Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/00273

 

 

 

 

 

 

 

         2022         02         16                                              273

 

 

“НТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2021/03739 дугаар шийдвэртэй,

“НТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“ДЦ” ХХК-д холбогдох,

Гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт төлсөн 25,000,000 төгрөг, алданги 3,775,000 төгрөг, нийт 28,775,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: “НТ” ХХК нь “ДЦ” ХХК-тай 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр барилгын өргүүр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ цаг тухайд нь биелүүлж 2 ширхэг барилгын өргүүрийн үнэ болох 25,000,000 төгрөгийг “ДЦ” ХХК-д төлсөн.

“ДЦ” ХХК биет байдлын болон эрхийн доголдолгүй, чанарын шаардлага хангасан 2 ширхэг барилгын өргүүрийг гэрээ байгуулснаас хойш 3 хоногийн дотор холбогдох бичиг баримтын хамт худалдан авагч талд хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй. Заасан хугацаанд 2 ширхэг барилгын өргүүрийг нийлүүлээгүй, сар гаруй хугацааны дараа ажилладаггүй, эвдэрхий, ашиглах боломжгүй хуучин 2 ширхэг барилгын өргүүрийг төслийн талбайд буулган орхиж явсан.

Гэрээний 5.2-т худалдан авагчид эд ангийн доголдолгүй, улсын бүртгэл, үзлэгт хамрагдсан 2 ширхэг барилгын ачаа өргүүрийг хүлээлгэн өгөх үүрэгтэй гэж заасан боловч акт бичиг баримт үйлдээгүй, худалдан авагч талын эрх бүхий албан тушаалтанд эд хөрөнгийг хүлээлгэж өгөөгүй.

Манай компаний “ДЦ” ХХК-д гэрээний дагуу актаар уг эд хөрөнгийг хүлээлгэн өгөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч шаардлагыг огт биелүүлээгүй, ямар нэгэн арга хэмжээ аваагүй.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.4-т алдангийн талаар тохиролцсон бөгөөд худалдагч тал болох “ДЦ” ХХК-д алданги тооцоход 3,775,000 төгрөг болж байна.

Иймд гэрээнээс татгалзаж “ДЦ” ХХК-аас 2 ширхэг барилгын өргүүрийн үнэ 25,000,000 төгрөг, алданги 3,775,000 төгрөг, нийт 28,775,000 төгрөгийг нэхэмжилж байна.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Талууд 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр барилгын өргүүр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, худалдан авагч талд техникийг актаар хүлээлгэн өгсөн. “НТ” ХХК-аас өргүүрийг эвдрэлтэй гэж тайлбарлаж байх боловч бид зориулалтын дагуу ашиглах боломжтой, чанарын шаардлага хангасан төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн. Тухайн үед нэхэмжлэгч компанийн талбай бэлэн болгоогүйгээс өргүүр хүлээлгэн өгөх боломжгүй байсан. Өргүүрийг мэргэжлийн үнэмлэхтэй этгээд ажилуулахаар байгаа. Гэтэл нэхэмжлэгч компани мэргэжлийн хүнээр тухайн төхөөрөмжийг ажилуулсан эсэх нь тодорхойгүй байна.

“НТ” ХХК-аас албан бичиг манай компанид ирж байгаагүй. Техникийн доголдлын талаарх баримт хэрэгт авагдаагүй байгаа тул гэрээний 2.3-т зааснаар эд хөрөнгийг худалдснаас хойш 15 хоногийн дараа баталгаа олгохоор байгаа. Нэхэмжлэгч компани 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс хойш барилгын ажил дуусах хүртэл уг өргүүрийг ажиллуулж байсан. Өргүүрийг өөрсдөө очиж үзснээр сонгож авсан байгаа.

“НТ” ХХК-д гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу 2 ширхэг ачаа өргүүрийг худалдан авагч талын барилгын талбайд хүргэж, 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 1 ширхэг ачаа өргүүрийг магадлалын акт үйлдэж “НТ” ХХК-ийн барилгын хяналтын инженерт хүлээлгэн угсарч өгсөн. Барилгын ажлаа дуусч өргүүрийг ашиглаж дуусаад ажиллахгүй байна гэсэн нэхэмжлэл үндэслэлгүй.  

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.6, 255 дугаар зүйлийн 255.1.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч ДЦ ХХК-иас 28,775,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч НТ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 301,825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу худалдагч тал биет байдлын болон эрхийн доголдолгүй, шинэ, чанарын шаардлага хангасан 2 ширхэг барилгын өргүүрийг гэрээ байгуулснаас 3 хоногийн дотор нийлүүлэх, худалдан авагч тал 3 хоногийн дотор төлбөр шилжүүлэх үүрэгтэй. Гэрээ 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан бөгөөд худалдагч тал даруй сарын дараа буюу 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 2 ширхэг хуучин өргүүрийн барилгын талбайд буулгаад явсан. Тус барилгын 2 ширхэг өргүүр хуучин, чанарын шаардлага хангахгүй байсан тул манай компаний зүгээс тус доголдлын талаар мэдмэгцээ 2020 оны 06 дугаар сарын 17, 2020 оны 06 дугаар сарын 29, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тус тус албан бичгээр мэдэгдэл, шаардлага тус тус хүргүүлсэн. Тус албан бичгийг худалдагч талын хаягаар Монгол шуудан компаниар хүргүүлсэн болно.

Анхан шатны шүүх хуралдаан дээр хариуцагч талын хүсэлтээр орсон, тус компанийн ажилтан болох гэрч Т.Батбаяр тус 2 ширхэг барилгын ачаа өргүүрийг хугацаандаа нийлүүлээгүй, сарын дараа нийлүүлсэн, тус 2 ширхэг ачаа өргүүр хуучин, нэг нь бол тэр чигээрээ хуучин, нөгөө нь мотор нь шатсан байсан, өргүүрийн моторыг сольж тавин нийлүүлсэн гэдгийг маш тодорхой мэдүүлсэн.  

Мөн “ДЦ” ХХК-ний захирал шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож тус 2 ширхэг барилгын өргүүрийн бичиг баримт, паспорт өөрийнх нь компани дээр байгаа, худалдан авагч талд хүлээлгэн өгөөгүй, өөр дээрээ хадгалж байгаа гэдгээ хэлсэн.

Өөрөөр хэлбэл, худалдагч тал гэрээний зүйлийг хугацаандаа нийлүүлээгүй, шинэ биш хуучин өргүүр нийлүүлсэн, бичиг баримт, паспортыг одоо хүртэл хүлээлгэн өгөөгүй өөр дээрээ хадгалж байгаа гэдгээ хүлээн зөвшөөрсөн байхад анхан шатны шүүх илтэд нэг талыг барьж, хуулийг буруу тайлбарлаж, хариуцагч талд ашигтайгаар хэргийг шийдвэрлэж байгаад туйлын их гомдолтой байна.

Хариуцагч талаас гаргасан 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн магадлалын актад “НТ” ХХК-ийн барилгын инженер Э.Эрдэнэбилэг гарын үсэг зурсан байна гэж шүүх дурджээ. Манай компанид Э.Эрдэнэбилэг гэдэг инженер огтоос ажилладаггүй, тус гарын үсгийг мэдэхгүй, хуурамч байна. Хэрэв барилгын 2 ширхэг өргүүрийг үнэхээр хүлээлгэн өгөх байсан бол компанийг төлөөлөх эрх бүхий этгээд болох гүйцэтгэх захирал, хөрөнгийн нярав, нягтлан бодогч, ерөнхий инженер, хуульч орсон комисс хүлээн авах байсан.

Мөн анхан шатны шүүх худалдан авагч талаас худалдагч талд явуулж байсан албан бичгийг шуудангийн баримт байсаар атал тухайн албан бичгийг хариуцагчид гардуулсан гэх байдал нотлогдохгүй байна гэж илт нөгөө талд ашигтайгаар дүгнэсэн, Монгол шуудан компанийг баримт хүлээлгэж өгөөгүй, улсын байгууллагын ажлыг хийгээгүй мэт харагдуулж үнэгүйдүүлсэн.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2 дахь хэсэгт зааснаар худалдагч тал өнөөдрийг хүртэл үйлдвэрлэгчээс олгосон эд хөрөнгийн паспорт бичиг баримт, мэдээ мэдээллийг манайд өгөөгүй байна.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар худалдагч талын нийлүүлсэн бараа материал шинэ биш хуучин, доголдолтой, ажиллуулах ямар ч боломжгүй бөгөөд худалдан авагч тал илт хохирсон нь тодорхой харагдаж байхад нэхэмжлэлийг хангахгүйгээр шийдвэрлэсэнд туйлын гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү.

 

5 Хариуцагч тал давж заалдах гомдолд тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч “НТ” ХХК нь хариуцагч “ДЦ” ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт төлсөн 25,000,000 төгрөг, алданги 3,775,000 төгрөг, нийт 28,775,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. “НТ” ХХК болон “ДЦ” ХХК нар 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч “ДЦ” ХХК нь 2 ширхэг барилгын өргүүрийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч “НТ” ХХК нь гэрээний үнэ 25,000,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх6-8/

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

 

4. “НТ” ХХК нь гэрээний үнэ болох 25,000,000 төгрөгийг “ДЦ” ХХК-д 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлсэн, “ДЦ” ХХК нь “НТ” ХХК-ийн барилгын талбайд 2 ширхэг өргүүрийг буулгасан үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

Харин уг 2 ширхэг барилгын өргүүрийг худалдан авагчид зохих ёсоор хүлээлгэж өгсөн эсэх, эд хөрөнгө биет байдлын доголдолтой эсэх нь маргааны зүйл болжээ.

“ДЦ” ХХК нь 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гэрээний зүйл болох 2 ширхэг барилгын өргүүрийг “НТ” ХХК-ийн хашаанд буулгасан үйл баримтыг анхан шатны шүүх “магадлалын акт”, “дүүжин өргүүрийн техникийн магадлалын акт” гэх баримтыг үндэслэн зөв тогтоосон. 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “магадлалын акт”, “дүүжин өргүүрийн техникийн магадлалын акт” гэх баримтуудад “НТ” ХХК-ийг төлөөлж барилгын хяналтын инженер гэх Э.Эрдэнэбилэг гарын үсэг зурсан гэсэн хариуцагч талын тайлбарыг нэхэмжлэгч тал баримтаар няцааж чадаагүй.

Өөрөөр хэлбэл, уг этгээд нь өөрийнх нь ажилтан биш бол түүнийг гэрчээр асуулгах байдлаар татгалзлаа нотлох боломжтой байсан. Түүнээс гадна 2 ширхэг барилгын өргүүрийг нэхэмжлэгч компани 2016 оны 04 дүгээр сараас 11 дүгээр сар хүртэлх хугацаанд ашиглаж байсан үйл баримт СиДи-нд хийсэн бичлэг, гэрч Т.Батбаярын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Нэхэмжлэгч 2 ширхэг барилгын өргүүрийг биет байдлын долдолтой гэж үзсэн бол тэдгээрийг хүлээн авахаас татгалзах эрхээ хэрэгжүүлэх боломжтой, мөн өөрийн аж ахуйн хашаанд барилгад суурилуулан ашиглахгүй байжээ.

Түүнчлэн нэхэмжлэгч нь гомдлын шаардлага гаргасан гэх 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 20/82 тоот, 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 20/97 тоот, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 20/130 тоот албан бичгүүдийг хариуцагчид хүлээлгэж өгсөн болохоо нотлоогүй. “Монгол шуудан” ХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн төлбөр төлсөн баримтаар “НТ” ХХК-аас “ДЦ” ХХК-д хаягласан дээр дурдсан албан бичгүүдийг хүргэгдсэн гэж эргэлзээгүйгээр дүгнэх боломжгүй.

Иймд анхан шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд эдгээр баримтыг дотоод итгэлээрээ дүгнэж, гомдлын шаардлага гаргаж байсан гэдгээ нэхэмжлэгч нотлоогүй гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх буруутгах боломжгүй гэж үзлээ.

Иймд доголдлын талаар гомдлын шаардлага гаргаагүй, улмаар гэрээний зүйлийг ашиглаж байсан тул Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт “Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ” гэж заасныг үндэслэн худалдагч талыг гэрээний зүйлийг хүлээлгэж өгөх үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Харин анхан шатны шүүх гомдлын шаардлага гаргах үндэслэл заасан Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсгийн зохицуулалтыг шийдвэрийнхээ тогтоох хэсэгт баримталсныг буруу гэж дүгнэж залруулав.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа гэрээнээс татгалзсаны үр дагаврыг арилгуулахтай холбоотой тайлбарлаж байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлах байтал гэрээнээс татгалзаж, хохирол шаардах эрхийг зохицуулсан мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг хэрэглэж хууль хэрэглээний алдаа гаргасныг залруулав.

5. Түүнчлэн нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж буй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийг шаардах эрхгүй юм. Энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо анхан шатны шүүх хууль баримтлаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасантай нийцээгүй байх тул давж заалдах шатны шүүх залруулав.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2021/03739 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтад “...254 дүгээр зүйлийн 254.6...” гэснийг “...205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 301,825 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.НЯМБАЗАР

 

                                          ШҮҮГЧИД                                 Д.БЯМБАСҮРЭН

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА