| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 316/2025/01064/И |
| Дугаар | 316/ШШ2025/00776 |
| Огноо | 2025-09-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 316/ШШ2025/00776
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: Дархан-уул аймгийн Дархан сум ******* дугаар баг 1 дүгээр хороолол, 4 байр ******* тоотод оршин суух хаягтай гэх, Ч******* овогт Г*******ын Г******* /РД:МЛ690*******500/-ын нэхэмжлэлтэй;
Ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Маралмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Г******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
... Миний бие анх 1988 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мод боловсруулах үйлдвэрт суурь машинчаар ажилд орсон. 1992 оны өмч хувьчлалын хуулийн дагуу тус үйлдвэр нь Сэлэнгэ компани болсон ба Сэлэнгэ компанид үргэлжлүүлэн ажилласан боловч орсон гарсан тушаал олдохгүй байгаа юм. 1988 оны 08 сарын 19-ний өдөр анх ажилд орсон тушаал нь байгаа. 1992 онд Мод боловсруулах комбинатаас Ар хөвч компани болж шилжсэн боловч холбогдох баримтууд нь байхгүй. Хөдөлмөрийн дэвтэр дээр харандаагаар бичсэн, тамга тэмдэг байхгүй учраас шаардлага хангахгүй гэж үзсэн. Одоо миний бие өндөр насны тэтгэвэрт гарах нас болсон. Иймд намайг 1988-1995 онд мод боловсруулах комбинатад болон Сэлэнгэ компанид ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Г******* нь улсад ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий ... үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоох тул шүүх түүний хүсэлтийг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж иргэний хэрэг үүсгэн хүлээн авсан.
Хүсэлт гаргагч нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд оршин суудаг болох нь иргэний үнэмлэхийн лавлагаагаар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох-доо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Учир нь: Г.Ганчимэг нь Сүхбаатарын мод боловсруулах комбинатын фанерын цехэд 1988 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд суурь машинчаар ажиллаж байсан болох нь 1989 оны 08 дугаар сарын 29-ний өдөр нээсэн 309744 дугаартай хөдөлмөрийн дэвтэр түүнд бичилт хийсэн ... фанерын цехэд суурь машинчаар авч ажиллуулав... гэх бичвэр бүхий тус тус тэмдэглэл, БНМАУ Хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Сүхбаатарын Мод боловсруулах комбинатын захиргааны 1988 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 346 дугаартай тэтгэмж олгох тухай тушаал ... Ойн ТМС ерөнхий боловсролын сургууль төгсгөн ирсэн Гүзрбадамын Г******* нартыг үндсэн ажилчнаар авч ажиллуулсугай... гэх бичвэр бүхий тэмдэглэл, Бүгд найрамдах Монгол ард улсын Засгийн газрын өмч хувьчлалын комиссын 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 28 дугаартай Сүхбаатар хотын Мод боловсруулах комбинатыг хувьчлах тухай тушаал, гэрч А.Гэрэлмаа, Д.Зууннаст нараас хууль сануулж авсан ... Г.Ганчимэг нь мод боловсруулах комбинатад ажиллаж байсан нь үнэн... гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд Г.Ганчимэгийг тухайн үеийн нэршлээр Сүхбаатарын мод боловсруулах комбинатын фанерийн цехэд 1988 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүртэл суурь машинчаар ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Харин нэхэмжлэгчийн ... 1992 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 1995 он хүртэл Сэлэнгэ ХК-нд үргэлжлүүлэн ажилласан ... гэх тайлбар гаргасан ч энэ талаарх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, гэрчүүд энэ талаар тодорхой мэдүүлээгүй байх тул дээрх байдлыг тогтоох боломжгүй байна.
Иймд түүний 1992 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 1995 онд улсад ажиллаж байсан болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Ч******* овогт Г*******ын Г******* /РД:МЛ690*******500/-ийг Сүхбаатарын мод боловсруулах комбинатын фанерийн цехэд 1988 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүртэл суурь машинчаар ажиллаж байсан болохыг тогтоож, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ