Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 383

 

 

 

 

                          

 

 

2018           5             03                                             383

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

улсын яллагч Б.Уранцэцэг,

шүүгдэгч Б.Б-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б-холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1808004840427 дугаар эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Б /РД-/.

Яллагдагч Б.Б-нь 2018 оны 01 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол, . тоотод согтуугаар дүү М.Н. хутгалж бие махбодид нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр бид нар архи уусан. Н- жижиг өрөөнөөс гарч ирээд “Чи манай эгчийг дарамталдаг хэн бэ” гээд над уруу дайраад бид хоёр зодолдсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Эрүүгийн 1808004840427 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч М.Н-: “...2018 оны 01 дүгээр сарын 20-ны өглөө би хүргэн Б- ахын машиныг гуйж аваад гадуур ажил хөөцөлдөж яваад 14 цаг өнгөрч байхад ирсэн. Ц- эгч, Ц- эгчийн найз М-, Б- ах гурав архи уугаад сууж байсан. Бид дөрөв хамт юм ярьж 3 шил архи хувааж уусан. Хүргэн ах Б- Ц- эгч рүү агсраад зодох гээд байхаар нь би эгчийг өмөөрөөд Б- ахтай маргалдаад хоорондоо барьцалдаж авсан. Б- ах намайг барьж аваад нүүр, толгойн тус газар хэд хэдэн удаа гараараа цохисон. Би мөн түүнийг хажуу тийш нь мушгиж дарж унагаад бие рүү нь 4-5 удаа өшиглөсөн. Бид хоёр хэсэг ноцолдож байгаад салсан. Гэтэл Б- ах гал тогооны шүүгээн дээрээс ногоон иштэй хоёр хутга аваад над уруу дайрсан. Би эхэндээ намайг арай ч хутгалчихгүй байх гэж бодсон чинь намайг хутгалах гээд хүрээд ирэхээр нь би хамгаалах зорилготой хөлийг нь давхар хамахад баруун гартаа барьсан хутгаараа зүүн мөр рүү хатгаад, дарааллаад хэд хэдэн удаа хатгасан. Тэгээд би хатгуулаад хамаг бие сонин болоод мэдрэмжээ алдсан. Тэгээд нэг сэрэхэд хамаг бие цус болчихсон, шалан дээр нэл цус нөж болчихсон, зүүн далан дээр 4-5 удаа хутгалагдсан шархтай, хэвлийн тус газар, дух руу 1, зүүн гарын булчин хэсэгт 1 удаа хутгаар хатгагдсан шархтай байсан. Эмчилгээний болон сэтгэл санааны хохирол гэж нийт 3.300.000 төгрөг авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд суухгүй” гэх мэдүүлэг /хх-22-23, 24, 25-26/,

Гэрч Ч.Ц-ийн: “2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр нөхрийн дүү Б.Баттуяагийн гэрт нөхөр Б-, найз М- бид гурав 0.75 литрийн “Ерөөл” архи уугаад сууж байхад манай төрсөн эгчийн хүү Н- гаднаас орж ирэхээр нь дахиад дэлгүүр гаргаж 0.75 литрийн “Ерөөл” архи авахуулаад бид 4 хамт архи уусан. Тэгээд архи дуусаад М-, Н- хоёр жижиг өрөөнд унтах гээд орсон. Б- “дахиад архи ууя” гээд надаас мөнгө нэхээд байхаар нь Б-т хандан “чи яах гээд байгаа юм бэ, ажил төрөл чинь зогсчихсон байхад” гээд бид хоёр хоорондоо жаахан маргалдаж байхад Н- жижиг өрөөнөөс гарч ирээд “Та манай эгчийг яагаад дээрэлхээд байгаа юм” гээд Б-тай маргалдахаар нь би жижиг өрөөнд ороод унтчихсан. Унтаж байтал М- намайг сэрээгээд “нөхөр дүү хоёр чинь зодолдоод бөөн юм болчихсон байна” гэхээр нь би жижиг өрөөнөөс гарахад Н- угаалгын өрөөнд толгойгоо угаагаад зогсож байсан. Тухайн үед Н-ийн бие цус болчихсон байсан. Б-аас юу болсон талаар асуухад “Н- чамайг өмөөрөөд намайг зодоод байхаар нь би маргалдаж байгаад хутгаар зүсчихлээ” гэж хэлэхээр нь би Б-ыг гэрээсээ хөөж гаргасан...” гэх мэдүүлэг /хх-27-29/,

Гэрч Д.М-ын: “...Тэгээд намайг унтаж байхад Н- сэрээгээд утсаа өгчих гэсэн. Утсаа өгөхдөө түүний царайг харахад нүүр, нуруу хэсгээр нь цус болсон байсан. Юу болсон талаар асуухад “Б- ах намайг хутгалчихлаа” гэж хэлсэн. Би босоод харахад Б- гартаа 2 ширхэг хутга барьчихсан явж байсан. Би түүнээс айгаад хараад зогсож байтал Ц- Б-ыг загнаад гэрээсээ гаргасан. Тэгээд удалгүй цагдаа болон эмнэлгийн байгууллага ирсэн” гэх мэдүүлэг /хх-35-36/,

 Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 2018.01.25-ны өдрийн 1763 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.М.Н- биед тархи доргилт, хэвлий, нуруу, зүүн дал, зүүн бугалга, баруун хөмсөг, баруун хацарт хатгагдаж зүсэгдсэн шарх, доод урууланд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх тархи доргилт, доод уруулын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн, бусад гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн 8 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь тус бүртээ шүүх эмнэлгийн ...журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн байдлаас хамаарна. 5. Дээрх гэмтлүүд нь 2018.01.20-21-нд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна” гэжээ /хх-45/,

Шүүгдэгч Б.Б-ын яллагдагчаар өгсөн: “2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын 143-152 тоотод эхнэр Ц-, эхнэрийн найз М-, хадам дүү Н- бид дөрөв архи уусан. Тухайн өдөр 0.75 литрийн архи 2 шилийг хувааж уусан. Архи ууж дуусаад дахиад нэг шил архи авчихъя гээд эхнэрээс мөнгөө нэхээд маргалдаад зогсож байхад Н- жижиг өрөөнөөс гарч ирээд бид хоёрын дундуур орж ирээд “та одоо юу юм бэ, манай эгчийг загнадаг хэн бэ” гээд над уруу дайрахад эхнэр жижиг өрөө рүү орчихсон. Н-той маргалдаж байхад намайг заамдаад газар унагаад толгой хавирга уруу хөлөөрөө 6-7 удаа өшиглөхөөр нь арай гэж босоод шургуулга татсан чинь жижиг хоёр хутга байхаар давхраар нь аваад эргээд хартал Н- ард ирчихсэн зогсож байсан. Н- намайг “хутгаа хаячих, хоёулаа зодолдъё” гээд тэврээд авахаар нь би ар нуруунд нь хутгаараа 2-3 удаа хатгачихсан. Тэгтэл цаанаас эхнэр ирээд намайг гэрээс хөөж гаргасан. Тэгээд би орцонд сууж байхад цагдаа нар ирсэн. Миний буруу, Н-оос уучлалт гуйсан, хохирлыг нь барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-54-57/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-3/, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-11/, хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-17-18/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-19/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-83/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-87/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-58/, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-61-65/, хохирогчийн өвчний түүх /хх-97-110/, хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-112/, хохирогчийн “гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт /хх-113, 119/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Б-согтуурсан үедээ 2018 оны 01 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол, 143 дугаар байр, 152 тоотод 2 хутга давхарлан барьж дүү М.Н-ийг хутгалж бие махбодид нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, ир үзүүртэй зүйлийн 8 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч М.Н- “...Б- ах тогооны шүүгээн дээрээс ногоон иштэй хоёр ширхэг хутга аваад над уруу дайрсан. ...Хутгаараа зүүн мөр рүү хатгаад, дарааллаад хэд хэдэн удаа хатгасан. Тэгээд би хатгуулаад хамаг бие сонин болоод мэдрэмжээ алдсан. Тэгээд нэг сэрэхэд хамаг бие цус болчихсон, шалан дээр нил цус нөж болчихсон зүүн далан дээр 4-5 удаа хутгалагдсан шархтай, хэвлийн тус газар, дух руу 1, зүүн гарын булчин хэсэгт 1 удаа хутгаар хатгагдсан шархтай байсан...” гэх мэдүүлэг /хх-22-26/, гэрч Ч.Ц-ийн “...М- намайг сэрээгээд нөхөр дүү хоёр чинь зодолдоод бөөн юм болчихсон байна гэхээр нь би жижиг өрөөнөөс гарахад Н- угаалгын өрөөнд толгойгоо угаагаад зогсож байсан, тухайн үед Н-ийн бие нь цус болчихсон байсан. Тэгээд Б-аас юу болсон талаар асуухад “Н- чамайг өмөөрөөд намайг зодоод байхаар нь би маргалдаж байгаад хутгаар зүсчихлээ” гэж хэлэхээр нь би Б-ыг гэрээсээ хөөж гаргасан” гэх мэдүүлэг /хх-27-29/, гэрч Д.М-ын “...Би түүнээс юу болсон талаар асуухад “Б- ах намайг хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэгээд би босч ирээд харахад Б- гартаа 2 ширхэг хутга барьчихсан явж байсан” гэх мэдүүлэг /хх-35-36/, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 1763 дугаар “...2.Дээрх тархи доргилт, доод уруулын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн, бусад гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн 8 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...” гэх шинжилгээ /хх-45/ зэрэг мөрдөн байцаалтад өгсөн хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Б-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч М.Н- эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд түүний “эмчилгээний болон сэтгэл санааны хохиролд нийт 3.300.000 төгрөг авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-22-26/, мөн “Эмчилгээний зардалд 800.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 2.500.000 төгрөг авсан. Иймд сайн дураар эвлэрсэн тул энэ хэргийн талаар гомдол санал байхгүй, Б.Б-аас нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлт /хх-119/ зэргийг үндэслэн шүүгдэгч Б.Б-бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.Б-гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, төлөх төлбөргүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай” гэж,

шүүгдэгч Б.Б-“Улсын яллагчийн 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Улсын яллагч “Б.Б-т 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял хүлээлгэхээр саналаа шүүгдэгч Б.Б-т танилцуулан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлсэн байна.  

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт үндэслэлгүй байна гэж дүгнэн шүүгдэгч Б.Б-т 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.   

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн иштэй 2 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Б-урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч овогт Бн Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Б-бусдад төлөх төлбөргүй, урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн иштэй 2 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                 Л.БААТАР