2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 192/шш2025/05329

 

 

 

 

 

 

 

 

       2025           06            19                                            192/ШШ2025/05329

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******,*******-д холбогдох,

 

Хариуцагч: ,,,-д холбогдох,

 

2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, нэхэмжлэгч Н.Эрдэнээг "Шинэ-Уулзвар" ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Ц.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Эрдэнэ нь хариуцагч Ц.Жаргалсайхан, Ц.Дэлгэрням нарт холбогдуулан 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, Хувьцаа эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “...  НЭГ: Нэхэмжлэгч Н.Эрдэнэ миний бие нь 2012 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр үүсгэн байгуулагдсан регистрийн дугаартай аялал жуулчлал, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Шинэ-Уулзвар" ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч байсан. Манай "Шинэ-Уулзвар ХХК нь Байгаль Орчин Аялал жуулчлалын сайдын 2014 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн А/386 дугаартай тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалтын бүсэд орших "Нүхтийн ам" гэх газарт 2.2 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар эзэмших эрхтэй байсан бөгөөд тухайн газартаа зориулалтын дагуу аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах, хөрөнгө оруулалт татах үндсэн үйл ажиллагааг 2014 оноос эхлэн явуулж байсан. Гэтэл 2015 оны 07 дугаар сард иргэн Ц.Жаргалсайхан гэх хүн миний аав дамжуулан танилцаж "Шинэ-Уулзвар" ХХК-ийн эзэмшил газар дээр аялал жуулчлалын зориулалтаар хамтран үйл ажиллагаа явуулъя гэх санал тавих болсон. Иргэн Ц.Жаргалсайханы хувьд 2015 оны 07 дугаар сараас эхлэн хамтран ажиллах санал тавьж нэхэмжлэгч Н.Эрдэнэ миний аав О удаа дараа уулзаж байсан гэх бөгөөд 2015 оны 08 дугаар сард "... БНТУ-аас хөрөнгө оруулалт татах боломжтой болсон, Харин хөрөнгө оруулагч БНТУ-ын талаас "Шинэ-Уулзвар" ХХК-г Ц.Жаргалсайхан 100 хувь эзэмшиж байгаа тохиолдолд хөрөнгө оруулалт хийнэ гэж байна, Тиймээс "Шинэ-Уулзвар" ХХК-г Ц.Жаргалсайхан миний нэр дээр шилжүүлэх шаардлагатай байна..." гэх саналыг аав дамжуулан удаа дараа тавьсан. Нэхэмжлэгч Н.Эрдэнэ миний хувьд тухайн саналыг нь хүлээн аваагүй бөгөөд компаний эрх шилжүүлэх боломжгүй гэдгээ Ц.Жаргалсайханд тодорхой хэлсэн. Иргэн Ц.Жаргалсайханы хувьд ... БНТУ-аас хөрөнгө оруулалт татах ажил амжилттай болж байгаа, компаний эрх шилжүүлэх боломжгүй бол би БНТУ-руу явж хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан, хөрөнгө оруулалтын ажлаа яаралтай дуусгах хэрэгтэй байна, Иймээс "Шинэ-Уулзвар" ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг эх хувиар нь, компанийн тамгыг авч явах шаардлагатай байна, БНТУ-д очоод хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах болон албан бичиг, санал өгөх үед компаний захирлын гарын үсэг хэрэг болно, Тиймээс Н.Эрдэнэ чи хэдэн ширхэг хоосон цаасан дээр гарын үсгээ зураад өгчих би БНТУ-руу аваад явъя..." гэх саналыг олон өдөр аав О.Наранд тавьж, улмаар 2015 оны 08 дугаар сарын эхээр миний аав О.Наран над руу өөрийн дугаараас залгаж ... Ц.Жаргалсайхан БНТУ-аас хөрөнгө оруулалт хийх ажил бүтчихлээ гэж байна... Өөрийн биеэр БНТУ-руу явж тухайн ажлаа дуусгах ажил гарсан гэнэ, миний хүү "Шинэ-Уулзвар" ХХК-ийн тамга болон гэрчилгээ, дүрмийг Ц.Жаргалсайханд өгчих... Мөн очоод хэрэг болно гээд байна хэдэн ширхэг цаасан дээр гарын үсгээ зураад явуулчих..." гэж хэлсэн бөгөөд тухайн өдөр нь Ц.Жаргалсайхан манай гэрийн гадаа ирж, түүний унаж явсан автомашин дотор бид хоёр анх уулзсан. Би түүнд өөрийн эзэмшлийн "Шинэ-Уулзвар" ХХК-ийн тамга, гэрчилгээ, дүрэм болон бусад бичиг баримтыг /газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ, аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах төсөл, барилгын зураг гэх мэт/ эх хувиар нь өгч байгаагаа хэлээд өгсөн бөгөөд тухайн үед Ц.Жаргалсайханы хэлсний дагуу түүнд хэдэн ширхэг шинэ бичгийн цаасан дээр гарын үсгээ зурж өгөөд явуулсан. Ц.Жаргалсайхан нь 2015 оны 08 дугаар сарын эхээр БНТУ-руу явж хөрөнгө оруулалтын ажлаа дуусгавар болгоод ирнэ гэж хэлсэн болов ч 2015 оны 12 дугаар сарыг хүртэл ямар ч сураг чимээ байхгүй алга болсон. Улмаар 2015 оны 12 дугаар сард Богдхан уулын тусгай хамгаалалтын газрын захиргаанаас "Шинэ-Уулзвар" ХХК-ийн эзэмшил газрын гурвалсан гэрээ батлагдсан тул ирж гэрээгээ эх хувиар нь авах талаар Н.Эрдэнээ надад утсаар мэдэгдсэн бөгөөд дээрх гэрээг батлуулахаар Н.Эрдэнэ миний бие хариуцагч Ц.Жаргалсайхантай харилцаж эхлэхээс өмнө Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд удаа дараа хандаж хөөцөлдөж байсан тул тэр даруй Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд очиж гурвалсан гэрээгээ хүлээн авсан. Гэтэл эзэмшил газрын эрхийг баталгаажуулсан гурвалсан гэрээнд "Шинэ-Уулзвар" ХХК-ийн захирал Н.Эрдэнээ бус, Ц.Дэлгэрням гэх хүний нэр бичигдэж гарын үсэг зурагдсан байсан бөгөөд тухайн үед өөрийгөө гэж танилцуулсан үл таних хүн миний аав О.Наранруу утасдаж "... Та нар яагаад манай компаний гэрээг аваад явчихваа..." гэж хэлсэн байдаг бөгөөд тэрээр "... Би "Шинэ-Уулзвар" ХХК-г Ц.Жаргалсайханаас 2015 оны 10 дугаар сард худалдаж авсан” гэж хэлсэн байдаг. Н.Эрдэнэ миний бие Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандаж "...Ц.Жаргалсайханд залилуулсан..." гэх гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл гаргасан. Гомдол, мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгаас иргэн Ц.Жаргалсайханд холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн дугаар хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж улмаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Ц.Жаргалсайханд яллах дүгнэлт үйлдэж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр яллагдагч Ц.Жаргалсайханд холбогдох эрүүгийн дугаартай хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 2024/ШЦТ/559 дугаартай шийтгэх тогтоол гаргаж тогтоолын ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтаар "...Шүүгдэгч Үнэгтэй овогт Цогтсайханы Жаргалсайханыг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай", 2 дахь заалтаар "...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Үнэгтэй овогт Цогтсайханы Жаргалсайханд 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй", 3 дахь заалтаар "...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Ц.Жаргалсайханы цагдан хоригдсон 249 хоногийг 3735 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,735,000 төгрөгөөр торгох ял эдэлсэнд тооцож хасаж, биечлэн 36265 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 36,265,000 төгрөгөөр торгох ял эдлүүлэхээр тогтоосугай", 4 дэх заалтаар "... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Жаргалсайханд оногдуулсан 36,265,000 төгрөгөөр торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай....5 дахь заалтаар "... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хохирогч Н.Эрдэнэд учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулах үүрэг хүлээх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй, 6 дахь заалтаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ц.Жаргалсайханаас нийт 2,755,200.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Эрдэнэд олгосугай”, 7 дахь заалтаар "... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.Эрдэнийн "Шинэ-Уулзвар" ХХК-ийн эрхийг сэргээлгэн шилжүүлэн авах тухай хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Н.Эрдэнэ нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай", 9 дэх заалтаар "... Энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц "Шинэ- Уулзвар" ХХКомпаний эрхийг бусдад шилжүүлэх хөдөлгөөнийг болон газар ашиглах гэрчилгээг бусдад шилжүүлэх хөдөлгөөнийг хязгаарласан Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн 69 дүгээр мөн өдрийн 70 дугаартай зөвшөөрлийг хүчингүй болгож энэ талаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгдсүгэй..." гэж тус тус шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч Ц.Жаргалсайхан нь хуурамч бичиг баримт үйлдэж Н.Эрдэнэ миний 100 хувийн хувьцаа эзэмших эрхтэй "Шинэ-Уулзвар" ХХК-г хууль бусаар шилжүүлэн авсан болох нь тогтоогдсон. Тодруулбал: Шүүгдэгч Ц.Жаргалсайхан нь 2015 оны 08 дугаар сарын эхээр нэхэмжлэгч Н.Эрдэнэ миний гэрийн гадна ирж "Шинэ-Уулзвар" ХХК-ийн бичиг баримтыг хүлээн авахдаа бичгийн шинэ цаасан дээр зуруулан авсан миний гарын үсэг бүхий цаасан дээр 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөр огноолсон "Хувьцаа худалдах, худалдан авах" "Эрх шилжүүлэх гэрээ"-нүүдийг хэвлэн гаргаж тухайн гэрээнүүдээ нотариатаар хууль бусаар баталгаажуулж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт гарган өгч "Шинэ-Уулзвар" ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмших эрхийг шилжүүлэн авсан болох нь тогтоогдсон болно. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/559 дугаартай шийтгэх тогтоолын хүрээнд яллагдагч Ц.Жаргалсайхан, нэхэмжлэгч Н.Эрдэнэ бидний дунд 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан гэх "Хувьцаа худалдах, худалдан авах" болон "Эрх шилжүүлэх гэрээ"-нүүд нь Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл байх хууль зүйн үр дагавар үүсгэж байна. ХОЁР: ...Хариуцагч Ц.Жаргалсайханы хувьд 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хууль бус аргаар шилжүүлэн авсан "Шинэ-Уулзвар" ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмших эрхийг 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр "Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ" болон "Компаний эрх шилжүүлэх тухай гэрээ" байгуулж хариуцагч шилжүүлсэн. Хариуцагч Ц.Жаргалсайхан нь хууль бус аргаар шилжүүлэн авсан "Шинэ- Уулзвар" ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмших эрхийг 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч Ц.Дэлгэрнямд гэрээний дагуу шилжүүлсэн бөгөөд дээрхи гэрээ, хэлцлүүд нь өнөөдөр хууль зүйн хувьд хүчин төгөлдөр УБЕГазрын ХЭБГазрын нэгдсэн программд "Шинэ-Уулзвар" ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр хариуцагч Цэдэн овогтой Дэлгэрням бүртгэгдсэн бүртгэл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна. Нэхэмжлэгч Н.Эрдэнээгийн зүгээс хариуцагч Ц.Жаргалсайханд хууль бусаар алдсан компаний хувьцаа эзэмших эрхээ шүүхэд нэхэмжлэл гаргах замаар сэргээлгэх хууль зүйн боломжтой ч хариуцагч Ц.Жаргалсайхан болон хариуцагч Ц.Дэлгэрням нарын дунд байгуулагдсан "Компаний эрх шилжүүлэх" болон "Хувьцаа худалдах, худалдан авах" гэрээ, хэлцлүүд нь хүчин төгөлдөр Улсын бүртгэлтийн байгууллагад бүртгэлтэй хэвээр байгаа нөхцөлд нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шүүхийн шийдвэрийн хүрээнд сэргэх хууль зүйн боломжгүй юм. Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсгийг үндэслэн нэхэмжлэгч Н.Эрдэнэ, хариуцагч Ц.Жаргалсайхан нарын дунд 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан "Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ" болон "Эрх шилжүүлэх гэрээ"-нүүд, мөн хариуцагч Ц.Жаргалсайхан, хариуцагч Ц.Дэлгэрням нарын дунд 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан "Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ" болон "Компаний эрх шилжүүлэх тухай гэрээ"-нүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, нэхэмжлэгч Н.Эрдэнээг регистрийн дугаартай "Шинэ-Уулзвар" ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Ц.Жаргалсайхан нь хариу тайлбартаа: “Нэхэмжлэлд тодорхойлсон үйл баримтууд нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасагт эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж, Хан-Уул дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/559 дугаар шийтгэх тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн шүүгдэгч Ц.Жаргалсайханд холбогдох эрүүгийн дугаар хэргийн хүрээнд бүрэн нотлогдсон үйл баримтууд учир хариуцагчийн зүгээс ИХШХШТХуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасан эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нөгөө талаар ИХШХШТХуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт " Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй" гэж заасан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/559 дугаар шийтгэх тогтоол нь хуульд заасан үндэслэлээр нэгэнт хуулийн хүчин төгөлдөр болсон тул хариуцагч Ц.Жаргалсайхан миний зүгээс маргах зүйл байхгүй. ...Ц.Дэлгэрням гэдэг хүн ямар журмаар ямар аргаар авсан бэ гэдгийг эхлээд тайлбарлая. Хамгийн анх Н.Эрдэнээс газрыг 2015 онд шилжүүлж авчихаад байж байхад хөрөнгө босгох гэж байхад надтай Турк Улсын цагдаагийн акдеми төгссөн дүүтэй хотод тараад энэ нөхцөл байдлаа ярьж байсан юм. Гэсэн чинь -манай ахтай та уулзаад үз манай ах мөнгө зээлж байгаа гээд тэгээд одоо энэ гээд манай академи төгссөн залуу тэр дүүгийн ах нь Дэлгэрнямын нөхөр болох гэдэг хүнтэй уулзаад тэрэнд хэлж байсан. Энэ газар дээрээ барилга байшин босгох гээд явж байгаа юмаа гэсэн чинь -өө ах нь барилга байшинтай холбоотой хүн биш. Уул уурхай холбоотой хүн гэхдээ ах нь дүүг дэмжиж байна. Дүүгээр дамжиж орж ирсэн, дүүгийн ах нь юм байна. Ингээд 150,000,000 төгрөг ахад нь байгаа гэж ярьсан боловч нөгөөх нь Жи класс болж таарсан. Жи классыг чи унаж яваад машинаа зарж байгаад мөнгөө авчихку юу гэсэн. Ахад нь бол наад газрыг чинь авах шаардлага байхгүй гэсэн. Ингээд би барьцаалбар хийх маягаар ярьсан. Ингээд тохирсон чинь манай эхнэр, өмгөөлөгч хүн байгаа чи эхнэр дээр очоод уулзчих гээд би Ц.Дэлгэрням дээр очиж уулзсан. Тэгээд Ц.Дэлгэрням за гээд тохироод шилжүүлэх болсон чинь маргааш өглөө нь намайг Иргэний бүртгэлийн тэнд нотариат дээр дуудсанаа, эгчийн дүү энэ чинь барьцаалбараар бүртгүүлэхээр ажиллагаа ихтэй байна. Чи шууд компанитай шилжүүлээд өгчих, тэгвэл дараа нь чи мөнгөө өгөхдөө шууд шилжүүлээд авчихбал амар юм байна гээд тэгэхээр нь би итгээд тэгье гэчихсэн. Тэгээд би өгчихсөн тэгтэл шилжүүлж өгчихөөд очоод Жи классыг аваад над дээр  хонож байсан. Тэгэхэд над руу залгаснаа ахын дүү ахад нь НӨАТ-аас гарсан 40,000,000 төгрөг байна. Чи энийг авах уу гэхээр нь ахаа та намайг мэдэж байгаа шүү дээ надад газраас өөр барьцаалах юм алга гэсэн. Машинаа унаж яваад зарчих юм чинь ах дээрээ машинаа барьцаалчих гэхээр нь за тэгье гээд нөгөө авсан Жи классаа нэг хоногийн дараа буцааж шилжүүлж өгсөн. Тэгсэн 40,000,000 төгрөг надад өгөхдөө надад танилцуулсан акедеми дүү болох той хамт бид нар Хаан банкин дотор сууж байгаад надад 35,000,000 төгрөг шилжүүлж өгөөд, 5,000,000 төгрөг бэлнээр надад өгсөн. Ингээд ахаа би танд зуучилж өгөө биздээ гээд 4,000,000 авсан. Ингээд 1,000,000 төгрөг бэлнээр байж байсан чинь  ажлынх нь гэдэг залуу гарч ирээд нотариат дээр ороод байж байгаад хоёулаа одоо энийг юу гэж шилжүүлэх билээ гээд яриад байж байхад нөгөө рүү яриад хэдэн төгрөг шилжүүлэх гэх юм бэ? яриад, би чинь нөгөө 40 сая төгрөг авсан болохоор 40 сая гэсэн чинь цаанаас нь руу яриад 99,000,000 төгрөг  гэж худалдах худалдан авах хийчих юм байна гэхээр нь за за тэгье гээд хийсэн. Нөгөөдүүлд чинь юу гэж хэлсэн ч би итгээд л явсан. Тэгээд 99,000,000 төгрөг худалдах, худалдан авах гэрээ хийгээд 99,000,000 төгрөг ын нэр дээр шилжүүлээд өгсөн. Тэгээд яриангуутаа -чи ын нэр дээр шилжүүлсэн юм чинь бүрэн даатгал хийлгээ гээд нөгөө үлдсэн 1,000,000 төгрөг газар дээр нь ын нэр дээр даатгал хийлгэсэн. Ингээд Жи классыг би унаад явсан. 0167 УБҮ гэдэг дугаартай байсан. -энэ тусгай маяктай дугаар шүү, дараа нь буцаагаад авъя гэсэн. Ингээд удаа ч үгүй сар гарны дараа бил үү? 2 сарын дараа ч бил үү дугаарыг нь солиулаадхий гээд Жи классаа ирж авчхаад тэг чигт нь авч явсан. -ахын дүү чи мөнгөнийхөө хүүг төлөөгүй, хүүгээ төл гээд тэгснээ, чиний газар чинь худлаа газар байна чи яагаад худлаа газар өгчихсөн юм гээд хачин юм ярьж орж ирсэн. Тэгээд удалгүй тэр газрыг тусгай хамгаалалтын бичиг нь ч байхгүй, би тэр мөнгө төгрөг өгсөн шүү дараа нь чи энэ мөнгө төгрөг өгчхөөд газраа аваарай гэсэн... Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрнө” гэжээ.

 

Хариуцагч Ц.Дэлгэрням хариу тайлбартаа: Миний бие Ц.Дэлгэрням нь нөхөр Н.Гансүхийн хамтаар 2015.10.27-ны өдөр "Шинэ Уулзвар" ХХК-ийн 100 хувийн хувьцааг Цогтсайхан овогтой Жаргалсайханаас худалдан авч, Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээний дагуу тус компанийн 100 хувийн буюу цор ганц хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн. "Шинэ Уулзвар" ХХК нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Богдхан уулын дархан цаазат газар, Ташгайн ам гэх газарт газар ашиглах гэрчилгээтэй байсан тул зах зээлийн унэ цэнийг талууд харилцан тохиролцож, нийт 150.000.000 төгрөгөөр "Шинэ Уулзвар ХХК-ийн хувьцаа, компанийн эрхийг шилжүүлэн авсан. Компанийг шилжүүлэн авах үед хувьцаа эзэмшигч нь Ц.Жаргалсайхан байсан ба ямар нэгэн бичиг баримтын буюу эрхийн зөрчилгүй байсан тул компанийн эрх шилжүүлэн авч өөрийгөө гүйцэтгэх захирлаар томилж, бүртгүүлсэн. Хуулийн этгээдийн хувьцаа, компанийн эрх шилжүүлэх гэрээ нь бичгээр байгуулагдаж, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр хүчин төгөлдөр болдог. Ц.Дэлгэрням миний хувьд ч гэсэн хуульд заасан дээрх журмын дагуу нотариатаар гэрээг гэрчлүүлж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3 дахь хэсэгт заасны дагуу хуульд нийцсэн, хүчин төгөлдөр хэлцлийг байгуулсан. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт "Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ" гэж, мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт "Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно" гэж, мөн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт "Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно" гэж Улсын бүртгэл үнэн зөв байх зарчмын тухай хуульчилсан. Миний хувьд байгуулагдаж буй гэрээ нь хуульд заасан журмын дагуу явагдаж байгаа эсэхийг хянах шалгах бодит боломжит нөхцөл байдал нь бол Ц.Жаргалсайхан гэх хүн "Шинэ Уулзвар" ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч мөн үү гэх асуудлыг шалгах байсан. Ц.Жаргалсайхан нь Ц.Дэлгэрням надтай гэрээ байгуулах үедээ хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагад албан ёсоор бүртгэгдсэн, цор ганц хувьцаа эзэмшигч байсан тул түүнтэй гэрээ байгуулсан нь Дээрх хуульд заасан зохицуулалтад бүрэн нийцсэн гэж үзэж байна. Харин Ц.Жаргалсайхан болон Н.Эрдэнэ гэх хүний хооронд үүссэн маргаантай харилцаа нь Ц.Дэлгэрням надад огтхон ч хамааралгүй бөгөөд Н.Эрдэнэ гэх хүний талаар би анх 2020 онд буюу компанийг шилжүүлж авснаас хойш 5 жилийн дараа цагдаагийн байгууллагаас гэрчээр мэдүүлэг авах үед сонссон Ц.Жаргалсайханаас "Шинэ Уулзвар" ХХК-ийг шилжүүлэн компанийн ашиглах эрхтэй газар нь "Шинэ Уулзвар" ХХК  авахад тус нь газар 1. ашиглах гэрчилгээтэй газраа ямар нэгэн хашаа татаагүй, 2.Нэгж талбарын хил, заагийг газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээн аваагүй, солбилцлын цэгийг шалгуулаагүй. 3.Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай тухай гэрээгээ байгуулаагүй, 4.Дархан цаазат газарт төсөл хэрэгжүүлэхэд байгаль нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, газар ашиглах, 5.Төсөл хэрэгжүүлэх техникийн нөхцөлөө батлуулаагүй байсан орчинд нөлөөлөх зэрэг зөрчилтэй байсан. Харин Ц.Дэлгэрням би компанийг шилжүүлж авснаас хойш арилгаж, хуульд заасан журмын дагуу холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэн, төрийн эрх бүхий байгууллагаас холбогдох зөвшөөрлүүдийг гаргуулан авч, 2015 оноос хойш одоог хүртэл их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, газрын зориулалтын дагуу эзэмшиж ашиглан, тус газарт DreamLand нэртэй аялал жуулчлалын цогцолборын төсөл хэрэгжүүлж, 3 давхар аялал жуулчлалын зориулалттай 1 үл хөдлөх эд хөрөнгө, гэрчилгээ гараагүй, 3 давхар аялал жуулчлалын зориулалттай 1 дуусаагүй барилга, 900 м.кв талбайтай хүйтэн агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг болон 2.2 га газрыг хамарсан метр урт хашааг барьж, ногоон байгууламж тарьж ургуулсан зэрэг их хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд байна. Н.Эрдэнэ болон Ц.Жаргалсайхан нарын хооронд үүссэн асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж, Ц.Жаргалсайхан нь бусдыг залилж хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж тогтоосон боловч шүүхийн шийдвэрт ямар нэгэн байдлаар Н.Эрдэнэ болон Ц.Жаргалсайхан нарын хооронд байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус байна, нотариатч нь ямар нэгэн байдлаар нотариатын тухай хууль, эсхүл холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчсөн байна гэх дүгнэлт байхгүй юм. Гэтэл нэхэмжлэгч Н.Эрдэнэ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нотариатчийн үйлдлийг эрүүгийн шүүхээс хууль бус гэж тогтоосон мэтээр илт худал тайлбарыг гаргаж, Ц.Дэлгэрням хууль ёсоор олж аван, их хэмжээний хөрөнгө оруулсан компанийн эрхэнд шунаж байна. Түүнчлэн эрүүгийн тоот дугаартай хэрэг нь хэзээнээс шалгагдаж эхэлсэн нь тодорхойгүй байх ба хэргийн дугаараас харахад 2017 онд Н.Эрдэнэ нь цагдаагийн байгууллагад хандсан гэж үзэхээр байгаа юм. Өөрөөр хэлбэл бусдад залилуулчихлаа гэж байгаа боловч, газрынхаа эрхийг шилжүүлж өгснөөс хойш, Ц.Жаргалсайхан нь "Шинэ Уулзвар" ХХК-ийг Ц.Дэлгэрням надад шилжүүлснээс 2 жилийн дараа цагдаад гомдол гаргасан байгаагаас үзэхэд Ц.Жаргалсайхан, Н.Эрдэнэ нар нь зохиомлоор хуйвалдаж, Ц.Дэлгэрням миний газрын эрхэнд шунаж, зориуд гомдол гарган шалгуулсан гэж үзэх ч хардлага үүсч байгааг дурдах нь зүйтэй байна. Түүнчлэн тус хэрэгт авагдсан шийтгэх тогтоолд Н.Эрдэнэд учирсан хохирол, хор уршигт тооцуулахаар Ц.Жаргалсайханаас 2.755.200.000 төгрөгийг гаргуулан Н.Эрдэнэд олгуулахаар шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад Н.Эрдэнэ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дээрх хүчин төгөлдөр шийдвэрээ гүйцэтгүүлэхийн оронд дахин иргэний шүүхэд хандаж байгаа нь Ц.Жаргалсайхан. Н.Эрдэнэ нар нь нэг ашиг сонирхолтой этгээдүүд байж болзошгүй гэх хардлагыг улам ихээр үүсгэж байгаа юм. Мөн Шийтгэх тогтоолд тусгагдсан байгаагаас үзэхэд эрүүгийн хэргийн шатанд шинжээчийн дүгнэлт  гаргуулахад тус газрын үнэ 2015.08.10-ны өдрийн байдлааap 193.600.000 төгрөгөөр үнэлэгдсэн байгаа нь Ц.Дэлгэрням миний Ц.Жаргалсайханд төлсөн төлбөр болох 150.000.000 төгрөгтэй дүйцэж байна гэж үзэж байна. Учир нь ХХК-ийн газар нь цэгийг хүлээн авч, солбилцлын цэгийг шалгуулаагүй, газар ашиглах гэрээг байгуулаагүй, нөлөөллийн үнэлгээ хийлгээгүй, төсөл хэрэгжүүлэх ТЭЗҮ батлуулаагүй байсан тул газрын үнэ нь бусад зөрчилгүй газраасаа арай хямд байсан гэж үзэх үндэслэлтэй юм. Миний хувьд газрын эрхийг хууль журмын дагуу олж авсан бөгөөд Ц.Жаргалсайхантай 2015.10.27-ны өдөр байгуулсан гэрээнүүдийг хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байх тул Ц.Дэлгэрням надад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

            Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024.07.05-ны өдрийн 0372 дугаартай итгэмжлэл, Шинэ-Уулзвар ХХК-ийн 2015.08.10-ны өдрийн 01 дугаартай Хувьцаа эзэмшигчийн шийдвэрийн хуулбар, Хувьцаа худалдах, худалдан авах 2015.08.10-ны өдрийн гэрээний хуулбар, Эрх шилжүүлэх 2015.08.10-ны өдрийн гэрээний хуулбар, Н.Эрдэнийн иргэний үнэмлэхийн хуулбар, Ц.Жаргалсайханы иргэний үнэмлэхийн лавлагаа, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.05.10-ны өдрийн шийтгэх тогтоол, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024.07.02-ны өдрийн 6/8889 дугаартай албан бичиг, Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлсийн 2024.08.02-ны өдрийн 573 дугаартай албан бичиг, фото зураг, Компанийн эрх шилжүүлэх тухай 2015.10.27-ны өдрийн гэрээний хуулбар, Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний хуулбар, Шинэ-Уулзвар ХХК-ийн 2015.10.27-ны өдрийн 27 дугаартай хувьцаа эзэмшигчийн шийдвэрийн хуулбар зэргийг ирүүлсэн.

 

            Хариуцагч Ц.Жаргалсайхан нь иргэний үнэмлэхний лавлагааг ирүүлсэн.

 

            Хариуцагч Ц.Дэлгэрнямаас: 2025.02.18-ны өдрийн 0042 дугаартай итгэмжлэл, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Шинэ уулзвар ХХК-ийн шинэчилсэн дүрмийн хуулбар, Монгол Улсын байгаль орчин, ногоон хөгжлийн яам улсын тусгай хамгаалалтай нутаг дэвсгэрт газар ашиглах 2014/93 дугаартай гэрчилгээний хуулбар, Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг шалгасан тухай 2017.06.29-ны өдрийн актын хуулбар, эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зураг, Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг шалгасан тухай 2016.06.20-ны өдрийн актын хуулбар, Улаанбаатар хотын банкны орлогын мэдүүлэг, Газрын төлбөрийн тооцоо нийлсэн дугаартай акт, Хаан банк ХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримт, Шинэ уулзвар ХХК-ний Богдхан уулын ДЦГ-н ташгайн аманд хэрэгжих амралт, аялал жуучлалын бааз байгуулах, төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлангийн хуулбар, Улсын тусгай хамгаалалтай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай  2016.02.17-ны өдрийн 2016/023 дугаартай гэрээний хуулбар, Архитектур төлөвлөлтийн 2017.08.21-ний өдрийн даалгавар, төлөвлөлтийн талбайн схем зураг, 2019.04.30-ны өдрийн 15/01066/19 дугаартай техникийн нөхцөл, эскиз зураг, Үл хөдлөх, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг ирүүлсэн.

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн  2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШЗ2024/18354 дугаартай захирамжийн дагуу Улсын бүртгэлийн Ерөнхий газраас 2024.09.06-ны өдрийн 9/11018 дугаартай албан бичиг, Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, Өргөдөл хүлээн авсан хуудас, УБ-05 маягт бүхий 2015.10.27-ны өдрийн өргөдөл, Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас, Шинэ-Уулзвар  ХХК-ийн 2015.10.27-ны өдрийн 27 дугаартай шийдвэрийн хуулбар, 2015.10.27-ны өдрийн Шинэ-Уулзвар  ХХК-ийн дүрмийн хуулбар, Компанийн эрх шилжүүлэх тухай 2015.10.27-ны өдрийн гэрээний хуулбар, Хувьцаа худалдах, худалдан авах 2015.10.27-ны өдрийн гэрээний хуулбар, Өргөдөл хүлээн авсан хуудас, Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх 2015.08.11-ны өдрийн өргөдөл, Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуултын хуудас, Шинэ-Уулзвар  ХХК-ийн 2015.08.10-ны өдрийн 01 дугаартай шийдвэрийн хуулбар, 2015.08.10-ны өдрийн Шинэ-Уулзвар  ХХК-ийн дүрмийн хуулбар, Эрх шилжүүлэх тухай 2015.08.10-ны өдрийн гэрээний хуулбар, Хувьцаа худалдах, худалдан авах 2015.08.10-ны өдрийн гэрээний хуулбар, Өргөдөл хүлээн авсан Б хуудас, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж байгаа мэдээлэлд оруулсан өөрлчөлтийг бүртгүүлэх 2015.01.13-ны өдрийн өргөдөл, Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуултын хуудас, Шинэ-Уулзвар ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2014.12.22-ны өдрийн 12/01 дугаартай шийдвэр, Компанийн эрх шилжүүлэх тухай 2014.12.22-ны өдрийн 1655/13:00 дугаартай гэрээний хуулбар, Үнэт цаас бэлэглэлийн 2014.12.22-ны 1655/13:00 дугаартай гэрээ, Шинэ-Уулзвар ХХК-ийн 2015.01.16-ны өдрийн дүрэм, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 191/ШЗ2025/03031 дугаартай захирамжийн дагуу Улсын бүртгэлийн Ерөнхий газраас 2025.01.21-ний өдрийн 9/1143 дугаартай албан бичиг, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Иргэний үнэмлэхний лавлагаа зэргийг гаргуулан авсан.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Н.Эрдэнэ нь  хариуцагч Ц.Жаргалсайхан, Ц.Дэлгэрням нарт холбогдуулан 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, нэхэмжлэгч Н.Эрдэнээг "Шинэ-Уулзвар" ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Ц.Жаргалсайхан нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргажээ.

 

Хариуцагч Ц.Дэлгэрням нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагад албан ёсоор бүртгэгдсэн, цор ганц хувьцаа эзэмшигчтэй гэрээ байгуулж, компанийн эрхийг шилжүүлэн авсан, хуульд нийцсэн, хүчин төгөлдөр хэлцлийг байгуулсан гэж татгалздаг.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

 

3.1. 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд Шинэ-Уулзвар ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Н.Эрдэнэ бүртгэгдсэн байна.(хавтаст хэргийн 55 дахь тал)

 

3.2. Нэхэмжлэгч Н.Эрдэнэ болон хариуцагч Ц.Жаргалсайхан нар нь 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр “Хувьцаа  худалдах, худалдах авах гэрээ” байгуулж, Н.Эрдэнэ нь өөрийн эзэмшлийн Шинэ-Уулзвар ХХК-ийн 33 хувийн хувьцааг худалдахаар тохиролцсон байна.(хавтаст хэргийн 78 дахь тал)

 

3.3. Нэхэмжлэгч Н.Эрдэнэ болон хариуцагч Ц.Жаргалсайхан нар нь 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр “Компанийн эрх шилжүүлэх гэрээ” байгуулж, Шинэ-Уулзвар ХХК-ийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх, үүргийг бүрэн шилжүүлэх, Компанийн үндсэн хөрөнгө болон хувь нийлүүлсэн хөрөнгийн 100% буюу 1,000,000 төгрөгийн хөрөнгийг шилжүүлэхээр тохиролцсон байна.(хавтаст хэргийн 76 дахь тал)

 

3.4. 2015 оны 8 дугаар сарын 11-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд Шинэ-Уулзвар ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Ц.Жаргалсайхан бүртгэгдсэн байна.(хавтаст хэргийн 55 дахь тал)

 

3.5. Хариуцагч Ц.Жаргалсайхан болон хариуцагч Ц.Дэлгэрням нар нь 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Хувьцаа  худалдах, худалдах авах гэрээ” байгуулж, хариуцагч Ц.Жаргалсайхан нь өөрийн эзэмшлийн Шинэ-Уулзвар ХХК-ийн 100 хувийн буюу 1000 ширхэг хувьцааг шилжүүлэх, хариу төлбөр болгон хариуцагч Ц.Дэлгэрням нь 150,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон байна.(хавтаст хэргийн 104 дахь тал)

 

3.6. Хариуцагч Ц.Жаргалсайхан болон хариуцагч Ц.Дэлгэрням нар нь 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Компанийн эрх шилжүүлэх гэрээ” байгуулж, Шинэ-Уулзвар ХХК-ийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх, үүргийг бүрэн шилжүүлэхээр тохиролцсон байна.(хавтаст хэргийн 103 дахь тал)

 

3.7. 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд Шинэ-Уулзвар ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Ц.Дэлгэрням бүртгэгдсэн байна.(хавтаст хэргийн 111 дэх тал)

 

3.8. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/559 дугаартай шийтгэх тогтоолоор “Хариуцагч Ц.Жаргалсайхан нь иргэн О урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “туркуудээс хөрөнгө оруулалт татаж, хамтран ажиллана, компани нь миний нэр дээр байх шаардлагатай” гэж итгэл төрүүлэн  хуурч, түүний хүү Н.Эрдэнийн эзэмшдэг компанийг, 2.2 га газар ашиглах, эзэмших эрхийн хамт шилжүүлэн авч, өөрийн өмч мэтээр захиран зарцуулсан болох нь тогтоогдсон байна.(хавтаст хэргийн 11 дэх тал)

 

3.9. Зохигчид 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Эрх шилжүүлэх гэрээ байгуулан хувьцаа эзэмшигч солигдохоос өмнө Шинэ-Уулзвар ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь Н.Эрдэнэ байсан эсэхэд маргаангүй.

 

Харин 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Эрх шилжүүлэх гэрээ,  2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээнүүд нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл эсэх, Н.Эрдэнээг "Шинэ-Уулзвар" ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох тухайд маргаантай.

 

4. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. “Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна”, 56.1.1. “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” гэж  заасан.

 

Хариуцагч Ц.Жаргалсайхан нь нэхэмжлэгч Н.Эрдэнийг залилан мэхлэх зорилгоор гэрээ байгуулсан болох, уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг болох нь хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон байх тул зохигчдын хооронд байгуулсан 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Эрх шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

 

5. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. “Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна”, 56.1.2. “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” гэж тус тус гэж  заасан.

 

Дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Хоёр хариуцагчийн зүгээс компанийн эрх шилжүүлэхтэй холбоотой нэг л зүйлийг ярьдаг нь газар. Хариуцагч нарын хүсэл зорилго бол тухайн газрыг ямар нэгэн байдлаар шилжүүлж авах. Ийм бодитой хүсэл зориг байсан учраас бид нар хариуцагч тал 2 га газар өгөөд хариуцагч тал зөвхөн газрын талаар маргадаг. Үнийг дагаад компанийн хувьцаа эзэмших асуудал яригдаж байгаа. Ц.Жаргалсайханаас 150 сая төгрөг худалдаж авсан гэдэг. Гэтэл энэ газар чинь өөрөө 2 тэрбум төгрөг үнэлгээтэй газар. Ц.Дэлгэрням гэдэг хүн Ц.Жаргалсайхантай байгуулсан гэрээнийхээ дагуу төлбөр барагдуулсан зүйл байхгүй. Энэ гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэл байхгүй” гэх, Хариуцагч Ц.Дэлгэрням нь “...Шинэ Уулзвар ХХК нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Богдхан уулын дархан цаазат газар, Ташгайн ам гэх газарт газар ашиглах гэрчилгээтэй байсан тул зах зээлийн унэ цэнийг талууд харилцан тохиролцож, нийт 150.000.000 төгрөгөөр "Шинэ Уулзвар ХХК-ийн хувьцаа, компанийн эрхийг шилжүүлэн авсан. Хуулийн этгээдийн хувьцаа, компанийн эрх шилжүүлэх гэрээ нь бичгээр байгуулагдаж, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр хүчин төгөлдөр болдог. Ц.Дэлгэрням миний хувьд ч гэсэн хуульд заасан дээрх журмын дагуу нотариатаар гэрээг гэрчлүүлж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3 дахь хэсэгт заасны дагуу хуульд нийцсэн, хүчин төгөлдөр хэлцлийг байгуулсан” гэх, Хариуцагч Ц.Жаргалсайхан нь “ хариуцагч Ц.Дэлгэрнямын нөхөр Н.Гансүхтэй анх уулзаж, хөрөнгө оруулалт хэрэгтэй байна гэж туслалцаа хүссэн. Н.Гансүх нь 150,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болсон болж, Зээлийн барьцаа болгож, Шинэ-Уулзвар ХХК-ийн нэр дээрх 2.2 га газрыг барьцаалахаар тохирсон. Н.Гансүх нь 150,000,000 төгрөг ахад нь байгаа гэж ярьсан боловч, нөгөөх нь Жи класс болж таарсан. Н.Гансүх нь -Жи классыг чи унаж яваад машинаа зарж байгаад мөнгөө авчихку юу гэсэн. Ахад нь бол наад газрыг чинь авах шаардлага байхгүй гэсэн. Ингээд би барьцаалбар хийх маягаар ярьсан. Ингээд тохирсон чинь манай эхнэр, өмгөөлөгч хүн байгаа чи эхнэр дээр очоод уулзчих гээд би Ц.Дэлгэрням дээр очиж уулзсан”, Ц.Дэлгэрням нь “-энэ чинь барьцаалбараар бүртгүүлэхээр ажиллагаа ихтэй байна. Чи шууд компанитай шилжүүлээд өгчих, тэгвэл дараа нь чи мөнгөө өгөхдөө шууд шилжүүлээд авчихбал амар юм байна” гээд тэгэхээр нь би итгээд тэгье итгэчихсэн..., 150,000,000 төгрөгөө буцааж өгөөд компани, газраа авах ёстой байсан..., Би Ц.Дэлгэрнямаас мөнгө аваагүй” гэх тайлбарыг гаргасан байх ба хариуцагч Ц.Дэлгэрням нь 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу 150,000,000 төгрөг төлсөн эсэх, Шинэ-Уулзвар ХХК-ийн 100 хувийн хувьцааг хариу төлбөртэйгээр худалдан авсан болохоо баримтаар нотлоогүй, энэ талаар мэтгэлзэх эрхээ хэрэгжүүлээгүй байх тул 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Эрх шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзлээ.

 

Тодруулбал, хариуцагч Ц.Дэлгэрням нь “...Хуулийн этгээдийн хувьцаа, компанийн эрх шилжүүлэх гэрээ нь бичгээр байгуулагдаж, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр хүчин төгөлдөр болдог. Ц.Дэлгэрням миний хувьд ч гэсэн хуульд заасан дээрх журмын дагуу нотариатаар гэрээг гэрчлүүлж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3 дахь хэсэгт заасны дагуу хуульд нийцсэн” гэж тайлбарлаж байх боловч энэ нь хэлцлийн гадаад илэрхийллийг бий болгох ба талуудын хүсэл зоригийн илэрхийллийг илэрхийлэхгүй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5. “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заасан бөгөөд хүчин төгөлдөр бус нь байгуулагдсан цагаасаа эхлэн хүчин төгөлдөр бус, эрх зүйн үр дагавар үүсгэхгүй, шүүх хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсноор 100 хувийн хувьцааг өмнөх хувьцаа эзэмшигчид буцаан шилжүүлэх замаар хэлцэл байгуулахаас өмнөх эрх зүйн байдал сэргэх тул нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч Н.Эрдэнээг "Шинэ-Уулзвар" ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас Н.Эрдэнээг "Шинэ-Уулзвар" ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

7. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 993,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 844,450 төгрөгийг хувь тэнцүү хэмжээгээр гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас Н.Эрдэнээг "Шинэ-Уулзвар" ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 993,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Жаргалсайханаас 442,225 төгрөгийг, хариуцагч Ц.Дэлгэрнямаас 442,225 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н.Эрдэнэд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

               

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ш.ОТГОНБАЯР