөр Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 5006799237 дугаартай данснаас Хаан банк дахь 5009861895 дугаартай дансанд 792,664,900 төгрөгийг “АЗ01282312. 89108372” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн байна.(хавтаст хэргийн 8 дахь тал)
3.3. Нэхэмжлэгч У.Болортөгс болон хариуцагч Б.Пүрэвбаатар нар нь Прадо 150 маркийн 6187 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хүлээлцсэн талаар баримт үйлджээ.(хавтаст хэргийн 10 дахь тал)
3.4. Зохигчид гэрээ байгуулсан эсэх, гэрээ хүчин төгөлдөр эсэх, 100,000,000 төгрөг төлөгдсөн эсэх, гэрээний зүйл болох Прадо 150 маркийн 6187 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Lexus NX300 маркийн 6415 УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэлээр сольж, зөрүү 18,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгөхөөр тохиролцсон тухайд, Lexus NX300 маркийн 6415 УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэл нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа эсэхэд маргаангүй.
Харин Lexus NX300 маркийн 6415 УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэл доголдолтой эсэх, гэрээний зүйлын доголдлын улмаас гэрээнээс татгалзаж 92,000,00 төгрөгийг буцаан гаргуулах тухайд маргаантай.
4. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байх бөгөөд зохигчид Тоёота Прадо 150 маркийн 6187 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 100,000,000 сая төгрөгөөр худалдах, худалдан авахаар амаар тохиролцсон байх тул талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
5. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1. “Үүрэг дараахь үндэслэлээр дуусгавар болно”, 236.1.3. “талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон” гэж заасан бөгөөд талууд харилцан тохиролцож, гэрээний зүйл болох Прадо 150 маркийн 6187 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Lexus NX300 маркийн 6415 УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэлээр сольж, худалдагч нь тээврийн хэрэгслийн үнийн зөрүү 18,000,000 төгрөгийг худалдан авагч талд буцаан өгөхөөр тохирч, өмнөх үүрэг буюу Прадо 150 маркийн тээврийн хэрэгслийг худалдан авагчид өгөх үүрэг дуусгавар болсон байна.
Хариуцагч нар нь Прадо 150 маркийн 6187 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг буцаан авч, Lexus NX300 маркийн 6415 УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн эзэмшлийг, зөрүү 18,000,000 төгрөгөөс 8,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн талаар зохигчид маргаангүй.
Иймд хариуцагч нар нь Lexus NX300 маркийн 6415 УБД улсын дугаартай тээврийн өмчлөх эрхийг шилжүүлэх, тээврийн хэрэгслийн үнийн зөрүү 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй байна.
6. Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1. “Худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ” гэж заасан бөгөөд хариуцагч нарын худалдсан Lexus NX300 маркийн 6415 УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн өмчлөх эрх нь “Алтан зоос капитал” банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байдаг гэж зохигчид тайлбарлаж байх ба гуравдагч этгээдийн зүгээс шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байх тул гэрээний зүйл болох Lexus NX300 маркийн 6415 УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь эд хөрөнгийн доголдолтой гэж үзнэ.
7. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1. “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй”, 254 дүгээр зүйлийн 254.1. “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй” гэж заасан бөгөөд шүүхийн журмаар үзлэг хийсэн зохигчдын хооронд харилцсан зурвасаас үзэхэд нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, хугацаа олгож, гэрээнээс татгалзаж, өгсөн авснаа харилцах буцаах талаараа хариуцагч нарт илэрхийлж байсан болох нь тогтоогдож байх тул гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч тал зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй байна.
8. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасан бөгөөд энэхүү зохицуулалт нь гэрээ байгуулахаас өмнөх үеийн нөхцөл байдлыг буцаан сэргээх үр дагаврыг бий болгодог тул хариуцагч нар нь 92,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгөх үүрэгтэй байна.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч Н.Баярмагнай, Б.Пүрэвбаатар нараас 92,000,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч У.Болортөгст олгохоор шийдвэрлэв.
9. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 617,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 617,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Баярмагнай, Б.Пүрэвбаатар нараас 92,000,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч У.Болортөгст олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 617,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Баярмагнай, Б.Пүрэвбаатар нараас 617,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У.Болортөгст олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР