| Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Зоригтбаатар |
| Хэргийн индекс | 123/2026/0019/З |
| Дугаар | 123/ШШ2026/0035 |
| Огноо | 2026-04-08 |
| Маргааны төрөл | Газар, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 123/ШШ2026/0035
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: Төв аймгийн Цээл сумын Засаг дарга
Гуравдагч этгээд: ******* нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.*******, хариуцагчин итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Будхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь “Төв аймгийн Цээл сумын Засаг дарга нь давж заалдах шатны шүүхийн хүчин төгөлдөр магадлалыг биелүүлээгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус гэж тогтоолгох, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 223/МА2024/00005 дугаар магадлалаар тогтоогдсон эрхийн дагуу Цээл сумын нутаг дэвсгэр, 4 дүгээр багт байрлах, нэгж талбарын 4123050372 дугаартай, 950533 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч *******ийн нэр дээр шилжүүлэн олгох шийдвэр гаргахыг Төв аймгийн Цээл сумын Засаг даргад даалгах” гэж анх нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 05 дугаар магадлалыг үндэслэн, *******т газар эзэмших эрхийг шилжүүлэн олгохгүй байгаа Цээл сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн тухайд:
2.1. Нэхэмжлэгч ******* нь Төв аймгийн Цээл сумын Засаг даргад 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр, 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр тус тус “Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 223/МА2024/00005 дугаар магадлалаар шийдвэрлэгдсэн Төв аймгийн Цээл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 4123050372 тоот дугаартай 950533 м.кв газрыг ******* миний нэр дээр шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг удаа дараа гаргаж хандсан.
2.2. Дээрх хүсэлтүүдийг Төв аймгийн Цээл сумын Засаг дарга хүлээн аваад тус сумын газрын даамалд “хуулийн дагуу шийдвэрлэе” гэж цохолт хийсэн боловч дээрх өргөдлийг шийдвэрлэж албан ёсоор хариу өгөөгүй, харин өвийн гэрчилгээ хавсаргаж ирүүлэхийг шаардсан байна.
2.3. Ийнхүү нэхэмжлэгч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ээс 2026 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулан ирүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэсэн.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч *******ийн итгэмждэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 223/МА2024/00005 дугаартай магадлалаар Төв аймгийн Цээл сумын нутаг дэвсгэрт байрлах маргаантай газар нь хууль ёсны өвлөгч нарт шилжих ёстой болохыг тогтоож, өмнө олгогдсон өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Уг магадлал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хуулийн хүчин төгөлдөр болж, бүх төрийн байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй болсон. Шүүхийн дээрх магадлалд нэхэмжлэгч ******* нь уг газрыг эзэмших эрхтэй этгээд болох нь нэг мөр тодорхойлогдсон бөгөөд энэ нь захиргааны байгууллага болох сумын Засаг даргын хувьд маргах, тайлбарлах, өөрөөр хэрэглэх боломжгүй эрх зүйн баримт бичиг юм. Гэсэн хэдий ч Төв аймгийн Цээл сумын Засаг дарга нь шүүхийн хүчин төгөлдөр магадлалыг үл харгалзан, нэхэмжлэгчийн зүгээс гаргасан хүсэлтийг хангахгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүйгээр удаа дараа татгалзаж, хуульд заасан үүргээ биелүүлэхгүй байгаа нь Захиргааны ерөнхий хуульд заасан хууль ёсны байдал, шударга ёс, төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод, хариуцлагатай байх зарчмуудыг ноцтой зөрчиж байна. Энэхүү үйлдэл хийхээс татгалзсан байдал нь Захиргааны ерөнхий хуулийн 37, 38 дугаар зүйлд заасан захиргааны байгууллагын хуульд нийцсэн, үндэслэл бүхий, цаг хугацаандаа шийдвэр гаргах үүргийг зөрчсөн бөгөөд нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд бодитой хохирол учруулж байна гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 05 дугаар магадлалаар маргаан бүхий газрыг хууль ёсны өмчлөгч нарт өвлүүлэхийг тогтоосон. Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т зааснаар эрх залгамжлах, эзэмших эрхтэй этгээд нь бол ******* мөн. Засаг даргын эс үйлдэхүйн тухайд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар газрын эрх шилжүүлэх хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 хоногийн дотор шийдвэр гаргах үүрэгтэй. Гэтэл Цээл сумын Засаг дарга нь шүүхийн хүчин төгөлдөр магадлалыг үл харгалзан газрын даамалд даалгахыг шаарддаг. Мөн өвийн гэрчилгээг дахин нэхэх зэргээр хууль бус шаардлага тавьж шийдвэр гаргахгүй байгаа нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байна. ... Засаг дарга нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.1-т зааснаар Засаг дарга нь нутаг дэвсгэртээ үндсэн хууль болон төрийн бодлого шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангаж үр дүнг хариуцах үүрэгтэй гэж заасан. Мөн Иргэний хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж заасан. Гэтэл Цээл сумын Засаг дарга нь Төв аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхийн 03 дугаар сарын 14-ний өдрийн 05 дугаар магадлалыг ямар нэгэн байдлаар үндэслэлгүйгээр биелүүлэхээс татгалзаж байгаа, гэтэл татгалзах эрхгүй, хуулиар хүлээсэн үндсэн үүрэгт нь хамаарах учраас нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Хариуцагч бол Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрын даргын тушаалыг үндэслэж өвлөх эрхийн гэрчилгээг шаардаж байна. Гэтэл Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс гарсан магадлалаар маргаан бүхий газар хууль ёсны өвлөгч нарт шилжих ёстой гэж тогтоосон. Өмнөх хууль бус захирамжууд хүчингүй болсон. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг бүх шатын байгууллага албан тушаалтан заавал биелүүлэх үүрэгтэй. ... Ганцхан Захиргааны шүүхийн шийдвэрийг албан тушаалтан биелүүлнэ гэж байхгүй. Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрын даргын А/187 дугаар тушаалаар баталсан журмыг барьж өвийн гэрчилгээ нэхэж байна. Энэ үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хууль дээдлэх зарчмыг зөрчиж байна. Шүүхийн хүчин төгөлдөр магадлал нь захиргааны журмаас дээгүүр эрх зүйн хүчинтэй баримт. Иргэний шүүх өвлөх эрхийг тогтоосон тохиолдолд нотариатч дахин гэрчилгээ олгох боломжгүй. ... Шүүхээр нэгэнт тогтоогдсон баримт дээр нотариатч өвлөх эрхийн гэрчилгээ олгохгүй. Журам нь хуулиас дээгүүр журам тавьсан. Энэ журмыг хэрэгжүүлэх боломжгүй. Хууль ёсны өв залгамжлагч нь ******* байсан. 3 сарын хугацаанд аавтайгаа хамт амьдарч байсан. Бусад нь нэг жилийн хугацаанд татгалзах хүсэлт хэн ч гаргаагүй. ... Магадлалын хүрээнд хууль ёсны өвлөгчөөр *******ийг тогтоосон. Магадлалаар ******* өвлөх эрхтэй гэсэн зүйл байхгүй. Эзэмдэн авсан үйл баримт хэрэгт авагдаагүй. Өв хүлээн авах талаар нэхэмжлэл гаргаагүй. *******ыг өвлөх эрхийн гэрчилгээ хүчингүй болсон. ... Захиргааны байгууллагын эс үйлдэхүйн талаар Геодези зураг зүйн газрын бичгийг үндэслэж байгаа нь үндэслэлгүй. Дахин гэрчилгээ олгох боломжгүй. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3-т зааснаар, дээгүүр эрх зүйн хүчинтэй байх боломжгүй. Дээрх үндэслэлийг нэгтгэн дүгнэвэл Цээл сумын Засаг дарга шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй хууль ёсны өвлөх эрхийн дагуу баталгаажуулаагүй байгаа нь хууль бус юм. Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн хангагдах үндэслэлтэй гэж үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т зааснаар нэгэнт тогтоосон зүйлийг дахин нотлохгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
*******ынх шийдэгдээгүй гэж байна. ******* өвлөх эрхгүй гэж нэхэмжлэл манайх гаргасан. Манайх өвлөх эрхтэй гэж маргасан. Энэ татгалзлаараа шийдсэн. Хариуцагч миний эсрэг ийм нэхэмжлэл гаргахгүй. Өнөөдөр эцэслэн шийдвэрлэсэн шийдвэр байгаа. Засаг дарга үүрэг хүлээхгүй. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д заасан байна. Шүүхийн шийдвэрт зааснаар газрын эрх шилжүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга шийднэ гэж заасан. Энэ шийдвэрийн дагуу Засаг дарга захирамж гаргах үүрэгтэй. Ямар ч үүрэггүй этгээд биш үүрэгтэй. Тийм учраас бид хариуцагчаар татаж оролцуулсан гэв.
3.3. Хариуцагч Төв аймгийн Цээл сумын Засаг дарга С.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Оргилын 1 дүгээр багийн иргэн Мэндбаяр овогтой ******* нь 2009 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн 55 тоот захирамжаар Тэрхийн цохионд байрлах 18511362621842 нэгж талбарын дугаартай 107га (газрын цахим системд 4123050372 нэгж талбарын дугаартай 950533м2 /95,053 га/ гэж бүртгэгдсэн) газрыг эзэмшиж авсан бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 11-нимй өдөр нас барж, эхнэр Дамдинсүрэн овогтой Цэрэнханд нь 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр тус газрыг өв залгамжлах хүсэлт гаргасан, харин өвлөх эрхийн гэрчилгээ байхгүй тул тус өргөдлийг шийдвэрлээгүй, дараа нь 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 0085 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр тус газрыг 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/106 тоот захирамжаар иргэн *******ад эзэмшүүлэн шийдвэрлэсэн. Мөн тус газрыг өөрийн нэр дээр шилжүүлсэний дараа иргэн Г.Хаянхирваад шилжүүлэх хүсэлт гарган 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/125 тоот захирамжаар эрхийг шилжүүлсэн бөгөөд 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн *******, *******, , нарын хүсэлтээр өмнөх эзэмшигч Б.*******ийн эрхийг сэргээж, эрх шилжсэн захирамжуудыг хүчингүй болгосон. 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ******* нь шүүхийн тогтоол миний талд гарсан хэмээн өргөдөл гаргасан бөгөөд өргөдлийг хянан үзээд Газрын тухай хуулийн 30.2-д заасан "Газар эзэмшигч нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон тохиолдолд уг иргэний хууль ёсны өв залгамжлагч нь хүсвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж, анхдагч гэрээнд заасан газар эзэмших хугацаа дуустал газрыг үргэлжлүүлэн эзэмшиж болно" гэж заасан, мөн тухайн үед мөрдөгдөж байсан Газар зохион байгуулалт геодези зураг зүйн даргын 2021 оны 09 сарын 15-ны өдрийн А/187 тоот тушаалаар батлагдсан Газар эзэмших ашиглах эрхийн гэрчилгээ олгох журамын 5.4.1-д өвлөх эрхийн гэрчилгээ хавсаргана гэж заасныг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээ байх шаардлагатай тул өвлөх эрхийн гэрчилгээг авч ирэхийг шаардсан, уг шаардлагын дагуу өвлөх эрхийн гэрчилгээ авч ирээгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. ... Өв залгамжлалын гэрчилгээг хүчингүй болгосон ч гэсэн 05 дугаартай магадлал нь талийгчийн 5 хүүхдээс ******* гэж тодруулсан болохоос *******ыг эрхтэй болон эрхгүй гэсэн тодорхой шийдвэр гаргаагүй учраас өв залгамжлах эрх бүхий этгээд байна гэж үзэж өв залгамжлалын гэрчилгээг уг этгээдүүдээс шаардсан. Геодези зураг зүйн газрын тушаалаар өвлөгчийг өвлөх эрхийн гэрчилгээгээр тодорхойлно гэж заасан учраас тэрний дагуу шаардсан гэв.
3.4. Гуравдагч этгээд *******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч ******* нар бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсанаар Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянаад Төв аймгийн Цээл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 4123050372 дугаартай, газар эзэмших эрхийн 0000061364 дугаартай гэрчилгээтэй 950533 м.кв газрын өвлөх эрхийн гэрчилгээг хариуцагч *******ад олгосон нь бусад өвлөгчийн эрхийг хөндөж байх тул 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 0085 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, өвлүүлэгчийг нас барах хүртэл хамт амьдарч байсан нэхэмжлэгч *******ийг өв хүлээн авах эрхээ алдаагүй гэж үзэж, өв залгамжлагчаар тогтоох нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д заасантай нийцнэ гэж шийдвэрлэсэн. Харин *******ын өвлөх эрхтэй эсэх талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, тухайн асуудлыг шүүхээр шийдвэрлээгүй бөгөөд маргаан бүхий газрын 100 хувийн өмчлөгчөөр *******ийг тогтоогоогүй. Нэхэмжлэгч ******* нь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд давж заалдах шатны шүүхийн магадлалыг үндэслэн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох шаардлага нь үндэслэлгүй юм. Хариуцагчийн тайлбартай санал нэг байна. ******* бол тухайн газрын эзэн, Цэрэнхандтай гэрлэлтийн баталгаатай хамт амьдарч байгаад нас барсан. Хууль ёсны өвлөгч дотроо тэргүүн ээлжийн өвлөгчид гэр бүлийн эхнэр нөхөр мөн төрсөн болон үрчилж авсан хүүхдүүд орно гэж заасан. Цэрэнханд болон Төмөрчөдөр нар адилхан эрх бүхий өмчлөгч нар. Төв аймгийн эрүү иргэний давж заалдах шатны шүүхийн 05 дугаар магадлал юу шийдсэн бэ гэхээр тухайн үед Цэрэнханд дээр өвлөх эрхийн гэрчилгээ гаргасан байсан. Нотариатын үйлдэл байгааг хүчингүй болгосон. Яагаад хүчингүй болгосон бэ гэхээр тухайн үед талийгаач ганцхан Цэрэнханд гэсэн нь буруу юм гэдэг байдлаар хүчингүй болгож байгаа. Иймд энэ хоёр хүн бол хоёулаа өвлөх эрхтэй байна гэж үзэж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласнаар Цэрэнхандыг өвлөх эрхтэй эсэхийг шийдээгүй. Гуравдагч этгээдийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргахаар нотариатын байгууллагаар өвлөх эрхийн гэрчилгээ ав гэдэг татгалзсан захирамж гарсан. ... Зүй нь ******* болон ******* нар өвлөх эрхийн гэрчилгээг үйлдэж энэ газрыг адил тэгш өвлөх эрхтэй гэсэн агуулгыг илэрхийлж байна. Энэ шүүхийн магадлалд *******ад олгосон өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Яагаад гэвэл өвлөх эрхийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэдэг нь *******ыг өвлөх эрхтэй биш гэсэн зүйл биш. Гэрчилгээг олгохдоо хууль зөрчсөн байна гэдгийг үндэслэл болгож байгаа. Тэр нь бусад өвлөгч нар байна. Хамт амьдарч байсан өвлөгч байна. Мэдээж тухайн газрыг өвлөх эрхтэй хүн нь ******* гэдэгтэй маргаагүй. Учир нь шүүхийн шийдвэр буюу магадлал хүчин төгөлдөр байгаа. Нэхэмжлэлийн шаардлага бол нотариатчийн үйлдэл болон өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, Төв аймгийн Цээл сумын нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын дугаартай 95 га газрын өв залгамжлагчаар тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэв гэж байна. Өв залгамжлагчаар нэхэмжлэгч Төмөрчөдөр бол хуульд заасны дагуу өвлөгч юм гэдгийг энэ шаардлагын дагуу тогтоож байна. Хавтаст хэрэгт авагдсан өвлөх эрхийн гэрчилгээгээр бол өвлөх эрхийг гуравдагч этгээдүүд болон бусад этгээд нарын өвлөх эрхийг хязгаарлаагүй тохиолдолд энэ бол хууль ёсны хүчин төгөлдөр болно. Гол нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан болон ******* өвлөх эрхээ алдаагүй. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийнэ. Нээхгүй байсан ч гэсэн шийдвэрлүүлэх эрх байгаа. *******ыг өвлөгчөөр шийдвэрлээгүй, бидэнд мөн шийдвэрлүүлэх эрх байгаа. Засаг даргыг буруутгах хууль зүйн үндэслэл байхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг: Нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
1.1. Нэхэмжлэгч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Цээл сумын Засаг даргад холбогдуулан гаргасан захиргааны хэргийг хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
1.2. Иргэн *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 сарын 14-ний өдрийн 05 дугаар магадлалыг үндэслэн, *******т газар эзэмших эрхийг шилжүүлэн олгохгүй байгаа Цээл сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгах[1] гэж нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан.
1.3. Харин шүүх хуралдааны явцад “Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 05 дугаар магадлалаар тогтоогдсон эрхийн дагуу Цээл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын дугаар 4123050372 дугаартай 950543 м.кв бүхий газар эзэмших гэрчилгээг нэхэмжлэгч *******ийн нэр дээр шилжүүлэн гаргаж шийдвэрлэхийг Төв аймгийн Цээл сумын Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, тодруулсан шаардлагын тухайд Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 05 дугаар магадлалыг үндэслэн *******ийн нэр дээр шилжүүлэн олгохгүй байгаа Цээл сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож нэхэмжлэгчийн нэр дээр газар эзэмших гэрчилгээг шилжүүлэн олгохыг хариуцагчид даалгах” гэж эцсийн байдлаар тодорхойлсон эдгээр шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
1.4. Нэхэмжлэгчээс “Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 05 дугаар магадлалаар *******ад олгосон 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 0085 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Хайрхан овогт *******ийн Төмөрчөдөрийг талийгаач Хайрхан овогт *******ийн эзэмшиж байсан Төв аймгийн Цээл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 4123050372 тоот нэгж талбарын дугаартай, 0000061364 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй, 950533 м.кв газрын өв залгамжлагчаар тогтоож, уг хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн бөгөөд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй Төв аймгийн Цээл сумын Засаг нь Газрын тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэхгүй эс үйлдэхүй гаргаж, маргаан бүхий газрын газар эзэмших эрхийг хууль ёсны өв залгамжлагч *******т шилжүүлэхгүй, нэхэмлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолыг зөрчигдөж байна.
Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрын даргын А/187 дугаар тушаалаар баталсан журмыг барьж өвийн гэрчилгээ нэхэж байна. Энэ үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хууль дээдлэх зарчмыг зөрчиж байна. Шүүхийн хүчин төгөлдөр магадлал нь захиргааны журмаас дээгүүр эрх зүйн хүчинтэй баримт. Иргэний шүүх өвлөх эрхийг тогтоосон тохиолдолд нотариатч дахин гэрчилгээ олгох боломжгүй. ... Шүүхээр нэгэнт тогтоогдсон баримт дээр нотариатч өвлөх эрхийн гэрчилгээ олгохгүй. Журам нь хуулиас дээгүүр журам тавьсан. Энэ журмыг хэрэгжүүлэх боломжгүй. Хууль ёсны өв залгамжлагч нь ******* байсан. 3 сарын хугацаанд аавтайгаа хамт амьдарч байсан. Бусад нь нэг жилийн хугацаанд татгалзах хүсэлт хэн ч гаргаагүй. ... Магадлалын хүрээнд хууль ёсны өвлөгчөөр Төмөрчөдөрийг тогтоосон. Магадлалаар ******* өвлөх эрхтэй гэсэн зүйл байхгүй. Эзэмдэн авсан үйл баримт хэрэгт авагдаагүй. Өв хүлээн авах талаар нэхэмжлэл гаргаагүй. *******ыг өвлөх эрхийн гэрчилгээ хүчингүй болсон. ... Захиргааны байгууллагын эс үйлдэхүйн талаар Геодези зураг зүйн газрын бичгийг үндэслэж байгаа нь үндэслэлгүй. Дахин гэрчилгээ олгох боломжгүй. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3-д зааснаар, дээгүүр эрх зүйн хүчинтэй байх боломжгүй. Дээрх үндэслэлийг нэгтгэн дүгнэвэл Цээл сумын Засаг дарга шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй хууль ёсны өвлөх эрхийн дагуу баталгаажуулаагүй байгаа нь хууль бус юм гэж,
1.5. Хариуцагчаас “Оргилын 1 дүгээр багийн иргэн М.******* нь сумын Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 55 тоот захирамжаар Тэрхийн цохионд байрлах 18511362621842 нэгж талбарын дугаартай 107га (газрын цахим системд 4123050372 нэгж талбарын дугаартай 95,053 га гэж бүртгэгдсэн) газрыг эзэмшсэн. Улмаар 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нас барсан. Ийнхүү өв залгамжлалийн асуудлар шүүхэд маргаан үүсгэж, улмаар Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 223/МА2024/00005 дугаар магадлалаар маргааны бүхий 95 га газарт өв залгамжлагчаар *******ийг тогтоосон хэдий ч эхнэр *******ийг өвлөх эрхтэй, эрхгүй талаар шийдвэр байгаагүй. Иймд тухайн үед мөрдөгдөж байсан Газар зохион байгуулалт геодези зураг зүйн даргын 2021 оны 09 сарын 15-ны өдрийн А/187 тоот тушаалаар батлагдсан Газар эзэмших ашиглах эрхийн гэрчилгээ олгох журамд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээг газар эзэмших эрх шилжүүлэх тухай хүсэлт гаргасан *******өөс шаардаж байсан. Өв залгамжлалын гэрчилгээг хүчингүй болгосон ч гэсэн 05 дугаартай магадлал нь талийгчийн 5 хүүхдээс ******* гэж тодруулсан болохоос *******ыг эрхтэй болон эрхгүй гэсэн тодорхой шийдвэр гаргаагүй учраас өв залгамжлах эрх бүхий этгээд байна гэж үзэж өв залгамжлалын гэрчилгээг уг этгээдүүдээс шаардсан. Геодези зураг зүйн газрын тушаалаар өвлөгчийг өвлөх эрхийн гэрчилгээгээр тодорхойлно гэж заасан учраас тэрний дагуу шаардсан,
1.6. Гуравдагч этгээдээс, нэхэмжлэлд дурдсанаар Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянаад Төв аймгийн Цээл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 4123050372 дугаартай, газар эзэмших эрхийн 0000061364 дугаартай гэрчилгээтэй 950533 м.кв газрын өвлөх эрхийн гэрчилгээг хариуцагч *******ад олгосон нь бусад өвлөгчийн эрхийг хөндөж байх тул 2022 оны 04 сарын 20-ны өдрийн 0085 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, өвлүүлэгчийг нас барах хүртэл хамт амьдарч байсан нэхэмжлэгч *******ийг өв хүлээн авах эрхээ алдаагүй гэж үзэж, өв залгамжлагчаар тогтоох нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д заасантай нийцнэ гэж шийдвэрлэсэн. ...******* болон ******* нар адилхан эрх бүхий өмчлөгч нар. Төв аймгийн Эрүү, иргэний давж заалдах шатны шүүхийн 05 дугаар магадлал юу шийдсэн бэ гэхээр тухайн үед ******* дээр өвлөх эрхийн гэрчилгээ гаргасан байсан. Нотариатын алдаатай үйлдэл байгааг хүчингүй болгосон. Яагаад хүчингүй болгосон бэ гэхээр тухайн үед талийгаач ганцхан Цэрэнханд гэсэн нь буруу юм гэдэг байдлаар хүчингүй болгож байгаа. Иймд энэ хоёр хүн бол хоёулаа өвлөх эрхтэй байна гэж үзэж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласнаар *******ыг өвлөх эрхтэй эсэхийг шийдээгүй. ... Өв залгамжлагчаар нэхэмжлэгч ******* бол хуульд заасны дагуу өвлөгч юм гэдгийг энэ шаардлагын дагуу тогтоож байна. Хавтаст хэрэгт авагдсан өвлөх эрхийн гэрчилгээгээр бол өвлөх эрхийг гуравдагч этгээдүүд болон бусад этгээд нарын өвлөх эрхийг хязгаарлаагүй тохиолдолд энэ бол хууль ёсны хүчин төгөлдөр болно. Гол нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан болон ******* өвлөх эрхээ алдаагүй. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийнэ. Нээхгүй байсан ч гэсэн шийдвэрлүүлэх эрх байгаа. *******ыг өвлөгчөөр шийдвэрлээгүй, бидэнд мөн шийдвэрлүүлэх эрх байгаа. Засаг даргыг буруутгах хууль зүйн үндэслэл байхгүй, гэж тус тус тайлбарлан маргасан.
Хоёр. Маргааны үйл баримтууд:
2.1. Анх Төв аймгийн Цээл сумын Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 55 дугаар захирамжаар[2] тус сумын Тэрхийн цохионд байрлах нэгж талбарын 4123050372 /18511362621842/ дугаартай, үр тарианы усалгаагүй тариалан зориулалтаар 950533 м.кв газрыг иргэн М.*******ид эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн Э-1422000403 дугаарт бүртгэж гэрчилгээ олгожээ.[3]
2.2. Иргэн М.******* нь *******тай албан ёсоор гэрлэлтээ батлуулан, 2000 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гэр бүл болсныг 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр иргэний гэрлэсний бүртгэлийн 4173000009 дугаарт бүртгэж гэрчилгээг[4] олгожээ. М.******* нь 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нас барсан ба нас барсны бүртгэлийн 18 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон байна.[5]
2.3. Үүнээс, хууль ёсны эхнэр ******* нь Төв аймгийн тойргийн нотариатчид хандаж, улмаар 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 0085 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр[6] *******ад энэхүү үр тарианы зориулалтаар 950533 м.кв газрын өвлөх эрхийг олгосон.
2.4. Ийнхүү ******* нь Төв аймгийн Цээл сумын Засаг даргад маргааны бүхий газрын эрх шилжүүлэх хүсэлт, өвлөх эрхийн гэрчилгээг хавсарган хандсан, улмаар Төв аймгийн Цээл сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/106 дугаар захирамжаар[7] иргэн М.******* нас барж түүний өв залгамжлагч болох *******ад 0085 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээний дагуу М.*******ийн эзэмшдэг нэгж талбарын 4123050372 дугаартай үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай 950533м2 (95,053га) газрыг шилжүүлэн хугацааг үргэлжлүүлэн эзэмшүүлжээ.
2.5. Харин иргэн М.*******ийн хүүхдүүд болох *******, , *******, нараас Төв аймгийн Цээл сумын Засаг даргад “*******, , нарын нэхэмжлэлтэй, газар эзэмших эрхийг дангаар өвлөн авсан *******, өвлөх эрхийн гэрчилгээ олгосон наториатч Б.Намбар нарт холбогдуулан хариуцагчаар тодорхойлон нэхэмжлэл гарган шийдвэрлүүлсэн. Улмаар тус сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/106, 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/125 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулахаар хүсэлт гаргаж, тус сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/230 дугаар “Захирамж хүчингүй болгож, эрх сэргээх тухай” захирамжаар Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/106, 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/125 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгож буюу иргэн М.*******ийн газар эзэмших эрхийг өмнөх байдлаар сэргээж шийдвэрлэжээ.
2.6. Нэхэмжлэгч ******* нь Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн , , ******* нартай хамтран хариуцагчаар *******, Д.Намбарт тус тус холбогдуулан “Нотариатын үйлдэл болон өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, Төв аймгийн Цээл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 4123050372 тоот нэгж талбарын дугаартай 0000061364 тоот эзэмших эрхийн гэрчилгээтэй 950533 м.кв газрын өв залгамжлагчаар тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагаар тухайн шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг хянан шийдвэрлэсэн болох нь тодорхойлогдож байна.
2.7. Энэ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 223/МА2024/00005 дугаар магадлалаар[8]: ... *******ад олгосон 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 0085 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Хайрхан овогт *******ийн Төмөрчөдөрийг талийгаач Хайрхан овогт *******ийн эзэмшиж байсан Төв аймгийн Цээл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 4123050372 тоот нэгж талбарын дугаартай, 0000061364 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй, 950533 м.кв газарт иргэн *******ийг өв залгамжлагчаар тогтоож, намтран нгэхэмжлэгч иргэн , , ******* нар уг газар эзэмших эрхийг өв залгамжлагчаар эрхгүй болохыг тогтоож шийдвэрлэсэн хэдий ч, *******ыг өв залгамжлах эрхийг дүгнэн эцэслэн шийдвэрлээгүй байна.
2.8. Ийнхүү иргэн ******* нь Төв аймгийн Цээл сумын Засаг даргад 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр[9], 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр[10] тус тус агуулга адил “Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 223/Ма2024/00005 дугаар магадлалаар шийдвэрлэгдсэн Төв аймгийн Цээл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 4123050372 тоот дугаартай 950533 м.кв газрыг ******* миний нэр дээр шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтүүдийг удаа дараа гаргаж хандсан хэдийч Төв аймгийн Цээл сумын Засаг даргаас хүсэлтүүдийг шийдвэрлэж хариу өгөөгүй, эс үйлдэхүй гаргалаа гэж тайлбарлан маргасан.
2.9. Газрын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах болон түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт ““газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг”, 38 дугаар зүйлд Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, 38.2 дахь хэсэгт “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана”, 38.2.1 дэх хэсэгт “нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ”, 38.2.2 дахь хэсэгт “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо”, 38.3 дахь хэсэг “Аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна”, 38.3.1 дэх хэсэгт “энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх”, 38.3.3 дахь хэсэгт “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх”, 38.4 дэх хэсэгт “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, эрхийн гэрчилгээг баталгаажуулна” гэж тус тус заасан.
2.10. Дээрх хуулийн заалтаас үзвэл, хариуцагч захиргааны байгууллагаас иргэн *******ийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр, 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр тус тус гаргасан хүсэлтүүдийг хүлээн аваад, нэмэлт ач холбогдол бүхий баримт болох өвлөх эрхийн гэрчилгээг шаардахад, харин иргэн ******* нь өвлөх эрхийн гэрчилгээг захиргааны байгууллагад өгөөгүй, газар эзэмших эрхийг шилжүүлэхэд шаардагдах баримт бичгийн бүрдэл дутуу учраас холбогдох баримт, өвлөх эрхийн гэрчилгээг иргэн *******өөс тодруулах чиг үүргийн хүрээнд буюу газрын асуудал эрхэлсэн байгууллагын зөвлөмж, чиглэлийн дагуу, нэхэмжлэгчээс тус газар эзэмших эрхийн гэрчилгээг дангаар өв залгамжлах эрхтэй болохыг нотлох баримтыг шаардсан нь хуульд нийцсэн байна.
2.11. Тодруулбал, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах эрх хэмжээтэй байна”, 23.2.1-д “газрын талаарх хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах”, 23.2.22-д “нэгж талбарын хувийн хэрэг хөтлөх журмыг батлах” гэж тус тус заасан чиг үүргийн хүрээнд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 1/391 дугаар “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичигт[11] заасан чиглэлийн дагуу хариуцагч Засаг даргын газрын асуудлыг эрхлэн гүйцэтгэдэг сумын Газрын даамал албан тушаалтан нь ажил үүргээ гүйцэтгэсэн байх ба маргаан бүхий Төв аймгийн Цээл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 4123050372 тоот нэгж талбарын дугаартай 0000061364 тоот эзэмших эрхийн гэрчилгээтэй 950533 м.кв газрын эзэмших эрхийг иргэн *******т газар эзэмших эрхийг шилжүүлэн эзэмшүүлэхэд шаардагдах баримт болох өвлөх эрхийн гэрчилгээ, улмаар энэ эрхийг дангаараа өв залгамжлах эрхтэй гэдгийг нотлох баримт байхгүй учраас хариуцагчаас эрх шилжүүлэх шийдвэр гаргах, нэхэмжлэгч иргэнтэй газар эзэмших гэрээ байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх, эрхийн гэрчилгээг баталгаажуулах боломжгүй нөхцөл байдал бий болсныг буруутгах үндэслэлгүй.
2.12. Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт “Газар эзэмшигч нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон тохиолдолд уг иргэний хууль ёсны өв залгамжлагч нь хүсвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж, анхдагч гэрээнд заасан газар эзэмших хугацаа дуустал газрыг үргэлжлүүлэн эзэмшиж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгчээс хуулиар тодорхойлсон хууль ёсны буюу дангаар /маргаангүй/ өв залгамжлагч гэдгээ нотлох баримтыг шаардах үндэслэлтэй бөгөөд мөн газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт, өвлөх эрхийн гэрчилгээг буюу Газрын тухай хууль, журамд заасан бүрдэл баримт бичиг нь хуулийн шаардлага хангасан тохиолдолд сумын Засаг дарга өөрийн чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд маргаж буй газрын асуудыг шийдвэрлэх хуулийн зохицуулалттай байна.
2.13. Иймд, нэхэмжлэгчээс гаргасан “Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 сарын 14-ний өдрийн 05 дугаар магадлалыг үндэслэн, *******т газар эзэмших эрхийг шилжүүлэн олгохгүй байгаа Цээл сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлыг хүлээн авах үндэслэлгүй буюу нэхэмжлэгч иргэн өөрөө холбогдох бичиг баримтын бүрдлыг ханган хүсэлт гаргаагүй болох нь тогтоогдож байгаагаар хариуцагчийн үйлдэл хууль бус эс үйлдэхүй гэж үзэх үндэслэлгүй болох ба үүнээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байна гэж шүүхээс дүгнэлээ.
2.14. Өв залгамжлалын тухайд: Маргаан бүхий газрыг эзэмшихээр өв залгамжлагч нарын хооронд маргаан үүсэж, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 сарын 14-ний өдрийн 05 дугаар магадлалаар *******ад олгосон 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 0085 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Хайрхан овогт *******ийн Төмөрчөдөрийг талийгаач Хайрхан овогт *******ийн эзэмшиж байсан Төв аймгийн Цээл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 4123050372 тоот нэгж талбарын дугаартай, 0000061364 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй, 950533 м.кв газрын өв залгамжлагч болохыг тогтоосноор, уг нэхэмжлэлийн шаардлага бүхий хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн.
2.15. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч иргэн ******* нь дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр маргаан бүхий газрын эзэмших эрхийг өв залгамжлан авах эрхтэй болох нь тогтоогдож шийдвэрлэгдсэн, харин гуравдагч этгээд болох иргэн ******* нь өвлөх эрхээ хэрэгжүүлэх хүсэл зоригоо илэрхийлэн хэрэгжүүлсэн хэдий ч тухайн үедээ бусад өвдөгч нарын эрхийг хангаагүй шийдвэрлэгдсэн байдлаас шалтгаалан өвдөх эрхийн гэрчилгээ нь хүчингүй болсон байгаа нөхцөл байдал тогтоогдож байгаа бөгөөд одоогоор гуравдагч этгээдийн өв залгамжлах эрхийн асуудлыг шийдвэрлэсэн ямар нэгэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.
2.16. Тодруулбал, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт “нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх”, мөн хуулийн 520.6 дахь хэсэгт “Гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн гишүүнд оногдох хэсгийг гагцхүү энэ хуулийн 520.1.1-д заасан этгээд биет байдлаар буюу мөнгөн хэлбэрээр өвлөх эрхтэй” гэж тус тус хуульчилсан.
2.17. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 сарын 14-ний өдрийн 05 дугаар магадлалаар, зөвхөн тухайн хэргийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, иргэн *******ийг маргаан бүхий 950533 м.кв газрын өв залгамжлагчаар тогтоосон байх бөгөөд, энэ магадлалаар буюу тухайн иргэний хэргийн нэхэмжлэлийн “Нотариатын үйлдэл болон өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, Төв аймгийн Цээл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 4123050372 тоот нэгж талбарын дугаартай 0000061364 тоот эзэмших эрхийн гэрчилгээтэй 950533 м.кв газрын өв залгамжлагчаар тогтоолгох” тухай шаардлагын хүрээнд иргэн М.*******ийн хууль ёсны эхнэр *******ын өвлөх эрхийг ямар нэг байдлаар дүгнэж шийдвэрлээгүй байна.
2.18. Иймд, иргэн *******, ******* нарт өвлөгдөх эрх буюу маргаан бүхий Төв аймгийн Цээл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 4123050372 тоот нэгж талбарын дугаартай, 0000061364 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй, 950533 м.кв газрыг хэрхэн өвлөх, эсхүл оногдох хэсгийг зохих хэмжээгээр хуваарилахыг хэрхэх цаашид хариуцагч Засаг дарга бус нэхэмжлэгч *******, гуравдагч этгээд ******* нар шийдвэрлэх, улмаар маргаан гарвал ердийн харьяаллын шүүх шийдвэрлэх үр дагавартай гэж үзэхээр байна.
2.19. Гэтэл уг газрыг өвлөх өвлөгчидийн дунд газрыг хуваарилах талаар маргаантай байгаа нь хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байхаас гадна хариуцагчийн газар эзэмших эрхийн өв залгамжлах эрхийг тодруулах гэсэн үйлдлийг буруутгах үндэслэлгүй, мөн дээрх шүүхийн шүүхийн төгөлдөр болсон шийдвэр нь хариуцагч Засаг даргад холбогдох, эсхүл түүнд чиглэн гарсан шийдвэр биш байх тул хариуцагч шууд дангаар өв залгамжлах эрхийг тодорхойлон шийдвэрлэх чиг үүрэггүй бөгөөд энэ үйлдлийг хийлгэхээр түүнд даалган шийдвэрлэх үндэслэлгүй юм.
2.20. Дээрхээс үзвэл. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.5 дахь хэсэгт “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан, хариуцагчийн Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 05 дугаар магадлалыг үндэслэн, *******т газар эзэмших эрхийг шилжүүлэн олгохгүй, нэхэмжлэгч *******ийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээг баталгаажуулаагүй нь бодит нөхцөл байдалд тохирсон, нэхэмжлэгч *******ийн эрх хууль ёсны ашиг сонирхолыг хөнөөдөөгүй байх тул иргэн *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.21. Түүнчлэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргаан, хэрэгт авагдсан баримтаас үзвэл иргэн *******ын хууль ёсны эрх ашиг сонихол хөндөгдөж болзошгүй гэж үзээд шүүхээс *******ыг гуравдагч этгээдээр татан оролцуулсан болохыг дурдах нь зүйтэй байна.
2.22. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, 23.2.1, 23.2.22, 30 дугаар зүйлийн 30.2, 38 дугаар зүйлийн 38.3.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ээс Төв аймгийн Цээл сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 05 дугаар магадлалыг үндэслэн, *******т газар эзэмших эрхийг шилжүүлэн олгохгүй байгаа Цээл сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйл, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЗОРИГТБААТАР
[1] 1 дүгээр хавтас хэргийн 151-152 дахь талд,
[2] 1 дүгээр хавтас хэргийн 48 дахь талд,
[3] 1 дүгээр хавтас хэргийн 76 дахь талд,
[4] 1 дүгээр хавтас хэргийн 79 дэх талд,
[5] 1 дүгээр хавтас хэргийн 78 дахь талд,
[6] 1 дүгээр хавтас хэргийн 81 дэх талд,
[7] 1 дүгээр хавтас хэргийн 92 дахь талд,
[8] 1 дүгээр хавтас хэргийн 13-18 дахь талд,
[9] 1 дүгээр хавтас хэргийн 31 дэх талд,
[10] 1 дүгээр хавтас хэргийн 30 дахь талд,
[11] 1 дүгээр хавтас хэргийн 126 дахь талд,