2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 192/ШШ2025/05500

 

 

 

 

 

 

 

   2025             06              25                                          192/ШШ2025/05500

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******, “Өег тулга төв”-ийн 405 тоот хаягт байрлах /РД:5787971/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******,

 

121,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани нь “Адвэло” ХХК-тай харилцан тохиролцож, 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр №524/A29 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан нийт 195,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий Улаанбаатар хот, *******,  бэлх Хатадын аманд “Bavaria Garden" хотхоны клаб хаусын зориулалттай нийт 679,6 м.кв талбайтай 4 давхар барилгын карказ угсралт болон 6м өндөр 28,8м урт түшиц ханын ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн. Ийнхүү ажлаа гүйцэтгэх явцад гэрээнд заасан графикын дагуу манай компани урьдчилгаа төлбөрт нийт 70,000,000 төгрөгийг "Адвэло" ХХК-иас хүлээн авсан. Гэвч гэрээт ажил бүрэн дуусчихсан байхад "Адвэло" ХХК-аас гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3-т заасан заалтыг зөрчиж, хамтын ажиллагаанд хүндрэл учруулаад зогсохгүй, мөн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т заасан төлбөрийн графикийг зөрчиж, гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.2-т заасан үүргээ биелүүлэхгүй, ажлын гүйцэтгэлийг санаатайгаар хүлээж авахгүй байсан ба гэрээгээр тохирсон үлдэгдэл төлбөр болох 125,000,000 төгрөгийг ямар нэгэн үндэслэлгүйгээр, шалтгаангүйгээр төлөхгүй биднийг чирэгдүүлж, 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд үүргээ биелүүлэхгүй байсаар өнөөдрийг хүрээд байна. Энэ хугацаанд манай компани ажилчдынхаа цалинг өгч чадахгүй, бусдаас зээл авах, өр төлбөрт орох зэргээр хохирч байна. Манай компани тухайн гэрээт ажлыг гүйцэтгэж дуусгасан байхад "Адвэло" ХХК нь ийнхүү гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа нь гэрээний талуудын эрх ашгийг бүдүүлгээр зөрчсөн, ялангуяа бизнесийн зарчимд харшилсан зүй бус үйлдэл юм. Бид энэ талаар өмнө нь "Адвэло" ХХК-д удаа дараа албан бичиг явуулж тухайн компанийг гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөрөө төлөхийг шаардаж байсан боловч тэдний зүгээс ойлгомжгүй тайлбар хэлж, үндэслэлгүйгээр манай төлбөрийг төлөөгүй нь гэрээний үүргээ гүйцэтгэхээс зориуд зайлсхийж байгаа үйлдэл гэж үзэхэд хүрч байна. Гэрээний 7 дугаар зүйлд заасны дагуу манай зүгээс гэрээний үлдэгдэл төлбөрийг шаардаж байгаа юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад "Адвэло" ХХК-ийн захирал Бадрах нь манай нэхэмжилсэн дүнгээс 25,000,000 төгрөгийг тооцон шилжүүлэх тохиролцоо хийснээр манай нэхэмжлэлийн үнийн дүн буурсан юм. Тиймээс гэрээт ажлын үлдэгдэл төлбөрт бид 100,000,000 төгрөгийг, мөн "Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 7.2-т зааснаар төлөгдөөгүй төлбөрийн 0,1% хувиар тооцон 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацааны 217 хоногийн алданги 21,700,000 төгрөгийн хамт, нийт 121,700,000 /нэг зуун хорин нэгэн сая долоон зуун мянган/ төгрөгийг "Адвэло" ХХК -аас гаргуулж, “Нью Стандарт Бьюлдинг" ХХК-нд олгуулж өгнө үү” гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Адвэло ХХК нь манай гүйцэтгэсэн ажлын хөлсийг өгөхөөс санаатайгаар зайлсхийж, цаашид уг үүргээ биелүүлэхгүй гэдэг нь түүний үйлдэл, үйл ажиллагаагаар нэгэнт тодорхой байгаа тул бид хуульд заасан эрхийнхээ дагуу энэхүү хүсэлтийг гаргаж байна. Тиймээс манай гаргасан хүсэлтийг хүлээн авч, хуулийн 69.1.1-д заасан арга хэмжээг авч өгнө үү” гэжээ.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: “Нийт нэхэмжилсэн 121,700,000 төгрөгнөөс нэхэмжлэгч нь 16,700,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь үлдэх 105,000,000 төгрөгийг 2025.08.25-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцов” гэжээ.

 

            Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч нь  холбогдуулан 121,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга нь шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авхуулах хүсэлт гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 121,700,000 төгрөгийн шаардлагаас 16,700,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь үлдэх 105,000,000 төгрөгийг 2025.08.25-ны өдрийн дотор бүрэн төлж харилцан тохиролцож, нэхэмжлэгчтэй эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй орхих нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нью стандарт бьюлдинг ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч   холбогдох 121,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 121,700,000 төгрөгнөөс 16,700,000 төгрөгийг татгалзаж, үлдэх 105,000,000 төгрөгийг хариуцагч нь 2025.08.25-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 766,450 төгрөгийн төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 383.225 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч 383,225 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.





 

ШҮҮГЧ                                           Ш.ОТГОНБАЯР