Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 123/ШШ2026/0028

 

 

 

 

 

 

       

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга

Гуравдагч этгээд *******, ******* нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, Л.Энхтайван, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Будхүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч ******* шүүхэд анх “Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/175 дугаартай захирамжийн *******гийн эзэмшлийн нэгж талбарын 18693299297883 дугаартай 4 га газарт холбогдох хэргийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэл гаргасан.

1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/203 дугаар захирамжаар *******т эзэмшүүлсэн, Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/423 дугаартай захирамжаар *******ид эзэмшүүлсэн захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж гаргасан[1].

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн тухайд:

2.1. Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/292 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1.1. дэх хэсэг, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг тус тус үндэслэн иргэн Ж.Нямсүрэнгийн тус сумын 1 дүгээр баг, Баяндавааны ард байрлах амралт сувилалын зориулалттай 4 га газрыг иргэн *******д шилжүүлэн эзэмшүүлсэн байна[2].

2.2. Нэхэмжлэгч ******* нь 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын газрын даамалтай очиж уулзаад,  Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/175 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн  66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус үндэслэн тус сумын нутаг дэвсгэр дэх эзэмшлийн газраа зориулалтын дагуу ашиглаж, үйл ажиллагаа явуулаагүй 2 ба түүнээс дээш жил болсон, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гээд хавсралтын нэрсийн жагсаалтын 2-т *******гийн 4 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон[3] талаар мэдсэн гэжээ.

Улмаар дээрх А/175 дугаартай захирамжийг эс зөвшөөрч Төв аймгийн Засаг даргад хандан гомдол гаргасан бөгөөд үүний дагуу Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 04/1136 дугаар албан бичгээр 2024 оны 03 дугаар сарын 04-ний Өдрийн сонин, сумын сэтгүүл, цахим хуудсаар зар мэдээлэл хүргэсэн гэх боловч хуулийн дагуу сонсох ажиллагаа явуулсан нотлох баримт байхгүй байгаа тул тухайн сумын Засаг дарга өөрөө хууль тогтоомжид нийцүүлэн хүчингүй болгох эрх зүйн үндэслэлтэй байна гэх хариуг өгчээ.

2.3. Ийнхүү нэхэмжлэгч *******гээс 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч,  захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын нэхэмжлэлийн шаардлага, хариу тайлбар, түүний үндэслэлүүдийн талаар:

3.1. Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь Төв аймаг Эрдэнэ сумын 1 дүгээр баг Баяндавааны ард байрлах 18693299297883 нэгж талбарын дугаартай 4 га газрыг амралт сувиллын зориулалтаар тус сумын Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 292 дугаар захирамжийн дагуу эзэмшсэн. Гэвч Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 175 дугаартай захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон болохыг нь 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр мэдсэн байдаг. Тус захирамжид  сумын нутаг дэвсгэр дэх эзэмшлийн газрыг зориулалтын дагуу ашиглаж үйл ажиллагаа явуулаагүй 2 ба түүнээс дээш жил болсон, газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй хавсралтад дурдсан 28 иргэн хуулийн этгээдийн 149,8 га газрын эрхийг бол хүчингүй болгосугай гэж дурдаад хавсралтын 2 дахь хэсэгт *******гийн газрыг хүчингүй болгосон байдаг. Энэхүү Засаг даргын захирамжийг иргэн ******* бол эс зөвшөөрөөд 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Засаг даргад гомдол гаргасан. Тус хариу ирүүлсэн албан бичигт Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу захиргааны акт захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар санал гаргах боломж олгоно гэсний дагуу Төв аймгийн Засаг дарга нь нэгэнт сонсгох ажиллагаа явуулахдаа энэ хуулийн 27.2.2-т заасныг, мөн хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой харилцаа мэдээлэл холбооны шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэж бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх гэсний дагуу 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдөр өдрийн сонин, сумын сэтгүүл, цахим хуудсаар зар мэдээлэл хүргэсэн боловч хуулийн дагуу сонсох ажиллагаа явуулсан нотлох баримт байхгүй байгаа тул Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  66 дугаар зүйлийн 66.3-д Засаг даргын захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө эсвэл дээд шатын Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно гэж заасны дагуу Эрдэнэ сумын Засаг даргын 2024 оны 175 дугаартай захирамжийг тус сумын Засаг дарга өөрөө хууль тогтоомжид нийцүүлэн хүчингүй болгох эрх зүйн үндэслэлтэй гэсэн ийм хариу өгсөн байдаг. Энэхүү албан бичгийг Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын бол 2024 оны 175 дугаар  захирамж нь Захиргааны ерөнхий хуульд заасан зохих журмын дагуу сонсгох ажиллагаа хийгээгүй тухай дүгнэсэн ба хууль тогтоомжид нийцээгүй захиргааны акт гэдгийг дүгнэсэн. Түүнчлэн нэхэмжлэгч нь энэхүү газар эзэмших эрхийг хүчингүй болгосон тухай мэдээгүй байсан бөгөөд 2025 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Эрдэнэ сумын газрын дарга нартай уулзаж мэдсэн. Захиргааны байгууллагын шийдвэрийг мэдсэнээс хойш бол дээд шатны байгууллагад нь гомдлоо гаргасан. Тухайн Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга нь хууль бус захиргааны акт гаргаснаар *******гийн газар эзэмших эрхийг шууд зөрчсөн ба үүнээс хойш ******* нь бол тухайн газрыг хуульд заасан бөгөөд зохих ёсоор ашиглах эзэмших боломжгүй болсон. Мөн тус газрыг ашиглахын тулд хашаалж эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан мөн өөрийн хөрөнгөөр худаг гаргаж, үйл ажиллагаа явуулах төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх судалгаа шинжилгээний ажлыг хийж байсан. Хариуцагчийн гаргасан хууль бус шийдвэрийн улмаас эдгээр ажлаа үргэлжлүүлэн хийх боломжгүй болж байгаа юм. Захиргааны актыг гарсны дараа буюу 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Ууганбаатар гэж хүний компанийнх нь хүсэлтийн дагуу бол Эрдэнэ сумын Засаг дарга тухайн газрыг Ууганбаатарт эзэмшүүлсэн байдаг. Байршил өөрчлүүлэх хүсэлтийг нь үндэслэсэн гэхдээ энэ хүсэлтийг гаргахдаа хувь иргэнээрээ бол гаргаагүй Ууганбаатарыг компани болгосон байдаг. Гэтэл Төв аймгийн Засаг дарга Ууганбаатар гээд иргэн 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр А/203 дугаар захирамжаар тухайн газрыг эзэмшүүлсэн. Ууганбаатар тухайн газрыг гуравдагч этгээдээр татагдсан ******* гэдэг хүнд 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/423 тоот захирамжаар мөн тус тус эзэмшүүлсэн. Тэгэхээр Засаг даргын хууль бус захиргааны актын дагуу эдгээр хүмүүс гуравдагч этгээдээр татагдсан байгаа учраас тус захирамжууд хуульд нийцэхгүй. Иймд Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 175 дугаартай захирамжаар иргэн *******гийн энэ тоот нэгж талбарын дугаартай 4 га газрын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Иймд маргаан бүхий захирамжийн *******гийн газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. Түрүүн дурдсан 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн А/203, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/403 дугаар тоот захирамжийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 онд худалдаж авсан. 2014 онд хашаагаа барьж байсан. Төрөхөөсөө өмнө хашаагаа барина гээд хашаагаа барьж байсан. Би нэхэмжлэгчийн гэр бүлийн хүн, худгаа удаагүй барьсан. Тог цахилгааны асуудал үүссэн. Тог татах үед иргэн тойронд айл байгаагүй байсан. Цахилгааны шон хэдийг босгох шаардлагатай. Нэлээн хэдэн тэрбумаар яригдаж байсан. Тэр үед боломж байгаагүй. Тэрний дараагаар манайх төсөл хэрэгжүүлж 2015 оны дундуур хийж байсан. ... Хүүхдийн кемп хийхэд худлаа байх гээд багуудаас тийм санал авч байсан. Бид нар ... замын нөгөө талд байх газартай уулзсан. Боломжгүй гэдэг хариу авсан. Цахилгаанаа татах боломжтой гэж ярьж байсан. ... Бид нарт мэдээлэл байгаагүй. 2014 онд өөрсдийн биеэр очиж төлбөр төлсөн. Тухайн үеийн газрын даамал дараа жилээс ирж төлөх шаардлагагүй нэхэмжлэх маягаар очино гэж байсан. Нэг удаа төлбөр төлөөд болох юм байна гэж байна. Нэг хоёр жилдээ бизнес хийнэ, ирээдүйд юм хийнэ гэж энэ газрыг авсан. Газрын хуулийн мэдлэг мэдээлэл байхгүй. Газар худалдаж авахад анхны дуудлага худалдааны үнийг газрын төлбөрийг төлөөгүй хэдэн жил болсон байсан. Газрын төлбөрийг төлөөгүй байсныг төлсөн гэв.

3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Энхтайван шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талын зүгээс 3 нэхэмжлэлийн шаардлага гаргасан буюу маргаан бүхий 3 акт байгаа,  энэ 3 актыг би нэг бүрчлэн хууль зүйн үндэслэлийнх нь талаар ярья гэж бодож байна. Эхний маргаан бүхий акт Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай 175 дугаар захирамж. ... Захиргааны ерөнхий хуульд зааснаар тухайн захиргааны актыг гаргахад шаардлагатай шийдвэр гаргах ажиллагааг биелүүлэх ёстой буюу формал эрх зүйн шаардлагыг хангасан байх ёстой 2 дугаарт нь тухайн актыг гаргах эрх зүйн үндэслэл захиргааны байгууллагад байна уу үгүй юу гэдгийг тодруулах ёстой буюу материаллаг эрх зүйн шаардлагыг хангасан байх ёстой, тэгэхлээр маргаан бүхий актын эхний маргаан бүхий акт буюу 175 дугаар тушаал энэ формал болон материаллаг эрх зүйн шаардлагыг хангасан байна уу үгүй юу гэдэг дээр дүгнэлтээ хэлье гэж бодож байна. 1 дүгээрт нь формал эрх зүйн шаардлагыг хангаагүй байна аа. ... Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д захиргааны байгууллага захиргааны акт гэрээг батлан гаргахаас өмнө эрх, хууль, ёсны, ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд тэгээд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлыг байдлын талаар тайлбар санал гаргах боломжийг олгох ёстой гэж үүрэг болгосон. Хариуцагчийн зүгээс бид нар маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27.2.2-т заасны дагуу иргэн Цэрэнгийн оролцоог хангачихсан тайлбар мэдүүлэг авах боломж хангачихсан гэдэг байдлаар тайлбарлаж байна. Тэгтэл энэ 27.2.2-т юу гэж байгаа вэ гэхлээр 21 буюу түүнээс доош дээш тооны этгээдийг сонсохоор энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх эсвэл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлнэ ээ гэж байгаа юм. ... Дээд шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 001/20250023 тогтоолоор 27 дугаар зүйлийн 27.2.2-т захиргааны байгууллагаас гаргах гэж байгаа тухайн шийдвэрийн агуулгад хамаарах нөхцөл байдлыг зөв тогтоох зорилгын хүрээнд нэг цаг хугацаанд ижил үйл баримтаар нэгэн зэрэг холбогдсон бөгөөд үндэслэл нь ижил нэг шийдвэрийн үр дагаварт өртөж байгаа олон этгээдүүдийн тоо 21 хүрсэн тохиолдолд сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлэхдээ 27.2.2-т заасан журмаар баримтална аа гэж байгаа юм. ... 2 дугаарт нь үндэслэл нь ижил тэгээд 1 шийдвэрийн үр дагаварт өртөгдөж байгаа олон этгээд байх ёстой гэж. ... Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2/175 дугаар тушаалд байгаа. Энэ олон этгээдүүдээс өөр өөр байгаад байгаа юм. Тийм учраас сонсох ажиллагаа явуулсанд тооцохгүй сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэнд тооцохгүй. 2 дугаарт нь энэ фейсбүүк пэйж болохлоор хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж тооцогддоггүй. ... тэгэхлээр хариуцагч Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааны журмыг өмнө нь миний дурдсан байдлаар буруу хэрэгжүүлсэн сонсох ажиллагааны мэдэгдлийг зохих ёсоор хүргүүлээгүй учраас захиргааны шийдвэр бодит нөхцөл байдалд тохирсон байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа юм. ... газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэдэг үндэслэлийг хэрвээ энэ сонсох ажиллагааг зүй ёсоор нь буюу хуульд заасан үндэслэлээр зөв зүйтэйгээр явуулчихсан байсан энэ энэтэй холбоотой бодит нөхцөл байдлыг тодруулах буюу 40.1.6-д заасан үндэслэл болох тэр газар дээрээ юу ч хийгээгүй юм уу хийсэн юм уу гэдэг асуудал тэгээд энэ төлбөр яагаад төлж чадаагүй юм бэ гэдэгтэй холбоотой асуудал тодруулагдах ёстой байсан. Ийм учраас энэ шаардлагыг хангаагүй учраас захиргааны шийдвэр зорилгодоо нийцсэн шийдвэр нь нөхцөл бүхий байх шаардлагыг хангаагүй буюу өөрөөр хэлэх юм сонсох ажиллагаа явуулаагүй учраас 40.1.5 40.1.6-д заасан үндэслэлийг барих боломжгүй. ... Захиргааны ерөнхий хуулийн 43.1 дээр захиргааны актыг хаяглагдсан этгээд эрх, хууль, ёсны, хууль, ёсны, ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ ... захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна аа гэж байгаа. Тус хуулийн 43.2-т захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах тэгээд шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнийг баримтжуулна аа гэж байгаа юм. ... Өөрөөр хэлэх юм Нямцэрэнд гардуулаагүй. тэгээд Нямцэрэнгийн утас, факс, цахим шуудан зэрэг холбогдож болох арга хэрэгслүүд нь захиргааны байгууллагад буюу манай Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга байсан боловч энийг мэдэгдээгүй, мэдэгдэх ажиллагааг хийгээгүй, мэдэгдэх ажиллагаа хийгээгүй учраас энэ талаар баримт байхгүй, баримтжуулсан зүйл байхгүй байгаад байгаа юм. ... Газрын тухай хуулийн 40.1.6 буюу газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй гэж хариуцагч захиргааны байгууллагын зүгээс Нямцэрэнгийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Улсын дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолоор албан ёсоор тайлбарласан. Тэгэхлээр албан ёсоор тайлбарласан энэ тайлбарт юу гэж тайлбарлаж байна вэ гэхлээр зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл болзол зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй гэдэг нь барилга байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй байхыг ойлгоно оо гэж байгаа юм. Тэгэхлээр Барилгын тухай хууль болон бусад энэ Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн дагуу барилга байгууламж гэдэг нь өөрөө маш том ойлголт. Өөрөөр хэлэх юм хашаа хайс барих асуудал өөрөө энэ барилга байгууламж барих руу бас энэ хэлбэрт орж байгаа юм. Түүнчлэн тэр гүний худаг гаргах гэдэг нь өөрөө бас тодорхой хэмжээний тоног төхөөрөмж техник хэрэгсэл ашиглаад тухайн хүний ус гаргах боломжтой хэсэг хүртэл нэг ийм байгууламж байгаа учраас энэ хэсгүүд хамаардаг байж байгаа. Тэгэхлээр хэргийн материалын 97-гоос 105 дахь талд шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл түүнийг бэхжүүлж авсан фото зураг байгаа бүхий баримт байгаа. ... ******* Төв аймгийн Байгаль орчны газрын даргын 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 3-ны өдрийн 100 дугаар тушаалаар гүний худаг гаргах зөвшөөрөл авсан. Энэ зөвшөөрлийнхөө үндсэн дээр Эрдэнэ Дриллинг гээд компанитай ажил гүйцэтгэх гэрээ байгуулаад энэ ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр хийж гүйцэтгэсэн болох нь хэргийн материалын 106-аас 109 дэх талд байгаа баримтуудаар тогтоогдож байгаа. ... Газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй гэдэг ямар ч үндэслэлгүй болчхоод байгаа юм. 2 дугаарт нь газрын төлбөр төлөөгүй гэдэг асуудал яригдаж байгаа. Газрын төлбөрийн тухай хуулийн 9.1 9.2-т ямар зохицуулалт байна вэ гэхлээр газрын төлбөрийг газар эзэмших ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-т заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг олгосон оруулсан өдрөөс эхлэн тооцно. Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага албан тушаалтан энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ноогдуулж тухайн оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор татварын албанд хүргүүлнэ ээ гэж байгаа юм. ... Газрын төлбөрийн асуудлаар хариуцагчийн сая дурдаад байгаа мэдээллийн санд хариуцагч өөрөө бүртгүүлэх ёстой байсан. Өөрөөр хэлэх юм хууль шинэчлэгдээд ч юм уу ямар нэгэн байдлаар нэгэнт газар авчихсан иргэд дээр нэмж газар бүртгэх ёстой ч юм уу, төрийн байгууллага өөрөө системээ өөрчилж байгаа төрийн байгууллага энэ асуудлаа өөрсдөө бүртгээд тэр мэдээллийнхээ дагуу газрын төлбөрөө төлүүлэх. Энэ нөхцөл боломжоор иргэнийг хангах ёстой гэсэн иргэнд газрын төлбөр төлөх үүрэг л байгаа болохоос биш тэр мэдээллийн санд бүртгүүлэх мэдээллийн санд оруулах ийм үүрэг байхгүй. ... Захиргааны байгууллагын үүргээ биелүүлээгүй захиргааны байгууллага шаардлагатай арга хэмжээг авч чадаагүйн улмаас нэхэмжлэгч ******* энэ төлбөрийг төлөх боломжгүй буюу нэхэмжлэгч *******д ямар нэгэн байдлаар газрын төлбөрийн нэхэмжлэх ерөөсөө үүсээгүй байсан байгаа байхгүй юу. Үүсээгүй учраас ямар нэгэн байдлаар нэхэмжлэгч ******* тэрийг төлөх боломжгүй байсан гэсэн үг. Ийм учраас нэхэмжлэгчийн зүгээс Газрын тухай хуулийн 41.5-д заасан үндэслэл бас газрын төлбөрийг төлөх үүргээ биелүүлж чадаагүй байна аа, энэ өөрөө би энийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэж байгаа. ... Хэрвээ захиргааны байгууллага өөрөө хуульд заасан үүргээ биелүүлээд тэр иргэнээс төлбөрөө авах бүх нөхцөл боломжийг бүрдүүлчихсэн, яах вэ гэхлээр иргэний үүрэг үүсэж байгаа юм. Иргэн тэр төлбөрөө төл гэдэг. Гэтэл энэ өөрөөс нь үл хамаарах буюу захиргааны байгууллага тэр системд оруулж байж нэрс, мэдээллийн санд оруулж байж иргэнд төлбөр төлөх тэр нэхэмжлэх нь үүсээд, тэгээд тэрний дагуу иргэн нэхэмжлэлээ нэхэмжлэлийн дагуу төлбөрөө төлөх ёстой байтал, энэ нэхэмжлэлээс хамаарахгүйгээр захиргааны байгууллага өөрөө биелүүлээгүй нэхэмжлэл нь үүсээгүй учраас төлбөр төлөөгүй байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэж байгаа. Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс огт төлбөр төлөөгүй асуудал байхгүй. Эхний нэг жилийн төлбөрөө төлсөн байж байгаа. ... Газрын тухай хуулийн 38.1.1-д заасны дагуу өөр этгээдийн газартай давхацсан гэдэг үндэслэлүүд. ... давхцуулаад олгочихсон гэдэг ийм зүйлд хамаарч байгаа учраас Ууганбаатар энэ дээр байршлаа өөрчлөх боломжгүй байсан. ... Энэ *******ын хувьд Нум Өргөө гээд констракшнаар хүсэлт гаргаж байршлаа сольсон байдаг. Тэгэхлээр энэ хэрвээ Ууганбаатар газрынхаа байршлыг сольж авч байгаа тохиолдолд өөрөө хүсэлт гаргах ёстой. Гэтэл өөрөө хүсэлт гаргаагүй өөр этгээдийн хүсэлтийг үндэслээд Ууганбаатарын нэр дээр шилжүүлье ээ гэдэг энэ акт өөрөө анхнаасаа хүчин төгөлдөр бус тэгээд дээрээс нь илт алдаатай. ... Өөрөөр хэлэх юм бол Ууганбаатарт газар эзэмшүүлэхийн тулд захиргааны байгууллага тодорхой баримтыг аваад тэрний үндсэн дээр энэ шийдвэрийг гаргах ёстой байтал баримт бичгийн бүрдэл дутуу буюу материал дутуу байж байхад энэ шаардлагыг хангасан байна. Энэ шийдвэрийг гаргачхаж байгаа нь өөрөө хууль бус байгаад байгаа юм. *******ид шилжүүлсэн буюу маргаан бүхий акт ... *******гийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон энэ шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байхад шилжүүлчихсэн асуудал байгаа. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд эрхийн газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэхтэй зохицуулалтыг тухайлан зохицуулсан байгаа. Энэ дээр 1 дүгээрт эрхийн гэрчилгээг шилжүүлж болно оо буюу зөвшөөрсөн хэм хэмжээ байгаа, 2 дугаарт нь болохлоор эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлт гаргаж байгаа талууд ямар бичиг баримтыг хавсаргаж өгөх ёстой вэ гэдэг хэсэг байна. Энэ дээр нотариат дээр гэрчлүүлсэн гэрээ шилжүүлэхэд байгуулсан тэр гэрээ тэгээд эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд энэ гэрчилгээг шилжүүлсэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо байх ёстой энэ нотолгоо хэргийн материалд байдаггүй. 3 дугаарт нь албан татвар хураамж төлсөн тухай баримт байх ёстой, энэ баримт байдаггүй. ... Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6 захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж. Өөрөөр хэлэх юм саяын баримт бичгүүдийг авч байж сая захиргааны байгууллага шийдвэр гаргах гээд байна. ... 2 этгээдийн хувьд буюу гуравдагч этгээд нарын хувьд аль аль нь энэ газрыг шилжүүлэн авах байршил өөрчлөх энэ эрх хэмжээг эдлэх байсан боловч захиргааны байгууллага энэ талаарх хуулийг зөрчсөн буюу огт хэрэгт нь шилжүүлэх эрх зүйн үндэслэл байхгүй байхад шилжүүлчихсэн учраас Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасны дагуу илт хууль бус акт гэж үзэхээр байгаа юм. Ийм учраас маргаан бүхий актууд өөрөө хууль зөрчсөн эрх зүйн үндэслэл энэ актууд гарах эрх зүйн үндэслэл байхгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэдэг байр суурьтай байна гэв.

3.4. Хариуцагч Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн ******* нь 2014-2024 оны хооронд газрын төлбөрийг 11 жил төлөөгүй нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэсэн заалтыг зөрчсөн. Мөн Газрын кадастрын цахим систем буюу Ланд менежер программ 2017 оноос нэвтэрч газар мэдээлэл бүгд цахимжин газрын төлбөр цахимаар нэхэмжлэх үүсэж төлөгддөг болсон. Иргэн *******гийн газар нь газрын кадастрын цахим системд бүртгэгдээгүй, газрын төлбөрөө төлөөгүй нь баримтаар нотлогдож байна. Газар дээрээ зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй байгаа нь дээрх хуулийн 40.1.6-т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасны дагуу газар эзэмших эрхийг цуцлах үндэслэл болж байна. Тухайн захирамжаар 28 иргэн, аж ахуй нэгжийн газарт Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дахь заалтаар сонсох ажиллагаа явуулж, 27.2.2-т хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх гэж заасны дагуу эзэмших эрхийг цуцалсан. Ингэхдээ 21 буюу түүнээс дээш этгээдийг сонсохдоо хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сонин хэвлэл ашигласан. Монголын үндэсний өдөр тутмын сонин "Өглөөний сонин"-ны 2024 оны 03 сарын 04-ний өдрийн хэвлэлийн 4 дүгээр нүүрт, Төв аймгийн Эрдэнэ сумын мэдээ мэдээлэл сэтгүүлийн 2024 оны 1 дүгээр улирлын хэвлэлд, тус сумын газар өмчлөгч эзэмшигч нарын дагадаг Төв аймгийн Эрдэнэ сумын Газрын харилцаа Facebook цахим пэйж хуудсанд 2024 оны 03 дугаар 01-ний өдөр мэдээлэл оруулсан. Мөн Монголын үндэсний өдөр тутмын "Өглөөний сонин"-ны 2024 оны 06 сарын 11-ний өдрийн хэвлэлийн 3 дугаар нүүрт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ гэж заасны дагуу мэдэгдсэн. ... 11 жилийн хугацаанд газрын төлбөрөө төлөөгүй мөн түүнчлэн Эл Эм программ 2017 оноос улсын хэмжээнд хэрэгжээд шинэ шинэчилсэн мэдээллийн сан бий болж түүгээр дамжуулаад газрын төлбөр цахимаар үүсдэг болсон. Газрын гэрээ юмнууд бүгдээрээ цахимаар хийгдээд явдаг болсон. Одоо энэ шинэ мэдээллийн шинэчилсэн сан одоо Эл Эм программ. ... хуучин мэдээллийн сангийн 18693299297883 дугаар хуучин нэгж талбарын дугаартай газар. Газрын тухай хуульд хүндэтгэн үзэх шалтгаангүй 2 жил үйл ажиллагаа явуулаагүй, газрын төлбөр төлөөгүй бол газрын эрхийг түдгэлзүүлнэ гэсэн заалт байдаг. Сонсох ажиллагаа ном журмын дагуу хийгээгүй гэж байна. ... *******т байршил шилжүүлэн ашиглах журам бол 2021 оны 187 дугаар сайдын тушаал байгаа юм. Тушаалын дагуу хүсэлтийг хангаад газрын байршил солигдсон. Яагаад гэхээр мэдээллийн санд ороогүй хоосон байсан газар дээр л хүсэлтээ өгөөд кадастрын зургаа хийлгээд шийдвэрлэсэн байгаа юм. Мөн *******ид эрх шилжүүлсэн захирамжийг хүчингүй болгоё гэж байна. Тэгэхээр мөн ялгаа байхгүй Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 38.2-т заасан заалтуудыг үндэслэж хүсэлтийг нь шийдсэн. ...  Газрын даамал миний бие очсон. Овоолсон шоороо цооног байсан болоохоос биш ажилладаг худаг эсэхийг мэдэхгүй. Хэдэн онд хамгийн сүүлд очсоныг тогтоогоогүй. Овоолсон шороо байсан. Амралт сувилалын үйл ажилаага явуулсан гэж ойлгохгүй байна. Үйл ажиллагаа явуулахыг бизнес эрхэлж сум орон нутагтай гэрээ байгуулж үйл ажиллагаа явуулсан гэж ойлгоно. Өөрөөс шалтгаалах үүргээ биелүүлээгүй. Таван жил тутамд газрын хянан батлагаа хийлгэх гэрээг хийлгэх ёстой. Үнэлээг хийлгээд төсөл хөтөлбөр хэрэгжээд явах ёстой. Өнөөдөр газар дээр маргаад явж байгаа ... 2019 оноос хойш татварын нэхэмжлэлээр төлбөр төлөгдөөд эхэлсэн гэв.

3.5. Гуравдагч этгээд ******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байх өөрийн эзэмшлийн газрыг хаяг шилжүүлэх хүсэлт өгсөн бөгөөд одоогийн шилжсэн газар маань тухайн үед газрын цахим санд, системд бүртгэлгүй хоосон байсан. Шилжүүлж авсан газраа бусдад шилжүүлсэн тул надад шүүх дээр маргаан байхгүй намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэж,

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа: Нэмэгдүүлсэн шаардлагатай танилцлаа. Уг болсон асуудал нь намайг газар шилжүүлж авхаас өмнө болсон учир миний бие энэ хэрэгтэй холбоогүй болно. Шүүх хуралд намайг оролцуулалгүй явуулж, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.6. Гуравдагч этгээд *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ******* нь Төв аймгийн Эрдэнэ сумын 1-р баг нутаг Баяндаваа ард 18693299297883 нэгж газрын дугаартай 4 га амралт сувилалын зориулалттай газрыг 2024 онд иргэн Ууганбаатар гэдэг хүнээс шилжүүлж авсан. Уг газартай холбоотой нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сард мэдсэн. Өмнө нь энэ газар Нямцэрэн гэдэг хүний нэр дээр байсныг мэдэхгүй болно. Нямцэрэн гэдэг хүний гаргасан нэхэмжлэлийг эсэргүүцэж байна. Энэ газраа амралт зориулалтын чиглэлээр ашиглах зорилготой, уг газарт худаг байгааг мэдэхгүй, хашаанууд нь хэсэг газраа зориулалтын бус төмөр утсаар хооронд нь холбосон байдалтай байсан. Миний аав ******* нь Бүгд Найрамдах Солонгос улсад оршин суудаг тул хүү ******* миний биед итгэмжлэл хийж төлөөлөх эрхийг олгосон. 2025 оны 12 сарын 11-нд болох шүүх хуралд Лхагвадорж овогтой Тэнгис миний бие оролцох боломжгүй. Энэ маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон хэлэлцэх шүүх хуралд намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэхэд татгалзах зүйл байхгүй. Уг асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэж,

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа: Төв аймгийн Эрдэнэ сумын 1-р баг нутаг Баяндаваа ард 18693299297883 нэгж газрын дугаартай 4 га амралт сувилалын зориулалттай газрыг 2024 онд иргэн *******аас шилжүүлж авсан. Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/423 дугаартай захирамжийг хууль бус гэж үзэхгүй байна. Үүнд ямар ч ашиг сонирхолын нөхцөл байхгүй болно. Энэ маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон хэлэлцэх шүүх хуралд намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэхэд татгалзах зүйл байхгүй, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, мэдүүлэг зэргийг шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1.1. Нэхэмжлэгчээс “Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/175 дугаартай захирамжийн *******гийн эзэмшлийн нэгж талбарын 18693299297883 дугаартай 4 га газарт холбогдох хэргийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж “Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/203 дугаар захирамжаар *******т эзэмшүүлсэн, Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/423 дугаартай захирамжаар *******ид эзэмшүүлсэн захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаар хариуцагчийн гурван актад маргасан.

Харин шүүх хуралдаанд, Нэхэмжлэгч талаас “Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/175 дугаар захирамж болон Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2024 оны 6 дугаар  сарын 10-ны өдрийн А/203 дугаар захирамж, Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/423 дугаар захирамжийг тус тус холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон гаргасан.

Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагууд, түүний улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн хөндөгдөх нөхцөл байдалд холбогдуулан дүгнэлт хийж, үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон  нэмэгдүүлсэн шаардлагын үр дагавараар тодорхойлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

1.2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндсэн шаардага болох Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/175 дугаартай захирамжид холбогдуулан “Нэхэмжлэгч *******гийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/175 захирамж нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 гэсэн үндэслэлээр гарсан.

Хариуцагч акт гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх нэхэмжлэгчид сонсох ажиллагаа хийж, тайлбар гаргах боломж олгоогүй, мөн гарсан актыг танилцуулаагүй, харин нэхэмжлэгч нь тухайн газар дээрээ хашаа барьж, 2014 онд зөвшөөрөл авч гүний худаг гаргасан нь тодорхой хэмжээний барилга байгууламж барьсан, ашиглаж байсан гэж үзнэ. Мөн газрын төлбөрийн нэхэмжлэлийг хариуцагч захиргаа ирүүлээгүй, газрын мэдээллийн санд бүртгэх үүргээ хэрэгжүүлээгүй буруутай үйлдлээс болж төлж чадаагүй” гэж,

Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/203 дугаар *******т газар эзэмшүүлсэн захирамжид холбогдуулан “2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гарсан байгаа нь нэхэмжлэгч *******гийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон актаа мэдэгдээгүй буюу актыг мэдэгдэж хүчин төгөлдөр болоогүй байхад гарсан акт. Акт хүчин төгөлдөр болоогүй байхад гарсан учир Газрын тухай хуулийн 31.3-д заасны дагуу өөр этгээдийн газартай давхацсан гэдэг үндэслэл гарна. Мөн Нумт өргөө гэдэг аж ахуйн нэгжийн хүсэлтээр байршил сольсон. Ууганбаатар өөрөө хүсэлт гаргаагүй, газрын эзэмших хугацаа сунгагдаж,  хэмжээ нэмэгдэж, хуульд зохицуулаагүй асуудлаар акт гаргасан” гэж,

Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/423 дугаартай *******ид газар эзэмшүүлсэн захирамжид холбогдуулан “Мөн адил *******гийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон актаа мэдэгдээгүй буюу актыг мэдэгдэж хүчин төгөлдөр болоогүй байхад гарсан акт. Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхэд шилжүүлэн авч байгаа этгээд үүсэх эрх, үүргийг хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо баримт гээд хавсаргасан байх хэд хэдэн баримт шаардагдах бөгөөд эдгээр баримт нь хавсаргаагүй, акт гарах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэхээр байна. гэж,

1.3. Хариуцагч Эрдэнэ сумын Засаг дарга болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “нэхэмжлэгч  2013 энэ газрыг шилжүүлж авч эзэмшсэнээс хойш 11 жилийн хугацаанд газрын төлбөр төлөөгүй, газраа зориулалтын дагуу ашиглаагүй. Гэрээгээ жил бүр дүгнүүлэх, газрын хянан баталгааг 5 жилд нэг удаа хийлгэх гээд хуулийн тодорхой үүргээ биелүүлдэггүй. Огт харилцаагүй учраас хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлэл хүргүүлсэн. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т зааснаар сонсох ажиллагаа явуулсан. Актыг Өдрийн сонин, Өглөөний сонинд өгч, хэвлэлээр мэдэгдсэн. *******т газар эзэмшүүлсэн нь 2021 оны 187 дугаартай сайдын тушаалд зааснаар хүсэлтийг нь үндэслэн байршил сольж эзэмшүүлсэн. Мөн *******аас *******ид эрх шилжүүлсэн захирамжийг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар хүсэлтийг шийдвэрлэж гаргасан ...” гэж тус тус маргасан байна.

Хоёр. Маргааны үйл баримтууд:

2.1. Эрдэнэ сумын Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/292 дугаар Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай захирамжаар тус сумын 1 дүгээр багийн нутаг Баяндавааны ард байрлах нэгж талбарын 18693299297883 дугаар бүхий 4 га газрыг иргэн Ж.Нямсүрэнгээс амралт сувилалын зориулалтаар нь Баярсайхан овогтой Нямцэрэнд шилжүүлэн 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлжээ.[4]

2.2. Мөн 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Газрын даамал Д.Эрдэнэ-Очир, иргэн ******* нар Газар эзэмшигч иргэн, хуулийн этгээдийн газрын дуудлага худалдааны анхны үнийг төлөх гэх гэрээг[5] байгуулсан байна.

2.3. Түүнчлэн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Төрийн банкны мөнгөн шилжүүлэг гэх баримтад газар эзэмших суурь хураамж гэх 2560000 /хоёр сая таван зуун жаран мянга/ төгрөгийн төлбөрийг иргэн ******* төрийн сангийн дансанд төлжээ.

2.4. Нэхэмжлэгч ******* нь маргаан бүхий 4 га газарыг эзэмших эрхтэй болоод, тухайн газартаа Төв аймгийн Байгаль орчны газрын 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 275 дугаар албан бичгээр ахуйн зориулалтаар ашиглах гүний худаг гаргах зөвшөөрлийг[6] авсан, Төв аймгийн Байгаль орчны газрын даргын 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/100 дугаар “Гүний худаг гаргах зөвшөөрөл олгох тухай” тушаалаар нэг гүний худаг гаргах зөршөөрөл олгосон[7], Худгийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэхээр 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр “Эрдэнэ дрийлинг” ХХК-ийн ажилтан Б.Амарзаяа, иргэн ******* нар гүний худгийн өргөмдлөгийн ажил хийхээр гэрээг байгуулсан [8], энэхүү гэрээг байгуулаад тухайн үедээ гүний худаг гаргасан талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарласан.

2.5. Үүнээс хойш 9 жилийн дараа буюу Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/175 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн  66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус үндэслэн тус сумын нутаг дэвсгэр дэх эзэмшлийн газраа зориулалтын дагуу ашиглаж, үйл ажиллагаа явуулаагүй 2 ба түүнээс дээш жил болсон, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй үндэслэлүүдээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох  шийдвэрийн акт гарч, актын хавсралтаар гарсан нэрсийн жагсаалын 2-т *******гийн 4 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.

2.6. Нэхэмжлэгч талаас маргаан бүхий 4 га газрыг эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмшүүлэх гэрээг шаардсан боловч шүүхэд ирүүлээгүй хэдий ч нэхэмжлэгч иргэнийг дээрх хугацаанд тус газрыг эзэмших эрхтэй байсан эсэх талаар талууд маргаагүй, мөн маргаан бүхий актаар шийдвэрлэсэн газар эзэмших эрхийн харилцаа болон Төв аймгийн Байгаль орчны газрын даргын 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/100 дугаар “Гүний худаг гаргах зөвшөөрөл олгох тухай” тушаал гарсан зэрэг баримтаар уг газрыг нэхэмжлэгч эзэмшиж байсан нь нотлогдож байх тул тухайн баримтыг гаргуулах үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах шалтгаан болохгүй гэж үзэж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн, маргааныг шийдвэрлэлээ.

2.7. Сонсгох ажиллагааг явуулсан талаар:

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2 дахь хэсэгт Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 25 дугаар зүйлийн 25.1  дэх хэсэгт Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна ..., 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно, 27.2. дахь хэсэгт Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ, 27.2.2 дахь хэсэгт хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх гэж хуульчилсан.

2.8. Эндээс Монголын үндэсний өдөр тутмын сонин "Өглөөний сонин"-ны 2024 оны 03 сарын 04-ний өдрийн хэвлэлийн 4 дүгээр нүүрт, Төв аймгийн Эрдэнэ сумын мэдээ мэдээлэл сэтгүүлийн 2024 оны 1 дүгээр улирлын хэвлэлд, Монголын үндэсний өдөр тутмын "Өглөөний сонин"-ны 2024 оны 06 сарын 11-ний өдрийн хэвлэлийн 3 дугаар нүүрт хэвлүүлэн мэдээлсэн зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн мэдэгдлийг буруутгах үндэслэлгүй байна.

Зүй нь холбогдох албан тушаалтан биечлэн уулзах, утсаар ярих, цахим хэлбэрээр санал авах зэрэг аль боломжтой хэлбэрийг ашиглан эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж буй иргэн, хуулийн этгээдийг сонсох ажиллагааг явуулах арга хэлбэрийг ашиглан урьдчилан мэдэгдэх үүргийг бодитой хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байгаач нэхэмжлэгч өөрөө 2013 онд газар эзэмших эрхтэй болсон атлаа 2024 онд А/175 дугаартай захирамжийг Газрын даамалтай очиж уулзаад мэдсэн гэсэн тайлбар үйл баримтуудыг дүгнэвэл нэхэмжлэгчийн тухайн хугацаанд газрын асуудлын хүрээнд захиргааны байгууллагад хандах, газар эзэмшүүлэх гэрээний үүргээс илүүтэй Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хуульд тус тус заасан газар эзэмшигчийн үүргээ биелүүлдэггүй,  олон жилийн туршид хариуцлагагүй хандсан хууль бус үйлдлийг шүүхээс  зөвтгөх үндэслэлгүй юм.

2.9. Тодруулбал, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ” гэж заасан, мөн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ” гээд, 35.3.1 дэх хэсэгт “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”, 35.3.2 дахь хэсэгт “газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх, 35.3.3 дахь хэсэгт “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх гэж, Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно” гэж тус тус зааж, газар эзэмшигчийн газрын төлбөрийг жил тутмаар төлөх, газрыг үр ашигтай зориулалтын дагуу ашиглах үүргийг хуульчилсан атал энэ үүргээ мэдээгүй гэж тайлбарлаж байгааг хүлээн авах үндэслэлгүй. 

2.10. Ингээд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч  газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” тохиолдолд газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан бөгөөд мөн хуулийн  7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө”, 35 дугаар зүйлийн 35.3.3-т “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” гэж заасан.

2.11. Хэрэгт авагдсан баримт Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 01/365 дугаар албан бичигт “******* нь 2013-2024 оны байдлаар Татварын удирдлагын нэгдсэн системд газрын төлбөрийн төрлөөр бүртгэлгүй бөгөөд газрын төлбөр төлөөгүй” гэсэн лавлагаа, мөн нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан “... 2013 онд тус газрыг шилжүүлж авахад нэг удаа төлбөр төлсөн, дахиж төлбөр төлөөгүй, сумын газрын даамал нь газрын төлбөр төлөх гэж наашаа ирэх шаардлагагүй гэж хэлсэн, тэгээд дахиж төлбөр төлөх ёстой гэж мэдээгүй, төлбөр төлөх шаардлагатай байсан бол төлбөрийн нэхэмжлэлээ явуулж, нэхэмжлээгүй ...” гэсэн  зэрэг тайлбар баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч ******* нь Газрын төлбөрийн тухай хууль /1997 оны хууль/-ийн 3 дугаар зүйлд “... газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, ... газрын төлбөр төлөгч байна” /2019 оны хуулийн 3 дугаар зүйлд энэхүү газар эзэмшигч нь газрын төлбөр төлөгч байх агуулга мөн адил/ гэж зааснаар нэхэмжлэгч нь газар эзэмшиж байх үедээ газрын төлбөр төлөгч байх ба өнгөрсөн 2013-2024 онуудад жил тутмын газрын төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож, энэ нь хариуцагаас   үл хамаарах үүрэг болох нь нотлогдож байна.

2.12. Түүнчлэн нэхэмлэгчийн өмгөөлөгчөөс, газар эзэмшигч нь тухайн газрын төлбөрийг Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно” гэж заасан, хариуцагч нэхэмжлэгчийн газрыг мэдээллийн санд бүртгэж оруулаагүй эс үйлдлээс болж газрын төлбөрийн нэхэмжлэл үүсч, төлбөрийн нэхэмжлэл ирээгүй, газрын төлбөр төлөх боломжгүй байсан” гэх тайлбарыг гаргасан бөгөөд энэ үндэслэлд холбогдуулан үзвэл, энэхүү  Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно” гэх заалт нь 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулийн өөрчлөн найруулснаар орсон өөрчлөлт байх ба нэхэмжлэгчийн газар эзэмших эрх үүссэн 2013 оноос энэ хуулийн өөрчлөлт хэрэгжих хүртэл 6 жил гаруй хугацаанд хамаарахгүй юм. Харин Газрын төлбөрийн тухай 1997 оны хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Газрын төлбөр төлөгч нь газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд өөрөөр заагаагүй бол жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлын төлбөрийг урьдчилан төлж болно” гэж зааснаар 2013 оноос 2019 оны төлбөрийг өөрөө газар эзэмших гэрээ хийж, гэрчилгээ авснаар жил бүр  төлөх үүрэгтэй байсан ба энэ үүргээ биелүүлээгүй учир Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуулийн шаардлагагаар хариуцагчаас шийдвэр гаргасан болох нь тогтоогдож байна.

2.13.  Дараагийн үндэслэл болох Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдэгт хамаарах нэхэмжлэлийн үндэслэлийг авч үзвэл, Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолын 1.10-т Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй байхыг ойлгоно хэмээн тайлбарласан.

2.14. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “тус газрыг хашаалан хамгаалж, эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авч өөрийн хөрөнгөөр худаг гаргасан нь байгууламж байгаа .... ” гэж тайлбарласан хэдийч, хавтаст хэрэгт авагдсан баримтаар 2013-2024 онуудад уг газартаа амралт, сувилал гэсэн зориулалтын дагуу ашиглах үүрэгтэй боловч шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “2014 онд хашаа барьсан, 2015 онд гүний худаг гаргуулсан гэснээс өөрөөр 2015 оноос хойш өнөөг хүртэл уг газар дээр зориулалтын дагуу буюу амралт, сувилалын зориулалтаар нь үйл ажиллагаа явуулахаар хийж хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэхээр эрх бүхий байгууллагаар баталгаажуулах баримт бичиг, мөн газар эзэмшигчээс өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар газар дээрээ үйл ажиллагаа явуулж чадаагүйд холбогдох, хүндэтгэх үзэх шалтгаантай байсан гэх нотлох баримт байхгүй байх ба Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 07/1075 дугаар албан бичгийн хавсралт болох агаар сансрын зургаар, тус шүүхээс 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр газар дээр нь очиж хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургаар нэхэмжлэгч нь тус газраа хүндэтгэн үзэх шалгаангүйгээр 2 болон түүнээс дээш жилийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй болох нь нотлогдож байна.

2.15. Дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дэх хэсэгт зааснаар газар эзэмшигч нь газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй бол түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зохицуулалттай ба газрыг зориулалтын дагуу ашиглаагүй байх, ийнхүү ашиглаагүй хугацаа нь шийдвэр гаргах хүртэл дараалсан хоёр жил байх, ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байх урьдчилсан нөхцөлүүдийг хуульчилан, эдгээр нь нэгэн зэрэг хангагдсан тохиолдолд газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгосон нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлогдлож байх тул шүүхээс хариуцагчийн гаргасан шийдвэр хуульд нийцсэн гэж үзнэ.

2.16. Тодруулбал, маргааны үйл баримтыг хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон дээрх зохицуулалттай харьцуулан үзэхэд, нэхэмлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө хариуцагчийн дээд шатны албан тушаалтан буюу Аймгийн Засаг даргад гомдол гарган шийдвэрлүүлэхэд, хариуцагчид чиглэл өгсөн байдлаар хариу өгсөн нь шүүхийн шийдвэрийн шууд үндэслэл болохгүй бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд маргаанд холбогдох үйл баримтыг нотлох баримтын үндсэн дээр хянан, дүгнэж үзсэний үндсэн дээр шийдвэрлэнэ. Үүнээс “хүндэтгэн үзэх шалтгаан” гэсэнд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс хашаатай, гүний худагтай нь барилга байгууламжтай байгаад хамаарна гэж үзэж байгаа талаар тайлбарласан боловч хуульд зааснаар уг газрыг олгосон зориулалт нь амралт, сувилалын зориулалттай байгаа учир уг хашаа барьж, гүний худаг гаргасан нь шууд зориулалтын дагуу ашигласан гэж үзэхгүй юм. Харин газрыг ашиглах анхдагч хэрэгцээг хангах ажил 2014, 2015 онуудад хийгдэж байсан гэж үзэж болох боловч нэхэмжлэгч нь хашаа барьж худаг гаргасан гэх 2015 оноос хойш маргаан бүхий акт гарах хүртэл 9 жил орчим хугацаанд ямарч үйл ажиллагаа явуулж, газар дээрээ өөр юу ч хийж ашиглаагүй болох нь шүүхээс газар дээр нь очиж хийсэн үзлэгээр нотлогдож байх тул нэхэмжлэгч ******* нь газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил болон түүнээс дээш жилийн хугацаанд ашиглаагүй  болох нь тогтоогдож байна.

2.17. Дээр тогтоогдсон нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл: Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын А/175 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн зарчмын хүрээнд нийцэж гарсан байх тул нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй буюу нэхэмжлэгчийн тухайн нэгж талбар бүхий газрыг эзэмших эрхийг сэргээж шийдвэрлэх үндэслэлгүй юм.

2.18. Тодруулбал, Маргаан бүхий акт болох Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2024 оны А/175 дугаар захирамжийн үндэслэл болсон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасан хуулийн зохицуулалтын аль нэг нь хангагдсан байхад газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болохоор хуульд заасан, гэтэл нэхэмжлэгчийн хувьд 2 заалтаар хууль зөрчсөн зөрчилтэй байсан болох нь тогтоогдож байх учир нэхэмжлэгчийн газар эзэмших эрх зөрчигдсөн гэж үзэж, тухайн газар эзэмших эрхийг сэргээх үндэслэлгүй байна.

 

Гурав: Гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлсэн үйл баримтуудыг авч үзвэл,

3.1. Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/203 дугаар Эзэмшсэн газрын байршил өөрчлөх тухай захирамжаар[9] Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн  66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 31 дугаар зүйлийн 31.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн тус сумын Хушинга (4 дүгээр) багийн нутаг дэвсгэр Сэнжитийн адагт байрлах аялал, жуулчлал зориулалттай 14.0 га газрыг эзэмшигч иргэн Энхтуяагийн Ууганбаатар нь өөрийн эзэмшлийн газраа байршил өөрчлүүлэх хүсэлт ирүүлсний дагуу дээрх газрыг Өгөөмөр (1 дүгээр) багийн нутаг дэвсгэр Баяндавааны ард 14.0 (10.га, 4.0 га) га тус бүрээр өөрчлөн эзэмшүүлж, нэгж талбарын 4104063529 дугаар[10] олгож, 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргасны дагуу дээрх газрыг байршил шилжүүлэн эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн Э-1423001973 дугаарт бүртгэж гэрчилгээ[11] олгожээ.

3.2. Харин маргаан бүхий 4 га газрыг иргэн ******* нь 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг иргэн *******той байгуулан нэгж талбарын 4104063529 дугаартай газрыг иргэн *******ид шилжүүлэхээр нотариатын бүртгэлийн 3600 дугаар бүртгэн баталгаажуулжээ.

3.3. Ийнхүү Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/423 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжаар[12] Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн  66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн тус сумын Өгөөмөр багийн Баяндавааны ард байрлах аялал жуулчлалын баазын зориулалттай 4 га газрыг эзэмшигч *******аас иргэн *******ид тус зориулалтаар эзэмших эрхийг шилжүүлэн эзэмшүүлж шийдвэрлэжээ.

3.4. Энэхүү газар нь нэхэмжлэгчийн эзэмшиж байсан нэгж талбарын 18693299297883 дугаартай 4 га газартай давхцсан буюу нэхэмжлэгчийн эзэмших эрхтэй газрыг бусдад давхардуулан эзэмшүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн зүгээс тус газарт газар эзэмшүүлсэн хариуцагчийн шийдвэрүүдийг илт хууль бус акт болохыг тогтоолгох /шүүх хуралдаанд хүчингүй болгуулах гэж тодорхойлж/ гэж маргасан боловч нэхэмжлэгчийн нэмэмжлэлийн эхний үндсэн шаардлага болох нэхэмжлэгч нь тухайн газрыг эзэмших эрхээ сэргээлгэх гэсэн нэхэмжлэлийн шаардлага нь хангагдах тохилдолд газар эзэмших эрхийн буюу газрын давхцал, түүний зөрчлийг арилган шийдвэрлэх шаардлага бий болно.

3.5. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь уг газрыг эзэмших эрхтэй гэж үзэж, эрхийг сэргээх үндэслэлгүй болох нь өмнөх дүгнэлтээр тогтоогдсон тул тухайн газарт бусад этгээд буюу гуравдагч этгээдүүдэд газар эзэмшүүлсэн захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хөндөгдөхгүй болох нь тогтоогдож байна.  Иймд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэрийн дараа тухайн газарт нь бусад этгээдэд газар эзэмшүүлэн шийдвэрлэсэн хариуцагч Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/203, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/423 дугаар захирамжууд нь нэхэмжлэгчийн тус газрыг эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчихөөргүй байна.

3.6. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.3-д ““нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгохоор заасан ба  нэхэмжлэгч *******гээс гаргасан Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/203, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/423 дугаар захирамжуудын улмаас нэхэмжлэгчийн газрыг эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол нэгэнт зөрчигдөхгүй болох нь тогтоогдсоноор, маргаан бүхий актуудыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тус бүрээр дүгнэлт өгч шийдвэрлэх шаадлагагүй болох нь тодорхойлогдсон тул нэхэмжлэлийн шаардлагаа “илт хууль бус болохыг тогтоолгох” эсхүл “хүчингүй болгуулах” гэж тодорхойлсноос үл хамаарч энэ хоёр актад хамаарах нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Түүнчлэн нэхэмжлэгч “хүчингүй болгуулах” гэж энэ 2 актад маргах бол нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад хөөн хэлэлцэх хугацаа тооцох агуулга байх хэдийч бичгээр гаргасан шаардлагаар болон шүүхийн шийдвэрийн үр дагавраар дүгнэв.

3.7. Мөн нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “... нэхэмжлэгч маргаан бүхий акт болох  Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/175 дугаартай захирамжийг мэдээгүй, хариуцагчаас мэдэгдээгүй, мэдээгүй улмаас уг акт хэрэгжих боломжгүй байхад дараагийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/203 дугаар акт гарснаар илт хууль бус актад хамаарна” гэж маргасан бөгөөд энэ актаар нэхэмжлэгчийг ямарваа нэг үйлдэл, үйл ажиллагаа хийхээр шийдвэрлээгүйгээс гадна эс зөвшөөрвөл гомдол гарган шийдвэрлүүлэх эрх үүгээр хангадаж, газар эзэмших харилцааны болон хариуцагчийн захиргааны акт гаргах ажиллагааны үйл баримтыг шүүхээс хянан шийдвэрлэж, нэхэмжлэгчээс газар эзэмшигчийн үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байгаа энэ тохиолдолд, нэмэгдүүлсэн шаардлагаар маргасан 2 актад дүгнэлт өгч шийдвэрлээд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээх үндэслэл болохгүй гэдгийг дурдах нь зүйтэй байна. 

3.8. Дээрхээс, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон үйл баримтаар  хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үйл баримтууд тогтоогдохгүй, харин нэхэмжлэгч иргэн хуулиар тогтоосон газар эзэмшигчийн үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон тул, нэхэмжлэгчийн “Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/175 дугаартай захирамжийн *******гийн эзэмшлийн нэгж талбарын 18693299297883 дугаартай 4 га газарт холбогдох хэргийг хүчингүй болгуулах, Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/203 дугаар захирамжаар *******т эзэмшүүлсэн, Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/423 дугаартай захирамжаар *******ид эзэмшүүлсэн захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж шаардлага гарган маргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3.9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8, 35 дугаар зүйлийн 35.3, 35.3.1, 35.3.2, 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Газрын төлбөрийн тухай хууль /1997 оны хууль/-ийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******гийн  Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/175 дугаартай захирамжийн *******гийн эзэмшлийн нэгж талбарын 18693299297883 дугаартай 4 га газарт холбогдох хэргийг хүчингүй болгуулах, Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/203 дугаар захирамжаар *******т эзэмшүүлсэн, Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/423 дугаартай захирамжаар *******ид эзэмшүүлсэн захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйл, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.ЗОРИГТБААТАР

 

[1] 1-р хавтас хэргийн 245 дахь талд

[2] 1-р хавтас хэргийн 8 дахь талд

[3] 2-р хавтас хэргийн 23 дахь талд

[4] 1-р хавтас хэргийн 245 дахь талд

[5] 1-р хавтас хэргийн 78 дахь талд

[6] 1-р хавтас хэргийн 106 дахь талд

[7] 1-р хавтас хэргийн 107 дахь талд

[8] 1-р хавтас хэргийн 108 дахь талд

[9] 1-р хавтас хэргийн 215 дахь талд

[10] 1-р хавтас хэргийн 216 дахь талд

[11] 1-р хавтас хэргийн 217 дахь талд

[12] 1-р хавтас хэргийн 215 дахь талд