Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2024/ДШМ/41

 

К.А-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,   

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/160 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч К.А-т холбогдох эрүүгийн 2413000000207 дугаартай, 1 хавтастай хэргийг шүүгдэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол болон дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэж 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд прокурор М.Парида, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.     

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр ******** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр  эрхэлдэг /малын ченж/, ам бүл ** хүнтэй, ********* хамт ******* оршин суух хаягтай, Баян-Өлгий аймгийн сум дундын шүүхийн 1996 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 1/9 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1992 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 110 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, Баян-Өлгий аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 5/7 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1992 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/231 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 төгрөгөөр торгох ялаар, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/129 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх, Х овогт К.А-, РД:***********;

 

2. Шүүгдэгч К.А- нь 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Толбо сумын 2 дугаар /Толбо нуур/ багийн нутаг дэвсгэрт согтуурсан үедээ ****БӨН улсын дугаартай "УАЭ-31512-31514" загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргаСан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн "3.7 а..." дахь заалтыг зөрчсөний улмаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэд хохирогч W, Yнар болон хохирогч М.Х- нарын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

3. Прокурорын 2024 оны  6 дугаар сарын 25-ны  өдрийн 152 дугаар яллах дүгнэлтээр К.А-ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтаар тус тус зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.    

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн  2024/ШЦТ/160 дугаар шийтгэх тогтоолоор:    

4.1. Шүүгдэгч Х овогт К.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан авто тээврийн хэрэгслийн  жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож  хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч К.А-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэжээ.

 

5. Шүүгдэгчийн давж заалдах гомдолд:

5.1. Шүүгдэгч К.А- миний бие 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр өөрийн эзэмшлийн Уаз-31512-31514 загварын ****БӨА улсын дугаартай суудлын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 /а/-дахь заалтад заасан “...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...” гэснийг зөрчиж, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 0,9 промиль хэмжээтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үед жолоодож, осол гаргаж зорчигч гурван иргэний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон.

5.2. Шүүгдэгч К.А- би үйлдсэн гэмт хэргийг анхнаасаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд хохирогч нарыг эмчлүүлэх, эмчилгээний зардлыг хувиасаа төлөх, эмчлүүлэх хугацаанд хоол цайгаар үйлчлэх, үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, хохирогч нараас уучлалт хүсэх, эмнэлгээс гарсны дараа БНХАУ-ын хоёр иргэнийг өөрийн гэр оронд байлгаж, сувилуулж байгаад, бүрэн эдгэрсний дараа БНХАУ-ын нутаг дэвсгэрт өөрийн зардлаар тав тухтай унаагаар хүргэж өгч, гэмт хэргийн хохирол хор уршгийг бүрэн арилгасан болно.

5.3. Хохирогч М.Х-ыг эмчилж сувилах болон хэвтэн эмчлүүлэх, хөдөлмөрийн чадвараа түр алдсан хугацааны олох байсан орлогыг тооцож, өөрийн нэхэмжилсэн 5,000,000 /таван сая/ төгрөгийг бүрэн гүйцэд төлж өгч барагдуулсан ба эмчилгээний явцад эд хөрөнгийн болон сэтгэл санааны тусламж дэмжлэг үзүүлж, өөрийн зүгээс бүх талын тусалцаа үзүүлж байлаа.

5.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэм буруу нь санаатай эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна” гэж, 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж, түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно“ гэж, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйг энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно” гэж хуульчилсан байна.

Хуулийн эдгээр заалтаар шүүгдэгч К.А- миний холбогдож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь болгоомжгүй гэмт хэрэг байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

5.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлохдоо “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино" гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж, хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс харгалзан үзнэ” гэж заасан бөгөөд эрүүгийн хариуцлага “хүнлэг” байх жамтай билээ.

Шүүгдэгч К.А- би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж, Эрүүгийн хариуцлага хүлээхийг зөвшөөрч байгаа боловч шүүх ял шийтгэл ноогдуулахад хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийг арилгасан явдал, гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдалгүй үйлдсэн”, мөн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн”, хохирогч нарт эмнэлгийн тусламж үзүүлсэн, бусад туслалцаа үзүүлсэн, хохирол хор уршгийг арилгасан, гэмт хэргийг илчилсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хуульд заасан хөнгөрүүлэх үндэслэл, мөн гэмт хэргийг “болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн”, хөнгөн гэмт хэрэгт холбогдсон зэрэг хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч К.А- би өөрөө архаг хууч өвчтэй, байнгын эмнэлгийн хяналтад байдаг, хоёр дахь шатлалын эмнэлэгт жилд хэд хэдэн удаа хэвтэн эмчлүүлж, сувилуулдаг, хөдөлмөрийн чадварын 50%-ийг алдсан хууч өвчтэй, гэр бүлийн хүн А.З нь мөн тахир дутуугийн тэтгэмж авдаг, хөдөлмөрийн чадварын 60%-ыг алдсан “тархины шигдээс” бүхий хууч өвчтэй зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн “хүнлэг” зарчимд нийцүүлэн тохируулж, хэргийн болон хэрэгтний хувийн байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах” ялаас өөр төрлийн Эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгөхийг хүсэж байна.

5.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хүний гэмт хэрэг үйлдсэн, нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж, хувийн байдал, гэмт хэрэг шуурхай шалгахад дэмжлэг үзүүлсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эсхүл хариуцлагаас чөлөөлж болохоор зааж, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад: “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн учруулсан хохирлоо төлсөн нөхцөлд хорих ял оногдуулахгүйгээр тэнцэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах арга хэмжээ авахаар хууль тогтоогч зохицуулсан байгаа.

5.7. Иймд шүүгдэгч К.А- миний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн ангилал, болгоомжгүй гэмт хэрэгт холбогдсон явдал, хөдөлмөрийн чадвараа 50%-аар алдсан, 2 дахь шатлалын эмнэлгийн хяналт эмчилгээнд хамаардаг нөхцөл зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж, давж заалдах гомдолд дурдсан нөхцөлийг судалж үзэхийн хамт тус шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/160 дугаартай шийтгэх тогтоолын 2, 3 дахь заалтад зохих өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсгүүдэд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү.

 

6. Дээд шатны прокурорын эсэргүүцэлд:

6.1. Шийтгэх тогтоолыг 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэж үзэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

6.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.”, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.”, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, ...ял шийтгэнэ” гэж тус тус заасан.

Дээрх хуулийн зохицуулалтыг нэгтгэн дүгнэвэл шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн төрөл, хэмжээ дотор багтсан ялыг оногдуулахын сацуу тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдалд тохирсон байх нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцнэ.

Гэтэл шүүхээс шүүгдэгч К.А-т оногдуулсан ял нь эрүүгийн хариуцлагын зорилго, хуульд заасан зарчим, тодорхой нөхцөл байдал зэрэгт тохирохгүй байна. Учир нь энэ гэмт хэргийн улмаас 3 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, шүүгдэгч урьд торгох, хорих зэрэг ялаар 4 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан байхад түүнд хуульд заасан хамгийн бага хэмжээний ялыг сонгон оногдуулсан нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна.

6.3. Шүүх мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорилгыг хангахуйц ял оногдуулах үүрэгтэй бөгөөд ийнхүү ял оногдуулахдаа шударга ёсны зарчмыг баримтлан мөн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдлуудыг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан ялын хэмжээний зохист харьцааг оновчтой сонгож, шийдвэр гаргах ёстой.

Гэтэл шүүгдэгч К.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “...учруулсан хохирлыг төлсөн” бол гэж заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг буюу уг заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, тодорхойлох нь хэсгийн 68-д ‘...хохирлоо төлөхөө илэрхийлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо...” гэж дүгнэсэн, мөн өөр хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад гэмт хэргийн шинж, сэдэлт, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдал, шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломж зэргийг дурдан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах зүйтэй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

6.4. Түүнчлэн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад “...нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан ялын төрөл, хэмжээнээс зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон авч, улмаар 1 /нэг/ жилийн хугацаагаар оногдуулж шийдвэрлэсэн нь оновчгүй, мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно...” гэж заасан байхад ямар үндэслэлээр эрх хасах ялыг 3 /гурван/ жилийн хугацаагаар оногдуулсан үндэслэл тодорхойгүй, энэ талаар дүгнэлт хийгдээгүй байна.

6.5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг нь хэдий гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгддэг, шүүгдэгч К.А-, хохирогч М.Х-, W, Y нар нь найз нөхдийн харилцаатай ч хуулийн зорилго, зарчим, нөхцөл нь иргэдэд ижил тэгш үйлчлэх ёстойг дурдах нь зүйтэй. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/160 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

7. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч К.А- болон Баян-Өлгий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Г.Баяраагийн бичсэн /дээд шатны прокурорын/ эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй шийтгэх тогтоолыг дараах үндэслэлүүдээр хүчингүй болгож шийдвэрлэв.

 

8. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн талаар шүүхээс дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх боловч уг хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

            9. Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч К.А-ийг 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Толбо сумын 2 дугаар /Толбо нуур/ багийн нутаг дэвсгэрт (1) согтуурсан үедээ ****БӨН улсын дугаартай "УАЭ-31512-31514" загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын заалтыг зөрчсөний улмаас БНХАУ-ын иргэд хохирогч W, Y нар болон хохирогч М.Х- нарын эрүүл мэндэд (2) тус тус хүнд хохирол учруулсан буюу тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж, түүнд холбогдох дээрх үйлдэл, холбогдлуудыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

10. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн  2024/ШЦТ/160 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х овогт К.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан авто тээврийн хэрэгслийн  жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож  хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйл, хэсэг, заалтуудад зааснаар шүүгдэгч К.А-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэснийг шүүгдэгч эс зөвшөөрч “ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэж давж заалдах гомдол гаргасан бол дээд шатны прокурор эс зөвшөөрч “ял шийтгэлийн зохист харьцаа тохироогүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэж эсэргүүцэл бичсэн байна.

 

11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх...” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний дотор ял оногдуулах нь шүүхийн үүрэг бөгөөд ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан  (1) гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, (2) учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, (3) гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, (4) эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, (5) хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, энэ талаарх үндэслэл бүхий тайлбараа шүүхийн шийтгэх тогтоолд хангалттай тусгах шаардлагатай.

 

12. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоос үзвэл, шүүгдэгч К.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөөгүй, гурван хүний биед хүндэвтэр хохирол учирсан буюу шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг хэрхэн үнэлж дүгнэсэн нь тодорхойгүй, эдгээр нөхцөл байдлууд болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тал бүрээс нь, хэрхэн харгалзаж үзсэн талаарх хууль зүйн үндэслэл тодорхойгүй үлдсэн учраас энэ талаар гаргасан дээд шатны прокурорын “...шүүх ял оногдуулахдаа шударга ёсны зарчмыг баримтлан мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдлуудыг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан ялын хэмжээний зохист харьцааг оновчтой сонгож шийдвэр гаргах ёстой” гэсэн эсэргүүцэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчимд нийцэж байна.

 

Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь гэм буруугийн зарчимд нийцэж байх хэдий ч гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх нь шударга ёсны зарчмын агуулгыг тодорхойлох учраас шүүх гэм буруутай нь тогтоогдсон хүнд Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрх зарчмыг баримталж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдлуудыг нэг бүрчлэн харгалзан үзэж, тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний зохист харьцааг оновчтой сонгож, хэрэглэх учиртай.

 

13. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр гэмт хэргийг буюу мөн хэсгийн 2.1 дэх заалтад заасан “согтуурсан, ... үедээ”, 2.3 дахь заалтад заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн...” гэмт хэргийг үйлдэж, гэм буруутайд тооцсон хүнд анхан шатны шүүх тухайн заалтад заасан төрөл, хэмжээний дотор “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялаар шийтгэсэн боловч энэ нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэрэгт тохироогүй буюу эдгээр нөхцөл байдлыг шүүх бодитой, үндэслэлтэйгээр харгалзаж үзээгүй;

шүүх тухайн зүйл, хэсэг, заалтад заасан сонгох санкцтай ялын төрлөөс зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож авсан үндэслэлийг, түүнчлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасах нэмэгдэл ялын интервалаас гурван жилийн хугацаагаар эрх хасах ялыг сонгож авсан үндэслэл, мөн нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын интервалаас нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож авсан үндэслэлээ шийтгэх тогтоолд тодорхойлж тусгаагүй учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг журамд нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэж, энэ талаар гаргасан дээд шатны прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.

 

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон шударгаар ял оногдуулах” хуулийн зорилтыг хангаагүй буюу бүрэн эрх, үндсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдол бүрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцох ба энэ нь хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцно” гэж тус тус хуульчилсан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүхээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн бол шийдвэрийг хүчингүй болгох, эсхүл өөрчлөх бөгөөд энэ нь давж заалдах шатны шүүхэд эрх олгосон бус, харин үүрэг болгосон, заавал биелэгдэх шинжтэй хэм хэмжээ юм. Иймээс дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн учраас шүүгдэгч К.А-ийг “ял шийтгэлийг хөнгөрүүлж, хорих ял оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг дээр дурдсан үндэслэлүүдээр хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

15. Иймд давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэм хэмжээг удирдлага болгож, анхан шатны шүүхийн хууль бус шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчимд бүрэн нийцнэ гэж дүгнэж, шийтгэх тогтоолыг дээрх үндэслэлүүдээр бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтын “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь ... хүчингүй болгож” гэж заасныг тус тус удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/160 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хангасугай.

 

2. Шүүгдэгч К.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь хэрэглэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                Ж.ОТГОНХИШИГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК