| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 102/2023/04851/И |
| Дугаар | 192/шш2025/06285 |
| Огноо | 2025-08-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 192/шш2025/06285
2025 08 13 192/ШШ2025/06285
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
*******,*******,*******,*******,*******,*******, “Ази номхон далайн хөрөнгө оруулалтын групп ББСБ” ХХК /РД:5979714/,
Хариуцагч: Баянгол дүүрэг,*******,*******,,,, Жүнж овогт Гомбосүрэнгийн Золжаргал /РД:ЗЮ82111418/,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг,,,,,,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 78,078,105 төгрөг гаргуулж, эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний зүйлийг бодитоор эзэмшилд шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нандинцэцэг, хариуцагч Г.Золжаргал, хариуцагч Т.Чинзориг, хариуцагч нарын өмгөөлөгч С.Гэрэлмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Ази номхон далайн хөрөнгө оруулалтын групп ББСБ” ХХК нь хариуцагч Г.Золжаргал, Т.Чинзориг нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 78,078,105 төгрөг гаргуулж, эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний зүйлийг бодитоор эзэмшилд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдүүлэгч “Ази номхон далайн хөрөнгө оруулалтын групп ББСБ” ХХК нь иргэн Т. Чинзориг, Г.Золжаргал нартай 2019 оны 07-р сарын 10-ны өдрийн Дугаар ЗГ00190295 тоот Зээлийн 50,000,000.00 /тавин сая/ төгрөгийн гэрээ байгуулаад үүнээс 29,000,000.00 /хорин есөн сая/ төгрөгийн зээлийг бизнесийн зориулалтаар сарын 2,9 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлүүлсэн. Зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон. Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болсон. Өнгөрсөн хугацаанд Зээлдэгч нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлөлт огт хийгээгүй ба удаа дараа зээлээ төлнө гэсэн амлалт өгсөн боловч төлөлт хийхгүй байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна. Иймд Зээлдүүлэгч нь 2023 оны 09 дугаар сарын 30-ний өдрийг дуусталх хугацаагаар тооцон үндсэн зээл 29,000,000.00 /Хорин есөн сая/ төгрөг, үндсэн хүүд 42,569,457.00 /Дөчин хоёр сая таван зуун жаран есөн мянга дөрвөн зуун тавин долоон төгрөг таван/ төгрөг, Нэмэгдүүлсэн хүүд 6,508,648.00 /Зургаан сая таван зуун найман мянга зургаан зуун дөчин найман / төгрөг, нийт 78,078,105.00 /Далан найман сая далан найман мянга нэг зуун таван/ төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар Дугаар ФГОО190295 тоот Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуцийн гэрээ/ байгуулж, 2019 онд үйлдвэрлэгдсэн, JUDONG марк YGK9408CCY моделийн, 0521АЧ улсын дугаартай, арлын дугаартай, шар өнгийн ачааны автомашины өмчлөлийг “Ази номхон далайн хөрөнгө оруулалтын групп ББСБ” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн барьцаанд тавьсан. Хэрэв Зээлдэгч нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан ФГ00190295 тоот Фидуцийн гэрээний дагуу 0521АЧ улсын дугаартай, арлын дугаартай, JUDONG марк YGK9408CCY моделийн ачааны тээврийн хэрэгслийг зээлдэгчийн эзэмшлээс гаргуулан зээлдүүлэгчийн эзэмшилд бодитоор шилжүүлэн өгөхийг зээлдэгчид даалгахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Золжаргал нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Т.Чинзориг нь нэхэмжлэгч “Ази номхон далайн хөрөнгө оруулалт ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч. Энхжаргалтай нэг ангийн найзууд бөгөөд Т.Чинзоригийг зээл авах болоход миний бие Т.Чинзоригтой нэг компанийн хувьцаа эзэмшигчид байсан тул хамтран зээлдэгчээр орж зээлийн гэрээнд гарын үсэг зурсан байдаг ч тус зээлийн төлбөрөөс ганц төгрөгийг хувьцаа аваагүй. Дээрх зээл нь зөвхөн бизнесийн үйл ажиллагаанд зарцуулагдсан. Зээл авсны дараагаас үйл ажиллагаанаас олсон орлого зөвхөн зардлаа нөхөж байсан, цар тахлын улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй байдалд хүрч зээлийн эргэн төлөлтийг гүйцэтгэж чадаагүй. 2021 оны 06 дугаар сарын сүүлээр Т. Чинзориг нь “Тарагт Гөлтгөнө” ХХК-ний эрхийг шилжүүлье өр зээлийн асуудлуудаа цэгцэлж шийдвэрлэе гэж хэлсний дагуу хувьцаа эзэмшигч нар зөвшөөрч 2021 оны 06 дугаар сарын 30-ний өдөр “Тарагт гөлтгөнө” ХХК-ийн эрхийг В. Баяр-эрдэнэд 100% шилжүүлсэн. “Тарагт Гөлтгөнө” ХХК-ний эрхийг 100% шилжүүлсэнтэй холбогдуулан В. Баяр-эрдэнээс 2021 оны 05 сарын 31-ний өдрөөс эхлэн тодорхой төлбөрүүд орж ирсэн. Үйлчилгээний талбайг худалдан борлуулж “Ази номхон далайн хөрөнгө оруулалт ББСБ” ХХК-ийн өрийг төлж барагдуулна гэж тохирсон боловч 2021 оны 08 сарын 27-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл Т.Чинзоригтой /утасны дугаараа хаалгасан/ холбоо тогтоож чадаагүй, түүний төрсөн дүү Т.Ганзориг, Т.Энхчимэг нараас тодруулахад ахыг мэдэхгүй гэснээр 2023 оны 10 дугаар сар буюу өнөөдрийг хүртэл холбогдож чадаагүй хэл чимээгүй байгаа. Иймд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад миний зүгээс татгалзах зүйлгүй ба зээлийн төлбөрийг Т.Чинзориг бүрэн хариуцна” гэжээ.
Хариуцагч Т.Чинзориг шүүхэд гаргасан тайлбартаа: “Ази Номхон Далайн хөрөнгө оруулалтын групп ББСБ-ийн 2019 оны 7 сарын 10-ны өдрийн ЗГ 00190295 дугаар гэрээний дагуу 29 сая төгрөгийн зээлийн төлбөрт нэхэмжилсэн 78,078,105 төгрөгийн бүхэлд нь хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна. Учир нь хариуцагч Т.Чинзориг би энэ зээлийг хувьдаа авч ашиглаагүй бизнесийн зорилгоор авсан (гэрээний 2.1.5 -р заалт ) бөгөөд энэ бүх зээлийг “Тарагт Гөлтгөнө” ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан болно. Улмаар хариуцагч Т.Чинзориг би 2021 оны 6 дугаар сарын 2-нд тус компаниа иргэн В.Баяр-Эрдэнэд борлуулсан бөгөөд фидуцийн гэрээг Ази номхон далайн хөрөнгө оруулалтын групп ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн бүх хөрөнгийг мөн В.Баяр-Эрдэнийн эзэмшилд шилжүүлсэн. Нэхэмжлэгч эдгээр зээлийг Т.Чинзориг, Г.Золжаргал нар хариуцах ёстой гэж үзэж байгаа бол 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан ЗГ 00190295 зээлийн гэрээний дагуу гэрээний хугацаа 2020 оны 7 сарын 10-ны өдөр дуусгавар болсон. Үүргийн гүйцэтгэлийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа 2023 оны 7 дугаар сарын 10-нд дууссан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2023 оны 9 дүгээр сарын 26-нд шүүхэд гаргажээ. Монгол Улсын Иргэний хуулийн 75.2.1-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэж заасан. Мөн хуулийн 82.1-т “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй.” Иймд 29,000,000 төгрөгийн үндсэн зээл, 42,569,457 төгрөгийн үндсэн хүү, 6,508,648 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, нийт 78,078,105 төгрөгийг төлөхөөс хариуцагч татгалзах эрхтэй байна. Нөгөөтэйгүүр, Гэрээний талууд зээлийн гэрээний салшгүй хэсэг болох фидуцийн гэрээний 4.1-т”Үүрэг хүлээгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн гэрээний хугацаа дууссан тохиолдолд өмчлөлд шилжүүлсэн хөрөнгийг худалдан борлуулж”, үүргийн гүйцэтгэлийг хангана. Мөн гэрээний 4.3-т “ийнхүү хөрөнгийг борлуулахдаа үүрэг хүлээгчээс дахин ямар нэгэн зөвшоөрол авах шаардлагагүй” гэж заасан байна. Зээлдүүлэгч өөрөө энэ эрх, үүргээ хэрэгжүүлээгүйн төлөө зээлдэгч үндсэн зээл, 4 жилийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг хүлээх ёсгүй гэж үзэж байна. Ази номхон далайн хөрөнгө оруулалтын групп ББСБ ХХК гэрээний гүйцэтгэлд хатуу ханддаг бөгөөд 2019-2020 онд манайхаас 40 сая төгрөгийн зээл хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2 өрөө байр, Приус машин, 27,448,000 зээлд 2 өрөө байр; 47сая төгрөгийн зээлд 2 өрөө байр, 16 сая төгрөгийн зээлд Ланд круизэр, Прадо машин зэргийг үл маргах журмаар борлуулах замаар энэ өндөр хүү, нэмэгдүүлсэн хүүнийхээ төлбөрийг авч байсан” гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023.09.26-ны өдрийн 23/086 дугаартай итгэмжлэл, 2019.07.10-ны өдрийн зээлийн болон фидуцийн гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, 2020.08.18-ны өдрийн 20/063 дугаартай мэдэгдэл, зээл, зээлийн хүү төлөлтийн тооцоо, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ хуулбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.11.24-ний өдрийн 101/ШШ2023/05183 дугаар шийдвэрийн хуулбар, 2024.03.06-ны өдрийн 24/028 дугаартай итгэмжлэл, 2024.07.03-ны өдрийн 24/060 дугаартай итгэмжлэл, 2021.02.20-ны өдрийн №21/04 дугаартай зээлийн хорооны шийдвэр, тээврийн хэрэгслийн лавлагаа, депозит дансны хуулга, 2024.04.04-ны өдрийн 25/045 дугаартай итгэмжлэл, 2025.06.09-ны өдрийн 25/068 дугаартай зээлийн талаар тайлбар, Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газрын 2025.05.16-ны өдрийн 221 дугаартай албан бичгийн хуулбар, Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.08.16-ны өдрийн 156/ШЗ2023/01391 дугаартай захирамжийн хуулбар, 2019.05.22-ны өдрийн №ЗГ00190269 дугаартай Зээлийн гэрээний хуулбар, 2019.05.22-ны өдрийн №БГ00190269 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг барьцааны гэрээний хуулбар, дансны гүйлгээний үлдэгдлийн хуулга, тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэр шилжүүлэх тухай албан бичгийн хуулбар, 2019.03.29-ны өдрийн №ЗГ00190251 дугаартай Зээлийн гэрээний хуулбар, 2019.03.19-ны өдрийн №БГ00190251 дугаартай Фидуцын гэрээний хуулбар, дансны гүйлгээний үлдэгдлийн хуулгыг ирүүлсэн байна.
Хариуцагчаас 2020.08.18-ны өдрийн 2055 дугаартай Худалдах, худалдан авах гэрээний хуулбар, Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.03.22-ны өдрийн 210/МА2024/00587 дугаартай магадлал хуулбарыг ирүүлсэн байна.
Шүүхийн журмаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.12.25-ны өдрийн 102/ШЗ2024/00152 дугаартай захирамжаар хариуцагч Т.Чинзоригийг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоосон, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.02.13-ны өдрийн 192/ШЗ2025/08652 дугаартай захирамжаар Санхүүгийн зохицуулах хорооны 2020.11.19-ний өдрийн 3/4654 дугаар албан бичгийн хуулбар, 2021.06.23-ны өдрийн 262 дугаартай тогтоолын хуулбарыг гаргуулан авсан.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 55,505,776.8 төгрөгийг хангаж, үлдэх 28,572,328.2 төгрөг, тээврийн хэрэгслийг зээлдэгчийн эзэмшлээс гаргуулан зээлдүүлэгчийн эзэмшилд бодитоор шилжүүлэн өгөхийг зээлдэгчид даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Ази номхон далайн хөрөнгө оруулалтын групп ББСБ ХХК нь хариуцагч Т.Чинзоригт холбогдуулан 78,078,105.00 төгрөг гаргуулах, 0521АЧ улсын дугаартай, арлын дугаартай, JUDONG марк YGK9408CCY моделийн ачааны тээврийн хэрэгслийг зээлдэгчийн эзэмшлээс гаргуулан зээлдүүлэгчийн эзэмшилд бодитоор шилжүүлэн өгөхийг зээлдэгчид даалгах шаардлага гаргажээ.
Хариуцагч Г.Золжаргал нь тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрнө гэж нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч, зээлийг Т.Чинзориг хариуцна гэж татгалзсан.
Хариуцагч Т.Чинзориг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, зээлийн үүргийг бүрэн биелүүлсэн, үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр татгалзсан.
3. Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. Ази номхон далайн хөрөнгө оруулалтын групп ББСБ ХХК болон Т.Чинзориг нар нь 2019 оны 07 дугаар сарын 10-ний өдөр №ЗГ00190295 тоот Зээлийн гэрээ байгуулж, гэрээгээр зээлдэгч 50,000,000 төгрөгийг, сарын 2.9 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүгийн 20 хувь байхаар, бизнесийн зээлийн зориулалтаар 12 сарын хугацаагаар зээлэхээр тохиролцсон.(хавтаст хэргийн 6-8 дахь тал)
3.2. 2019 оны 07 дугаар сарын 10-ний өдрийн №ЗГ00190295 тоот Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Ази номхон далайн хөрөнгө оруулалтын групп ББСБ ХХК болон Г.Золжаргал нар нь 2019 оны 07 дугаар сарын 10-ний өдөр №ЗГ00190295 тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж, 0521АЧ улсын дугаартай, арлын дугаартай, JUDONG марк YGK9408CCY моделийн ачааны тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхээр харилцан тохиролцсон.(хавтаст хэргийн 9-10 дахь тал)
3.3. 0521АЧ улсын дугаартай, арлын дугаартай, JUDONG марк YGK9408CCY моделийн ачааны тээврийн хэрэгслийн эзэмшигчээр Ази номхон далайн хөрөнгө оруулалтын групп ББСБ ХХК бүртгэгдсэн.(хавтаст хэргийн 107 дахь тал)
3.4. Нэхэмжлэгч Ази номхон далайн хөрөнгө оруулалтын групп ББСБ ХХК нь 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 20/063 дугаартай албан бичгээр зээл төлөх мэдэгдэл хүргүүлснийг хариуцагч Т.Чинзориг хүлээн авсан байна.(хавтаст хэргийн 15 дахь тал)
3.5. Хариуцагч Т.Чинзориг болон Г.Энхжаргал нар нь 2020 оны 08 дугаар сарын 18-ний өдөр № 2055 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хороолол, Хүннү гудамж 118 байр 99 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204102142 дугаартай, 76,3 мкв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 25,000,000 төгрөгөөр худалдсан байна. (хавтаст хэргийн 128 дахь тал)
3.6. Нэхэмжлэгч Ази номхон далайн хөрөнгө оруулалтын групп ББСБ ХХК нь Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх бөгөөд тухайн шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 156/ШЗ2023/01117 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэн, хариуцагч Т.Чинзоригт нэхэмжлэлийн хувийг гардуулах боломжгүй гэх үндэслэлээр 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 156/ШЗ2023/01391 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Мэргэд овогт Төмөрсүхийн Чинзоригийг эрэн сурвалжлахаар шийдвэрлэсэн.(хавтаст хэргийн 157-138 дахь тал)
3.7. Нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн 101/ШШ2023/05183 дугаартай шийдвэрээр Мэргэд овогт Төмөрсүхийн Чинзоригийг эрэн сурвалжлахаар шийдвэрлэсэн.(хавтаст хэргийн 37 - 39 дэх тал)
3.8. Зохигчид зээлийн гэрээ, фидуцын гэрээ байгуулагдсан тухайд, гэрээ хүчин төгөлдөр эсэх, 29,000,000 төгрөгийн зээл олгосон тухайд маргаангүй.
Харин зээлийг төлж барагдуулсан тухайд, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны тухайд маргаантай.
4. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.“Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
2019 оны 07 дугаар сарын 10-ний өдөр №ЗГ00190295 тоот Зээлийн гэрээний дагуу 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 15,000,000 төгрөг, 2029 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 14,000,000 төгрөг, нийт 29,000,000 төгрөгийн зээл олгогдсон тухайд зохигчид маргаангүй бөгөөд хариуцагч нар нь зээлийн төлбөрийг төлж барагдуулсан болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь зээлийн үндсэн төлбөрт 29,000,000 төгрөгийг хариуцагч Т.Чинзоригоос буцаан гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Хариуцагч Т.Чинзориг нь Ази номхон далайн хөрөнгө оруулалтын групп ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Энхжаргалтай 2020 оны 08 дугаар сарын 18-ний өдөр № 2055 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хороолол, Хүннү гудамж 118 байр 99 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204102142 дугаартай, 76,3 мкв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн нийт төлбөрт тооцон шилжүүлж өгсөн, зээлийг бүрэн төлсөн гэж тайлбарлаж байх боловч 2020 оны 08 дугаар сарын 18-ний өдрийн № 2055 дугаартай Худалдах, худалдан авах гэрээнд 2019 оны 07 дугаар сарын 10-ний өдрийн №ЗГ00190295 тоот Зээлийн гэрээний үүрэгт тооцож, өмчлөх эрхийг шилжүүлэн өгч байгаа гэх агуулга тусгагдаагүй, зээлийн төлбөр төлөгдсөн болох нь баримтаар нотлогдохгүй байна.
Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэг заасныг үндэслэн, 78,078,105 төгрөгийг төлөхөөс хариуцагч татгалзах эрхтэй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж гэж хариуцагч Т.Чинзориг нь татгалзлийн үндэслэлээ тодорхойлж байх боловч уг татгалзал нь үндэслэлгүй байна.
Талуудын байгуулсан №ЗГ00190295 тоот Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 07 дугаар сарын 10-ний өдөр дууссан боловч нэхэмжлэгч нь 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хариуцагч Т.Чинзоригт мэдэгдэл өгч, зээл төлөх хугацааг 2020 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр гэж тогтоосон байх тул энэ өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолох нь хуульд нийцнэ.
2020 оны 09 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тооцвол Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэг заасан хугацаа 2023 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр дуусах ба нэхэмжлэгч нь Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргасан, тус шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 156/ШЗ2023/01117 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн, хариуцагч Т.Чинзоригт нэхэмжлэлийн хувийг гардуулах боломжгүй гэх үндэслэлээр 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 156/ШЗ2023/01391 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ.
Шаардах эрх үүссэн үеэс хөөн хэлэлцэх хугацаа тасалдах хүртэл хугацааг тооцоход гэрээний үүргийг шаардах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
5. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1. “Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль/1995 он/-ийн 22 дугаар зүйлийн 22.1. “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан тул зээлийн гэрээний хугацаанд ногдох хүүгийн төлбөрт 9,998,564.4 төгрөгийг хариуцагч Т.Чинзориг нь нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.
Тодруулбал, 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр олгосон 15,000,000 төгрөгт ногдох зээлийн хүү (15,000,000*0,348*365/365=5,220,000) 5,220,000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр олгосон 14,000,000 төгрөгт ногдох зээлийн хүү (14,000,000*0,348*358/365=4,778,564.4) 4,778,564.4 төгрөг буюу зээлийн гэрээний хугацаанд ногдох хүү нийт 9,998,564.4 төгрөг байна.
6. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1. “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль/1995 он/-ийн 24 дүгээр зүйлийн 24.3. “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” 25 дугаар зүйлийн 25.2. “Хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана” гэж заасан.
Талуудын хооронд байгуулсан №ЗГ00190295 тоот Зээлийн гэрээний 3.6-т “Зээлийг хугацаанд нь эргүүлэн төлөөгүй бол гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү, холбогдон гарах бусад зардлыг Зээлдэгч бүрэн төлөх үүрэгтэй” гэж заасан байх тул хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн төлбөрт 9,998,564.4 төгрөгийг хариуцагч Т.Чинзоригоос гаргуулах нь хууль нийцнэ.
Өөрөөр хэлбэл, хэтэрсэн хугацаанд ногдох зээлийн хүүгийн хэмжээ нь гэрээний хугацаанд ногдох 9,998,564.4 төгрөгийн дүнгээс илүүгүй байна.
7. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1. “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль/1995 он/-ийн 22 дугаар зүйлийн 22.1. “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 22.3. “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан.
Талуудын хооронд байгуулсан №ЗГ00190295 тоот Зээлийн гэрээний 2.1.3-т “Нэмэгдүүлсэн хүү: Үндсэн хүүгийн 20%”, 3.6-т “Зээлийг хугацаанд нь эргүүлэн төлөөгүй бол гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү, холбогдон гарах бусад зардлыг Зээлдэгч бүрэн төлөх үүрэгтэй” гэж заасан байх ба үндсэн зээлийн үлдэгдэл 29,000,000 төгрөгөөс тооцож, гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд ногдох нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 6,508,648.77 төгрөгийг хариуцагч Т.Чинзориг нь төлөх үүрэгтэй байна.
Тодруулбал, 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр олгосон 15,000,000 төгрөгт ногдох нэмэгдүүлсэн хүү (15,000,000*0,348*0.2*1543/365=4,413,402.7) 4,413,402.7 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр олгосон 14,000,000 төгрөгт ногдох нэмэгдүүлсэн хүү (14,000,000*0,348*0.2*1536/365=4,100,488.8) 4,100,488.8 төгрөг буюу гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт 8,513,891.5 төгрөг болж байх боловч шүүх нэхэмжлэгчийн тодорхойлсон шаардлагыг хүрээнд нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 6,508,648.77 төгрөгийг хариуцагч Т.Чинзоригоос гаргуулах нь хууль нийцнэ.
8. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1. “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид "фидуци" гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байх ба үүрэг гүйцэтгүүлэгч Ази номхон далайн хөрөнгө оруулалтын групп ББСБ ХХК нь зээлийн мөнгөн хөрөнгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан, хариуцагч нар нь фидуцийн гэрээний зүйлийг гуравдагч этгээдийн эзэмшилд шилжүүлсэн байх тул эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний зүйлийг бодитоор эзэмшилд шилжүүлэхийг даалгах шаардагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
9. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1. “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж заасан.
Хариуцагч Т.Чинзориг нь 2019 оны 07 дугаар сарын 10-ний өдрийн №ЗГ00190295 тоот Зээлийн гэрээний дагуу, хариуцагч Г.Золжаргал нь 2019 оны 07 дугаар сарын 10-ний өдрийн №ЗГ00190295 тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний дагуу үүрэг хүлээсэн байх бөгөөд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д заасны дагуу хариуцагч Г.Золжаргал, Т.Чинзориг нар нь хамтран үүрэг гүйцэтгэгчид байх тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг үүрэг гүйцэтгэгч тус бүрээс бүхэлд нь шаардах эрхтэй байна.
10. Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, хариуцагч Г.Золжаргал, Т.Чинзориг нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 29,000,000 төгрөг, зээлийн үндсэн хүү 9,998,564.4 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 9,998,564.4 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 6,508,648 төгрөг, нийт 55,505,776.8 гаргуулан нэхэмжлэгч Ази номхон далайн хөрөнгө оруулалтын групп ББСБ ХХК-д олгож, үлдэх 22,572,328.2 төгрөг, 0521АЧ улсын дугаартай, арлын дугаартай, JUDONG маркийн YGK9408CCY моделийн ачааны тээврийн хэрэгслийн эзэмшлийг нэхэмжлэгчид шилжүүлэн өгөхийг хариуцагч нарт даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
11. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /548,340.6+70,200/ 618,540.6 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 435,479 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Г.Золжаргал, Т.Чинзориг нараас 55,505,776.8 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ази номхон далайн хөрөнгө оруулалтын групп ББСБ ХХК-д олгож, үлдэх 22,572,328.2 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасныг баримтлан 0521АЧ улсын дугаартай, арлын дугаартай, JUDONG марк YGK9408CCY моделийн ачааны тээврийн хэрэгслийн эзэмшлийг нэхэмжлэгчид шилжүүлэн өгөхийг хариуцагч нарт даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 618,540.6 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Золжаргал, Т.Чинзориг нараас 435,479 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ази номхон далайн хөрөнгө оруулалтын групп ББСБ ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР