Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2024/ДШМ/54

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Сд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү  Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор: Э.Уламбаяр, 

Шүүгдэгч: Б.С,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Б,

Нарийн бичгийн дарга: Х.З нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/276 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Сд холбогдох 000дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, “Ш” овогт Бийн С, 00 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд төрсөн, 00 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 00 дүгээр багийн 000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар 000 /.

Шүүгдэгч Б.С: 000 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 00 дугаар баг 00 тоотын хашааны гадна “Б” ХХК-ний үйл ажиллагаанаас болж хохирогч М.Дтай маргалдан ноцолдож, улмаар биеийн зүүн бугалга, шуу, баруун өвдгөнд цус хуралт, зүүн сарвууны чигчий хуруунд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/276 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч “Ш” овогт Бийн Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бийн Сийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сд оногдуулсан торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Сд оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сээс 687,490 (зургаан зуун наян долоон мянга дөрвөн зуун ер) төгрөгийг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сээс сэтгэцэд учруулсан гэм хорын хохирол 2,750,000 (хоёр сая долоон зуун тавин мянга) төгрөгийг тус тус гаргуулж хохирогч М.Д (РЕ-000)-т олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б давж заалдах гомдолдоо:  ...1. Анхан шатны шүүхээс нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдалтай нь харьцуулан үнэлж судлан дүгнэлт гаргаагүй гэж үзэж байна. Учир нь Б.С нь хохирогч М.Дт ямар нэг гутал захиалаагүй, М.Дын санаатайгаар илүү аваад явсан нэг хос гутлаа олж авах гэж гэрт нь очсон байдаг. Б.С нь “Б” ХХК-ийн тухай нэг ч үг, өгүүлбэр яриагүй байхад М.Д нь гутлыг гаргаж өгөөд урдын харилцааны явцад бий болсон таарамжгүй харилцааг санаж, гутлыг нь өгөөд гутлаа хажуугийн суудал дээрээ тавих үед нь цонхоор нь толгой руу нь цохиж эхэлснээс Б.С нь машинаасаа буухаас өөр нөхцөлгүй болж хоорондоо хэрүүл маргаан үүсгэж , ноцолдсоноос энэ хэрэг,зөрчил үүссэн. Б.С нь өөрийн биеэ хамгаалах үед, түүнчлэн өөрөө өөртөө гэмтэл учруулсан байхад хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэж анхан шатны шүүхээс үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. “Б” ХХК-ийн үйл ажиллагаанаас болж үл ойлголцон, маргалдан ноцолдож гэсэн нь хэргийн үйл баримт, бодит байдалтай огт нийцэхгүй юм.

Б.Сийн үйлдэл нь М.Дт учирсан гэх хөнгөн гэмтлийг санаатай учруулсан, санаатайгаар учруулаад байгаа үйл баримт мөн үү гэдэгт эргэлзээтэй байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт санаатай үйлдлийн талаар заахдаа “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохиролд хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай үйлдэлд тооцно” гэжээ.

Б.Сийн хувьд санаатайгаар хүсээд, хор уршигт зориуд хүргэх гэсэн санаа, зорилго, сэдэлд байгаагүй байхад санаатай гэмт хэрэг гэж үзсэнд гомдолтой байна. М.Дын биед хохирол, хор уршиг зориуд хүсэж хүргэсэн гэдгийг ямар баримтаар тогтоогоод байна вэ?

Б.Сийн хувьд нялх хүүхэдтэй, төрөөд удаагүй, төрөх үедээ давсагны хагалгаанд орсон эмэгтэй хүн өөрийн эрүүл мэндийн эсрэг хууль бус тулгарсан довтолгооны эсрэг хийсэн үйлдэл байж болохоор баримтууд харагдаж байгаа. М.Дын үг, үйлдлийн талаар нөхрийг нь яаж байсан талаар тодорхой мэдүүлсээр байхад энэ байдлыг дутуу шалгаж, үнэлж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Дуудлагаар цагдаа ирсэн байхад хүртэл цохиж авч байсан тухай гэрч Баярсайханы тэмдэглэл, мэдүүлэгт байдаг.

Дээрх нөхцөл байдал нь шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байдлыг харуулж байна.

2.Анх дүгнэлт гаргасан шинжээч М.Бийн дүгнэлт эргэлзээтэй байдаг. Шүүх шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т заасан “Шинжилгээг хийх явцад хэрэглэсэн арга аргачлал, тэдгээрийн үр дүнг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт нь шинжээчийн дүгнэлтийн бүрэлдэхүүн хэсэг болох ба түүнийг 2 хувь үйлдэн дүгнэлтийн хувь тус бүрт хавсаргана” гэснийг зөрчин хэрхэн яаж, юугаар хэмжилт хийсэн нь тодорхой бус байгаа нь дүгнэлтийг эргэлзээтэй болгож байна. Дахин шинжилгээний дүгнэлт гаргасан шинжээч нар ч үүнийг анзааралгүй шинжээч эмч М.Бийн дүгнэлтийг хуулбарлан гаргахдаа нэмж үг оруулан дүгнэлт гаргасан байдаг. Анхны дүгнэлтэд М.Дын гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлтийн 1-д “... зүүн сарвууны чигчий хурууны зөөлөн эдэд гэмтэл тогтоогдлоо” гэснээс “няцрал” гэсэн үг огт байхгүй байхад дахин шинжилгээний дүгнэлтэд “няцрал” гэсэн үг нэмж оруулсан нь эргэлзээ төрүүлж байгаа юм. Анхны болон дахин шинжилгээний дүгнэлтийн 4-т “Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй, ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдагдуулахгүй ” гэсэн атлаа яаж дүгнэж биеийн нийт гадаргуун 1 хувьд хүргэсэн нь тодорхойгүй, хэмжээг нь аваад үзэхээр ямар нэгэн эмнэл зүйн зовиур шинж огт бичигдээгүй байхад чигчий хурууны зөөлөн эдийн бага зэргийн хаванг няцрал болгосон нь эргэлзээ төрүүлж байна. Няцрал гэдэг нь өөр ойлголт байх ёстой. Зөөлөн эдийн гэмтлийг яагаад няцрал болгосон нь эргэлзээ төрүүлж байгаа юм.

Дээрхээс дүгнэхэд шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзэж болохоор байна.

З.Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.Сээс 687,490 төгрөгийг гаргуулж хохирогч М.Дт олгохоор шийдвэрлэсэн. Дээрх 687,490 төгрөгийн нотлох баримт нь хэрэгт ямар ч хамааралгүй баримтуудыг дурдаж гаргуулахаар шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь М.Дын нотлох баримтаар гаргаж өгсөн баримтууд нь учирсан гэмтлүүдтэй ямар ч хамааралгүй зүрх судасны, цусны даралтны, өөх тос бууруулах, цус шингэлэх, мэдрэлийн гаралтай булчин суллах, ходоодны салст хамгаалах, загасны тос болон нэмэлт антибиотокууд байдаг. Эдгээр эм бэлдмэлүүдийг авах нөхцөл байдал хэрэг гарахаас өмнө үүссэн байсан ба хохирогч М.Дыг энэ эм бэлдмэлийг авах шаардлага хэрэгцээг Б.С үүсгээгүй юм. Энэ нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

4.Шинжээч эмч нарын гаргасан хөнгөн зэргийн хохирол учирсан гэсэн дүгнэлтүүд нь эргэлзээтэй, М.Дын сэтгэцэд учирсан хор уршиг нь хэрэг болохоос өмнө нь үүссэн гэдэг нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад тогоогдсон. Сэтгэл санаанд үүссэн байдал нь хэрэг гарахаас өмнө үүссэн гэдгийг хохирогч М.Д өөрөө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг.Ийм учраас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох үндэслэлгүй юм

5. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 2-р нүүрний дунд хэсэгт нотлох баримтын талаар дурдахдаа: “Хохирогч М.Дын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...эхлээд толгой руу хэд хэдэн удаа цохиж нүүр рүү алгадсан, буусан хойно хөл давсаг руу хэд хэдэн удаа өшиглөж цохисон.Нөхөр нь гараас зуураад тавихгүй байсан, бас хоёр удаа хойш түлхэж машин мөргүүлсэн яг хэдэн удаа цохисныг бол мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг ХХ-ийн 16-17 тал” гэжээ. Б.Сийн удаа дараа өгч байсан энэ мэдүүлгийг ямар учраас хохирогч М.Дын мэдүүлэг болгож бичээд байгааг ойлгохгүй байгаа юм. Өмнө нь өмгөөлөгч миний бие энэ тухай хэлж, яллах дүгнэлтийн хохирогчийн мэдүүлэг нь миний үйлчлүүлэгчийн мэдүүлэг байна гэж хэргийг прокурорт буцааж байсан. Эсвэл шүүх прокурорын итгэл үнэмшлээр энэ мэдүүлгийг өгсөн хүн нь хохирогч нь мөн байх ёстой гэж үзээд байна уу? гэж  бодох байна. /Миний үйлчлүүлэгч би хохирсон шүү дээ хууль шүүх ийм байдаг юм уу гэж гомдолтойгоор ярьж байна./

Миний үйлчлүүлэгч анхнаасаа юу болсон яасан талаар тогтвортойгоор үнэн зөвөөр хэд хэдэн мэдүүлэг өгч ирсэн байдаг. Анхан шатны шүүхээс үүнийг үнэлэхгүйгээр санаатай хөнгөн гэмтэл учруулсан гэж Б.Сийн мэдүүлгийг хүртэл хохирогч М.Дын мэдүүлэг болгож шийдвэр гаргаж байгаа нь хачирхалтай юм. Энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үзэх үндэслэл юм гэж харж байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 3-р нүүрний доод хэсэгт “...Б.С, түүний өмгөөлөгч Ц.Б...” гэж бичсэн алдаа харагдаж байна. Дээрх нөхцөл байдлууд нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах үндэслэл болж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/276 дугаартай шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж оролцож байгаа тул гомдлыг хангаж, 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/276 дугаартай шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...”гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

1. Прокуророос “Б.С нь 000 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 00 дугаарбаг 00 тоотын хашааны гадна “Б” ХХК-ний үйл ажиллагаанаас хохирогч М.Дтай маргалдан ноцолдож, улмаар биеийн зүүн бугалга, шуу, баруун өвдгөнд цус хуралт, зүүн сарвууны чигчий хуруунд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

2. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн, шийтгэх тогтоол нь энэ хуулийн 36.2, 36.7-д заасан шаардлагыг хангаагүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Учир нь: Шийтгэх тогтоолын “Тодорхойлох нь:” хэсэгт хохирогч М.Дын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...эхлээд толгой руу хэд хэдэн удаа цохиж нүүр рүү алгадсан. Буусан хойно хөл, давсаг руу хэд хэдэн удаа өшиглөж цохисон. Нөхөр нь гараас зуураад тавихгүй байсан бас хоёр удаа хойш түлхэж машин мөргүүлсэн. Яг хэдэн удаа цохисныг бол мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/” гэж тэмдэглэсэн байх ба хэргийн 16-17 дугаар талд авагдсан баримтаас үзэхэд хохирогч нь энэ талаар мэдүүлээгүй байна.

Харин зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Б.С нь хохирогчоор мэдүүлэг өгөхдөө дээрх агуулгаар мэдүүлэг өгсөн баримт хавтаст хэргийн 35 дугаар талд авагдсан байгааг шүүх анхаарч үзээгүй байна.

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өмгөөлөгч Н.Б нь шүүгдэгч Б.Сийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан хууль зүйн туслалцаа үзүүлэн оролцсон байхад шүүх шийтгэх тогтоолын “Тодорхойлох нь:” хэсэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар дүгнэхдээ “...Шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Ц.Б нар нь...” гэж алдаатай тэмдэглэсэн нь шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийг шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болно.

Өөрөөр хэлбэл шүүх шийтгэх тогтоолын шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл зэргийг хуулийн агуулга, зорилгод нийцүүлэн тайлбарлаж бичих учиртай бөгөөд энэ шаардлагыг хангаагүй нөхцөлд давж заалдах шатны шүүхээс дээрх илэрхий алдааг зөвтгөн залруулж, хэргийг шийдвэрлэх боломжгүй юм.

3. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/314 дугаартай захирамжаар хохирогч М.Д, түүний өмгөөлөгч Ц.Б нараас гаргасан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллагаар тогтоолгох хүсэлтийг хүлээн авч, шинжээч томилуулахыг прокурорт даалгасан байна /хх-ийн 160-163 тал/.

Гэтэл шинжээч дээрх дүгнэлтийг гаргасан эсэх нь тодорхойгүй атал “...Магсаржалам овогтой Дын сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлийг тогтоов...” гэх агуулга бүхий “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар”-ыг мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч цолтой Б.Б үйлдэж хэрэгт хавсаргасан /хх-ийн 168 тал/ байгаа нь ойлгомжгүй байх тул шүүгчийн захирамжид дурдсан дүгнэлтийг гаргуулсны дараа хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн сэтгэцийн эмчээр ахлуулсан, сэтгэл зүйчээс бүрдсэн шинжээчийн багаар хийлгэхээр Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 000 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.7-д зохицуулсныг мөрдөгч, прокурор хэрэгжүүлээгүй нь шүүгчийн захирамжаар даалгасан ажиллагаа биелэгдээгүй гэж үзэх үндэслэл болно.

Гэтэл шүүх мөрдөгчийн үйлдсэн дээрх загварыг үнэлж, “Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д заасны дагуу нөхөн төлбөрийг тооцон олгох нь зүйтэй байна” гэж дүгнэсэн нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бодиттой тогтоосон гэж үзэх үндэслэлгүй.

4. Хохирогчийн гаргаж өгсөн гэх хэргийн 91-103, 141-р талд авагдсан И-баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай эсэх нь тодорхойгүй, эргэлзээтэй байхад шүүх дээрх баримтуудыг үнэлж, шүүгдэгчээс 687,490 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь нотлох баримтыг шалгаж үнэлэх хуульд заасан журамтай нийцээгүйг дурдах нь зүйтэй.

Хэрэгт авагдсан баримтыг шалгахдаа харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргыг хэрэглэх учиртай.

Иймд дээрх үндэслэлээр Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2024/ШЦТ/276 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдолд дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/276 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой  гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг  дурдсугай.

 

 

     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.СОСОРБАРАМ

                                          ШҮҮГЧИД                                 Н.БАЯРХҮҮ

                                                                                            Л.ЭРДЭНЭБАТ