Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 139

 

                   

 

 

                  

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга А.Арай, улсын яллагч Н.Пүрэвтогтох, өсвөр насны шүүгдэгч Б.С, түүний хууль ёсны төлөөлөгч С.Батзаяа, өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч Хорин овогт Б.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1710009520077 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Монгол Улсын иргэн, 2001 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 16 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Хан-Уул дүүргийн 63 дугаар тусгай дунд сургуулийн 9 дүгээр ангид сурдаг, ам бүл 5, эмээ, ээж, 2 дүүгийн хамт, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хорин овогт Б.С

 

Холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Б.С нь 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны 61 дүгээр байрны 08 тоотод оршин суух иргэн П.Аын гэрийн хаалга онгорхой байхад нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын цагаан чулуун хөөрөг 1 ширхэг, бага гарын халтар манан хөөрөг 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж бусдад 250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Өсвөр насны шүүгдэгч Б.С: “...Би ээжтэйгээ байж байгаад гэрт хайрцаг хүргэж өгсөн, буцаад гарахад тэр айл онгорхой байсан болохоор орж 2 хөөрөг, 2 мөнгөн аяга аваад гэрийн гадаа байсан машины доор нуусан. Орой гарч ломбарданд тавихаар аваад очиход ломбардны хүн намайг хүүхэд байна, авахгүй гэсэн болохоор нь хөөрөг, аягаа буцааж машины доор нуусан. Дараа нь цагдаа ирэхэд машины доороос авч өгсөн...” гэв.

 

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч: “...Би жижүүр, цэвэрлэгчээр 2 ажил давхар хийдэг болохоор шөнө тэнд хонодог. Би чөлөө завгүй байж байх хойгуур хүүхэд минь гэмт хэрэгт холбогдчихлоо. Цаашид багштай нь холбогдож, сайн харж байна. Эмээ нь 68 настай, Би сард 586.000 төгрөгийн цалин авдаг. Б.С заримдаа юм мартдаг, уурлаад зөрүүдлэдэг. Гэхдээ их тусархаг, модон урлагаар юм хийдэг, волейболын дугуйланд явдаг. Манай дүү нар Дундговь аймагт байдаг болохоор Б.С-ыг тэд нарт явуулж, Коллежид сургах бодолтой байна. Урьд нь хөдөө байхдаа эмчийн хяналтанд байдаг байсан. Би 2016 оны 7 дугаар сараас хотод ирсэн...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч П.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 11 дүгээр сарын 16-ны өглөө манай нөхөр 07 цагийн үед, би 09 цагийн үед ажилдаа явцгаасан. Гэрт 13 настай хүү Ганбаяр ганцаараа үлдсэн. ...Би ажлаа тараад 17 цаг 20 минутад гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоожийг эргүүлж цоожлоогүй, зөвхөн түгжээгээр нь хаагаад орхисон байсан. ...Гэртээ ороод хартал зурагтын тавиурны хоёр талын хаалга онгорхой, тавиурны шургуулга онгорхой байсан. Доторх эд зүйлсийг нь үзэхэд хоёр ширхэг мөнгөн аяга, хоёр ширхэг хөөрөг, 1 хос ээмэг, гинж, кулоны хамт байхгүй байхаар нөхөр рүүгээ залгаж “чи өдөр гэртээ ирсэн юм уу” гэж асуухад “ирээгүй” гэж хэлсэн. ...Хүүхдээсээ өдөр хэдэн цагийн үед гарсаныг нь асуухад 12 цаг 30 минутын үед гарсан, хаалгаа зүгээр хаагаад л орхисон, гаднаас ямар нэг хүн ирээгүй, би ямар нэг эд зүйлс авч гараагүй гэж хэлсэн. ...Надад нэхэмжлэх зүйл, гомдол байхгүй. Манай гэрээс алдагдсан хоёр ширхэг мөнөг аяга, хоёр ширхэг хөөрөгийг буцаагаад хүлээж авсан. Надад өөр хохирол учраагүй. Миний хохирол бүрэн төлөгдсөн..” /хх-ийн 24-25, 26-27/ гэсэн,

 

Өсвөр насны гэрч Г.Ганбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гэртээ ганцаараа байж байгаад 12 цаг 30 минутын үед хичээлдээ явсан. ...Манайх гэрийнхээ хаалгийг цоожлоод байддаггүй, шууд хаагаад орхидог юм. Манай цоож хаалга хаахаар өөрөө цоожлогддог. Би хичээлдээ гарахдаа хаалгаа шууд савж хаагаад гарсан, цоожлогдсон эсэхийг нь шалгаагүй...” /хх-ийн 28/ гэсэн,

 

Гэрч Г.Дорж мөрдөн байцаалтын шатан өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 15 цаг өнгөрч байхад зээгээ эмнэлэгт үзүүлэхээр гэрээсээ гарахад хөрш айлын хаалга нилээн том дэлгээстэй онгорхой байсан. Тэгэхээр нь өөрсдөө байгаа байх гэж бодоод яваад өгсөн. Буцаад 15 минут орчмын дараа ирэхэд бас л онгорхой хэвээрээ байхаар нь мөн л хүн байгаа байх гэж бодоод гэртээ орсон. ...Одоогоос 10 орчим хоногийн өмнө хөршийн хаалганд түлхүүр нь зоолттой байхыг хараад анхааруулж хэлж байсан...” /хх-ийн 31-32/ гэсэн,

 

Өсвөр насны шүүгдэгч Б.С мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хичээлээс тараад гэр рүү орсон. Гэррүүгээ орох гэж байсан чинь гуравдугаар давхарт айлын хаалга онгорхой байсан. Би гэртээ орж хайрцагтай хувцасаа оруулж тавиад буцаж доошоо бууж гурван давхарын хаалга онгорхой байгаа айлд орсон. Хүн байна уу гэж хашгирч асуусан. Хүн дуугарахгүй, байхгүй байсан. Том өрөөний урд талын шкафанд байсан хоёр хөөрөг, хоёр мөнгөн аяга зэрэг зүйлийг авч, гадаа машины доор тавиад буцаад гэртээ орсон. Байж байгаад шөнө нөгөө зүйлээ аваад ломбарданд очсон. Ломбардны хүмүүс намайг хүүхэд болохоор авахгүй гэхээр нь буцаагаад нөгөө машин доороо тавьсан...” /хх-ийн 79-81/ гэсэн мэдүүлгүүд,

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн шүүх сэтгэц эмгэг судлалын №92 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Б.С нь танин мэдэхгүйн хөнгөн эмгэг, шинж тэмдгийн цөөн уналт сэтгэцийн эмгэгтэй байна.

2. Б.С-ын дээрх эмгэг нь төрсний дараа, тархинд цус харвасны дараа үүссэн байх боломжтой байна. Дээрх эмгэг нь үе шатлалгүй болно.

3. Б.С-ын дээрх эмгэг нь сэтгэцийн олдмол эмгэг болно.

4. Б.С нь өөрийн насны түвшинд мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. Б.С нь өөрийн насны түвшинд өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарлан ойлгож өөрийн үйлдлийг удирдан жолоодож хянах чадвартай байсан байна.

6. Б.С нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

7. Б.Сд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна...” /хх-ийн 63-65/ гэсэн дүгнэлт,

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-10/,

- Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-16/,

- Түр хураан авсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17/,

- Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 18-20/,

           - Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 57-59/,

- Өсвөр насны шүүгдэгч Б.С-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,  төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 83-85/,

- Хан-Уул дүүргийн 63 дугаар тусгай дунд сургуулийн тодорхойлолт, сурагчийн хувийн хэргийн хуулбар /хх-ийн 93-102/,

- Өсвөр насны шүүгдэгч Б.С-н өвчний түүхийн хуулбар /112-127/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 134/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад өсвөр насны шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, өсвөр насны шүүгдэгч Б.С-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 

Өсвөр насны шүүгдэгч Б.С нь 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны 61 дүгээр байрны 08 тоотод оршин суух иргэн П.Аын гэрийн хаалга онгорхой байхад нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын цагаан чулуун хөөрөг 1 ширхэг, бага гарын халтар манан хөөрөг 1 ширхэг зэрэг эд зүйлийг авч бусдад 250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч П.Аын “...2017 оны 11 дүгээр сарын 16-ны өглөө манай нөхөр 07 цагийн үед, би 09 цагийн үед ажилдаа явцгаасан. Гэрт 13 настай хүү Ганбаяр ганцаараа үлдсэн. ...Би ажлаа тараад 17 цаг 20 минутад гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоожийг эргүүлж цоожлоогүй, зөвхөн түгжээгээр нь хаагаад орхисон байсан. ...Гэртээ ороод хартал зурагтын тавиурны хоёр талын хаалга онгорхой, тавиурны шургуулга онгорхой байсан. Доторх эд зүйлсийг нь үзэхэд хоёр ширхэг мөнгөн аяга, хоёр ширхэг хөөрөг, 1 хос ээмэг, гинж, кулоны хамт байхгүй байхаар нөхөр рүүгээ залгаж “чи өдөр гэртээ ирсэн юм уу” гэж асуухад “ирээгүй” гэж хэлсэн. ...Хүүхдээсээ өдөр хэдэн цагийн үед гарсаныг нь асуухад 12 цаг 30 минутын үед гарсан, хаалгаа зүгээр хаагаад л орхисон, гаднаас ямар нэг хүн ирээгүй, би ямар нэг эд зүйлс авч гараагүй гэж хэлсэн. ...Надад нэхэмжлэх зүйл, гомдол байхгүй. Манай гэрээс алдагдсан хоёр ширхэг мөнгөн аяга, хоёр ширхэг хөөрөгийг буцаагаад хүлээж авсан. Надад өөр хохирол учраагүй. Миний хохирол бүрэн төлөгдсөн..” /хх-ийн 24-25, 26-27/ гэсэн,

 

Өсвөр насны гэрч Г.Ганбаярын “...2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гэртээ ганцаараа байж байгаад 12 цаг 30 минутын үед хичээлдээ явсан. ...Манайх гэрийнхээ хаалгийг цоожлоод байддаггүй, шууд хаагаад орхидог юм. Манай цоож хаалга хаахаар өөрөө цоожлогддог. Би хичээлдээ гарахдаа хаалгаа шууд савж хаагаад гарсан, цоожлогдсон эсэхийг нь шалгаагүй...” /хх-ийн 28/ гэсэн,

 

Өсвөр насны шүүгдэгч Б.С-н “...2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хичээлээс тараад гэр рүү орсон. Гэррүүгээ орох гэж байсан чинь гуравдугаар давхарт айлын хаалга онгорхой байсан. Би гэртээ орж хайрцагтай хувцасаа оруулж тавиад буцаж доошоо бууж гурван давхарын хаалга нь онгорхой байгаа айлд орсон. Хүн байна уу гэж хашгирч асуусан. Хүн дуугарахгүй, байхгүй байсан. Том өрөөний урд талын шкафанд байсан хоёр хөөрөг, хоёр мөнгөн аяга зэрэг зүйлийг авч, гадаа машины доор тавиад буцаад гэртээ орсон. Байж байгаад шөнө нөгөө зүйлээ аваад ломбарданд очсон. Ломбардны хүмүүс намайг хүүхэд болохоор авахгүй гэхээр нь буцаагаад нөгөө машин доороо тавьсан...” /хх-ийн 79-81/ гэсэн мэдүүлгүүд,

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2018 оны шүүх сэтгэц эмгэг судлалын №92 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Б.С нь танин мэдэхгүйн хөнгөн эмгэг, шинж тэмдгийн цөөн уналт сэтгэцийн эмгэгтэй байна.

2. Б.С-ын дээрх эмгэг нь төрсний дараа, тархинд цус харвасны дараа үүссэн байх боломжтой байна. Дээрх эмгэг нь үе шатлалгүй болно.

3. Б.С-ын дээрх эмгэг нь сэтгэцийн олдмол эмгэг болно.

4. Б.С нь өөрийн насны түвшинд мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. Б.С нь өөрийн насны түвшинд өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарлан ойлгож өөрийн үйлдлийг удирдан жолоодож хянах чадвартай байсан байна.

6. Б.С нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

7. Б.Сд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна...” /хх-ийн 63-65/ гэсэн дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-10/, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-16/, түр хураан авсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17/, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 18-20/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 57-59/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 134/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшлээс нууцаар авахыг хулгайлах гэмт хэрэг гэх бөгөөд хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдэх нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болох юм.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.С-ын үйлдэлд Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.С-ын хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.С-ын хохирогчийн гэрээс хулгайлсан гэх дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын цагаан чулуун хөөрөг 1 ширхэг, бага гарын халтар манан хөөрөг 1 ширхэгийг мөрдөн байцаалтын шатанд буцаан өгсөн, хохирогч нь “ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эд зүйлсээ хүлээн авсан” гэсэн мэдүүлэг хэрэгт авагдсан /хх-ийн 26/ байх тул энэ шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх хохирол төлбөр байхгүй байна.  

 

Шүүх, өсвөр насны шүүгдэгч Б.С-ыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бус аргаар авсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан ба Б.С нь арван найман нас хүрээгүй болох нь түүний төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 85/-аар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлд заасан журмыг баримталж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.С урьд нь ял шийтгэгдэж байгаагүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл судалгааны төвийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83/ баримтаар тогтоогдож байна.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоодоогүй.

 

Эрүүгийн 1710009520077 дугаартай хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хохирогч П.А гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, өсвөр насны шүүгдэгч Б.С нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Өсвөр насны шүүгдэгч Хорин овогт Б.С-ыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бус аргаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.С-ыг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.С-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг хоёр дахиж багасгаж, түүний биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.С-д оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдан ирсэн камерын бичлэг бүхий сиди нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай. 

 

6. Эрүүгийн 1710009520077 тоот хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, өсвөр насны шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч П.А гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд өсвөр насны шүүгдэгч Б.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Б.С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Д.АЛТАНЖИГҮҮР