2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 192/шш2025/06283

 

 

 

 

 

 

 

 

   2025             08              13                                            192/ШШ2025/06283

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

*******,*******,*******, 1 тоотод оршин суух Цагаан бөө ургийн овогтой Доржпаламын Энхзаяа /РД:ШЕ81081868/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг,*******,*******,*******,*******-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Энхзаяа, хариуцагч Х.Сандагсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Энхзаяа нь хариуцагч Х.Сандагсүрэнд холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “Д.Энхзаяа миний бие 2005 онд Х.Сандагсүрэнтэй танилцаж 2007 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. Бидний амьдрах хугацаанд 2007 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүү *******төрсөн. Бидний хүү *******2009 оны 05 дугаар сарын 27-ны өдөр бурхан болсон. Миний бурхан болсноос хойш Х.Сандагсүрэнгийн зан харилцааны тааламжгүй хүнд хэлбэрээс шалтгаалан хамтран амьдрах боломжгүй болсон учраас 2010 оны 07 дугаар сард миний бие гэрээсээ явсан бөгөөд тус тусдаа амьдарсан. Одоо бидний хувьд салаад 15 жил болсон. Тус тусын амьдралтай болсон. Цаашид хамтран амьдрах боломжгүй тул 2025 оны 08 дугаар сарын 20-ны дотор яаралтай гэрлэлтийн баталгааг салгаж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Х.Сандагсүрэн нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Д.Энхзаяагийн нэхэмжлэл гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Эд хөрөнгийн ямар нэгэн маргаан байхгүй” гэжээ. 

 

            Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, нас барсны бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг баримтыг ирүүлсэн.

 

Хариуцагчаас баримт ирүүлээгүй байна.  

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Д.Энхзаяа нь хариуцагч Х.Сандагсүрэнд холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Х.Сандагсүрэн бүхэлд нь хүлээн зөвшөөрч, тайлбар гаргажээ. 

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

 

3.1. Нэхэмжлэгч Д.Энхзаяа болон хариуцагч Х.Сандагсүрэн нар гэр бүл болсныг 2007 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гэрлэлт бүртгэлийн байгууллагад бүртгүүлжээ.(хавтаст хэргийн 5 дахь тал)

 

3.2. Сандагсүрэнгийн *******нь 2009 оны 05 дугаар сарын 26-ны өдөр нас барсан барсныг 2009 оны 05 дугаар сарын 27-ны өдөр иргэний бүртгэлийн байгууллагад бүртгүүлжээ. (Хавтаст хэргийн 4 дэх тал) 

 

3.3 Гэрлэгчдийн хооронд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн боловч эвлэрэл амжилтгүй болсон. (Хавтаст хэргийн 3 дах тал) 

 

3.4. Зохигчид гэрлэлт цуцлуулах талаар маргаангүй.

 

4. Гэрлэгчид нь гэрлэлтээ бүртгүүлж, албан ёсоор гэр бүл болсон болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээний лавлагаа зэргээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

5. Нэхэмжлэгч Д.Энхзаяа нь хариуцагч Х.Сандагсүрэн нар зан харилцааны таарамжгүй хүнд хэлбэрээс шалтгаалан сүүлийн 15 жил тусдаа амьдарч байгаа гэх тайлбар гаргаж, гэрлэлтээ цуцлуулахыг хүссэнийг хариуцагч зөвшөөрсөн, талуудын хооронд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн боловч амжилтгүй болсон зэрэг нөхцөл байдлыг дүгнэж Д.Энхзаяа болон Х.Сандагсүрэн нарын гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэв.

 

6. Нэхэмжлэгч нь гэр бүлийн дундын эд хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргаагүй болохыг  дурдах нь зүйтэй.

 

7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Цагаан бөө ургийн овогтой Доржпаламын Энхзаяа болон Жаргалант ургийн овогтой Хүрэлбаатарын Сандагсүрэн нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Сандагсүрэнгээс 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Энхзаяад олгосугай.

 

3. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтээ цуцлуулсан талаар иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг зохигчдод мэдэгдсүгэй.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ш.ОТГОНБАЯР