| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2018/0303/Э |
| Дугаар | 387 |
| Огноо | 2018-05-04 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 387
2018 5 04 387
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга А.Тэмүүжин,
улсын яллагч М.Амарзаяа,
шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал,
шүүгдэгч Т.Г-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Г-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн 1808006980242 дугаар эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Н овогт Тн Г- //.
Яллагдагч Т.Г-согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, “Сансар” худалдаа үйлчилгээний төвд иргэдээс ирүүлсэн дуудлагын дагуу үүрэг гүйцэтгэж байсан хууль сахиулагч Л.Х-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлж, нүүр рүү нь нус цэрээ хаяж нулиман албаны дүрэмт хувцсыг нь урж эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Г-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө нь мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа ойлгож байна” гэв.
Эрүүгийн 1808006980242 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Л.Х-ын: “...2018 оны 01 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө 01 цаг 10 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, “Сансар” худалдааны төвийн цонхыг согтуу хүн хагалчихлаа гэх дуудлагын дагуу очиход Т.Г-архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ архи авна гэж уг дэлгүүрийн хамгаалагчтай маргаж улмаар шилэн хаалганы цонхыг хагалж танхайрсан үйлдлийг таслан зогсоож эрүүлжүүлэх байранд хүргэхээр авч явах гэтэл машинд суухгүй гэж цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж миний нүүр рүү нулимж, толгой руу гараараа 2-3 цохиж, дүрэмт хувцасны гадна хантааз, өвлийн куртикний зүүн сугыг урж, хараалын үгээр ...доромжилж, мөн хамт үүрэг гүйцэтгэж байсан эргүүлийн офицер С-ийн цээжин тус газар хөлөөрөө жийж гадна хантаазыг бохирдуулсан. Би өөрт учирсан хохирлоо барагдуулсан. Гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-6, 16-17/,
Гэрч Б.Сономпилийн: “2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр эргүүлийн “Сэлбэ113” чиглэлд эргүүлийн цагдаа-жолооч, цагдаагийн дэд ахлагч Л.Х-ын хамт 24 цагийн үүрэг гүйцэтгэж ажиллаж байхад 00 цаг 10 минутанд “Сэлбэ-10” буюу жижүүрээс дуудлага мэдээлэл өгч Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах “Сансар” худалдааны төвийн шилэн хаалгыг хагалчихлаа гэсэн дуудлага мэдээлэл өгсний дагуу очиж шалгахад Т.Г-согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай “Сансар” худалдаа үйлчилгээний шилэн хаалгыг хагалчихсан байхаар нь автомашинд суух талаар сануулан хэлтэл суухгүй гээд автомашинд орохгүй байсан. Би тэр үед “Сансар” худалдааны төвийн хамгаалагчаас болсон асуудлын талаар тодруулан уулзаж байсан. Тэгтэл Т.Г-эргүүлийн цагдаа-жолооч, цагдаагийн дэд ахлагч Л.Х-ын хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцэл үзүүлэн нүүр рүү 1 удаа нулимж, Х-ын өмсөж байсан өвлийн гэрэлтүүлэгч шар хантаазыг татаад зүүн талын сугыг урчихсан, мөн өвлийн хүрэмний зүүн талын сугыг нь ноцолдож байхдаа татаж урсан. Тэр үед би тэр хоёр дээр очиж Л.Х-т тусалж Т.Г-ийг гавлаж тээврийн хэрэгсэлд суулгаад эрүүлжүүлсэн” гэх мэдүүлэг /хх-21/,
Гэрч М.Төвшинтөрийн: “2018 оны 01 дүгээр сарын 18-19-ний шөнө 23 цаг 55 минутын үед манай Сансар худалдааны төв хаагаад хаалга барьсан байхад үл таних залуу ирээд архи авмаар байна гээд хаалга үүд цохиод, орох гээд байсан. Би дэлгүүр хаасан, худалдаа хийх боломжгүй яв гэхэд явахгүй, эсэргүүцэл үзүүлээд, хэл амаар доромжилж дайраад, орох гээд зүтгээд байсан. Тэгж байгаад үл таних нэг залуу миний хувцастай зууралдаад салахгүй байсан. Тэр 3 залуугийн нэг жижигхэн биетэй залуу манай дэлгүүрийн үүдний шилэн хаалгыг хөлөөрөө өшиглөөд хагалсан. Тэр үед нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Цагдаа ирээд тэр залууг авч явах гэтэл цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлэхгүй агсам согтуу тавиад өөдөөс нь нус, цэрээ хаяад, хэл амаар доромжлоод автомашинд суухгүй гээд цагдаагийн хувцаснаас зууралдаад байсан. Нэлээн удаан зууралдаж байгаад цагдаагийн байгууллага руу аваад явсан. Т.Г-гэх залуу учруулсан хохирлыг барагдуулж дэлгүүрийн шилэн хаалганы хохиролд 100000 төгрөг, миний куртик урсан асуудалд 80000 төгрөгийг өгч хохиролгүй болгосон” гэх мэдүүлэг /хх-22-23/,
Гэрч Х.Номинцэцэгийн: “Би Г-ийн бэр эгч юм. Г- хамгаалагчтай зууралдаад зогсож байсан. Машинаас хоёр цагдаа буугаад Г-ийг авч явах гэхээр суухгүй, цагдаагийн шар хантаазнаас татаад машинд суухгүй гээд эсэргүүцээд байсан...” гэх мэдүүлэг /хх-40/,
Шүүгдэгч Т.Г-ийн яллагдагчаар өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 19-ний ...22 цаг өнгөрч байхад гэр рүүгээ явж байгаад Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, “Залуус” хорооллын хажууд байрлах “Сансар” худалдааны төв дээр ирж АТМ-ээс мөнгө шилжүүлэх гэж очиход хамгаалагч АМТ уруу оруулахгүй байхаар нь муудалцаж байгаад хаалганы шилийг хагалсан. Түүнээс хойш ямар асуудал болсон талаар сайн санахгүй байна. Би сүүлд цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд хүргэгдэн ирсэн байснаа санаж байна. Согтуу байсан, хийж байгаа үйлдлээ хянаж чадахгүй байсан, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн талаараа сайн санахгүй байна. Эрүүлжүүлэх саатуулах байраас гарахад надад тэр талаар хэлж ойлгуулсан. Манай бэр эгч Номинцэцэг намайг “цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлага биелүүлээгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-33-34/,
Эд зүйлийн үнэлгээ /хх-10, 40/, “Алтан жолоо трейд” ХХК-ийн албан бичиг /хх-43/, хохирол төлсөн баримт /хх-44/, хоногийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-49-53/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-54/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-55/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-59-61/, хохирогчийн хүсэлт /хх-64, 65, 66/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Т.Г-согтуурсан үедээ 2018 оны 01 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, “Сансар” худалдаа үйлчилгээний төвд иргэдээс ирүүлсэн дуудлагын дагуу үүрэг гүйцэтгэж байсан хууль сахиулагч Л.Х-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж нүүр рүү нь нус цэрээ хаяж нулиман албаны дүрэмт хувцсыг нь урж эсэргүүцсэн нөхцөл байдал тогтоогдлоо.
Дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтууд буюу мөрдөн байцаалтад өгсөн хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Т.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Х-ын цагдаагийн алба хаагчийн өвлийн цацруулагчтай хантаазыг урж 30.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирогчийн “Хохирлоо бүрэн барагдуулсан, гомдол саналгүй” гэх хүсэлт /хх-65/-ийг үндэслэн шүүгдэгч Т.Г-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Т.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг төлснийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт үндэслэлгүй байна гэж дүгнэж шүүгдэгч Т.Г-ийг 6 сарын хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Т.Г-урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н овогт Т Г-ийг хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г-ийг 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3-т тус тус зааснаар шүүгдэгч Т.Г-т зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г-тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Т.Г-урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР