2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 192/шш2025/06317

 

 

 

 

 

 

 

 

   2025             08              14                                            192/ШШ2025/06317

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

*******,*******,*******,*******, 3 тоотод оршин суух “Симатай монголиа” ХХК /РД:6332404/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг,*******,*******,*******, “Говь инфрастракчер партнерс” ХХК /РД:5759153/-д холбогдох,

 

137,895,898 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Аззаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Симатай монголиа” ХХК нь хариуцагч “Говь инфрастракчер партнерс” ХХК-д холбогдуулан 137,895,898 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “Манай компани нь 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 24/23 дугаартай “Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г “Говь Инфрастракчер Партнерс” ХХК-тай байгуулж, гэрээний дагуу бүх ачааг хүлээлгэн өгч, тээвэр зуучлалын үйлчилгээг бүрэн гүйцэтгэсэн болно. ‘Товь Инфрастракчер Партнерс” ХХК нь гэрээний 4.1-т заасны дагуу тээврийн хөлс болон тээвэрлэлтийн явцад гарсан аливаа нэмэлт зардлыг ачаа хүлээлгэн өгснөөс хойш 10 хоногийн дотор төлөх үүрэгтэй байсан буюу 2024 оны 12 сарын 16-ны өдрөөс 2025 оны 03 сарын 02-ны өдрийн хооронд үүссэн 12 удаагийн ачаа тээврийн төлбөр 95,393,265 (ерэн таван сая гурван зуун ерэн гурван мянга хоёр зуун жаран тав) төгрөгийг төлөөгүй билээ. Манай компаниас төлбөр төлөхийг тухай бүр шаардаж, төлбөрийн нэхэмжлэх, “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгүүдийг хариуцагчийн цахим хаягаар болон оффисын хаягаар хүргүүлсэн байсан. Хариуцагч нь төслийн гүйцэтгэлийн санхүүжилт 2, 3 дугаар сард хуваагдаж орж ирэхээр байгаа тул 3 сардаа багтааж төлнө гэж мэдэгдсэн боловч төлбөрөө төлөөгүй. Иймд “Говь Инфрастракчер Партнерс” ХХК-иас Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний 4.4-т “Зуучлагчийн нэхэмжилсэн тээврийн хөлс болон бусад нэмэлт зардлыг энэхүү гэрээний 4.1-т заасан хугацаанд төлөгдөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд төлбөл зохих үнийн дүнгийн 0,5 хувиар Зуучлагчид алданги төлнө” гэж заасны дагуу төлбөрийн үлдэгдэл 95,393,265 (ерэн таван сая гурван зуун ерэн гурван мянга хоёр зуун жаран тав) төгрөг болон алданги 42,502,633 (дөчин хоёр сая таван зуун хоёр мянга зургаан зуун гучин гурав) төгрөг, нийт 137,895,898 (нэг зуун гучин долоон сая найман зуун ерэн таван мянга найман зуун ерэн найм) төгрөгийг нэхэмжилж байна.

Хариуцагч Товь Инфрастракчер Партнерс” ХХК-иас “Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх” гэрээний үүрэгт 137,895,898 (нэг зуун гучин долоон сая найман зуун ерэн таван мянга найман зуун ерэн найм) төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараагаар үндсэн төлбөрийг бол төлсөн. Нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, үндсэн төлбөрийн алданги болох 42,502,633 төгрөгийг гаргуулна” гэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Манай зүгээс нэхэмжлэлтэй болон үндсэн төлбөртэй ямар нэгэн байдлаар маргахгүй. Гэрээ байгуулсан төлбөр төлөх үүргээ хугацаа алдагдуулсан зүйл байгаа. Гэхдээ тухай бүрт нь яагаад хугацаа хожимдуулаад байгаа. Яагаад төлбөр төлөх боломжгүй байгаа талаар илэрхийлж байсан. Харилцаа холбоотой байсан. Тэр ч утгаар албан бичгүүд авагдсан. Мөн нэхэмжлэл дээр хүртэл тусгагдсан байгаа. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш тухайн орох ёстой мөнгө маань орж ирээд үндсэн төлбөр төлсөн. Алданги болохоор дээрх нөхцөл байдал үүссэн гэж тайлбарлаж, алдангийн хэмжээг буулгаад өгөөч гэж хүсэж байгаа. Алданги бол огт төлөхгүй гэж хэлээгүй. Алдангийн төлбөрийн талыг нь төлж болно” гэжээ.

 

            Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, 2024.04.08-ны өдрийн 24/23 дугаартай Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ, түүний хавсралт, 2025.04.29-ны өдрийн 25/23 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2025.04.14-ны өдрийн 25/21 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, 2025.02.10-ны өдрийн GIP-L-25-023 дугаартай төлбөр төлөх тухай албан бичгийн хуулбар, 2025.05.04-ны өдрийн харилцагчийн тооцоо, 2025.05.05-ны өдрийн 25/25 дугаартай итгэмжлэлийг ирүүлсэн.

 

            Хариуцагчаас хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, 2025.05.20-ны өдрийн GIP-L-25-092 дугаартай итгэмжлэл, 2025.06.12-ны өдрийн GIP-L-25-115 дугаартай итгэмжлэл, Голомт банкны цахим гүйлгээний баримт, 2025.06.25-ны өдрийн GIP-L-25-133 дугаартай итгэмжлэл, нэхэмжлэхийг ирүүлсэн.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Симатай Монголиа ХХК нь хариуцагч Говь Имфрастракчерс Партнерс ХХК-д холбогдуулан Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний үүрэгт 137,895,898 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь үндсэн төлбөрийг хариуцагч төлсөн үндэслэлээр шаардлагаа 95,393,265 төгрөгөөр багасгаж, алдангийн төлбөрт 42,502,633 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

 

Хариуцагч Говь Имфрастракчерс Партнерс ХХК нь гуравдагч этгээдээс шалтгаалаад төлбөрөө төлж чадахгүй хугацаа хэтрүүлсэн тул алдангийн төлбөрийн талыг нь төлөхийг зөвшөөрнө, үлдэх хэсгийг нь зөвшөөрөхгүй гэж татгалзжээ.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

 

3.1. Нэхэмжлэгч Симатай Монголиа ХХК болон хариуцагч Говь Имфрастракчерс Партнерс ХХК нь 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр №24/23 дугаартай Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, зуучлагч нь үйлчлүүлэгчийг төлөөлж, улс  хоорондын болон орон нутгийн ачаа тээврийг зохион байгуулах, түүнтэй холбоотой үйлчилгээ үзүүлэх, үйлчлүүлэгч нь гэрээнд заасны дагуу зохих төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон байна.(хавтаст хэргийн 5-13 дахь тал)

 

3.2. Хариуцагч Говь Имфрастракчерс Партнерс ХХК нь 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Голомт банк дахь өөрийн эзэмшлийн 8145101107 тоот данснаас нэхэмжлэгч Симатай Монголиа ХХК-ийн тоот дансанд 95,393,265 төгрөгийг “Тээврийн төлбөр үлдэгдэл” гэх утгатайгаар шилжүүлсэн байна.(хавтаст хэргийн 37 дахь тал)

 

3.3. Зохигчид гэрээ байгуулагдсан тухайд, гэрээ хүчин төгөлдөр эсэх, гэрээний дагуу ажил гүйцэтгэсэн тухайд, төлбөрийн нэхэмжлэл хүлээн авсан, төлбөр төлөх мэдэгдэл хүргүүлсэн тухайд маргаангүй.

 

Харин алдангийн төлбөр хэмжээний тухайд маргаантай.

 

4. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

 

Хэдийгээр талууд “Тээвэр зуулчлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ” гэх гэрээг байгуулсан боловч гэрээний зорилго, үүсэх үүргийн харилцаанаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан Хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Нэхэмжлэгч нь “Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний дагуу ачаа тээврийн төлбөр 95,393,265 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан байх тул уг шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, уг шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

5. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1. “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ”, “232.4.Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” 232.6.Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тус тус заасан.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.4-т “Зуучлагчийн нэхэмжилсэн тээврийн хөлс болон бусад нэмэлт зардлыг энэхүү гэрээний 4.1-т заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд төлбөл зохих үнийн дүнгийн 0.5%-иар Зуучлагчид алданги төлнө” гэж заасан байх ба хариуцагч нь 12 нэхэмжлэх хүлээж авсан цаг хугацааны хувьд маргаангүй байх тул хариуцагч Говь Имфрастракчерс Партнерс ХХК-аас алдангийн төлбөрт 42,502,633 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Симатай Монголиа ХХК-д олгох үндэслэлтэй байна.

Хариуцагч нь мөнгөн төлбөрийн төлөх үүргээ хугацаа хэтрүүлэхэд хүргэсэн нөхцөл байдал нь өөрийн гэм буруугаас болоогүй гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

 

6. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 847,430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 370,463 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Говь Имфрастракчерс Партнерс ХХК-аас алдангийн төлбөрт 42,502,633 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Симатай Монголиа ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч нь “Тээвэр зуулчлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний дагуу ачаа тээврийн төлбөр 95,393,265 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 847,430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Говь Имфрастракчерс Партнерс ХХК-аас 370,463 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Симатай Монголиа ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ш.ОТГОНБАЯР