Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2024/ДШМ/40

 

 

С.Н- нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,   

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/159 дүгээр цагаатгах тогтоолтой, С.Н-, М.С- нарт холбогдох эрүүгийн 2313002290130 дугаартай, 2 хавтастай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэж 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд прокурор Д.Аянагүл, цагаатгагдсан этгээд С.Н-, М.С-, цагаатгагдсан этгээдүүдийн өмгөөлөгч С.Алтай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.     

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр ***** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, ***** ажилтай, ам бүл ** хүнтэй, ***** хамт *****багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ж ургийн овогтой С.Н-, РД:**********,

 

2. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дугаар сарын **-ны өдөр **** суманд төрсөн, ** настай, эмэгтэй,  дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, ***** ажилтай, ам бүл ** хүнтэй, ***** хамт ****** багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай И ургийн овогтой М.С-, РД:*********,

 

3. С.Н-, М.С- нар нь бүлэглэж 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сараас 14-ний өдрийн хоорондох хугацаанд Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Нур” эмнэлэгт эм, эмийн түүхий эд, био бэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль бусаар эм, био бэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл худалдах, түгээх гэмт хэрэгт холбогджээ.

 

4. Прокурорын 2024 оны  6 дугаар сарын 05-ны  өдрийн 130 дугаар яллах дүгнэлтээр С.Н-, М.С- нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.      

5. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн  2024/ШЦТ/159 дүгээр цагаатгах тогтоолоор:    

5.1. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Ж ургийн овогтой С.Н-, И ургийн овогтой М.С- нарт холбогдох 2313002290130 дугаартай эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж,

5.2. Цагаатгагдсан этгээд С.Н-, М.С- нарт холбогдох 2313002290130 дугаартай эрүүгийн хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж,

5.3. Цагаатгагдсан этгээд С.Н-, М.С- нар нь энэ хэргийн учир баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, тэдэнд авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

6. Прокурорын эсэргүүцэлд:

6.1. Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Д.Аянагүл би, С.Н-, М.С- нарт холбогдох 2313002290130 дугаартай эрүүгийн хэрэгт 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Хэргийг тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 2024/ШЦТ/159 дугаартай цагаатгах тогтоолоор С.Н-, М.С- нарт холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн.

Ингэхдээ “...цагаатгагдсан этгээд нарыг эмчлэх эрхийн үнэмлэхтэй буюу тэд хүний их эмч мэргэжилтэй, мэргэжлээрээ ажилладаг ба гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд эмийг жижиглэнгийн үнээр хангах үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр худалдсан үйлдэл нь Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль зөрчих зөрчлийн шинжтэй буюу гэмт хэргийн шинжгүй...” гэж дүгнэсэн.

6.2. Цагаатгах тогтоолыг 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй;” мөн хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэж үзэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

6.3. Зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.14 дэх хэсэгт “Эмчлэх мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн”, мөн зүйлийн 13.17 дахь хэсэгт “...эм үйлдвэрлэх, импортлох, экспортлох, ханган нийлүүлэх, худалдах зөвшөөрлийг Эмийн асуудал хариуцсан төр захиргааны байгууллага” олгохоор, Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 11 дэх хэсэг “эмч, эмнэлгийн байгууллага тусгай зөвшөөрөлгүйгээр эм, эмийн түүхий эд худалдсан бол ...” шийтгэл оногдуулахаар тус тус хуульчилсан.

6.4. Тус прокурорын газраас С.Н-, М.С- нарыг эмчлэх мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх явцдаа эм худалдан борлуулсан хэмээн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээгүй, харин эм, эмийн түүхий эд, био бэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулж. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэн, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Гэтэл анхан шатны шүүх эм, эмийн түүхийн эдийг зохих зөвшөөрөлгүйгээр худалдсан гэмт хэрэг, зөрчлийг субъект буюу эмч, бусад этгээдээр нь ялган зааглаж, Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас гэмт хэрэг үйлдсэн хүнд ял завшуулах нөхцөл бололцоог бүрдүүлэхэд хүргэж байна.

6.5. Холбогдох хууль тогтоомжийн зохицуулалтаас үзвэл Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.5 дахь заалтад “эмнэлгийн мэргэжилтэн” гэж анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллежийг төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хүний их, бага эмч, шүдний их эмч, уламжлалт анагаах ухааны их эмч, сувилагч, эх баригч, эм зүйч, эм найруулагч, сэргээн засах чиглэлийн мэргэжилтэнг” хэлнэ, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн 9.1.3 дахь заалтад “Эмийн сан” нь эм хангамжийн байгууллагад хамаарна, Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт “Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг дараах чиглэлээр олгоно:”

19.3.1.эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхлэх;

19.3.5.эм, эмнэлгийн хэрэгсэл, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм худалдах;

Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт “Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл нь эмчлэх, эм барих, сувилах, эх барих, сэргээн засах гэсэн төрөлтэй байна.” гэж тус тус үйл ажиллагаа бүрийг тусгайлан зохих зөвшөөрөл авсан байхыг шаардаж байхад дээрх ойлголтуудыг нэгтгэн, нэг зөвшөөрлөөр бүх үйл ажиллагааг явуулж болох мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

6.6. Түүнчлэн Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд заасан диспоциз хэм хэмжээний зөрүү буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...биобэлдмэл ...худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан С.Н-, М.С- нарын үйлдэлд анхан шатны шүүхээс дүгнэлт хийлгүй орхигдуулсан, уг биобэлдмэлийн талаар Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт зохицуулалт байхгүйг анзаараагүй нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэхээр байна.

6.7. Хавтаст хэрэгт авагдсан гэрч Х.Н, Е.Н, Т.С-, О.Л, Х.А, С.М, Б.А, А.Р, Х.Ө, М.Б нарын мэдүүлэг, эмийн санд буюу /Хэргийн газарт/ үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар С.Н-, М.С- нар нь эм зүйч мэргэжилгүй Х.Н-ыг “Нур” эмнэлгийн эмийн санд худалдагчаар ажиллуулсан, иргэн С.М, М.Б нарт биобэлдмэл худалдсан, өөрсдийн үзсэн өвчтөнүүддээ уг эмийн сангаас очиж эм худалдан авахыг зөвлөдөг үйл баримт тогтоогдсон байхад тэднийг зөвхөн өөрсдөө эм зарсан мэтээр хууль зүйн дүгнэлт хийсэн нь хэргийн байдалтай нийцэхгүй байна.

6.8. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/159 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан эсэргүүцэл бичив.

 

7. Цагаатгагдсан этгээд С.Н-ын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

7.1. Хувийн эмнэлгээ 2017 онд эхнэр бид хоёр хувийн зардлаар барьсан.  Эмнэлгээ баригдаж дууссаны дараа тус аймгийн Засаг дарга болон тус аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нар ирээд зөвлөгөө өгсөн. Эмнэлгийн холбогдох бүх бичиг баримтуудыг хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Прокурорын эсэргүүцлийг эс зөвшөөрч байна.  Анхан шатны шүүхийн  цагаатгах тогтоолыг  хэвээр үлдээж өгнө үү.

 

8. Цагаатгагдсан этгээд М.С-гийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

8.1. Прокурорын эсэргүүцлийг эс зөвшөөрч байна. Миний бие эмчээр 15 дахь жилдээ ажиллаж байна. Бид Монгол Улсад анх удаа суманд хувийн эмнэлэг барьсан. Тэгээд бүх материалуудыг бүрдүүлж эмийн сангийн үйл ажиллагаа явуулах эрх авах гээд хөөцөлдөж байсан. Тухайн үед тус аймгийн удирдлагууд болон Эрүүл мэндийн газрын дарга нар эмнэлгийн шаардлага хангасан гоё эмнэлэг барьсан юм байна. Эмийн худалдаа эрхлэх эрхийг олгож өгнө гэсэн. Тухай үед цар тахлаас болж эрхээ авч чадаагүй. Тэгээд хуурай эмүүдийг аваад борлуулж байсан нь үнэн. Анхан шатны шүүхийн цагаатгасан тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Одоо хувийн эмнэлгийн үйл ажиллагаа эрхлээ больсон. Өнгөрсөн жилээс эхэлж  тус байранд Дэлүүн сумын 3 дугаар цэцэрлэг үйл ажиллагаа эрхэлж байна.

 

9. Цагаатгагдсан этгээдүүдийн өмгөөлөгч С.Алтайн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

9.1. С.Н-, М.С- нар Дэлүүн суманд хувиараа эмнэлэг барьсан. Тус сумын хэмжээнд нэг л улсын эмнэлгийн эмийн сан байсан. Тэр нь өдрийн  8 цагаар ажиллаад, тус суманд оройн цагаар ажилладаг өөр эмийн сан байхгүй. С.Н-, М.С- нар эм худалдах зөвшөөрөл авах үед цар тахлаас болж зөвшөөрөл авч чадаагүй. С.Н-, М.С- нар хэсэг хугацаанд зөвшөөрөл аваагүй эм худалдсаныг өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэмт хэргийн шинжгүй, зөрчлийн шинжтэй гэх үндэслэлээр цагаатгах тогтоол гаргасан. Өөрөөр хэлбэл их хэмжээгээр ашиг олох зорилгоор эм худалдсан зүйл байхгүй. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            10. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн учраас Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/159 дугаар цагаатгах тогтоол хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

 

            11. Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 130 дугаар яллах дүгнэлтээр С.Н-, М.С- нарын бүлэглэж, 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сараас 14-ний өдрийн хоорондох хугацаанд Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Нур” эмнэлэгт эм, эмийн түүхий эд, био бэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулсан гэх үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль бусаар эм, био бэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл худалдах, түгээх гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

            12. Харин анхан шатны шүүх С.Н-, М.С- нарыг дээрх хугацаанд “Нур” нэртэй эмийн сангаар эрх бүхий байгууллагаас эм, эмнэлгийн хэрэгслийг жижиглэнгийн үнээр хангах ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй буюу эм, эмнэлгийн хэрэгслийг жижиглэнгийн үнээр худалдан борлуулах эрхгүй атлаа тусгай зөвшөөрөлгүйгээр хүний эм, био бэлдмэлийг жижиглэнгийн үнээр худалдсан, борлуулсан нь тогтоогдсон боловч энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй, харин Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт заасан зөрчлийн хэргийн шинжтэй байна гэж дүгнэж, үндэслэлээ Эрүүгийн хуулиар хориглосон тухайн хууль бус харилцааны субъект нь хүн, хуулийн этгээд байхаар заасан бол Зөрчлийн тухай хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан зөрчлийн хэргийн субъект нь эмч байх ба тухайн төрлийн эрх зүйн зөрчлийг эрүүгийн гэмт хэрэг болон зөрчлийн хэргээр ялгаж хуульчлахдаа хууль тогтоогч субъектийн шинжээр нь заагласан байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

            Анхан шатны шүүхээс М.С-г дотрын эмч мэргэжилтэй, цагаатгагдсан этгээд С.Н-ыг мэс заслын эмч мэргэжилтэй учраас тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субъект биш, харин тэдгээрийн үйлдэл холбогдол нь Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт заасан зөрчлийн хэргийн шинжтэй буюу зөрчлийн хэргийн субъектэд хамаарч байх тул тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгагдсан этгээд нарыг тус тус цагаатгаж шийдвэрлэхдээ тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийн холбогдох зүйл, хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэжээ.

 

            13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна гэж хуульчилсан.

            М.С-, С.Н- нарын Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан “Нур” эмнэлгийн эмийн сангаар 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хооронд, үргэлжилсэн үйлдлээр эм, эмийн түүхий эд, био бэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан үйлдлийг прокурорын яллах дүгнэлтэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, шүүхэд шилжүүлсэн ба тухайн үед мөн зүйл хэсэгт тухайн үйлдэл холбогдол хамаарах гэмт хэргийн шинжийг[1] “Эм, эмийн түүхий эд, биобэлдмэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тодорхойлжээ.

Эрүүгийн хуулийн мөн зүйл, хэсэгт 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хэлэн дагаж мөрдөгдөх уг хуулиар тухайн гэмт хэргийн шинжийг хууль тогтоогчоос “Эм, эмийн түүхий эд, биобэлдмэл эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тогтоожээ.

 

14. М.С-, С.Н- нарын үйлдэл холбогдолд хамаарах хугацаанд дагаж мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн зохицуулалт, түүнд өөрчлөлт оруулсан, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөх хуулийн зохицуулалт, аль алинаас дүгнэхэд хууль тогтоогч нь эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр “явуулсан” бол тухайн гэм буруутай этгээдийн тухайн үйлдлийг гэмт хэрэгт тооцон хуульчилсан.

Хуульд заасан “худалдах үйл ажиллагаа явуулах” гэдэгт хүн /үүнд эмч, эмнэлгийн мэргэжилтэн ч хамаарна/, хуулийн этгээдийн  эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг худалдан авагчийн эзэмшил, өмчлөлд шилжүүлж, тухайн эд хөрөнгийн үнийг авсан нэг удаагийн шинжтэй үйлдлийг биш, харин эмнэлгийн дэргэдэх эмийн сангийн зохион байгуулалтад, мөн тухайн үйлдэл холбогдолд гүйцэтгэх оролцогч нарын чиг үүргээс хамаарах зохион байгуулалтад тус тус орсон, тодорхой цаг хугацаанд олон дахин давтагдсан буюу үргэлжилсэн үйлдлээр бусдын эзэмшил, өмчлөлд дээрх эд хөрөнгүүдийг шилжүүлж, үнийг авсан авсан үйлүүдийн цогцыг хамааруулж ойлгохоор байна.

 

15. Гэтэл, тухайн үед мөрдөгдөж байсан Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт “Эмч, эмнэлгийн байгууллага тусгай зөвшөөрөлгүйгээр эм, эмийн түүхий эд худалдсан бол зөрчилтэй бараа бүтээгдэхүүнийг хурааж, хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийг этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаас үзвэл, эмч, эмнэлгийн байгууллагын тусгай зөвшөөрөлгүйгээр эм, эмийн түүхий эд худалдсан нэг удаагийн шинжтэй үйлдлийг зөрчилд тооцсон бөгөөд энэ нь худалдах үйл ажиллагааг олон дахин давтамжтай буюу үргэлжилсэн үйлдлээр явуулах буюу эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг худалдах үйл ажиллагааг эрхлэхээс ялгаатай ойлголт учраас анхан шатны шүүх М.С-, С.Н- нарын үйлдэл холбогдлыг зөрчлийн хэргийн шинжтэй гэж дүгнэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, энэ талаарх прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

16. Прокурорын яллах дүгнэлтэд С.Н-, М.С- нарыг бүлэглэж, 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сараас 14-ний өдрийн хоорондох хугацаанд Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Нур” эмнэлэгт “эм, эмийн түүхий эд, био бэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл” худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулсан гэж дүгнэсэн боловч анхан шатны шүүх тэдгээрийн эм, эмийн түүхий эд худалдсан гэх үйлдлийг зөрчлийн хэргийн шинжтэй гэж үзсэн атлаа яллах дүгнэлтэд дурдсан бусад үйлдэл холбогдлуудын талаар, тодруулбал “биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан” гэх үйлдэл холбогдлыг орхигдуулсан гэх эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэйг тэмдэглэх нь зүйтэй.

17. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан дээрх үндэслэлээр хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.

Цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосон учраас М.С-, С.Н- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр нь хэрэглэнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтын “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь ... хүчингүй болгож” гэж заасныг тус тус удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/159 дүгээр цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангасугай.

 

2. Шүүгдэгч М.С-, С.Н- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр нь хэрэглэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                Ж.ОТГОНХИШИГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК

 

 

 

 

[1] 2017.05.11-ний хуулиар нэмэлт өөрчлөлт оруулсан.