| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 192/2025/04629/И |
| Дугаар | 192/ШШ2025/06444 |
| Огноо | 2025-08-21 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 192/ШШ2025/06444
2025 08 21 192/ШШ2025/06444
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:*******,*******,*******, Сирм центрт байрлах “Сирм” ХХК /РД:2890089/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Төгс нэгүн вайт” ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сирм ХХК нь 2024 оны 08 сарын 25-ны өдрийн All in hit тоглолтын арга хэмжээний үеээр Төгс нэгүн вайт ХХК-д 59,789,000 үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж, мөн 2024 оны 09 сарын 20,21-ний өдөр зохион байгуулагдсан big show тоглолтын арга хэмжээний үеэр дахин хамтран ажиллахаар тохиролцож 2024 оны 09 сарын 13-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулж ивээн тэтгэлгийн урьдчилгаа болгож 5,000,000 төгрөгийг Төгс нэгүн вайт ХХК-ний гүйцэтгэх захирал ******* Хас банкны ******* тоот дансанд шилжүүлж, 2024 оны 09 сарын 20-ны өдөр 21,282,000 төгрөгийн үнэ бүхий бараа бүтэгдэхүүнийг тус тус нийлүүлсэн. 2024.08.25-ны өдөр нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний борлуулалтын мөнгөн дүнгээс 4%, 2024.09.20-ны өдрийн нийлүүлсэн бараа бүтэгдэхүүний борлуулалтын мөнгөн дүнгээс 15%-н хөнгөлөлтийг нийлүүлсэн бараа бүтэгдэхүүний төлбөр тооцооноос хасаж тооцохоор тохиролцсон. 2024 оны 08 сарын 25-ны өдрийн Төгс нэгүн вайт ХХК-д нийлүүлсэн 59,789,000 төгрөгний бараа бүтэгдэхүүнээс 27,867,000 төгрөгний бараа бүтээгдэхүүний буцаалтыг 2024 оны 08 сарын 27-ны өдөр хийсэн бөгөөд үлдэгдэл 31,922,000 төгрөгний /4 %-н хөнгөлөлтийг хасаж тооцоод/ 30,645,120 төгрөгний төлбөрийг 2024 оны 08 сарын 31-ний дотор төлөхөөр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй мөн 2024 оны 09 сарын 20-ны өдрийн хүлээлгэн өгсөн 21,282,000 төгрөгийн /15%-н хөнгөлөлтийг хасаж тооцоод/ 18,089,700 төгрөгний бараа бүтэгдэхүүнийг тооцоог өмнөх тооцооны хамт буюу нийт 53,734,820 төгрөгийг 2024 оны 09 сарын 25-ны төлж барагдуулахаар тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл нэг ч төлбөрийг шилжүүлээгүй манай компанийг хохироож байна. Уг асуудлаар удаа дараа холбогдоход 1 сарын дотор төлнө гэж хэлсэний дагуу 2024 оны 10 сарын 15-ны өдөр нийт үндсэн үүргийн дүн болох 53,734,820 төгрөг дээр төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Гэвч Төгс нэгүн вайт ХХК нь гэрээнд заасан хугацаанд толборийг толоогүй учир 2024 оны 11 сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч оршин суух хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр 2025 оны 05 сарын 02-ны өдрийн 192/Ш32025/20380 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шйидвэрлэсэн. Иймд хариуцагч Төгс нэгүн Вайт ХХК-ийн оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ. Хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн гэрчилгээ хуулбар, тооцооны үлдэгдэлийн баталгаа хуулбар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШЗ2025/20380 дугаар захирамж, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “Хариуцагч “Төгс нэгүн вайт” ХХК /РД:6376576/ нь одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хариуцагч “Төгс нэгүн вайт” ХХК /РД:6376576/-ийг эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.
3. Хүсэлт гаргагч “Сирм” ХХК-ийн хүсэлттэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Төгс нэгүн вайт” ХХК-ийг эрэн сурвалжлах хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
4. “Төгс нэгүн вайт” ХХК нь нэхэмжлэлд дурдсан Хан-Уул дүүрэг, 03 дугаар хороо, 49-3 дугаар байр, 37 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШЗ2025/20380 дугаартай захирамжаар тогтоогдож байх тул “Төгс нэгүн вайт” ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулахаар шийдвэрлэв.
“Төгс нэгүн вайт” ХХК-ийг нь эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст даалгах нь зүйтэй.
5. Нэхэмжлэгч “Сирм” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь өөрийн эзгүйд хэргийг хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.
6. Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэг, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Төгс нэгүн вайт” ХХК /РД:6376576/, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Төгс нэгүн вайт” ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжилж оршин суугаа газрыг тогтоох ажлыг Баянгол дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР