| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 192/2025/01841/И |
| Дугаар | 192/ШШ2025/05644 |
| Огноо | 2025-07-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 192/ШШ2025/05644
2025 07 02 192/ШШ2025/05644
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******-д холбогдох,
596,372,770 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч холбогдуулан 596,372,770 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. М Си Эс Проперти" ХХК /цаашид "Нэхэмжлэгч" эсхүл "Худалдан авагч" гэх/ нь "Вагнер Ази Индастриал" ХХК /цаашид "Худалдагч" гэх/-тай 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр дугаартай Тоног төхөөрөмж захиалгаар худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Тус гэрээгээр Нэхэмжлэгч нь тохиролцсон төлбөрийг гэрээнд заасны дагуу төлөх, Худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, худалдан авагчийн сонгож, захиалсан 139,4 метр цамхагт краныг холбогдох баримт бичгийн хамт худалдан авагчид нийлүүлэх үндсэн үүрэг хүлээсэн байдаг. Гэрээний 2.1 дэх хэсэгт “Гэрээний зүйлийн нийт үнэ нь НӨАТ тооцсон дүнгээр 955,567,404 төгрөг байна" гэж заасан бөгөөд Нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу урьдчилгаа төлбөр болох 260,609,292 төгрөгийг 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр, үлдэгдэл төлбөр болох 694,958,112 төгрөгийг 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Худалдагчийн дансанд тус тус шилжүүлсэн. Талууд гэрээний дагуу цамхагт краныг 139.4 метр хүртэл өндөртэй угсрагдах эд ангийг нийлүүлэхээр харилцан тохиролцсон бөгөөд нэхэмжлэгчийн төслийн талбайд цамхагт кран 52.4 метр хүртэл угсрагдсан байдаг. Гэвч нэхэмжлэгч тодорхой шалтгааны улмаас төслийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болж, төслийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосон. Үүнтэй холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөрийг Худалдагчид төлж, хүлээж аваагүй байгаа үлдэгдэл 87 метр угсрагдах эд ангийг Худалдагчийн агуулахад төслийн үйл ажиллагаа дахин эхлэх хүртэл түр хугацаанд хадгалуулахаар талууд харилцан тохиролцсон. Тухайн үед Нэхэмжлэгчтэй гэрээ байгуулж, үлдэгдэл эд ангийг хадгалахаар тохиролцсон этгээд нь Вагнер Ази Индастриал ХХК буюу Худалдагч мөн боловч 2023 онд төслийн үйл ажиллагаа дахин эхэлсэнтэй холбоотой уг компанитай холбогдоход компани нь өөрчлөн байгуулагдаж, болсон гэдэг. Улмаар үлдэгдэл эд ангийг 2023 оны 5-р сарын 10-ны өдрийн дотор төслийн талбайд авах хүсэлтэй байгаа тухайгаа илэрхийлсэн албан бичиг -д хүргүүлэхэд, энэ асуудлаар -иас тодруул гэсэн хариу ирүүлсэн. Нэхэмжлэгч нь 2023 оны 5 дугаар сарын 4-ний өдөр -д дээрх асуудлаар хандахад "Вагнер ази индастриал ХХК нь 2018 онд Вагнер ази тоног төхөөрөмж ХХК-д нэгдсэн бөгөөд Вагнер ази тоног төхөөрөмж ХХК нь одоогийн юм. Иймд Вагнер ази индастриал ХХК-тай холбоотой аливаа гэрээний асуудал -д хамааралгүй болно" гэдэг хариуг өгсөн. Үргэлжлүүлэн Нэхэмжлэгчийн зүгээс -д 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүргүүлсэн хүсэлтдээ талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.1.8-д "Худалдагч нь бусдад худалдагдсан, аливаа хэлбэрээр өөрчлөн байгуулагдсан бол Худалдагчийн энэхүү гэрээгээр хүлээсэн эрх, үүрэг түүний эрх, үүрэг хүлээн авагчид бүрэн хэмжээгээр шилжсэнд тооцно" гэж заасан болохыг дурдаад цамхагт краны үлдэгдэл эд ангийг хүлээлгэн өгөх эрх бүхий албан тушаалтныг томилж, дэмжлэг үзүүлэхийг хүсэж, холбогдох баримт бичгийн хамт хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй. Хариу ирүүлээгүй учир 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр дахин дээрх асуудлаар хүсэлт хүргүүлсэн боловч мөн л аливаа хариу ирүүлээгүй ба өнөөдрийг хүртэл ямар ч арга хэмжээ аваагүй байна. Хариуцагчийн харилцан тохиролцсоны дагуу цамхагт краны үлдэгдэл эд ангийг хүлээлгэж өгөөгүйгээс гадна холбогдох тайлбар гаргаж өгөөгүй тул Нэхэмжлэгчийн зүгээс дахин зардал гаргаж, өөр компанитай гэрээ байгуулж, цамхагт краны дагуу эд ангийг нөхөн авч төслийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх шаардлага тулгарсан. Талуудын хооронд байгуулагдсан Тоног төхөөрөмж худалдах худалдан авах гэрээний 5.1.8-р зүйлд "Худалдагч нь бусдад худалдагдсан, аливаа хэлбэрээр өөрчлөн байгуулагдсан бол Худалдагчийн энэхүү гэрээгээр хүлээсэн эрх, үүрэг түүний эрх, үүрэг хүлээн авагчид бүрэн хэмжээгээр шилжсэнд тоочно" гэж заасан байгаа бөгөөд одоогийн "Барловорлд Монголиа" ХХК нь зүй ёсны хариуцагч мөн хэмээн үзэж байна. Иймд 596,465,173.58 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч "Барловорлд Монголиа" ХХК-с нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Тоног төхөөрөмж худалдах худалдан авах 2014.06.18-ны өдрийн дугаар гэрээгээр POTAIN TOWER GRANE 1 ширхгийг НӨАТ орсон дүнгээр нийт 955,567,404 төгрөгөөр худалдан авсан байна. Худалдагч тал "Вагнер Ази Индастриал" ХХК нь гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж гэрээний зүйлийг доголдолгүй хүлээлгэн өгсөн байдаг. Гэрээ дуусгавар болсон. Худалдаа болоод засвар үйлчилгээ, хадгалалттай холбоотой хариуцагчаас ямар нэгэн үүрэг хүлээгээгүй. Иргэний хуулийн зүйл заалтын дагуу гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2025.02.24-ний өдрийн 59 дугаартай итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024.06.18-ны өдрийн худалдан авах захиалгын баримтын хуулбар, 2024.06.18-ны өдрийн дугаартай Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний хуулбар, Англи хэл дээрх баримтууд, Манитовок краны баталгааны хуулбар, Тоног төхөөрөмжийн танилцуулгын орчуулга, Төлбөрийн даалгаврын хуулбар, Ашиглалтад оруулах тайлангийн хуулбар, Интернэйшнл центр төслийн талбай дээрх сэлбэг, цахим гүйлгээний баримт, -ийн 2023.04.19-ны өдрийн 173 дугаартай албан бичгийн хуулбар, Барловорлд монголиа ХХК-ийн 2023.04.26-ны өдрийн АБ/2304/144 дугаартай албан бичгийн хуулбар, -ийн 2023.05.04-ны өдрийн 200 дугаартай албан бичгийн хуулбар, Вагнен ази спин ХХК-ийн 2023.05.11-ны өдрийн 23/05-04 дугаартай албан бичгийн хуулбар, -ийн 2023.05.15-ны өдрийн 215 дугаартай албан бичгийн хуулбар, Барловорлд монголиа ХХК-ийн 2023.04.26-ны өдрийн АБ/2304/144 дугаартай албан бичгийн хуулбар, Вагнер ази тоног төхөөрөмж ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, -ийн 2023.07.06-ны өдрийн 307 дугаартай албан бичгийн хуулбар, 2025.05.29-ны өдрийн 238 дугаартай итгэмжлэл, Цамхагт кран угсралтын ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, Цамхагт краны секц худалдах, худалдан авах гэрээний орчуулга, Цамхагт краны хүлээн авах хугацааг хойшлуулах тухай хүсэлтийн орчуулга, Цамхагт краны хүлээн авах хугацааг хойшлуулах хүсэлтэд хариу хүргүүлэх тухай албан бичгийн орчуулга, М Си Ти Эм ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, -ийн 2015.02.02-ны өдрийн COR-ICP-1502-005 дугаартай албан бичгийн хуулбар зэргийг ирүүлсэн.
Хариуцагчаас Барловорлд монголиа ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Барловорлд монголиа ХХК-ийн 2025.04.25-ны өдрийн АБ/2504/157 дугаартай итгэмжлэлийг ирүүлсэн.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч М Си Эс Проперти нь 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр дугаартай Тоног төхөөрөмж захиалгаар худалдах худалдан авах гэрээг цуцласантай холбоотойгоор дутуу шилжүүлсэн 87 метр угсрагдах эд ангид ногдох үнэ 596,372,770 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж гэрээний зүйлийг доголдолгүй хүлээлгэн өгч, гэрээ дуусгавар болсон. Мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалздаг.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч болон Вагнер Ази Индастриал ХХК нь 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр №SC-1406/02 дугаартай Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулж, БНХАУ-д үйлдвэрлэсэн Manitowoc брэндийн MC310K12 моделийн Цамхагт краныг 955,567,404 төгрөгөөр худалдахаар, үнэ төлөгдсөнөөс хойш ажлын 5 хоногийн дотор нийлүүлэхээр тохиролцсон байна.(хавтаст хэргийн 7 – 20 дахь тал)
3.2. Вагнер ази тоног төхөөрөмж ХХК-д Вагнер ази индастриал ХХК-г нэгтгэснийг 2018.04.16-ны өдөр улсын бүртгэлд бүртгэжээ.(хавтаст хэргийн 48 дахь тал)
3.3. Вагнер ази тоног төхөөрөмж оноосон нэр Барловорлд монголиа болж өөрчлөгдсөнийг 2021.01.27-ны өдөр улсын бүртгэлд бүртгэжээ.(хавтаст хэргийн 48 дахь тал)
3.4. Manitowoc брэндийн MC310K12 моделийн Цамхагт краныг 52.4 метр өндөртэйгээр угсарч, ашиглалтанд оруулж, 2014.07.09-ны өдөр ашиглалтад оруулах тайлан үйлдсэн байна.(хавтаст хэргийн 23 – 24 дэх тал)
3.5. Зохигчид Вагнер Ази Индастриал ХХК-ийн эрх, үүрэг -д шилжсэн эсэх, Цамхагт краны үнэ бүрэн төлөгдсөн эсэхэд маргаангүй.
Харин Вагнер Ази Индастриал ХХК-ийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн эсэх, Хадгалалтын гэрээ байгуулагдсан эсэх, Шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэхэд маргаантай.
4. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байх ба зохигчид 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр БНХАУ-д үйлдвэрлэсэн Manitowoc брэндийн MC310K12 моделийн Цамхагт краныг 955,567,404 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон зэргээс үзэхэд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
5. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна”, 75 дугаар зүйлийн 75.2. “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараахь тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ”, 75.2.1. “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заасан.
Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ.
Manitowoc брэндийн MC310K12 моделийн Цамхагт краныг 52.4 метр өндөртэйгээр угсарч, ашиглалтанд оруулж, 2014.07.09-ны өдөр акт үйлдсэн байх тул гэрээний зүйлийг 2014.07.09-ны өдөр хүлээлгэн өгсөн байна гэж шүүх үзлээ.
Хэрэв гэрээний зүйл доголдолтой, дутуу нийлүүлсэн гэж үзсэн тохиолдолд худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй боловч гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2014.07.09-ны өдөр дууссан байна.
6. Нэхэмжлэгч нь 52.4 метр өндөр краныг угсруулж хүлээн авсан, үлдэх 87 метр угсрагдах эд ангийг хариуцагч байгууллагаас хүлээж авалгүй, хариуцагчид хадгалуулсан гэж тайлбарлаж байх боловч эд хөрөнгө хүлээн авах хугацааг тохиролцон хойшлуулсан болохоо, хадгалалтын гэрээ байгуулан эд зүйлийг хадгалуулсан болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу баримтаар нотлоогүй байна.
-ийн 2013 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн MCSHQ-VDR-1307-001 дугаартай албан бичгээр Цамхагт краны хүлээн авах хугацааг хойшлуулах хүсэлт хүргүүлснийг Вагнер Ази Индастриал ХХК нь 2013 оны 7 дугаар сарын 24-ны өдрийн №13/07-27 дугаартай албан бичгээр Цамхагт краны хүлээн авах хугацааг хойшлуулах хүсэлтэд зөвшөөрсөн хариу ирүүлж, краныг хадгалуулсан гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байх боловч уг албан бичгүүдээс цаг хугацааны хувьд 1 жилийн дараа буюу 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр №SC-1406/02 дугаартай Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байх тул нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7. Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,139,814 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Варловорлд Монголиа ХХК-аас 596,372,770 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч -ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,139,814 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР