Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 386

 

 

 

 

 

 

 

  2018           05           04                                     386

                     

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж, шүүгч Т.Алтантуяа, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

улсын яллагч Д.Нямбат,

иргэдийн төлөөлөгч Г.Хатанбаатар,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б-,  

шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа,

шүүгдэгч Н.Т-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан гэмт хэрэгт Н.Т-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1808000000169 дүгээр эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ц Н Т .

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Н.Т-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 2 дугаар байр, 8 дугаар орцны 8 давхрын бункерийн цонхоор Ж.Н-ийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж өшиглөж унагаан алсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.Т-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Болсон үйл явдлыг мэдэхгүй. Оршуулгын зардалд 4200000 орчим төгрөг зарцуулсан бөгөөд түүнтэй холбогдох ямар нэгэн баримт байхгүй. Хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэв.

Эрүүгийн 1808000000169 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б-ы: “...Манай дүү 2006 оноос хойш архи ихээр ууж, гадуур тэнэх болсон. Түүний нөхөр, хүүхэдтэй ямар нэгэн холбоо байхгүй. Би дүү Н-ийг архинаас гаргах гээд санаа зовоод ганц хоёр газар руу ярьж байсан. Өөрөө зугатаад алга болдог байсан. Өөрийнхөө гэр орноо зарж үрээд гадуур тэнээд орц хонгилоор явдаг байсан. Архи их уудаг байсан болохоор ямар нэг гэр бүлийн хамааралтай хүн байхгүй. Эгч Саранцэцэгээс Т-өө гэдэг хүнтэй хамт тухайн өдөр ирсэн гэж сонссон. Дүү Н-ийг амиа хорлох хүн биш гэж боддог. Нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийн дагуу шалгаж шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-29-30, 32/,

Гэрч Б.Дуламсүрэнгийн: “2018 оны 02 дугаар сарын 20-ны 23 цагийн орчим машинаа халаагаад сууж байхад хоёр охин гүйж ирээд “эгчээ сая хүн унаад амиа хорлочихлоо, та утсаараа дуудлага өгөөд өгөөч” гээд маш их сандарсан байдалтай ирсэн. Би өөрийн утаснаас 102, 103 дугаар уруу залгаж дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар ирсэн. Би дээрх эмэгтэйг унахыг хараагүй, бас унах чимээг сонсоогүй. Тэр хоёр охин надад хэлэхдээ “шил хагараад хүн унасан” гэж хэлсэн. Тэгэхдээ 2-р байрны 8 давхраас унасан гэж заасан. Би айгаад тэр зүг рүү харж чадаагүй. Миний санаж байгаагаар ямар нэгэн хүн уг орцноос гарч ирээгүй” гэх мэдүүлэг /хх-34/,

Гэрч Ж.Саранцэцэгийн: “Би Сонгинохайрхан дүүргийн 12-р хороо, 2-р байр, 8-р орцны жижүүрээр 20 гаруй хонож байна. Өнөөдөр манай дүү Ж.Н- нөхөртэйгөө хамт 19 цаг өнгөрч байхад ирсэн. ...Би ганц шил архи авах уу гэхэд тэгье гээд 0,5 литрийн архи авч ирээд бид нар уусан. Дүү нэг их уухгүй байсан. ...Би дүү нартаа газарт ор засч өгөхөд С- “гарч тамхи татлаа, гэрт багтах зай алга, дотор давчаад байна” гэхээр нь би “тэг тэг” гээд гаргасан. Эргэж орж ирээгүй. Тэгтэл Н- бие засахаар гарсан. Түүний нөхөр Буяа гэх эрэгтэй нь та надад “хөнжил гудас өгчих би дээр унтчихъя” гэхээр нь би хөнжил гудас өгснийг аваад 20 цаг 40 минутын үед гарсан. Тэгсэн Н- гаднаас орж ирээд “Буяа хаана байна” гэхээр нь би “дээш явж унтлаа гэсэн, 7, 8 дугаар давхарт байгаа байх” гэж хэлсэн чинь араас нь дээш гарсан. Тэгээд ганцаараа орон дээр хэвтэж байхад 22 цаг өнгөрч байхад гадна хаалга хүн тогшоод байхаар нь онгойлгосон чинь цагдаа нар ороод ирсэн. Тэгээд “8 давхраас хүн уначихлаа” гэхээр нь би 8 давхарт гарахад хөнжил гудас нь бункерын хажууд тавьсан, манай дүү, нөхөр Буяа хоёр байхгүй байсан. Гадагш гарахад Буяа зогсож байсан. Тэгээд “юу болов” гэхэд “Н- уначихсан” гэж тэр надад хэлсэн. 8 давхрын бункерын цонхны шил байхгүй байсан, урьд нь зүгээр байсан юм. Манай дүү гэрт байхдаа нөхөр Буяатайгаа маргалдсан зүйлгүй, инээлдэж хөхрөлдөөд байсан. Манай дүү амиа хорлох оролдлого хийж байгаагүй. Манай дүүгийн биед гэмтэл гэхээр зүйл байхгүй, духан дээр нь яр гарсан гээд лент наасан байсан. Манай бага дүү байсан болохоор үгэнд ордоггүй байсан.

...Миний дүү ...өөрийнхөө биеийг авч явах чадвартай байсан. Т- ч гэсэн хийж байгаа үйлдлээ ухамсарлан ойлгох чадвартай байсан” гэх мэдүүлэг /хх-36, 37-38/,

Гэрч Б.Болор-Эрдэний: “...Хамаатны эгч Г-гийн хамт 23 цаг өнгөрч байхад 8 дугаар орцны үүдэнд сандлын хажууд зогсоод тамхи татаж байхад шил хагарах чимээ гарсан. Дээш хартал улаан өнгийн малгайтай цамцтай хүн дээрээс эргэлдээд унасан. Би айгаад орилоод машин холдуулж байсан Дуламсүрэн гэх хүн дээр очоод “Яанаа хүн уначихлаа, цагдаа дуудаад өгөөч” гэж хэлсэн. Сандраад хаашаа залгахаа мэдэхгүй байсан. Тухайн үед яг хаанаас унасныг хараагүй. Гэхдээ өндрөөс унасан байх. Бидний дээрээс ямар ч байсан шил хагарч унасан” гэх мэдүүлэг /хх-41-42/,

Гэрч О.Б-ийн: “Би “Өнөр 2” СӨХ-д нягтлан бодогчоор ажилладаг. ...2018 оны 2 дугаар сарын 21-ний ...18 цагийн үед С-2 эрэгтэй, 1 эмэгтэйтэй нийлээд тойроод сууж байсан. “Юу хийгээд байгаа юм” гэж загнахад халимагдуу үстэй, бэлцэндүү царайтай, нүүр амандаа шархны наалт наасан 25-30 орчим насны эрэгтэй нь “Уучлаарай, би Сараа эгчийн хамаатны дүү нь юм, золгох гээд ирсэн” гэхээр нь би явсан. 22цаг 10 минутын орчимд би шалгаж очиход тэд нар унтаж байсан. “Яах гээд архи дарс хэрэглээд байгаа юм, муухай үнэр үнэртүүлээд, одоо явцгаа” гэсэн чинь нөгөө залуу нь “эгчээ уучлаарай явлаа” гээд өндийж байхаар нь би орхиод гарсан. 23:42 цагийн үед гэртээ байж байтал “8-р орцны шатнаас хүн үсэрчихлээ” гэхээр нь жижүүр лифтчнээ дуудаад хамт гарсан...” гэх мэдүүлэг /хх-47-48/,  

Гэрч С.С-ийн: “2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 20 цагийн орчим Саранцэцэгийн дүү Н-, нөхөр гэх Буяа гэдэг залуугийн хамт ирсэн. Тэр үед архи ууж байснаас тэр хоёрт хийж өгсөн. Орой Сараагийн гэрт амрах болсон. Н- нөхөр болох залуутай маргалдаад байсан. Нөхөр Буяа гэх залуу нь 8 давхарт гарч амрахаар бүтээлэг аваад гарсан. Би дээр гарч хамт амрая гээд дээш гарсан. Тэгээд 8 давхрын бункерын ард хоёулаа хэвтсэн, би урд нь хэвтсэн. 20-30 минутын дараа Н- ирээд нөхөртэйгөө хэрүүл хийгээд байсан. Гэнэт цонх хагарах чимээ гарсан, би эргэж харахад Буяа гэдэг залуу цонх уруу харсан хажуу талаараа өндийсөн байдалтай байсан. Амь хохирогчийн нөхөр тэндээс босоод цонхоор харж байгаа харагдсан. Би шууд доошоо буугаад гараад харахад гадаа юу ч байхгүй байсан. ...8 давхарт гарч хэрүүл хийгээд байгаа сонсогдсон. Н-ийг өшиглөж, түлхэж байхыг хараагүй.

...Гэхдээ өөрийн нөхөр Н.Т-тэй архи уусан гаднаас орж ирсэн, энэ үедээ л хийж байгаа, хүнтэй ярьж байгаа үйлдэлээ ухамсарлан ойлгох чадвартай юм шиг надад харагдсан. Жижүүрийн өрөөнд дөрвүүлээ архи уугаад талийгаач эгчтэйгээ унтлаа гээд үлдсэн. Миний харснаар ухаанаа алдтал согтсон зүйл ажиглагдаагүй, хүний хэлсэн үгийг ухамсарлан ойлгох чадвартай байсан гэж би хэлмээр байна. Т- бид хоёр 8 давхарт гараад бүтээлэг дэвсээд унтах гэж байхад талийгаач шатаар өгсөж ирээд Т-тэй маргалдаад үлдсэн. Эр эмийн хооронд юм яриад яахав гэж бодоод үлдээгээд гэр рүүгээ явсан. Тухайн үед үг яриа нь ээдрээд ухаангүй муудаж согтсон байдал надад ажиглагдаагүй. Хоёулаа биеэ авч явах чадвартай юм шиг харагдсан. Ямар ч юунаас болоод маргаад байгааг ойлгоогүй, маргаж байхад нь би 8 давхраас доош буугаад явсан...” гэх мэдүүлэг /хх-50-52, 53-54/,

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2018.03.07-ны өдрийн 518 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр тархины баруун, зүүн тал бөмбөлөг, бага тархины орой хэсгийн аалзан хальсны доорх голомтлог цус харвалт, цээжний баруун, зүүн хөндий дэх цусан хураа /1100мл/, үнхэлцэг хальсны урагдал, цус хуралт, баруун, зүүн уушгины авчилт, няцрал, цус хуралт, цээжний баруун талын 2-р хавирга, зүүн талын 4,5,6,7,8,9,10-р хавирга, өвчүү ясны далд хугарал, хугарал орчмын гялтангийн цус хуралт, элэг, дэлүүний өнгөц язарсан шарх, өрц, ходоод, чацархайн голомтлог цус хуралт, дух, эрүү, цээж, зүүн гуя, шилбэнд зулгаралт, шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байна. 4. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин эмгэг тогтоогдсонгүй. 5.6. Талийгаачийн цусанд 3,2 промилли спиртийн агууламж илэрсэн нь хүнд зэргийн согтолтыг харуулж байна. 7. Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй байжээ. 9. Талийгаач нь дээрх хавсарсан битүү гэмтлийн улмаас нас баржээ. 10. Талийгаач нь 2018.02.21-ний өглөөний 07 цаг 30 минутын үзлэгээр нас бараад 8-9 цаг болсон байх боломжтой байна. /жижүүр эмчийн тэмдэглэлд бичигдсэнээр/” гэжээ /хх-72-74/,       

Шинжээч Т.Сэлэнгийн: “...Дээрх гэмтлүүд өндрөөс унахад үүссэн байх боломжтой. Тухайн гэмтлийг авснаас хойш ямар нэгэн хөдөлгөөн хийх боломжгүй үхэлд шууд хүргэнэ. Хүний биеийн онцлогоос шалтгаалан архи даах чадвар нь өөр өөр байдаг. Өөрийн биеийн онцлогоос шалтгаалан хүнд зэргийн согтолттой хүний хөдөлгөөн хийх, үйлдэл хийх нь харилцан адилгүй байна. Биеэ хамгаалах чадвартай эсэхийг бид тодорхойлж хэлэх боломжгүй. Хэрэгт авагдсан баримтаар тогтоогдох байх” гэх мэдүүлэг /хх-78-79/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.02.27-ны өдрийн 2820 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Н.Т--н биед баруун завьж, эрүүнд зулгаралт, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн ...журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ /хх-96/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018.03.28-ны өдрийн 283 дугаар дүгнэлтэд: “1.Н.Т-нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Н.Т-нь хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. 2. Н.Т-нь үйлдэгдсэн гэмт хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Н.Т-нь эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай байна. 3. Н.Т-т эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна” гэжээ /хх-98-99/,

Шүүгдэгч Н.Т-ийн яллагдагчаар өгсөн: “...Н-ийн эгч Сараагийнд 8 дугаар орцны шатны хажуу өрөөнд байдаг гэрт ирсэн. Бид хоёрыг ороход архи ууж байсныг хувааж уусан. Хамт архинд явж 0,75 литрийн авчраад хувааж уусан. СӨХ-ны хүмүүс орж ирээд гарсан. Би бүтээлэг хөнжил аваад дээш гарсан. Миний араас Сараа эгчийн нөхөр ирсэн. Бид хоёр 8 давхарт гараад бункерийн дэргэд хэвтээд амарч байхад 30 минутын дараа Н- ирээд “Чи миний амьдралыг сүйтгэсэн” гээд орилж хашгираад байхаар нь би түүнийг гуйгаад аргадаад цонхны тавцан дээр сууж байгаад цээж рүү нь баруун хөлөөрөө тийрэхэд цонх хагараад цааш унасан. ...Наранцэцэг архи уухаараа их агсам тавьдаг. Хувийн байрны жижүүр хийж байхад нь би гаднаас архи уудаг хүмүүс авч очоод архи уусан. Түүнээс болж намайг “Миний амьдралыг үгүй хийсэн” гэдэг байсан.

...Би хэвтэж байхдаа амь хохирогчийг баруун хөл рүү өшиглөөд надаас хэрүүл өдөөд бункерийн жижиг цонхон дээр сууж байхад нь хөлөөрөө санаандгүй өшиглөхөд цонхны шил хагараад цааш унасан. С- хохирогчийг агсам тавиад байхад босоод явсны дараа хэрэг учрал болсон. Амь хохирогчтой би маргалдаж боссон гэдэг худлаа. Тухайн үед буруу мэдүүлсэн байна. Би Н-тэй хамтран амьдарч байгаагүй. Надад “чи надтай хамт хог заралцаад өгөөч, хүмүүс дээрэлхээд байна” гэхээр нь би хамт хогийг нь заралцаад архи хааяа уудаг байсан. ...Би тухайн үед шоконд орсон байсан болохоор юу гэж мэдүүлснээ сайн санахгүй байна. Би юу гэж ханиа гэж хэлэх юм...” гэх мэдүүлэг /хх-106-107, 108-109, 111, 174/,  

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-6, 7-15/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-16-17, 18-20/, цогцосны хувцас болон гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-21-25/, гэрч Г.Ганчимэгийн мэдүүлэг /хх-45/, гэрч Н.Сайнбаярын мэдүүлэг /хх-60-61/, гэрч Н.Цолмонхүүгийн мэдүүлэг /хх-62-63/, гэрч Ш.Энхбаясгалангийн мэдүүлэг /хх-64-65/, гэрч Х.Гэрэлцэцэгийн мэдүүлэг /хх-66/, гэрч Б.Эрхэмбаатарын мэдүүлэг /хх-67-68/, гэрч Ц.Чулуунбатын мэдүүлэг /хх-69-70/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018.03.01-ний өдрийн 2443 дугаар дүгнэлт /хх-88/, 2018.03.05-ны өдрийн 1570 дугаар дүгнэлт /хх-90/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-112/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-135/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Н.Т-согтуурсан үедээ 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 2 дугаар байр, 8 дугаар орц, 8 давхрын цонхны орчимд иргэн Ж.Н- агсан тавьсны улмаас түүнийг өшиглөн цонхоор унагаж амь насыг нь хохироосон нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь гэрч С.С-ийн “...Н- ирээд нөхөртэйгөө хэрүүл хийгээд байсан. Гэнэт цонх хагарах чимээ гарсан. Амь хохирогчийн нөхөр тэндээс босоод цонхоор харж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-50-52, 53-54/, гэрч Б.Болор-Эрдэнийн “...Хамаатны эгч Г-гийн хамт 23 цаг өнгөрч байхад 8 дугаар орцны үүдэнд тамхи татаж байхад шил хагарах чимээ гарсан. Дээш хартал улаан өнгийн малгайтай цамцтай хүн дээрээс эргэлдээд унасан. Би Дуламсүрэн гэх хүн дээр очоод “Яанаа хүн уначихлаа, цагдаа дуудаад өгөөч” гэж хэлсэн. Тухайн үед яг хаанаас унасныг хараагүй. Гэхдээ өндрөөс унасан байх. Бидний дээрээс ямар ч байсан шил хагарч унасан” гэх мэдүүлэг /хх-41-42/, гэрч Б.Дуламсүрэнгийн “...хоёр охин гүйж ирээд “эгчээ сая хүн унаад амиа хорлочихлоо, та утсаараа дуудлага өгөөд өгөөч” гээд маш их сандарсан байдалтай ирсэн. Тэр хоёр охин надад хэлэхдээ “шил хагараад хүн унасан” гэж хэлсэн. Тэгэхдээ 2-р байрны 8 давхраас унасан гэж заасан...” гэх мэдүүлэг /хх-34/, гэрч Ж.Саранцэцэгийн “...Манай дүү Ж.Н- нөхөртэйгөө 19 цаг өнгөрч байхад ирсэн. ...Би ганц шил архи авах уу гэхэд тэгье гээд 0,5 литрийн архи авч ирээд бид нар уусан. ...Гадагш гарахад Буяа зогсож байсан. Тэгээд “юу болов” гэхэд “Н- уначихсан” гэж тэр надад хэлсэн. 8 давхрын бункерын цонхны шил байхгүй байсан, урьд нь зүгээр байсан...” гэх мэдүүлэг /хх-36, 37-38/, шинжээч Т.Сэлэнгийн “...Дээрх гэмтлүүд өндрөөс унахад үүссэн байх боломжтой. Тухайн гэмтлийг авснаас хойш ямар нэгэн хөдөлгөөн хийх боломжгүй үхэлд шууд хүргэнэ. Биеэ хамгаалах чадвартай эсэхийг бид тодорхойлж хэлэх боломжгүй...” гэх мэдүүлэг /хх-78-79/, шүүгдэгч Н.Т-ийн яллагдагчаар өгсөн “...Бид хоёрыг ороход архи ууж байсныг хувааж уусан. Хамт архинд явж 0,75 литрийн архи авчраад хувааж уусан. Миний араас Сараа эгчийн нөхөр ирсэн. Бид хоёр 8 давхарт гараад бункерийн дэргэд хэвтээд амарч байхад 30 минутын дараа Н- ирээд “Чи миний амьдралыг сүйтгэсэн” гээд орилж хашгираад байхаар нь би түүнийг гуйгаад аргадаад цонхны тавцан дээр сууж байгаад цээж рүү нь баруун хөлөөрөө тийрэхэд цонх хагараад цааш унасан. ...Би хэвтэж байхдаа амь хохирогчийг баруун хөл рүү өшиглөөд надаас хэрүүл өдөөд бункерийн жижиг цонхон дээр сууж байхад нь хөлөөрөө санаандгүй өшиглөхөд цонхны шил хагараад цааш унасан...” гэх мэдүүлэг /хх-106-107, 108-109, 111, 174/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-6, 7-15/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-16-17, 18-20/, цогцосны хувцас болон гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-21-25/ зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүнийг алах гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгч Н.Т-ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Харин улсын яллагчаас шүүгдэгч Н.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж алсан гэж зүйлчилж ирүүлснийг тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчиллээ. Хэдийгээр амь хохирогчийн цусанд 3,2 промилли спиртийн агууламж илэрч хүнд зэргийн согтолттой гэж шүүх эмнэлгийн 518 дугаар шинжилгээ /хх-72-74/-ээр тогтоогдсон боловч хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд амь хохирогч бие махбодийн болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, идэвхтэй эсэргүүцэл үзүүлэх чадвартай байжээ гэж шүүх дүгнэв. Тухайлбал гэрч С.С-ийн “...Н- миний харснаар ухаанаа алдтал согтсон зүйл ажиглагдаагүй, хүний хэлсэн үгийг ухамсарлан ойлгох чадвартай байсан гэж би хэлмээр байна. Т- бид хоёр 8 давхарт гараад бүтээлэг дэвсээд унтах гэж байхад талийгаач шатаар өгсөж ирээд Т-тэй маргалдаад үлдсэн. Тухайн үед үг яриа нь ээдрээд ухаангүй муудаж согтсон байдал надад ажиглагдаагүй...” гэх мэдүүлэг /хх-50-52, 53-54/, гэрч Ж.Саранцэцэгийн “...Миний дүү ...өөрийнхөө биеийг авч явах чадвартай байсан...” гэх мэдүүлэг /хх-37-38/, шүүгдэгч Н.Т-ийн “...Н- ирээд “Чи миний амьдралыг сүйтгэсэн” гээд орилж хашгираад ...баруун хөл рүү өшиглөөд надаас хэрүүл өдөөд бункерийн жижиг цонхон дээр сууж байхад нь...” гэх мэдүүлэг /хх-106-107, 108-109, 111, 174/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.02.27-ны өдрийн 2820 дугаар “1.Н.Т--н биед баруун завьж, эрүүнд зулгаралт, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...5.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэх /хх-96/ шинжилгээ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар амь хохирогч Ж.Н- биеэ хамгаалж чадахгүй байсан болох нь тогтоогдохгүй байна.  

Гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б- “Оршуулгын зардал гарсан боловч ямар нэгэн баримт байхгүй. Нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлснийг үндэслэн шүүгдэгч Н.Т-ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б- оршуулгын зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй гэж шийдэрлэсэн болно.        

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Н.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жил хорих ял оногдуулж, өмнө нь ял эдэлж байсныг харгалзан хаалттай хорих байгууллагад ял эдлүүлэх...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруугийн талаар маргаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан хорих ялын доод хэмжээ буюу 8 жилийн хорих ял оногдуулж, шинэ хуулиар “ялтай байдал” гэх ойлголтыг хуульчлаагүй тул хүндрүүлэх шаардлагагүй гэж үзэж хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” гэж,   

хохирогч “Улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа. 

Хэрэгт авагдсан баримтаар /хх-135, 136-141/ шүүгдэгч Н.Т-нь Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 145 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ял шийтгүүлж, 2003 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан нь тогтоогдож байх бөгөөд хуульд заасан ялгүйд тооцогдох хугацаа дууссан тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна.    

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна. 

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хүний амь нас хохирсон, оршуулгын зардал төлөөгүй/, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн/-ыг тус тус харгалзан эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн “Хаалттай хорих байгууллагад ял эдлүүлэх” дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулах” дүгнэлтийг тус тус үндэслэлгүй байна гэж үзэн шүүгдэгч Н.Т-т 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Т-ийн 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл урьдчилсан хоригдсон 71 /далан нэг/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Т-хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан гэмт хэрэгт Н.Т-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Ц овогт Нын Т-ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т-ийг 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Т-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т-ийн урьдчилан хоригдсон 71 /далан нэг/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Т-энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь оршуулгын зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Н.Т-ийн эдлэх ялыг 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Т-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

              ДАРГАЛАГЧ                                     Л.БААТАР

 

                  ШҮҮГЧИД                                   Т.АЛТАНТУЯА

                                                                                

                                                                             Г.ГАНБААТАР